Манай улсад эмэгтэйчүүд улс орны чухал хэлэлцээрт оролцох, том бизнес, төслийн бүтээн байгуулалтыг гардан удирдах зэргээр өндөр байр сууринд цөөн боловч гарч ирж байгаа нь чухал ахиц дэвшил билээ. Тэр тусмаа сүүлийн жилүүдийн нэг содон үзэгдэл бол Монголын уул уурхайн компани, байгууллагуудын гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд хүчтэй түрэн гарч ирсэн явдал. 50 гаруй мянган эрчүүдтэй Монголын уул уурхайн салбарт төрийн, хувийн, гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын түвшинд одоогоор 20 орчим эмэгтэй захирал амжилттай ажиллаж байна. Байгууллагаа алсын хараатай, шийдэмгий удирдан, хүчирхэг соёл бий болгож буй эдгээр бүсгүйчүүдийн намтар, карьерын замналаар хөрөг нийтлэл бүтээж, мянга мянган охид бүсгүйчүүдэд үлгэр дуурайл, урам зориг өгөх хүслээр Mining Insight сэтгүүл “Women CEOs in Mining” контентийг санаачилсан билээ. “Women CEOs in Mining” булан энэ удаад Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяаг онцолж байна.
Нэгдүгээр эгнээнд ямагт эрчүүд байж, индэрт ч, тайзан дээр ч, хэвлэлийн хуудаснаа, цэнхэр дэлгэцнээ ч эрчүүд л төлөөлж, дуу хоолой, нүүр царай нь болж ирсэн Монголын уул уурхайн салбарт нэг биш нийт гишүүн компаниудыг төлөөлсөн тэргүүн эгнээнд Г.Эрдэнэтуяа гэх бүсгүй 2022 онд гэнэт л гараад ирсэн. Тэр үеэс хойш алив хурал чуулган, уулзалт, арга хэмжээ зэрэгт тайзан дээр ч, уулзалтын ширээний ард ч эрчүүдийн дундах ганц бүсгүй шигтгээ мэт содон харагдах болов. Магадгүй түүний сүүлийн 3 жилийн ажлын түүхээр зургийн цомог эмхэтгэвэл ийм дүрслэл бүхий зургаар дүүрэн байж мэднэ. Ганболдын Эрдэнэтуяа бол Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА)-ийн анхны эмэгтэй захирал юм. МУУҮА бол Монголын хамгийн хүчирхэг компанудыг эгнээндээ нэгтгэсэн том нэгдэл. Энэ том нэгдлийг түүнээс өмнө 30-аад жил зөвхөн эрчүүд төлөөлж иржээ. Уул уурхай, Эрдэнэтуяа хоёрын түүх дараалал сайтай өгүүллэг шиг л уялдаа холбоотой, салгах аргагүй. Түүний түүх байгууллагынх нь, компанийнх нь, салбарынх нь, амьдарч буй үе цагийнх нь түүх төдийгүй тэр өөрөө ажил мэргэжил, эрдэс баялгийн салбарын эрчимтэй хөгжил, уналт сэргэлтийн нэгэн мөчлөгийг бүрэн төлөөлж чадах нэгэн юм.
