“Оюутолгой” компанийн ажилтнуудыг авлигын хэргээр баривчилжээ

С.БОЛД-ЭРДЭНЭ

Тагнуулын Ерөнхий газраас 10 дугаар сарын 23-нд “Оюутолгой” компанийн Худалдан авалтын газрын ажилтнуудыг хойшлуулашгүй ажиллагааны хүрээнд гүйцэтгэх ажиллагаа явуулж, баривчлан шалгаж байна. Энэхүү ажиллагааны хүрээнд тус газрын удирдах ажилтнуудын орон гэр, машинд нэгжлэг хийхэд 10 гаруй тэрбум төгрөг гарснаас гадна олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашинууд эзэмшиж байсан нь тогтоогдсон хэмээн зарим мэдээллийн сайтуудаар мэдээлээд байна. Одоогоор хэдэн хүнийг шалгаж байгаа талаар тодорхой мэдээлэл гараагүй байна. “Оюутолгой” компаниас өчигдөр энэ талаар мэдэгдэл гаргасан бөгөөд уг мэдэгдэлд ““Оюутолгой” компани нь авилга, хээл хахууль, аливаа ёс зүйн зөрчлийг үл тэвчих хатуу дүрэмтэй. Компанийн худалдан авах үйл ажиллагаатай холбоотой зөрчил гарсан тухай мэдээлэлтэй холбогдуулан хяналт, шалгалт явуулж байгаа бөгөөд хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна” гэсэн байна. 

Энэхүү ажиллагааны өмнөх өдөр буюу 10 дугаар сарын 22-нд “Ройтерс” агентлаг “Рио Тинто” компани “Чайналко” компанитай хөрөнгийн своп хэлцэл хийхээр судалж байгаа талаар мэдээлсэн. Энэхүү хөрөнгийн своп хэлцэлд “Оюутолгой” компанийн хувьцаа ч хамрагдаж магадгүй аж. “Чайналко” компани нь “Рио Тинто” компанийн 11 хувийг эзэмшдэг. 

Энэ нь ойролцоогоор 12-13 тэрбум ам.доллар гэсэн үг. “Рио Тинто” компанийн зүгээс энэхүү эзэмшлийг 2-3 нэгж хувиар бууруулах боломжтой бөгөөд үүний хариуд Гвиней улсад шинээр ашиглалтад орж буй төмрийн хүдрийн аварга Симандоу орд, эсвэл Оюутолгой ордын тодорхой хувийг “Чайналко” компанид шилжүүлэх боломжийг судалж байгааг “Ройтерс” агентлаг мэдээлсэн байна. 

Хэрэв “Рио Тинто” болон “Чайналко” компани хоорондын хөрөнгийн свот хэлцэл амжилттай хийгдэж, энэхүү хэлцэлд “Оюутолгой” компанийг оролцуулахаар бол Монголын Засгийн газраас зөвшөөрөл авах юм. 2011 онд байгуулагдсан Оюутолгой компанийн Хувь нийлүүлэгчдийн гэрээний 16.1-д аль нэг хувь нийлүүлэгч нь бусад хувь нийлүүлэгч нэг бүрийн зөвшөөрлийг урьдчилан бичгээр авахгүйгээр өөрийн хувьцаагаа бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн захиран зарцуулахгүй. Хэрэв хувьцаагаа шилжүүлэх бол бусад хувь нийлүүлэгчдэд буюу Засгийн газарт тэргүүн ээлжинд санал болгоно хэмээн заасан байдаг. 

Мөн УИХ-аас томилогдсон Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хурал 3 удаа хойшлогдоод байгаа. Уг хуралд “Оюутолгой” компанийн удирдлага оролцохоос татгалзаж буйгаа мэдэгдсэн. 

Ирэх 7 хоногт Засгийн газраас томилогдсон Ажлын хэсэг болон “Рио Тинто” компани хэлэлцээрт орох болсон талаар Засгийн газраас мэдээлсэн. Энэхүү хэлэлцээрээр “Оюутолгой” компанийн “Рио Тинто”-гоос авч буй төслийн санхүүжилтийн зээлийн хүүг бууруулах талаар ярилцах юм. Сүүлийн хоёр өдөр өрнөж буй үйл явдал, гарч буй мэдээллүүд нь “Оюутолгой” компанийн Хувь нийлүүлэгч нарын хэлэлцээртэй холбоотой байх магадлал өндөр юм. 

Дашрамд дурдахад, “Оюутолгой” компанитай холбоотой олон үйл явдал өрнөж байгаа ч тус компанийн дараагийн Гүйцэтгэх захирал хэзээ томилогдох нь тодорхойгүй хэвээр байгаа юм.