Гэрэл зураг: LKAB уурхай: Далд уурхайн үйл ажиллагааны улмаас газрын гадарга дээр суулт үүсчихсэн байгаа нь
Монголын Чухал Ашигт Малтмалын Ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга М.ДАГВА
MassMin 2024 олон улсын хуралд оролцох далимаар Швед улсын хамгийн хойд талын хот болох 20 мянга орчим орчин суугчтай, Арктикийн бүслүүрээс хойш 200 гаруй километр зайд орших Кируна сууринд зочлох завшаан тохиолоо. Онгоцны цонхоор үзэгдэх олон мянган жижиг нуур, зах хязгаар нь үл харагдах ой модод, шөнийн тэнгэрт сүүмэлзэх туйлын туяа, байгалийн зэрлэг жимсний амт бүхий соустай цаа бугын стэйк, өрөө бүрээ дахин давтагдашгүй мөсөн урлалаар чимэглэсэн мөсөн зочид буудал гээд тал хээрийн монгол хүмүүний ой дуртхалд он удаан жилээр хадагдан үлдэх дурсамж дүүрэн аялал байлаа.
Луоссаваара, Кийрунаваара гэх зэргэлдээ хоёр толгодыг төмөртэй гэх яриа эрт үеэс л уугуул Сами үндэстний дунд байжээ. 1800-гаад оны эхээр зунд нь бага зэрэг хүдэр олборлоод, өвөл цаа буга, морь хөллөсөн чаргаар зөөдөг байсан ч газар хол тул тээврийн зардал өндөр, фосфор ихтэй учраас төмрийн чанар муугаас шалтгаалан харьцангуй хязгаарлагдмал байж. Англи зохион бүтээгч Сидней Томас ган хайлах явцад фосфорыг ялгах аргыг 1875 онд нээж, 1888 онд Шведийн Лулеа ба Малмбергет хотууд төмөр замаар холбогдсоноор нөхцөл байдал өөрчлөгдөж, Луоссаваара Кийрунаваара Актиеболагет буюу LKAB хэмээх уул уурхайн компани 1890 онд байгуулагдсан байдаг. 4 км орчим урт, 100 м орчим зузаан хүдрийн биет дээр ажилладаг тус компани өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд 1 тэрбум орчим тонн хүдэр олборлож боловсруулсан бөгөөд 2023 оны тайлангаар 22 сая тонн гаруй хорголж, 2.5 сая тонн орчим нунтаг баяжмал үйлдвэрлэн, 4 тэрбум ам.долларын борлуулалт хийж 1.5 тэрбум ам.долларын ашигтай ажиллажээ. Одоогоор газрын гадаргаас доош 1365 метрийн гүнд олборлож байгаа бөгөөд цаашдаа 2000 метр гүн уруу шилжих судалгаа хийгдэж байна. Sub-level caving буюу хүдрийн биетийг дэд түвшингүүдэд хувааж байгаад тэсэлгээний тусламжтай агуйлан олборлодог аргыг Шведэд нээж, Кирунад LKAB компани өнөөг хүртэл ашиглаж байна.
Агуйлан олборлох арга далд уурхайн үйл ажиллагааны зардлыг хямдруулж, хүчин чадлыг нэмэгдүүлж, машин тоног төхөөрөмж их хэмжээгээр ашиглах боломж олгодог. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд дэд түвшингээр болон блоклон агуйлж олборлох аргаар олборлолт явуулж байгаа болон бэлтгэгдэж байгаа 50 гаруй төсөл байна.
Эдгээрт ажиллаж буй мэргэжилтнүүд, судлаачид хоорондоо мэдээлэл, туршлага солилцох гол платформууд нь 1982 онд эхэлж, 2000 оноос хойш 4 жил тутамд тогтмол зохион байгуулагдаж буй MassMin, 2007 онд эхэлж, 2010 оноос хойш мөн 4 жил тутамд Австралийн Геомеханикийн төвөөс зохион байгуулж буй Caving конференцууд байдаг. LKAB компани хүлээн авч зохион байгуулсан 9 дэх удаагийн MassMin конференцид 500 гаруй хүн бүртгүүлж, 140 орчим судалгааны илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд Оюутолгой компани, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн төлөөлөл болох 20 орчим монголчууд оролцсон.
НҮҮЖ БУЙ КИРУНА
Кирунагийн хүдрийн биет зүүн зүгт 600 орчим налуутай. Компани анх байгуулагдаад хүдрийн биетийн баруун талд үйлдвэрийн барилгуудаа байршуулж, харин зүүн тал ажиллагсдын суурин буюу Кируна хот байгуулагджээ. Агуйлах аргын улмаас газрын гадаргад суулт үүсдэг бөгөөд уурхай гүнзгийрэх тусам суулт уул уурхайд hanging wall буюу манай ахмадуудын “өлгүү тааз” хэмээн нэрлэсэн тал уруугаа буюу зүүн тийш тэлдэг. Харин ул тал буюу баруун тал асуудалгүй тогтвортой байдаг байна.