БОРОО ГОУЛД: ЭКОЛОГИЧ МЭРГЭЖЛИЙНХЭЭ УТГА УЧРЫГ АЖИЛ ДЭЭР ГАРЧ Л ОЙЛГОСОН
Уул уурхайг төр л дангаар эрхлэн гүйцэтгэж асан хуучин дэглэм 1990 онд нуран унаснаар хувийн хэвшлийн болон гадны хөрөнгө оруулалт орж ирж, өрсөлдөх, үзэж харах, үлгэрлэн дуурайх боломж уул уурхайн салбарынханд өргөнөөр нээгдсэн билээ. МУИС-ийн экологийн ангийг дүүргэсэн 19 тэй охин “Бороо гоулд”-ын уурхайд техникчээр анх ажилд орсон 2003 он бол Монголд барууны уул уурхайн стандарт шинэ соргогоор нутагшиж эхэлсэн үе юм. Түүнээс өмнө алтны шороон ордын олборлолт цэцэглэж, тухайн цагтаа улсынхаа эдийн засагт үүргээ гүйцэтгэсэн хэдий ч хожмоо салбартаа асар их сөрөг нэр хүндийг өв болгон үлдээсэн нэгэн үеийг үдээд байлаа. Г.Эрдэнэтуяа хэдийгээр Эрдэнэтийн илгээлтийн эздийн анхны охин, тэнд төрж, өссөн, бас үйлдвэрийн дадлагаа Эрдэнэт үйлдвэрт хийж байсан ч “Бороо гоулд”-д л уул уурхай гээч зүйлийг цоо шинээр танин мэдэж, өөрийн зам мөрийг гаргах эхлэлийг тавихдаа барууны уурхайн стандарт, соёлоос суралцсан анхдагчдын нэг болсноо өөрөө ч анзаарсангүй. Өөрийгөө телевизийн хөтлөгч, сэтгүүлч хэмээн төсөөлж, угаалгын өрөөний толины өмнө чанга дуугаар ном уншдаг байсан айлын том охины дэврүүн мөрөөдөл анги дэвшихийн хэрээр өөрчлөгдсөөр өмгөөлөгч болж хувирав. Яагаад ч юм бусдыг өмгөөлж чадахаар санагддаг байж. Өмгөөлөгч л болно хэмээн шийдэж, конкурстээ хичээж бэлдсэн ч Эрдэнэтэд хуулийн хоёр л хуваарь ирж, 1000 гаруй хүүхэд өрсөлдөхөөр бүртгүүлсэн нь мөрөөдөл хүслийг нь огт өөр зүгт чиглүүлж орхив. Хүслээ биш боломжоо л хар гэсэн аав ээжийнхээ үгэнд орж, хамгийн сайн хичээлээрээ конкурс өгсөн нь хими, газарзүй. Тухайн үед хошуурдаг байсан МУИС-ийн аялал жуулчлалд орохсон гэсэн ч химиэр нэгээр гарч, газарзүйгээр дөрөвт орсон тул бүтсэнгүй. Ингээд аавынхаа зөвлөснөөр экологич болохоор МУИС-ийн химийн ангийг сонгов. Экологич гэж юу ч юм, ирээдүйд хэн байх, юу болох талаар ямар ч ойлголт, шийдвэргүй. Хэл уран зохиолд дуртай ч химийн гүнзгийн ангид сурч, гэхдээ хэзээ ч химич болохгүй гэж боддог байсан түүнд их сургуулийн эхний хоёр жил бөөн уйтгар. Харин төгсөх жил диплом бичиж, судалгаа хийхдээ л мэргэжлээ арай өөрөөр харж, бас ч сонирхол төрж эхлэх шиг. Дипломын сэдэв нь Улаанбаатар хотын агаар дахь хүнд металлын бохирдол автомашинаас эх үүсвэртэй эсэх тухай. Автомашин харьцангуй цөөн байсан үе тул автобусны зогсоол орчмын газруудыг гол цэгээ болгон, машины яндангаас гарч буй утаа хөрс, ургамалд хэрхэн нөлөөлж буйг судлав. Тэгэхэд л судалгаа хийж учир шалтгааныг олох, шийдэл хайх гоё санагджээ. Гэсэн ч төгсөөд ямар ажил хийхээ сайн төсөөлөхгүй л байв.
