Бирж болон том гэрээний харьцаа 50:50 хувь байх нь зохимжтой

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал Монголын эдийн засгийн сэтгүүлчдийн клубтэй “Нүүрс-Нам-Улстөр” сэдвээр өнөөдөр (2025.10.28) уулзалт хийлээ. Түүний ярьсан сэдвийг тоймлон хүргэж байна. 

Дэлхийн нүүрсний хэрэглээ, үйлдвэрлэл цар тахлаас хойш өсөж байна. Өнгөрсөн жилийн таамаглалаар 2025 онд нүүрсний хэрэглээ 8.9 тэрбум тонн, үйлдвэрлэл 9 тэрбум тонн гэж гарсан. Уур амьсгалын өөрчлөлтөөс болж нүүрснээс татгалзмаар байгаа боловч эрчим хүч, хүнд аж үйлдвэр, бизнес, дэд бүтэц тэр чигтээ нүүрс дээр тулгуурлаж байна. Тиймээс тэр чигт нь байхгүй болгох боломжгүй. Өнгөрсөн хугацаанд жил бүр хэрэглээ, үйлдвэрлэл шинэ амжилт тогтоосоор байгаа. Энэ нүүрсний хэрэглээний талыг Хятад эзэлж байна. 


Нүүрсийг олон улсад биржээр арилждаг. Тухайлбал European Energy Exchange (EEX), Jakarta Futures Exchange (JFX) Zhengzhou Commodity Exchange (ZCE), New York Mercantile Exchange (NYMEX), Dalian Commodity Exchange (DCE), International Commodity Exchange Kazakhstan зэргээр коксжих болон эрчим хүчний нүүрсийг арилжиж байна. 

Нүүрсний гэрээнүүд янз бүрийн ач холбогдолтой. Биржийн гэрээ богино эргэлттэй, ихэвчлэн өндөр үнэтэй, урт хугацааны гэрээ тогтвортой, иймээс хямралын үед хэрэг болдог, оффтэйк гэрээ бүтээн байгуулалтын төлбөр, яаралтай мөнгө хэрэгтэй үед хэрэгтэй байдаг. 

Оффтэйк гэрээний үнэ уурхайн ам нөхцөлөөр тооцдог. Ингэж тооцохдоо 

  • 30 хувийг CR Shanxi Coking Coal, 
  • 10 хувийг Shanxi Liulin Seam 4, 
  • 10 хувийг Platts HCC, 
  • 20 хувийг MB Coking Coal Index HCC Jingtang, 
  • 30 хувийг Primary Coking Coal (sxcoal) гэж явж байна. Үүнээс 70 хувь нь буюу CR Shanxi Coking Coal, Primary Coking Coal, Shanxi Liulin Seam 4 гэсэн манай хилд ойрхон газраас үнэ тогтдог. Өөрөөр хэлбэл манайх хямд нүүрс борлуулснаар өөрсдийнхөө үнийг унагаж байна. Үнийн индексийг сольё гэсэн санал гаргаж байсан нь ийм учиртай. 
Биржээр нүүрс арилжих нь ашигтай. Гэтэл том гэрээ байгуулах нь тогтвортой боловч нүүрсний үнэ болон нүүрсний биржийн арилжааг унагадаг. Тиймээс хямдруулсан үнэтэй том гэрээг хязгаарлах хэрэгтэй байна. 10 дугаар сарын мэдээллээр Эрдэнэс Тавантолгой 21 сая тонн нүүрс экспортолсны 80 хувь нь том гэрээний нүүрс байна. Үлдсэн 20 хувийн биржийн арилжааны 90 хувь нь эрчим хүчний нүүрс буюу бага үнэтэй нүүрс байгаа. Хэрэв коксжих нүүрс буюу чанар сайтай нүүрс зарвал биржээс орж ирэх орлого нэмэгдэнэ. Бирж болон том гэрээний харьцаа 50:50 хувь байх нь зохимжтой.  

Монголын нутаг дээрх нүүрсний тээврийг монголчууд хиймээр байна. Том гэрээлэгчид өөрсдөө тээврийн компаниудтай. Тэд тээврээс ашиг олох зорилгогүй байдаг. Эндээс манай тээвэрчид аажим унахаар байна. Үүнээс гарах арга зам бол том гэрээнүүдтэй хавсруулж тээврийн гэрээг хиймээргүй байгаа юм. Өөрсдөө тээврээ явуулах хэрэгтэй.  

Нүүрсэнд хяналт тавихын тулд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 16 хувийг яаралтай хувьчилж, 34 хувийг нийтийнх болгомоор байна. Цаашид стратегийн хөрөнгө оруулагчдын хувь хэмжээний хязгаарыг тогтоож, компанийн үнэлгээг бодолцож үе шаттайгаар хувьцаа гаргах замаар 51 хувийг ирээдүйд хувьчилмаар байна. 

Манай нүүрсний экспорт хязгаартай. Ямар ч том гэрээ орж ирлээ гээд Монголын экспортын хэмжээ 150 сая тоннд хүрэхгүй гэж бодож байна.