Төхөм-Х урд талбайд гурван талт гэрээ байгуулав

Газрын тосны хайгуулын Төхөм-Х урд талбайд газрын тосны хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа эрхлэх талаар Газрын тосны газар /хуучнаар/, “Монголын алт (МАК)” ХХК-ийн хооронд байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээ (БХГ)-г Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 253 дугаар тогтоолоор баталсан.

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 105 дугаар тогтоолоор Газрын тосны хайгуулын “Төхөм X урд” талбайд Газрын тосны газар (хуучин нэрээр), “Монголын алт (МАК)” ХХК-ийн хооронд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх үүргийг “Мак төхөм X” ХХК-д шилжүүлэхийг зөвшөөрсөн.

Газрын тосны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т заасныг үндэслэн  Ашигт малтмал, газрын тосны газар болон Эрх, үүрэг шилжүүлэгч “Монголын алт (МАК)”, Эрх, үүрэг хүлээн авагч “Мак төхөм X” ХХК нарын хооронд Эрх, үүрэг шилжүүлэх тухай гурван талт гэрээг байгуулав.

Төхөм-X урд талбайн хэмжээнд геологийн судалгааны ажил, 24544 тууш.км соронзон хайгуул, 1866.1 тууш.км 2 хэмжээст чичирхийллийн судалгаа, хайгуулын “Энгэр сухайт-1 (1991м)”, “Энгэр сухайт-2 (1506м)”, “Өгөөмөр-1 (3602м)” цооногуудын өрөмдлөгийн ажлыг хийж гүйцэтгээд байна. Судалгааны ажлын үр дүнд “Энгэр cухайт-1” цооногийн 892-895 метр, 1102-11047 метр, 1132-1137 метр, “Энгэр сухайт- 2” цооногийн 717-757 метр болон 998-1038 метрийн интервалуудад газрын тосны илрэл тус тус тогтоогдсон.

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П. Баянбаатар нь “Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тос боловсруулах үйлдвэрийг барих төслийг хэрэгжүүлж байгаа өнөө цагт тус үйлдвэрийг түүхий тосоор хангах, газрын тосны эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, нөөцийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага гарч байгааг онцлон тэмдэглэж, хөрөнгө оруулагч  “Монголын алт (МАК)” ХХК болон “Мак төхөм X” ХХК-ийн хамт олонд ажлын өндөр амжилтыг хүслээ.

Эх сурвалж: АМГТГ