Орон нутгийн хамтран ажиллах гэрээний эрх зүйн орчны судалгааны сургалт хэлэлцүүлэг өнгөрсөн баасан гараг (2025.10.24)-т Корпорэйт Хотел энд Конвейшн центрийн Улаанбаатар танхимд болсон байна. Тус сургалт хэлэлцүүлэгт 80 гаруй оролцогч хамрагдаж, гэрээнд тулгамдсан асуудлын талаар санал солилцлоо.
Энэхүү сургалт хэлэлцүүлгийг танхим болон цахим хосолсон байдлаар зохион байгуулсан бөгөөд нийт 80 гаруй оролцогчийг хамруулжээ. Үүнд нутгийн захиргааны байгууллагаас 50 гаруй төлөөлөл оролцож өөрсдийн дуу хоолойг хүргэсэн. Мөн Сэлэнгэ, Дорноговь аймгаас оролцсон нутгийн захиргааны байгууллагын төлөөллүүд тус хэлэлцүүлгийн үеэр панелистаар оролцож, тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудтай санал солилцож, тус тусын тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийсэн байна.
Хэлэлцүүлгийн панелистаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул, Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хэлтсийн албаны дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зохицуулагч Ш.Цолмон, Дорноговь аймгийн Айраг сумын ИТХ-ын дарга А.Жаргалболд, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Байгаль орчин, уул уурхайн бодлого хариуцсан мэргэжилтэн Н.Дэлгэрдалай, "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК-ийн Хамтын ажиллагааны мэргэжилтэн Г.Очирсум, "Степп Голд" ХХК-ийн Байгаль орчны менежер Г.Мөнхжин зэрэг орон нутгийн гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, тус гэрээг дүгнэх, маргаан үүссэн тохиолдолд хянан шийдвэрлэх зэргээр халуун цэг дээр ажиллаж буй албан хаагч, мэргэжилтнүүдийг урьж оролцуулсан аж. Хэлэлцүүлгийн Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Интегра санаачилгын зөвлөх О.Батболд нар удирдан явууллаа.
Тус сургалт хэлэлцүүлэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд, "Иргэний үндсэн эрх хөгжил" ТББ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Интегра санаачилгын дэмжлэгээр Орон нутгийн хамтран ажиллах гэрээний эрх зүйн орчны судалгаанд зориулж хийсэн байна. 11 сарын сүүлээр Хамтын ажиллагааны гэрээний төслийг танилцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулна.





















