Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, МУУҮА, Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээрт өнөөдөр (2025.10.30) гарын үсэг зурсан байна.
Хамтын хэлэлцээрийн хүрээнд дараах өөрчлөлтийг оруулсан аж. Үүнд:
- Хариуцлагатай уул уурхай ба Тогтвортой уул уурхайн төлөө (TSM) стандартын холбогдох заалтуудтай уялдуулан, МУУҮА-ийн гишүүн байгууллагуудын дагаж мөрдөж буй кодекс, олон улсын стандартын зарим тусган өөрчлөн найруулсан.
- Инфляц, үйлдвэрлэлийн үр ашиг, хөдөлмөрийн бүтээмж, хэрэглээний ба үйлдвэрлэлийн үнийн өөрчлөлтийг харгалзан, үндсэн цалинг жил бүрийн нэгдүгээр улиралд багтаан нэмэгдүүлэх;
- Салбарын доод цалин нь улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байх бөгөөд 2026 онд улсын хэмжээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөхгүй тохиолдолд 2.2 дахин нэмэгдүүлэх зохицуулалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулах;
- Бүх ажилтнаа гэнэтийн осол болон эрүүл мэндийн багц даатгалд заавал даатгуулах;
- Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолт (ҮАМАТ-08)-ын дагуу Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын ажил мэргэжлийн ангилал, ажлын байрны нэршлийг зөв тодорхойлох, шинэчлэн тогтоох, индекс/кодыг дүйцүүлэн хэрэглэхийг аж ахуйн нэгж байгууллагууд заавал хэрэгжүүлэх;
- Ажилтнууддаа зориулан сэтгэл зүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх;
Салбарын хамтын хэлэлцээрийг танилцуулах уулзалтыг талууд хамтран зохион байгуулах бөгөөд хэлэлцээрийн хүрээнд салбарын хэмжээнд байгууллагууд хамтын гэрээ, хэлэлцээрээ шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулан улсын хэмжээнд хэрэгжүүлж ажиллах юм. Энэхүү хэлэлцээрт нь МУУҮА, "Эрдэнэс Монгол” ХХК, Энержи Ресурс ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, "Оюу толгой” ХХК, Платинум Ланд ХХК, Хан Алтай ресурс ХХК ажил олгогчийг төлөөлөн оролцсон гэж МУУҮА-иас мэдээлэв.





















