Цагаансуваргын гацаа ба Камоа Какулагийн давшилт

С.БОЛД-ЭРДЭНЭ

Хөрөнгө оруулалт нь тэрбум ам.доллараас дээш бол мега төсөл гэсэн ерөнхий ойлголт байдаг. Тэрбумаар хэмжигдэх хөрөнгө оруулалттай мега төслийн үр өгөөж эдийн засагт ямар том нөлөө үзүүлдгийг монголчууд Оюутолгойн жишээгээр сайн мэдэх болсон. Энэ үзүүлэлтээр харвал Монголын уул уурхайд Оюутолгойгоос хойш нэг ч мега төсөл хэрэгжсэнгүй. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын оргил үе шувтрах шатандаа орж, төслийн шатнаас бизнес үе шат руу дэвшин орж буй энэ үед өөр томоохон хөрөнгө оруулалт бүхий төслүүд хэрэгжих шаардлагатайг эдийн засагчид цөөнгүй жил сануулсаар ирлээ. 

Ялангуяа сүүлийн хоёр жилд нүүрсний төсөөлөөгүй их хэмжээний экспорт эдийн засгийг “халааснаар”, гадаадын хөрөнгө оруулалт татах, мега төсөл хэрэгжүүлэх замаар дотоодын бизнесийг дэмжих гэдэг чухал зүйлийг Монголын төр засаг үндсэндээ мартчихсан гэхэд болно. Гэвч нэг л өдөр нүүрсний үнэ унах, гол зах зээл болох Хятад Улс манайхаас авах нүүрсний хэмжээгээ бууруулах магадлал өндөр. Ийм тохиолдлууд өмнө цөөнгүй гарч байсныг мартах хугацаа болоогүй байна. Ийм цаг үе ирэхэд Монгол Улс бэлтгэлтэй, түүнийг нөхөх орлогын өөр өөр эх үүсвэрүүдтэй байх ёстой. Урьд өмнө байгаагүй хэмжээний валютын орлого, татварын орлого тасалдвал долларын ханш өсөж, төсвийн орлого тасалдаж, эдийн засаг хүндрэх нь ойлгомжтой. Тиймээс нүүрсний экспорт буурвал түүнээс олж буй орлогыг яаж, юугаар орлуулах вэ гэдэг асуулт Төр засгийн өмнө байнга тавигдаж, түүнд өгөх хариултаа бэлдэж байх ёстой юм. 

Ийм үед дотооддоо хэрэгжүүлж буй мега төслийн ач холбогдол, үр өгөөж хамгийн чухал байдаг.

Яг одоо уул уурхайн салбарт хамгийн бэлэн байгаа төсөл Цагаансуварга байна. Тэрбум давсан ам.долларын хөрөнгө оруулалттай мега төсөл. Цагаансуваргын төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад эерэг хоёр том нөлөө үзүүлэх нь ойлгомжтой байна. Оюутолгойтой харьцуулах аргагүй ч энэ цаг мөчид эдийн засагт том нөлөө үзүүлэх нь тодорхой. Дээр дурдсанчлан төслийн бүтээн байгуулалтын шатанд эдийн засагт олон мянган ажлын байр шинээр бий болгож, олон зуун компани ажилтай, орлоготой байх боломж бүрдэнэ. Төслийн мэдээллээс үзэхэд шууд 1300 ажлын байр, шууд бусаар 7000-7500 ажлын байр шинээр бий болгох юм. Төслийн бүтээн байгуулалтад багадаа 100-150 компани оролцох тооцоотой. Энэ бүхний ард Монголын компаниуд, монгол залуучуудын тогтвортой, чанартай ажлын байр яригдана.

Дээрээс нь ТЭЗҮ-гээр нь бол жилд дунджаар 230 гаруй сая ам.долларын татварын орлогыг улсад төлнө. Энэ мөнгөний ихэнх нь хэдхэн хоногийн өмнө хуульчлагдсан Баялгийн сангаар дамжиж, нийт ард иргэдэд хүрч таарна.

