Илүүдлээс үл хамааран зэсийн үнэ үргэлжлэн өсөх хандлагатай

Э.МИШЭЭЛ

2025 оны нэгдүгээр сараас хойш Лондоны металлын биржид зэсийн үнэ тонн тутам 860 гаруй ам.доллароор өсөөд байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил зэсийн илүүдэл нэг дахин нэмэгдэх төлөв гарсан. Нэмээд АНУ-ын дэлхийн улсуудад тавьж буй тарифын нөлөө зах зээлд анхааруулга өгч, үйлдвэрлэгчид тодорхойгүй орчинд харзнасан байдалтай байна. Ийм үед зэсийн үнэ өсөж буй нь зэсийн ирээдүйг өөдрөгөөр төсөөлөхөөс өөр сонголтгүй болгож байгаа бололтой. 

ЗЭСИЙН ҮНИЙН ӨСӨЛТӨД ТАРИФ СААД БОЛСОНГҮЙ

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп наймдугаар сарын нэгнээс эхлэн импортын зэс агуулсан зарим бүтээгдэхүүнд 50 хувийн тариф ногдуулсан. Энэхүү шийдвэр нь дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, үнийг тогтвортой байлгахад чиглэсэн гэв. Гэвч долоодугаар сарын сүүлээс хойш дотоодод үнэ буурсан ч наймдугаар сарын эхний 7 хоногтой харьцуулахад наймдугаар сарын 20-ны байдлаар зэсийн үнэ бага зэрэг өсөж 9738.9 ам.доллар хүрчээ. Үүнийг Блүүмбергийн шинжээчид Ерөнхийлөгч Д.Трампын шийдвэр дотоодын хэдэн үйлдвэрлэгчид ашигтай нөлөө үзүүллээ гэсэн байна. АНУ зэсийн хэрэгцээний 50 орчим хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг импортолдог. Гол импортлогчид нь Чили, Канад, Мексик, Перу нийт импортын 90 гаруй хувийг өнгөрсөн жил хангаж байсан юм. Худалдааны дайнаас үүдэн Хятадын зэсийн дотоодын нөөц нэмэгдэж, АНУ-аас импортлох зэсийн хоёрдогч түүхий эдийн хэмжээг бууруулсан. 

Олон улсын таваарын эрэлт, нийлүүлэлтийн ойлгомжгүй байдлыг үл хамааран Хятадад зэсийн үнэ өссөн хэвээр байна. 2025 оны эхний хагаст Шанхайн металлын зах зээл (SMM)-д катодын зэсийн үнэ тонн тутам өмнөх онтой харьцуулахад 8.4 хувиар нэмэгдэж, дунджаар 77.6 мянган юань дээр тогтсон. Харин наймдугаар сард өмнөх сартай харьцуулахад буурсан ч 79.1 мянган юанийг даваад байна. Дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгч Чили 2025, 2026 оны зэсийн үнэ тонн тутам 9477 ам.доллар байх шинэ таамгийг наймдугаар сард гаргалаа. АНУ ын зэсийн тарифтай холбоотой хоёр улсын хооронд бага зэргийн улс төрийн үл ойлголцол үүссэн. Гэсэн ч зэсийн импортын тариф одоогоор зэс ихээр агуулсан болон зэс утас, зэс хавтан зэрэг хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хамарч байна. Чилийн зэсийн комисс буюу “Кочилко” суурь үнийг өндрөөр тогтоосон нь нийлүүлэлтийн илүүдлээс үл хамааран хэрэгцээ байна гэж үзжээ. Энэ нь оны эхэн үеийн таамгаас 660 орчим ам.доллароор өсгөсөн дүн болсон. Тэгвэл Чили 2025 оны зэсийн олборлолтын хэмжээ өмнөх жилтэй харьцуулахад 1.5 хувиар өснө гэж тавдугаар сард гаргасан 3 хувийн өсөлтөөс төсөөллөөс бууруулаад байна. Учир нь долоодугаар сард дэлхийн хамгийн том гүний уурхай Эль Тэньентэгийн ослоос үүдэн болзошгүй эрсдэлийн түвшинг нэмэгдүүлсэнтэй холбоотой юм. Энэ жилийн олборлолт буурахтай зэрэгцэн ирэх жилийн төсөөллийг мөн доошлуулж жилийн өсөлтийг гурван хувь буюу 5.97 сая тонн байхаар тооцжээ. АНУ-ын олон улсад тавьж буй тариф нь зэсийн импортод нөлөөлөл үүсгээгүй бол хоёрдогч түүхий эдийн экспортод шинэ чиглэл үүсгэж болохоор байна. Импортынхоо 90 гаруй хувийг бүрдүүлдэг дөрвөн улсад АНУ 10-35 хувийн тариф тогтоосон. Энэхүү тариф нь эрчим хүчний түүхий эд болон бусад бараа, материалд чиглэжээ. Тухайлбал, өнгөрсөн онд нийт зэсийн импортын 31 хувийг бүрдүүлсэн Канадад хамгийн өндөр буюу 35 хувь, 7 хувийг бүрдүүлсэн Мексикт 25 хувь, 51 хувийг бүрдүүлсэн Чилид 10 хувь, 5 хувийг бүрдүүлсэн Перуд мөн 10 хувийн тариф ногдуулсан. Эдгээр улс нь Америк тивийн орнууд бөгөөд өнгөрсөн онд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлсэн 10 улсын гурав нь энэ тивийнх байна. Эдгээр арван улсаас Америк тивийн гурвал нийт зэсийн 46 хувийг үйлдвэрлэжээ. АНУ-ын хаягдал зэсийн экспортын талыг Хятад импортолдог. Тэгвэл Хятад наймдугаар сараас хэрэгжсэн зэсийн тарифаас үүдэн хаягдал зэсийн импортын хязгаарлалт хийсэн байна. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас орчин үеийн технологийн үйлдвэрлэл огцом өссөнтэй холбоотой зэс дахин боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх болсон. Энэ хүрээнд 2030 он хүртэл Хятадын зэсийн зах зээлийн өсөлт 6.7 хувьтай байх бөгөөд хоёрдогч түүхий эдийн зах зээл хамгийн өндөр өсөлтийг үзүүлнэ гэж судалгааны тоонууд өгүүлж байна. Өнгөрсөн онд Хятадын анхдагч түүхий эдийн зах зээл 85 хувийг, хоёрдогч буюу дахин боловсруулах зах зээл 15 хувийг бүрдүүлж байсан. Дахин боловсруулалтын зах зээл жил ирэх бүр өндөр өсөлт гаргана гэдгийг GVR-аас мэдээлжээ. Хэрэв тариф, худалдааны дайнтай холбоотой асуудал үргэлжилсээр байвал Африк, Ойрх Дорнод, Төв Азийг чиглэсэн хаягдал зэсийн найдвартай, шинэ худалдааны чиглэл үүсэж болохыг шинжээчид хэлж байна.

