Чухал түүхий эдийн шинэ харилцаа

Э.МИШЭЭЛ

14 жилийн өмнө “Монгол Улсад ховор металлд түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж” нэртэй хурал болж байжээ. Энэ талаар “Монголын мэдээ” сонинд дурдсан байна. Эндээс бид цөөнгүй жилийн өмнөөс чухал түүхий эдийн асуудалд анхаарал хандуулж ирснийг харж болох юм. Гэхдээ олон жилийн өмнөөс яригдсан ч олигтой ахицгүй явсан энэ асуудал одоо л нэг урагшлах нь уу гэх найдлага тээхэд буруутахааргүй байна. Учир нь манайд хийгдэж буй гуравдагч хөршүүдийн айлчлалын давтамж нэмэгдэж, тэдгээр айлчлалын агуулгад ховор металлын чиглэлээр хамтран ажиллах асуудал ямар нэг байдлаар багтаж байна. Үүнтэй давхцан, Тогтвортой хөгжлийн зорилгыг түргэтгэхийг энэ жил НҮБ-аас уриалав. Мөн Улаанбаатарт НҮБ-тай хамтарсан чухал түүхий эдийн салбарын семинар анх удаа зохиогдлоо. Нэг ёсондоо чухал түүхий эдийн шинэ харилцаа олон улс болон Монгол Улсад бүрэлдэж байна.

НҮБ-ЫН УРИАЛГА БА ДЭЛХИЙН БАНКНЫ БИДЭНД ӨГСӨН ЗӨВЛӨМЖ

Хүн төрөлхтний нийтлэг эрх ашгийг хэлэлцэхээр цугладаг дэлхийн хамгийн том арга хэмжээ бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган билээ. Жил бүрийн чуулган уламжлал ёсоор өнгөрсөн есдүгээр сард Нью-Йорк хотноо зохиогдсон. 79 дэх удаагийн чуулганы онцлох үйл явдал нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн санаачилга байлаа. Тэрээр “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн 17 зорилгыг түргэтгэх үүднээс “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-ыг анх удаа зохион байгуулсан. Энэ удаагийн чуулга уулзалтыг “Илүү сайхан маргаашийн төлөөх олон талт шийдлүүд” сэдвийн дор явуулсан билээ. Уг сэдвийн хүрээнд “Ирээдүйн төлөө гэрээ”-г баталж, “Ирээдүйн хойч үеийн асуудлаарх тунхаглал”, “Дэлхий нийтийн цахим хөгжлийн гэрээ” гэсэн баримт бичгүүдийг хавсралт хэлбэрээр гаргахаар тусгасан. “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр”-ийн зорилго (ТХЗ)-ын агуулга бол хойч үеийнхээ хэрэгцээг бодолцож, одоо үеийн хэрэгцээг хангах тухай юм. Тэгвэл энэхүү зорилгыг 167 улс ямар нэг байдлаар үндэсний хөгжлийн төлөвлөлт, бодлого, стратегитай уялдуулаад байгаа. Эдгээрээс 2023 онд Финланд, Швед, Дани, Герман, Франц гэсэн таван улс зорилтын хэрэгжилтээр тэргүүлжээ. Харин манай улсын хувьд 66.31 оноогоор 99 дүгээр байрт жагссан. 

НҮБ-ын гишүүн 20 гаруй жижиг улс үнэлгээгүй байгааг Тогтвортой хөгжлийн сүүлийн тайланд дурдсан байна. Монгол Улс далайд гарцгүй учир “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах” гэдгээс бусад зорилгод идэвхтэй оролцох боломжтой. Өнгөрсөн онд манай улсын хувьд есөн зорилго улаан буюу гол сорилт болж тэмдэглэгдсэн. Харин улбар шар гурав, шар дөрөв байгаа бол ногооноор хараахан үнэлэгдээгүй байна. Манай улсын хувьд одоо байгаа зорилгыг цаашид ахиулахын тулд эдийн засгийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Ингэхдээ эдийн засгийн салбарыг байгаль орчинтой холбох, тэр дундаа уул уурхай салбарыг “ногоон” гэсэн тодотгол руу ойртуулах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа билээ. Дэлхийн банкнаас энэ аравдугаар сард гаргасан тайланд Монгол Улсын эдийн засгийг бэхжүүлэх арга замыг онцолсон байна. Үүнд нүүрснээс хамаарах хамаарлыг бууруулах шаардлагатайг тодотгожээ. Улмаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицоход чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй тохиолдолд уур амьсгал, эдийн засгийн эрсдэлүүд гурван жил дараалан тохиолдвол эдийн засаг 20 хувиар буурна. Үүнээс үүдэн ажилгүйдэл нэмэгдэх, иргэдийн орлого буурах, илүү олон хүн ядуурал руу унах эрсдэлтэй. Гэхдээ энэ нь магадлал багатай гэсэн юм. Гэвч бид өөрчлөгдөхгүй энэ хэвээр байвал алсдаа тохиох үзэгдэл билээ.