Гэрэл зураг: Кируна хотын шинэ төв
Хуралд оролцогчид уурхайн үйл ажиллагаанаас байгаль орчин, нийгэмд үзүүлж буй нөлөөлөлтэй танилцах товч аялалын хүрээнд суулт явагдаж буй газарт очиж үзэв. Кируна уулын оройд далд уурхайн босоо амны бетонон барилга, хуучин ил уурхай ашиглаж байсны шинж тэмдэг цөөн хэдэн догол бүхий хана үзэгдэх ба зүүн энгэрийг урдаас хойш чиглэлд хэрчсэн аварга жалга үзэгдэх нь суулт явагдсан хэсэг ажээ. Суултаас зүүн тийш газрын гадарга эвдрэлд орж, суурингаас уурхай ордог байсан хуучин замд ан цавууд гарч, асфальтан хучлага нь хага үсэрсэн байхыг үзэв. Хотын зүүн захаар байсан барилга, байшингуудыг аль хэдийн нүүлгэн шилжүүлжээ. Хотын хуучин төв ч уурхайн нөлөөлөлд өртөх тооцоо гарсан тул 5 км зүүн тийш нүүлгэн шилжүүлж байгаа бөгөөд бидний буусан Стандик Кируна буудал, зэргэлдээх Аврора соёлын төв хэмээх хурал зохион байгуулагдаж буй барилга, хажуудах хотын захиргааны торхон хэлбэрт барилга бүгд шинээр баригдсан бөгөөд цагтай цамхгаа нүүлгэн авчирсан нь өрөөний цонхоор тодхон харагдана. LKAB компанийн хот нүүлгэх асуудал хариуцсан хэлтсийнхний өгсөн мэдээллээр 2035 он хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн дагуу 6000 хүн, 3000 айл өрх, нийгэм соёлын байгууламжуудыг нүүлгэх ажлыг тэд зохион байгуулж байна.
Гэрэл зураг: Ирэх зун бариастай чигээр нь нүүлгэхээр төлөвлөж байгаа Кирунагийн сүм
Одоогоор Кируна болон үйл ажиллагаа явуулдаг өөр нэг суурин болох Малмбергетэд нүүлгэн шилжүүлэлтэд 1.7 тэрбум орчим ам.доллар зарцуулсан, цаашид 1.0 тэрбум ам.доллар төсөвлөчихөөд байна. Компанийн өмч орон сууцуудад амьдардаг хүмүүсийг хотын зүүн хэсэгт шинээр барьсан, арай том талбайтай орон сууцууд уруу шилжүүлдэг. Хувийн сууц болон хаустай хүмүүст зориулж мөн шинээр хаус хорооллууд барьсан бөгөөд эзэмшигчдийн хувьд тийш шилжин суурьших, эсвэл газар болон хаусаа зах зээлийн ханш дээр 25 хувийн нэмэгдэлтэйгээр LKAB-д зараад өөрөө дараагийн амьдрах газраа зохицуулах сонголт олгож байна. Хотын түүхтэй салшгүй холбоотой Кирунагийн сүмийг нүүлгэж, хотын шинэ төв уруу зөөж аваачих ажлыг 2025 оны зун гүйцэтгэх бөгөөд үүнд зориулан тусгайлан зам барьж бэлтгэжээ. Готик загвараар 1912 онд баригдсан, 600 тонн жинтэй, Швед дэх хамгийн том модон барилгуудын нэгд тооцогдож буй уг сүмийг баригдсан хэвээр нь тусгай машинуудын тэвшинд ачин тээвэрлэх ажил Кируна хотод ирэх жуулчдын сонирхлыг ихээхэн татах үзвэр болох гэнэ. Сүмийн гадна очиж зургаа татуулж, селфи хийгээд хадгалчихлаа.
НОГООН ШИЛЖИЛТ
Буудлын гаднаас жижиг автобусанд сууж давхисаар тэр чигээрээ далд уурхайн газрын гадаргаас 500 метр гүнд байх хэсэгт байгуулсан музейд хүрэлцэн ирлээ. Нэг хаалга татан ороход хэний ч санаанд үл багтах болов уу гэмээр гайхалтай тохижилттой кино театр байх бөгөөд компанийн цаашдын хөгжлийн талаар кино үзүүлэх ажээ. “The greatest challenge. The greatest opportunity. For us and for the world” буюу “Бидний ч, дэлхий ертөнцийн ч хувьд хамгийн том сорилт хамгийн том боломж” гэж орчуулж болмоор үгийг компанийн логоны дор бичиж, асар томоор хэвлээд музейн нэг хананд байрлуулсны учрыг сая л ойлгов.