2026 ОНЫ ЗЭСИЙН ТӨЛӨВ

Олон улсын зэсийн судалгааны групп (ICSG)-ээс 2025 оны зэсийн илүүдэл өнгөрсөн жилээс нэг дахин өсөж 289 мянган тоннд хүрнэ гэсэн таамгийг гаргасан. Энэ нь дэлхийн нийлүүлэлтийн 1.33 орчим хувийг эзэлж байна. Тэгвэл ирэх онд илүүдэл бага зэрэг буурч 209 мянган тонн байхаар тооцоолжээ. Харин зэсийн уурхайн үйлдвэрлэл 2025 онд 23.5 сая тонн хүрч өмнөх оноос 2.3 хувиар өсөхөөр байна. Энэхүү өсөлтөд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ) ын Камоа-Какула, Монголын Оюутолгой, Оросын Малмыжийн уурхай голлон нөлөөлнө. Тэгвэл ирэх оны 2.5 хувийн өсөлтөд БНАКУ, Бразил, Иран, Узбекистан, Экуадор, Эритрей, Грек, Ангол, Марокко улсад хийгдэх уурхайн өргөтгөл, жижиг болон дунд хэмжээний уурхайн ашиглалт түлхэц үзүүлэх юм. Өнгөрсөн долоодугаар сард J.P.Morgan 2025 оны гуравдугаар улиралд зэсийн үнэ 9100 ам.доллар руу унаж, дөрөвдүгээр улирлаас эргэн сэргэж 9350 ам.долларт хүрнэ гэсэн төлөвийг гаргасан байна. Үүнд нөлөөлөх гол хүчин зүйл нь АНУ-ын зэсийн хаягдлын экспортын хориг, зэсийг орлуулах бүтээгдэхүүнд анхаарал хандуулах, тарифын ойлгомжгүй байдал, газрын тос, цагаан тугалга зэрэг бусад түүхий эдийн шок нөлөөлнө гэжээ. Зэсийн ирээдүйн нийлүүлэлтэд нэг санаа зовох шалтгааныг бүтээгдэхүүний үнэ хангалттай хэмжээнд өсөхгүй байх гэдэг. Учир нь хэр хэмжээнд үнэ өснө тэр хэмжээгээр зэсийн хайгуул, ордын нээлт эрчимжинэ. Эсрэгээрээ үнэ сулхан өссөөр байвал тэр хэмжээгээр хайгуулд оруулах хөрөнгө оруулалт саарч, явцдаа ирээдүйд нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй гэж судлаачид үздэг. Тэгвэл энэ жилийн байдлыг ажиглахад олон улсын худалдааны дайн, гео улс төрийн хямрал зэсийн үнэд таагүй нөлөө бага үзүүлж байна. Үүний зэрэгцээ зэсийн илүүдлээс үл хамааран үнэ тогтмол чангарсаар байна. Энэ байдал ирэх жил үргэлжлэх төлөвтэй бөгөөд элдэв дарамтыг давж гарах чадвар зэсэд байна гэж үзэж болохоор юм.

Майнинг Инсайт сэтгүүл, Наймдугаар сар 2025, №08 (045)