НҮҮРСНИЙ ХАМААРАЛ БУУРАХГҮЙ, ГЭХДЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аравдугаар сарын 20-нд БНХАУ-д айлчилсан. Айлчлалын үеэр Л.Оюун-Эрдэнэ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын бүтээн байгуулалт, гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналаа илэрхийлсэн билээ. Ерөнхий сайдын саналыг Люй Гуоюэ дэмжиж буйгаа илэрхийлж, урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтойгоо тэмдэглэсэн юм. Монгол Улс, БНХАУ-ын худалдааны эргэлт өнгөрсөн жил 17.6 тэрбум ам.долларт хүрсэн. Үүний 50 орчим хувийг нүүрсний экспорт бүрдүүлсэн. 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байна. Үүнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадал ихээхэн нөлөөтэй. Хэдийгээр ирэх жилээс Оюутолгойн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэх ч хоёр улсын худалдааны эргэлт ойрын хугацаанд 20 тэрбум ам.долларт хүрэхэд нүүрсний жин өндөр байх нь харагдаж байна. 

Монгол Улс ойрын хугацаанд нүүрснээс хамаарсан эдийн засагтай байх дүр зурагтай байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг тэлж, төрөлжүүлэх боломж бий. Энэхүү боломжийг эрэлхийлж буйн нэг илэрхийлэл нь өнгөрсөн зургаадугаар сард ГХЯ-наас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлын үеэрх таван хурлын нэг нь чухал түүхий эдийн талаар байсан юм. Хуралдаанаар эрчим хүчний шилжилтэд шаардлагатай ашигт малтмалын тогтвортой, уян хатан сүлжээг хөгжүүлэх, бэхжүүлэх талаар оролцогч талууд санал солилцсон. Энэхүү хурлын үеэр “Монголын чухал ашигт малтмалын ассоциаци”- аас НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс, Европын эдийн засгийн комисст Чухал түүхий эдийн семинарыг Улаанбаатарт зохион байгуулах санал тавьсан. Уг санал богино хугацаанд ажил хэрэг болж, аравдугаар сарын 04-нд семинар зохион байгуулагдлаа. Тус семинарт Монголын чухал ашигт малтмалын ассоциаци, НҮБ-аас гадна ГХЯ, АҮЭБЯ, Стратеги судалгааны хүрээлэн, салбарын мэргэжилтнүүд болон бусад төлөөлөл 50-иад хүний бүрэлдэхүүнтэй оролцсон юм. Чухал түүхий эдийн семинарын үеэр НҮБ-ын төлөөллүүд олон улсын хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн үр ашгийг сайжруулах, хайгуулаас нөхөн сэргээлт хүртэлх цогц төлөвлөгөөг гаргах, байгалийн нөөцийн засаглалыг хэрэгжүүлэх, тэгш хүртээмжтэй, хэнийг ч орхигдуулахгүй байх зэрэг зарчмыг чухал түүхий эдийн ашиглалтад харгалзан үзэхийг зөвлөсөн юм.

Түүнчлэн олон улсад давхардсан байдлаар чухал түүхий эдээр нэрлэгдсэн зэс, хөнгөн цагаан, лити, кобальт, манган, газрын ховор элемент, цахиур, уран бусад ашигт малтмалын үнэ харилцан адилгүй байдаг. Нөгөө талаас гео улс төрийн асуудалтай бүтээгдэхүүн учир олон улсад хуучин байдлаар харилцаа үүсгэх, хандах нь төвөгтэй болсон тул шинэ харилцаа гаргаж ирэх хэрэгтэйг илэрхийлсэн юм. Дэлхийн банк 2020 оны тайландаа 2050 он хүртэлх цэвэр эрчим хүчний шилжилтэд 3 тэрбум тонн эрдэс түүхий эд, металл шаардлагатайг мэдээлсэн. Гэвч үүнээс хойш эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн нөөц огцом нэмэгдсэнгүй. Зарим талаар буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал, 2019 онд газрын ховор элементийн үйлдвэрлэл 220 мянган тонн, 120 сая тонн нөөцтэй гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлжээ. Харин 2023 онд үйлдвэрлэл 350 мянган тонн болж, 50 гаруй хувиар өссөн ч нөөцийн хэмжээ 110 сая болж буурсан байна. Цахилгаан автомашины нэг орц болох литийн үйлдвэрлэл 2019 онд 86 мянган тонн, 21 сая тонн нөөцтэй байна. 2023 онд үйлдвэрлэл 100 гаруй хувиар өсөж 180 мянган тонн, харин нөөц 28 сая болж нэмэгджээ.