Ангийнхан нь зарим нь Ус цаг уурын хүрээлэнд орно, зарим нь нутаг буцна гэнэ. Тэр үед “Бороо гоулд” компани ажлын байр зарласныг сониноос олж хараад, компанийн оффист очин ярилцлагад орсон ч тэнцэж чадсангүй. “Яагаад гэхээр мэргэжлээрээ юу хийхээ би мэдэхгүй байсан. 2023 онд “Ирээдүйн инженер” хөтөлбөрийг санаачилсан нь ямар утга учиртай мэргэжил сонгосноо ойлгохгүй, төгсөөд юу хийхээ мэдэхгүй явсантай минь холбоотой. Ямар хувь нэмэр оруулж чадах, ямар утга учиртай мэргэжил сонгосноо ойлгочихвол хичээж сурна шүү дээ. Үүнийг л оюутнуудад ойлгуулахыг хүссэн.” Гэхдээ түүнийг “Бороо гоулд” дахиад дуудсан юм. Экологич мэргэжил нь эхний тусаа ийнхүү өгчээ. Ингээд амьдралын шинэ мөчлөг нь “Бороо” гоос эхлэв. Ажилд ороод л шууд уурхай руу явлаа. Эхний хэдэн сар гэрт амьдарч байгаад багийн байшинг засварлан, ариун цэврийн өрөө зэргийг тохижуулаад эмэгтэйчүүдийг тийш оруулав. “Эрдэнэт үйлдвэр”-т оюутны зуны дадлага хийхээс үйлдвэрийн ажил нэг л гоё санагддаг болчихсон, бушуухан л ажил дээр гарахын хүслэн болж явсан тул энэ бүхэн ерөөс хэцүү санагдсангүй. Дээрээс нь техникчээр ажилд ороод 350 долларын цалин авч байсан нь их сургуулийн жилийн төлбөрийг хоёр нугалсантай тэнцэнэ. Оюутны ширээнээс холдоод удаагүй түүнд төсөөлөө ч үгүй их орлого тул, юу л байна ажиллах урам зориг дүүрэн. “Тэр үед “Бороо”-д гадны мэргэжилтнүүд гол төлөв ажилладаг байв. Манай менежер америк хүн. Хоёр их сургууль төгссөн туршлагатай байгаль орчны мэргэжилтэн. Инженер маань Багануурын уурхайд олон жил ажилласан монгол эмэгтэй байсан. Лхамаа эгчдээ их ч загнуулсан, их ч юм сурсан. Англи хэл сургуульд үзээд л байсан ч ажил дээр гараад ирсэн чинь хэлгүй дүлий хүн шиг л байв. Өглөө 7 цагт ажил эхлээд орой 7 цагт бууна. Хоолоо идчихээд л өрөөндөө очоод хэлээ үзнэ. Хэл сурахын хажуугаар мэргэжлээ ч ойлгочих санаатай Байгаль орчны үнэлгээний тайланг толь бичиг шиг цээжилтлээ уншсан.” Эхний хоёр жил юу хийгээд байгаагаа ерөөс ойлгосонгүй. Менежерийнхээ хий гэснийг л хийнэ. Дээж ав гэхээр авч, усны түвшин хэмж гэвэл хэмжинэ. Өвлийн хүйтэнд 30-аад худаг руу очиж, хөлдсөн мөс хагалан дээж авах амаргүй. Яг хэвээр байхад дахин дахин авахын хэрэг юу байнаа гэж гайхна. Хоёр жилийн дараанаас л хийдэг ажлаа нөлөөллийг хэрхэн бууруулж буйг хэмжиж байгаагаа ухаарч. Тэр хэрээр экологич мэргэжлийнхээ утга учрыг ойлгож, ажил мэргэжилдээ дурлаж эхлэв. Сурч мэдэж, туршлагажихын хэрээр координатор, инженер болж шат ахилаа. Түүнийг ажиллаж байхад “Бороо гоулд” тухайн үед Монголд цоо шинэ зүйл