Г.Занданшатар: Зарим хэргийг сэргээж шалгах хэрэгтэй

Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайтай тэмцэх Тусгай ажлын хэсгийг өчигдөр (2025.10.29) байгуулсан байна. Төрийн өмчит компаниуд, уул уурхайн салбарт нүүрлэсэн баялгийн хулгайтай тэмцэх чиг үүрэгтэй ажлын хэсэг нь хуулийн хүрээнд эрс шийдэмгий алхмууд хийж хэрэгжүүлэхээр ийнхүү Ажлын хэсэг байгуулсан гэдгийг тэрбээр онцлон хэллээ. 

Ерөнхий сайд үргэлжлүүлэн "Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хэсгийг байгууллаа. Үүнийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах ёстой. Ийм тийм хэрэг гэж олон жил шуугилаа. Зарим хэргийг сэргээж шалгах хэрэгтэй байна. Шуугьж шуугьж байгаад хаячихаар ард түмний итгэл унаад байна. 

Монголбанк санхүүгийн мэдээллийн үйл ажиллагааг сайжруул. Саяны бэлэн мөнгөний бүх урсгалыг хяналтдаа ав. Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулийн дагуу. 

Татварын ерөнхий газар бүх ажилтнууддаа үүрэг даалгавар өг. Үндсэн хуулийн 6.2-ын дагуу уул уурхай газрын хэвлийн баялаг бол ард нийтийн өмч. Ард нийтийн өмчийг үр ашигтай зарцуулах, сахин хамгаалах зорилго бол Засгийн газрын үүрэг. 

Баялгийн хулгайн хэлбэр төрлүүд шахаа, бизнесийн хэлбэртэй болсон байна. 

Авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдэж үндэслэлгүй хөрөнгөжсөн, нийтийн өмчийг ашиглаж шамшигдуулсан, нийтийн албан тушаалтнуудын сүлжээ байгуулсан, томилгоо хийж танил талын, нутаг усны шинж чанартай бүлэглэл үүсгэсэн шинж тэмдгүүд төрийн өмчийн компаниудад хавтгайрсныг анхаарч, ингэж шамшигдуулсан нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцно. Харилцаа хамаарлыг тогтоох ёстой. 

Энэ үндсэн дээр үндэслэлгүй хөрөнгөжсөн бол хууль бусаар олсон хөрөнгийг хураах. Ард түмний баялгийг хулгайлсан аливаа үйлдэлд хуулийн хариуцлага хүлээлгэж, нууж хаахгүй үнэнийг илчилж, ард түмний хатуу хяналтыг тогтоох. Албан тушаалаа урвуулан ашигладаг, нөлөөлдөг, ард нь үлддэг энэ арга хэлбэрүүдийг таслан зогсоох ийм механизмын сүлжээг бий болгох ёстой. 

Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр авч байгаа бодлого шийдвэр, үйл ажиллагааг иргэд, олон нийтэд үнэн зөв, хүртээмжтэй танилцуулж, мэдээлдэг байх хэрэгтэй байна. 

Шаардлага үндэслэлгүйгээр нууцад хамааруулах замаар янз бүрийн гэрээ хэлцэл байгуулдаг асуудлыг зохих журмын дагуу ил тод болгох арга хэмжээг авах хэрэгтэй.  Энэ хуулийн гол зорилго бол ҮАБ-ыг хамгаалах чиглэлээр тагнуул, цагдаа, батлан хамгаалахын чиглэлээр тусгай объектууд барьж байгуулах, хэрэгсэл худалдаж авах, тэр чиглэлд энэ байгууллагууд зориулагдсан болохоос биш, зүгээр нэг ААН байгууллагууд хоорондоо нууцлаад гэрээ байгуулаад байдгийг хяналттай болгох хэрэгтэй" гэв. 

Энэхүү Тусгай ажлын хэсэгт Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Сангийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон бүх яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, Гаалийн ерөнхий газар,  Татварын ерөнхий газар, бусад холбогдох төрийн байгууллагуудыг оруулсан байна.