Майнинг Инсайт “Ирээдүйн эрдэс чуулган”-ы албан ёсны хэвлэлийн түнш боллоо

-Future Minerals Forum 2026: Шинэ төсөл, шинэ компаниудыг онцолно-

Дэлхийн эрдэс баялгийн томоохон чуулгануудын нэг "Future Minerals Forum 2026" буюу “Ирээдүйн эрдэс чуулган” уламжлал ёсоор Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод 2026 оны нэгдүгээр сарын 13-15-нд зохион байгуулагдах гэж байна. 

Майнинг Инсайт сэтгүүл 2025 онд дөрөв дэх удаагийн чуулганыг газар дээрээс нь сурвалжилж байсан бол тав дахь удаагийн Future Minierals Forum-д албан ёсны медиа түншээр ажиллах боллоо. 

Тав дахь удаагийн чуулган хайгуул, олборлолтын эхэн үеийн компаниуд, шинэ залуу төслүүд зэрэг шинэ тоглогчдод анхаарал хандуулахаар төлөвлөжээ. Мөн салбарын ирээдүйг тодорхойлох мэргэжилтнүүд, шийдвэр гаргах түвшний төлөөллүүд, уул уурхайн салбарын техник, технологийн хөгжлөөр тэргүүлэгч компаниуд зэрэг 18 мянга гаруй оролцогчийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. 

"Ирээдүйн эрдэс чуулган 2025"-д 165 орны 18,000 гаруй хүн, 250 нэр хүндтэй илтгэгч оролцож байв. Тодруулбал, дэлхийн топ хөрөнгө оруулагчид, уул уурхайн компани, мэргэжилтнүүд, 87 улсын Засгийн газрын төлөөлөгч, 50 гаруй олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагыг нэгтгэсэн өргөн хүрээний уулзалт болж өнгөрсөн билээ. 

Анхны чуулганыг Саудын Арабын Засгийн газраас гадна дэлхийн хэмжээний ESNAD, Ma`aden, Aramco, Hadeed гэсэн компаниуд дэмжин зохион байгуулсан түүхтэй. Түүнээс хойш стратегийн түншлэлийн хүрээнд Saudi Gold Refinery, Saudi EXIM, MCS, Zahid Group зэрэг компаниудаар эгнээ нь өргөжин тэлээд байна. 

Бид хурлын талаарх мэдээллийг цаг тухай бүрд нь уншигчдадаа хүргэх болно.