байсан хаягдал чулуулгийн мониторингийг анх эхлүүлж, анхны удаа хаягдал чулуулгийн овоолгыг нөхөн сэргээжээ. Цаасан дээр бичигдсэн бүхэн яг бодитоор хэрэгжиж, нүдэн дээр үр дүн гарах хэчнээн сайхан. Тарьсан модод нь урган цэцэглэж, харваас ихийг үзсэн уурхайчин ах нар хүртэл, сайхан ногоорч байнаа гэлцэхийг сонсох бүртээ урамшин баярлаж, хожмоо хүүхдүүддээ харуулна хэмээн мөрөөдөж бодсон нь нэг бус удаа. Бороогийн үйлдвэрлэл жигдэрч, Эрдэнэтуяа ч долоон жил хэртээ ажиллаад байв. Энэ үеэс “Бороо”-гоос сурах юм нэг л болчихсон мэт, нэг л зүйлээ давтан хийсээр байгаа нь сонирхолгүй ч юм шиг санагдаж эхэллээ. Амьдарч үзээгүй газар нутагт очиж, ажиллаж үзээгүй уурхай, үйлдвэрийг танин мэдэж, шинийг сурахсан, шинэ гоё төсөл дээр өөрийгөө сорихсон гэх хүсэл нь түүнийг дараагийн шинэ аялалд даллан дуудаж, тэр нь “Оюутолгой” болов.
ОЮУТОЛГОЙ: ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН НЭГ ХЭСЭГ БОЛЖ АЖИЛЛАХ БАХАРХАЛТАЙ
“Бороогийн” нутагшуулсан барууны уул уурхайн стандарт, соёл уурхайгаасаа хальж, тухайн үед шинээр эхэлж байсан уул уурхайн бусад төслүүдэд шилжин дэлгэрэх үед түүнийг хамгийн их шингээж авсан нь “Оюутолгой” төсөл юм. Ажлын талбар дээр бэлтгэгдчихсэн, сургах шаардлагагүй туршлагатай, бэлэн боловсон хүчнүүд тул “Бороо”-д ажиллаж байсан бол шууд ажилд авдаг байв. Оюутолгойд тэдгээр хүмүүсийн гүйцэтгэсэн үүрэг маш өндөр. Боловсон хүчний шилжилт төслийн бүтээн байгуулалтыг хурдасгаж, өмнөх төслүүдэд гарсан алдаа давтагдахгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Харин одоо тэр шилжилт хөдөлгөөн уул уурхайд үндсэндээ зогсоод байна. Оюутолгой шиг цар хүрээний төсөл дахин хэрэгжээгүй, цалин хөлс нь хөдөлмөрийн зах зээл дээр байхгүйтэй холбоотой ч харамсалтай нь мэдлэг, ур чадвар, туршлагын ийм шилжилт хөдөлгөөн зогссоноос шинэ төслүүд дээр туршлагагүй шинэ хүмүүс өмнө гарсан алдаануудыг давтсаар, урагшлах хурд удааширсаар байгаа билээ. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ зурагдаж, төслийн бүтээн байгуулалт эхлэх гээд ид бужигнаж байсан 2010 онд Эрдэнэтуяа өргөдлөө өгснөөр байгаль орчны менежментийн тогтолцооны ажилтнаар оров. “Бороо гоулд”-д ISO-гоор бэлтгэгдэж, гурван жил ажилласан нь Оюутолгойд ажиллахад хэмжээлшгүй хэрэгтэй туршлага болов. Тухайн үед Оюутолгой ISO нэвтрүүлж, аудиторуудаа бэлдэхээр Австрали руу цөөн хүнийг сургахаар явуулахад, Эрдэнэтуяа тэдний нэг байж, олон улсын аудитор болсон байна. Системийн ажилтнаар жил хэртээ ажиллаад, комплайнс руу шилжив. Төслийн бүтээн байгуулалт