LKAB компани уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дэлхий нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулахад чиглэсэн хоёр том санаачилга хэрэгжүүлж эхэлж байгаа юм байна. Эрчим хүчний ногоон шилжилтийн улмаас критикал ашигт малтмалын хэрэгцээ урьд өмнө байгаагүйгээр өсөж байна. Европын холбоо критикал ашигт малтмал дээр гадаад улсаас хамаарах хамаарлаа бууруулах том зорилт дэвшүүлсэн. Үүнд хувь нэмэр оруулах зорилго бүхий эхний төслийн туршилтын үйлдвэрийг LKAB барьж байна. Галливар дахь Per Geijer орд ашиглах төмрийн хүдрийн уурхайгаа түшиглэн шинэ баяжуулах үйлдвэр барьж, төмрийн хүдрийн хаягдлаас эхний ээлжинд апатитын баяжмал үйлдвэрлэнэ. Түүнийгээ Лулеа дахь туршилтын үйлдвэр уруу тээвэрлэж, боловсруулан газрын ховор металын оксид, фосфорын хүчил, гипс үйлдвэрлэнэ. Кируна дахь төмрийн хүдрийн ордод агуулагдаж байгаа газрын ховор элементийн оксидоор тооцсон баялаг нь 1.7 сая тонн, Европт томд тооцогдох нөөц гэж үзэж байна. LKAB компани 0.8 тэрбум Швед крон хөрөнгө оруулсан хагас үйлдвэрлэлийн туршилтын үйлдвэр, судалгаа хөгжлийн төв 2026 онд ашиглалтад орно.
Гэрэл зураг: Кируна хотын шинэ төв, туйлын туяа
Европ фосфорын бордоогоо 90 хувь импортоор хангадаг гэхээр энэ төслийн ач холбогдол ойлгогдоно. Нөгөө нэг төсөл нь нүүрстөрөгчийн ялгаруулалтаа 2045 он гэхэд тэглэх тус компанийн амлалттай холбоотой. HYBRIT (Hydrogen Breakthrough Ironmaking Technology) гэж нэрлэж, ган үйлдвэрлэгч SSAB, эрчим хүч үйлдвэрлэгч Vattenfall нартай хамтран зарласан нүүрстөрөгч ялгаруулалгүй ган үйлдвэрлэх санаачилга юм. Тэд усан цахилгаан станцын үйлдвэрлэсэн ногоон эрчим хүч ашиглан устөрөгч үйлдвэрлэнэ. Гангийн үйлдвэр нүүрс, коксны оронд “ногоон” устөрөгчөөр түлш хийж “ногоон” ган (sponge iron) үйлдвэрлэнэ. Ногоон ганг нь ашиглан Sandvik компани ногоон тоног төхөөрөмжүүд үйлдвэрлэнэ. Уг ногоон тоног төхөөрөмжүүдийнхээ батарейг SSAB-аас нийлүүлэх ногоон эрчим хүчээр цэнэглэн “ногоон” хүдэр олборлоно. Ийнхүү LKAB-ийн ханган нийлүүлэгч (Sandvik зэрэг), өөрийн олборлолтын үйл ажиллагаа, түүнээс цааших downstream гэж нэрлэгддэг боловсруулалт болох хорголж үйлдвэрлэл болон ган үйлдвэрлэлийн бүх гинжин хэлхээ нүүрстөрөгч ялгаруулалтгүй болох ажээ. Хамтран хөрөнгө оруулсан туршилтын үйлдвэр нь 2021 оны зун анхны ногоон гангаа үйлдвэрлэн Volvo компанид нийлүүлсэн бөгөөд үндсэн үйлдвэр нь 2026 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй. Ногоон аж үйлдвэрийн иж бүрэн кластерийг чухам ингэж л үүсгэдэг болохыг харж бахдах сэтгэл төрж байлаа. Энд дурдагдаж буй Sandvik зэрэг технологи, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниудад LKAB тусгайлан уурхайн нэг булангаа туршилтын талбар болгож өгсөн байх юм.
Ер нь Скандинавын орнуудын уул уурхайн салбарт технологиор дэлхийд тэргүүлэгч хэд хэдэн компанийн үүсэл, хөгжил, өнөөгийн хүрсэн түвшин нь LKAB-тай холбогддог, LKAB дэргэдээ судалгаа хөгжлийн хэлтэс биш бүр судалгаа хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч компаниар туршилт судалгаагаа хийлгэдэг, тэр нь ч тус компанид өртөг зардлаа бууруулах, хүчин чадлаа нэмэгдүүлэх, өрсөлдөх чадвараа сайжруулахад чиглэсэн техник, технологиудыг шуурхай хөгжүүлэх боломж олгодог юм байна. Олон зуун нуур, ой мод, цаатан ард түмний дунд Арктикийн бүслүүрт олон арван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, ногоон уул уурхайн жишиг тогтоож яваа LKAB компанийг үндэслэгч, анхны гүйцэтгэх захирлын бунхан нь сүмээ дагаад хотын шинэ төв уруугаа мөн шилжих юм гэсэн. Hjalmar Lundbohm гэх тэр эрхмийн үндэслэсэн LKAB компани, суурийг нь тавьсан Кируна хотыг тойрон уурхай дагасан цэвэр эрчим хүч, өндөр технологийн кластер ийнхүү 130 гаруй жилийн хөгжлийн үр шим болон хөгжиж байна. Энэ нутгаас бид 2026 оны Caving олон улсын хурлыг нутагтаа залсан үр дүнтэйгээр ирэв.
Майнинг Инсайт сэтгүүл, Аравдугаар сар, 2024 №10 (035)