Биржийн арилжааны 10 дугаар сарын онцлох мэдээ

2025 он гарснаас хойш 10 сарын байдлаар 20 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжсан байна. Үүнээс 10 дугаар сард нийт арилжааны 16 хувь явагджээ. Өнгөрсөн сарын онцлох мэдээллээс хүргэе. 

Өнгөрсөн сард сард 3.3 сая тонн уул уурхай бүтээгдэхүүн арилжсанаас нүүрс 3.2 сая тонн, төмрийн хүдэр, баяжмал 125 мянган тонн, хайлуур жонш 6.8 мянган тонныг эзэлж байна. Харин зэсийн баяжмалын арилжааны нэг хуваарь зарлагдаж, худалдан авагч үнийн санал ирүүлээгүй байна. 

10 дугаар сард "Саусгоби Даймонд" ХХК баяжуулсан коксжих чанаргүй нүүрс гэсэн бүтээгдэхүүнээр энэ жил анх удаа МХБ-ийн арилжаанд орж ирсэн. Тус компани хоёр удаагийн арилжаагаар 83.2 мянган тонн бүтээгдэхүүн амжилттай арилжжээ. Мөн "Тавантолгой" ХК 1/2 барьцалдах нүүрс гэсэн бүтээгдэхүүнийг шинээр арилжаанд оруулсан байна. 
Өнгөрсөн сард 

  • "Эрдэнэс Тавантолгой" ХК 2.1 сая тонн, 
  • "Энержи Ресурс" ХХК 531 мянган тонн,
  • "Тавантолгой" ХК 409 мянган тонн,
  • "Саусгоби Даймонд" ХХК 83 мянган тонн,
  • "Хангад Эксплорэйшн" ХХК 25 мянган тонн нүүрсийг тус тус арилжжээ.

Төмрийн хүдэр, баяжмалын арилжаанд “Эрдэнэс Критикал Минералс” ТӨҮГ хоёр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож 125 мянган тонныг арилжсан. Харин "Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК наймдугаар сараас хойш арилжаанд ороогүй байна. 

2025 он гарснаас хойш нүүрсний арилжааны 19 хувь, төмрийн хүдэр, баяжмалын арилжааны 3 хувь, хайлуур жоншны арилжааны 16 хувь тус тус 10 дугаар сард явагдсан байна. 

Хоёр сар дараалан сүүлийн өдөр томоохон нүүрсний арилжаа явагдлаа. Есдүгээр сарын сүүлийн өдөр 1.2 сая тонн, 10 дугаар сарын сүүлийн өдөр 780 мянган тонн бүтээгдэхүүн арилжсан байна.