эхлэхийн тулд маш их бичиг баримтын бүрдэл хангах шаардлага “Оюутолгой”-д тулгарч, баахан төслийн менежер ажилд авсан ба тэдэнтэй хамт хоёр жил байгаль орчны бичиг баримт хөөцөлджээ. Тэд хууль эрх зүйн бүртгэлийг системийн дагуу хийж, зураглалаа гарган, маш богино хугацаанд ISO аудитораар баталгаажуулах ажлыг хийж чадсан байна. Шинэ төсөл дээр ISO-гийн системийг анхнаас нь нэвтрүүлэх ямар үр дүнтэйг Оюутолгойгоос харжээ. Ар араасаа хөврөх шинэ асуудлууд өдөр хоногийг салхи мэт элдсээр Оюутолгойд ажилласан гурван жил нүд ирмэх зуур л өнгөрсөн санагдана. Зөвшөөрлүүд авах, ажлын комисс, улсын комисст барилга байгууламж хүлээлгэн өгөх гэж өдөр шөнөгүй бужигнасан асар завгүй, асар сорилттой гурван жил байлаа. Шинэ төсөл дээр хууль эрх зүйн орчны зохицуулалт байхгүйтэй холбоотой бэрхшээл хамгийн их тулгарна. Наад зах нь гүний уурхайтай холбогдох стандартууд байхгүй, хуучин Оросынхыг дагахаар таарахгүй, саарал усыг ашиглах хууль эрх зүйн зохицуулалт байдаггүй. Тэр бүрийд төрийн байгууллагынхантай хамтран ажлын хэсгүүд байгуулж, гарц гаргалгаа хайн, дүрэм журам боловсруулах ажлууд хийнэ. Журам боловсруулах үйл явц маш их хугацаа авна. Энэ нь түүний хэлснээр “ISO-г хүлээн зөвшөөрнө гээд хууль, журамд оруулчихад л шийдэгдэх асуудал” юм. Тиймгүйгээс Оюутолгойд тулгарсан эдгээр асуудал 10 гаруй жилийн дараа шинэ төслүүдэд тулгарсан хэвээр, тэр бүрийд Оюутолгой дээр хийсэн бүхнийг жижигрүүлсэн хувилбараар эхнээс нь давтан хийсээр байна. Салбарын хөгжлийг дор нь дэвхцүүлэн тушиж, урагш ахиулдаггүй асуудлын нэг юм. Арваад жилийн дараа Ассоциацийн Гүйцэтгэх захирал болох үед энэ асуудал огт шийдэгдээгүй, урьдын хэвээр байна гэж тэгэхэд төсөөлөөгүй биз ээ. “Гэхдээ нэг төслийн ард гарчихсан хүнд итгэл үнэмшил байдаг юм билээ. “Бороо”-д сурсан бүхэн маш их хэрэг болсон. Асуудал бэрхшээл ихтэй ч том бүтээн байгуулалтын нэг хэсэг болж ажиллах үнэхээр бахархмаар. Оюутолгойд манай Байгаль орчны менежер Глен Эйнсворт, Байгаль орчин, усны асуудал хариуцсан менежер Марк Ньюби нар бидэнд маш их эрх мэдлийг шилжүүлдэг байсан. Яагаад гэхээр Засгийн газрын харилцаа, орон нутгийн харилцааны асуудлыг гадны хүмүүс мэдэхгүй. Тэд эрх мэдлээ сайн шилжүүлснээр бид асуудлаа олж харж, тодорхойлж, шийдэл нь ингэж явах юм байна гээд бие дааж явахаас өөр сонголтгүй. Гүйцэтгэгч байх, бие даах хоёр хөгжлийн шал өөр боломжуудыг хүнд өгдөг. Энэ утгаараа би мэргэжилтний хувьд Оюутолгойд маш сайн хөгжсөн. Тэр нь Хан-Алтайн төсөл дээр ажиллахад надад үнэхээр их хэрэг болсон”.