Цагаансуваргын өөр нэг онцлог нь Монголын үндэсний компани гэдгээрээ бүх л валютын орлого нь Монголын банкуудаар дамжиж таарна. Жилд дунджаар 770 орчим сая ам.долларын экспортын орлоготой байна гэхээр төдий хэрийн доллар Монголын банкуудаар дамжиж, Монголд үлдэх боломжтой гэсэн үг. Оюутолгойн орлогыг дотоодын банкуудаар дамжуулах ёстой хэмээсэн олон жилийн шүүмжлэл Цагаансуварга дээр давтагдахгүй. 

Энэ мэтээр мега төслийн эдийн засагт авчрах эерэг үр нөлөөг ганц Цагаансуваргын жишээн дээр цөөнгүйг тоочиж болохоор байна. Гэхдээ манай улс өнөөдөртөө нүүрсний гэнэтийн орлогодоо цатгалдаад шинээр хэрэгжүүлэх мега төслүүдэд үл тоомсорлонгуй хандаж байх шиг. 

Үүнээс гадна Цагаансуваргын хамгийн том, хамгийн чухал ач холбогдол нь дэлхийд шинээр тогтож буй түүхий эдийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улсыг тодорхой байр суурьтай болоход чухал нөлөөтэй юм. Хүлэмжийн хийн ялгарлын гол буруутнаар нүүрсийг тодруулж, нүүрснээс татгалзах, хэрэглээг багасгах, илүү цэвэр ногоон ирээдүйг бүтээнэ хэмээн дэлхийн улс орнууд уралдаж байна. Цэвэр, ногоон гэсэн болгон руу хөрөнгө оруулалт урсаж, нүүрсээ багасгасан, ногоон ирээдүйд хэрэгтэй түүхий эд, технологийг олборлогч, бүтээгч улсууд илүү нэр хүндтэй, тэдний удирдагчид, компаниуд бусдаас “гоё” харагдаж байна. Тийм ч учраас ногоон ирээдүйд нэн шаардлагатай түүхий эд, технологийн ханган нийлүүлэлтийн сүлжээ гэх шинэ ойлголт, шинэ харилцаа хэдийнэ бий болжээ. Зэс, лити зэрэг критикал түүхий эдийн нөөц арвинтай орнууд шинээр тогтож байгаа уг ханган нийлүүлэлтийн сүлжээнд том тоглогч болохгүй юм гэхэд ядаж байр сууриа эзлэх, түүнийгээ баттай болгохын тулд эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. 

Харин Монгол Улсын эдийн засаг нүүрснээс ихээхэн хамааралтай, түүндээ хамаг анхаарлаа тавьчихаад, энэ уралдаанд оролцож, тодорхой байр сууринд очих нь битгий хэл хожимдож хоцрох магадлал өндөр байсаар байна. Өнөөдөр гадна талаасаа Монгол Улс нүүрсэн дундаа халтайсан хүүхэд шиг харагдаж байгаа нь хэтрүүлэг биш юм. Ийм үед зэсийн, ногоон ирээдүйд хэрэгтэй түүхий эдийг олборлож, нийлүүлэх шинэ төсөл эдийн засгийн эргэлтэд орох, түүний араас дараа дараагийн төслүүд бэлтгэгдэх нь Монголын хоцрогдсон нүүр царайг арай өөр харагдуулах болно. 

Цагаансуваргын төсөл хэрэгжсэнээр жилд дунджаар 320 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, олон улсад нийлүүлнэ. Эрдэнэт, Оюутолгойн үйлдвэрлэлтэй нийлүүлбэл Монгол Улс оргил үедээ 3000 тонн орчим зэсийн баяжмал үйлдвэрлэж, 1 сая гаруй тонн цэвэр зэсийг нийлүүлэх болно. Энэ бол ногоон, цэвэр дэлхийд хамгийн хэрэгтэй байгаа зэс, түүний ханган нийлүүлэлтийн сүлжээнд Монгол Улс том оролцоотой болж, тэр хэрээр байр сууриа баталгаажуулах боломжийг нээх юм. Нүүрсэнд халтартсан нэгэн биш ногоон түүхий эдийн том ханган нийлүүлэгч гэвэл тэр хэрээр хөрөнгө мөнгөний урсгал нэмэгдэж, эдийн засаг, нийгэмд маш том эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Тэр зэс нийлүүлэгчид нь гадаадын хөрөнгө оруулалттай компани, төрийн өмчит компани, дотоодын хувийн компани байна өмчийн оролцоо, хөрөнгө оруулагчдын эрх тэгш байдлыг хангасан бүр ч өөр харагдана. Яг л Чили шиг.