ЧУХАЛ ТҮҮХИЙ ЭДИЙН ОЛБОРЛОЛТ, ҮЙЛДВЭРЛЭЛД ЦАХИЛГААН ЭРЧИМ ХҮЧ ШААРДЛАГАТАЙ

Чухал түүхий эдийн олборлолт, боловсруулалт, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлд багагүй цахилгаан эрчим хүч шаардлагатай. Тухайлбал, 1 кВт лити-ион батарей үйлдвэрлэхэд 50-65 кВт цахилгаан эрчим хүч зарцуулдаг талаар судлаачид тооцоолжээ. Үүнийг арай ойлгомжтой тайлбарлавал манай улсын дундаж айл өрхийн сарын хэрэглээний 1/3 орчимтой тэнцэж байна. Харин дундаж цахилгаан автомашин батарей 40 кВт-ын хүчин чадалтай байдаг. Өнгөрсөн онд 10 сая цахилгаан тээврийн хэрэгсэл олон улсад борлуулсан бол энэ тоо 2030 онд 38 сая хүрэх төлөвтэй. Энэ нь 76 ТВт буюу дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 0.3 хувьтай дүйж байна. Хэдийгээр бага мэт боловч зөвхөн цахилгаан тээврийн хэрэгслийн батарей үйлдвэрлэл гэсэн утгаар өндөр тоо юм. Манай улсад чухал түүхий эдээс хамгийн ойрын хугацаанд хэрэгжих боломжтой төслийн нэг нь Халзан бүрэгтэй. Энэхүү төсөлд 120-145 МВт цахилгаан эрчим хүчний хэрэгцээ үүснэ гэж сүүлийн байдлаар тооцжээ. Энэ нь баруун гурван аймгийн нийт хэрэглээнээс даруй 3-4 дахин өндөр үзүүлэлт. Гэхдээ төслийн албаныхан цахилгаан хэрэглээг бууруулахаар зорьж байгаа талаар Mining Week & MinePro 2024 арга хэмжээний үеэр илтгэлдээ дурдаж байв. Гэсэн хэдий ч төслийн хүдэр, баяжмалын үйлдвэрлэл нэмэгдсэн учир айхтар буурахгүй болов уу. Тэгсэн тохиолдолд Эрдэнэбүрэнгийн 90 МВт УЦС-ын төсөл эрчим хүчний хэрэгцээг нь хангахгүй дүр зурагтай байна.

МОНГОЛ УЛСЫН ЧУХАЛ ТҮҮХИЙ ЭДИЙН БОДЛОГО БА ОЛОН УЛСЫН ХАНДЛАГА

Монгол Улс хариуцлагатай уул уурхайг дэмжих, экспортын бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинг ахиулах, нэмүү өртөг шингэсэн, үнэлэмж өндөртэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх, аж үйлдвэржилтийг кластераар хөгжүүлэх зорилт тавиад байгаа. Дээрх зорилтыг дэмжихээр УИХ-ын 25 гишүүн бүлэг болон ажиллаж байгааг Mining Week & MinePro 2024 арга хэмжээний үеэр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа илтгэлдээ дурдсан. Мөн төрөөс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах, татварын бодлогоор дэмжих, мега төслүүдэд дотоодын аж ахуйн нэгжүүдийг оролцуулах бодлого барьж байна гэсэн юм. Уул уурхайн салбарт төрийн өмчийн менежментийг хэрэгжүүлэгч нь “Эрдэнэс Монгол” нэгдэл билээ. Тус нэгдэл улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт нүүрсний 22%, зэсийн 38%, жоншны 22%, төмрийн 15%-ийг эзэмшиж байна. Цаашид ашигт малтмалын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэх зорилгын хүрээнд алт, зэс, мөнгө, молибдени, газрын ховор элемент, лити, уран болон бусад ашигт малтмалын нөөцийг тогтоон, бататгаж, эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө 2024-2028-д тусгажээ.

