Өнгөрсөн хугацаанд 1 сая тонн газрын тос олборложээ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос”(Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан байна. 

Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56 мянган тонн тос олборлохоор төлөвлөжээ. 

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай ярилцаж, цаашид хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүссэн байна. 

“Доншен газрын тос” (Монгол) ХХК жилд 50,000-60,000 тонн газрын тос олборлож буй бөгөөд 100 мянган тоннд хүргэх боломжтой гэдгийг танилцуулжээ. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компанийн удирдлагууд тайлбарласан байна. 

2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна. 

Дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компанийн зүгээс хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар шүүхийн шатанд очсон маргаанд Засгийн газар оролцох боломжгүй. Хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж байр сууриа илэрхийллээ. 

“Доншен газрын тос” (Монгол) ХХК БНХАУ-ын SINOPEC групп компанийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийлсэн гэж Засгийн газрын Хэвлэлийн албанаас мэдээлэв.