Сонирхуулахад, Цагаансуваргын ордоос хойно нөөцөө илрүүлсэн Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсын Камоа Какула орд өнгөрсөн онд 400 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Хоёр жилийн дараа гэхэд 650 мянган тонн зэс үйлдвэрлэх бөгөөд энэ нь Монгол Улсын өнөөдрийн нийт үйлдвэрлэлээс илүү юм. Монголчуудын эртний танил Р.Фрийдландын нээн илрүүлж, хөгжүүлж байгаа Камоа Какула орд бол сүүлийн 14 жилд нөөцөө тогтоож, үйлдвэрээ байгуулж, баяжмалаа экспортолсон атаархам хурдацтай хэрэгжиж буй төсөл. Уг ордыг 2008 онд анх нээсэн бол Цагаансуваргын орд 2009 онд ТЭЗҮ нь батлагдаж, нөөцөө бүртгүүлсэн байдаг. 

Ойролцоо цаг хугацаанд эдийн засгийн эргэлтэд бэлтгэгдсэн хоёр ордын үйл явц, бүтээн байгуулалт хэрхэн өрнөснийг дараах хүснэгтээс харж болно. 2015 он гэхэд Камоа Какула хөрөнгө оруулалт татах эхний гэрээнүүдээ хийж, улмаар сүүлийн 4 жилд бүтээн байгуулалт нь эрчимтэй өрнөөд дуусах шатандаа орж байна. Зөвхөн баяжуулах үйлдвэр ч биш өндөр хүчин чадалтай усан цахилгаан станц хүртэл бариад үйл ажиллагаагаа эрчим хүчээр хангаж байгаа. Өөрсдийгөө “ногоон бизнес” хэмээн тултал рекламдаж, дэлхийн зэсийн ертөнцөд од шиг гялтагнаж байна. 

Харин Цагаансуваргын төсөл 2015 онд улстөрчдийн популизмаар бүрэн зогссон бөгөөд бүтэн 8 жилийн дараа дараа буюу өнгөрсөн оноос бүтээн байгуулалтаа эхлүүлэхээр ажиллаж эхлээд байна. 2025 онд ашиглалтад орно хэмээн төлөвлөж, оны сүүлээр эхний баяжмалаа үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байна.  

Цагаансуварга 9 жил гацсан энэ хугацаанд зэсийн ертөнцөд манайхтай ойролцоо явсан БНАКонго улс зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд гуравт оров. Өнгөрсөн онд 2.5 сая тонн орчим зэс үйлдвэрлэснээрээ энэхүү байр сууринд очжээ. Ирэх жил гэхэд Перу улсыг гүйцэж, зэсийн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт орно.

2015 онд Цагаансуварга төслийг зогсдог жил БНАКонго улс 900 мянган тонн зэс үйлдвэрлэж байсан бол 7 жилийн дотор үйлдвэрлэлийн хэмжээгээ 2.5 дахин нэмэгдүүлж чаджээ. Зэсийн үйлдвэрлэлийг даган тус улсын ДНБ 2011 онд 25 тэрбум доллараас өнгөрсөн онд 70 тэрбум доллар болж бараг 3 дахин өссөн байна. Африкийн ядуу улсуудын тоонд багтдаг байсан тус улсыг ирэх 10 жилд зэсийн нийлүүлэлтийн сүлжээнд голлох тоглогч болно хэмээн олон улсын эрдсийн захын судлаач шинжээчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч, хөрөнгө оруулагчдын урсгал тус улс руу хошуурч байна.