2024 ОНД ХИЙГДСЭН ГОЛ АЙЛЧЛАЛУУД

Монгол Улсад 2024 онд Их Долоогийн гурван улсын том төлөөллүүд айлчлал товлосон. Эдгээр айлчлал олон жилийн дараах, эсвэл анх удаа гэсэн онцлогтой. Айлчлалын үеэр гарын үсэг зурсан бичиг баримтуудад геологийн хайгуул, эрчим хүч, ховор металлын чиглэлийн хэлцлүүд тусгагдаад байна. 

2024.04.25 ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Камеронтой гурван гол чиглэлээр баримт бичигт гарын үсэг зурсан. Үүнд хоёр улсын Иж бүрэн түншлэлд хүрэх замын зураглалд эрдэс баялгийн чиглэлийг тодорхойлсон байна. Ховор металлын харилцан ойлголцлын санамж бичигт ховор металлын нөөцийг тогтоох судалгаанд хамтран ажиллах, мэргэжилтнүүдийг солилцох, сургах боломжийг нээх, техникийн хамтын ажиллагаа, мэдлэг, мэдээлэл солилцох, судалгааны ажлыг хийхээр тохиролцсон. Дээрх айлчлал тус улсаас манай улсад хийсэн Гадаад хэргийн яамны анхны айлчлал болсон юм. 

2024.08.01 АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг баталгаажуулахаар айлчиллаа. Манай улсад АНУ-аас Төрийн нарийн бичгийн даргын түвшний айлчлал 8 жилийн дараа болсон нь энэ. Айлчлалын үеэр газрын ховор элементийн талаар яриа хөндөгдөж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, хоёр улсын эрчим хүчний яриа хэлэлцээрийг Mining Week (2024.10.02-05) арга хэмжээний үеэр хийхээр тохиролцсон. Улмаар аравдугаар сарын 01-ний өдөр ГХЯ-нд цэвэр эрчим хүчний шилжилт, чухал ашигт малтмал, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаа гэсэн үндсэн гурван сэдвийн хүрээнд Улаанбаатарын эрчим хүчний яриа хэлэлцээр явагдав. 

2024.08.11-12 Япон Улсын ерөнхий сайд Фүмио Кишида “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг бэхжүүлэхээр айлчлах байсан. Түүний айлчлал Японыг цунами дайрах анхааруулгатай холбоотой цуцлагдсан юм. Тусгай стратегийн түншлэлийн Эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлд эрчим хүчний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх асуудал багтдаг. Ф.Кишида Монголоос гадна Төв Азийн орнуудад айлчилж, 2 тэрбум ам.долларын төсөл, тэр дунд сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулах баримт бичигт гарын үсэг зурах байсан юм. Ф.Кишида ирсэн бол Монгол Улсад тус улсаас Ерөнхий сайдын түвшинд хийсэн 8 жилийн дараах айлчлал болох байв. Чухал түүхий эдийн хэрэгцээ олон улсад тасралтгүй өсөх нь гарцаагүй юм. Харин нөөцийг хэрхэн хангах нь томоохон асуудал болж байна. Иймдээ ч “чухал” гэгдэж байна. Чухал түүхий эдийн гинжин хэлхээний нэг тал болох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч улсууд өөрийн нутагт орд нээхийг чухалчлахгүй байна. Зарим талаар нөөцийн хомсдолтой. Нөгөө талдаа ордуудыг өөр улсад нээхийг зорьж байна. Ингэхдээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дагуу хойч үеийнхээ хэрэгцээг бодолцож, одоо үеийн хэрэгцээг хангах учиртай. Монгол Улсын хувьд олон улсад чухлаар нэрлэгдсэн эрдэс түүхий эдийн шинэ нөөцийг тогтоож, ашиглах нь нүүрсний хамааралтай эдийн засагт ихээхэн өөрчлөлт авчрахаар байгаа. Нөгөөтээгүүр сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж, байгаль орчны өндөр стандартыг олон улстай хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай байна. Үүнийг чухал түүхий эдийн шинэ харилцаа бүрэлдэж байна гэж үзэж болохоор юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар 2024 №10 (035)