АСПАЙРААС АВСТРАЛИ РУУ
Глен захирал нь Австрали буцсаныхаа дараа нь “Аспайр Майнинг”-ын Монгол дахь захирлаар томилогдон ирээд “Оюутолгой”-д хамт ажиллаж байсан багийнхандаа ажлын санал тавьсны нэг нь Эрдэнэтуяа байв. “Оюутолгойн олборлолт эхэлчихээр бүх зүйл нэгэн хэвийн болчихно. Тиймээс багаараа шинэ төсөл эхлүүлье” гэсэн захирлынх нь үг түүний сонирхлыг татсаны зэрэгцээ “Бороо” шиг жижигдүү цомхон төсөл байсан нь таалагдсан хэрэг. Харамсалтай нь Концессийн гэрээ батлагдалгүй, Засгийн газар хэлснээсээ буцсанаар энэ төсөл хэрэгжээгүй, байрандаа таг гацсан хэвээр 10 гаруй жилийн нүүр үзэж байна. “Аспайр”-т орсныхоо дараа хөл хүнд болж, анхны хүүхдээ тээж буйгаа мэдсэн тул жил ч ажиллаж амжсангүй. Төрсний дараа байсхийгээд л хүүхэд өвдөнө. Эмнэлгийн нөхцөл ямар билээ. Нялх үрээ тэвэрч эмнэлгээр эргэлдсээр цөхөрсөндөө хүүхдээ бодъё, эрүүл орчинд өсгөе гээд 10 сартайд нь гэр бүлээрээ Монголоос явахад хүрэв. Түүний хувьд хүсэн хүлээсэн анхны хүүхдээ аятайхан орчинд эрүүл өсгөх нь ямар ч карьераас илүү чухал байлаа. Гэр бүлийн хүнээ магистраа дуусгасны дараа зөрж суралцахаар ярилцан, IELTS-д бэлдэж байсан ч дахин хөл хүнд болж, сурах бодлоо орхин Монголдоо буцаж ирэв Ирээд уул уурхай биш хотын байгаль орчны чиглэлээр ажиллахаар шийдсэн нь хүүхдээ өсгөж буй эх хүний нүдээр хотынхоо байгаль орчныг харсных юм. Австралид визний нөхцөлд тохируулан, мэргэжил дээшлүүлэх сургалтууд авсан нь газар ашиглалт, хотын нөхөн сэргээлтийн чиглэлийнх. Ядаж л хог хаягдлын менежментийг зохих журмаар хийдэг болохсон гэсэндээ төсөл бичиж, Нийслэлийн Засаг даргын тамгын газарт цөөнгүй хандсан ч хүлээж авах хүн олдсонгүй. “Хог хаягдлыг булшлах технологи чинь маш энгийн шүү дээ. Барилга байгууламжийн хувьд ч, зураг төсөл, гүйцэтгэл дээр ч гэсэн. Байгаль орчинд ээлтэйгээр хийгээд, булаад, цэвэрхэн ашиглаад явахын төлөө яагаад одоо болтол ажиллахгүй байгааг гайхдаг.” Хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ хааяадаа үнэлгээ, комплайнсын чиглэлээр төслүүдэд зөвлөхөөр ажиллан, бүхий л цагаа гэр бүлдээ зарцуулж байсан тэр өдрүүд амьдралынх нь хамгийн амар тайван өдрүүд байв. Гэхдээ удаан үргэлжилсэнгүй. Ар гэрийнхээ ая тух, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхэд анхаарсан өдөр хоногуудад хаа ч юм хав дараастай байсан шинэ асуудал, шинэ сорилт, үзэж туулаагүй бүхэнд хорхойсон тэмүүлэх хүсэл зоригийг нь Хан Алтайгаас ирсэн санал сэрээж орхив.
ХАН-АЛТАЙД: БИ СОРИЛТ ХАЙДАГ БАЙХ
2010-аад оны дундаас хойш манай улсад шинээр эхэлсэн уурхай ховор, бараг байхгүйтэй адил. Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарах явдал сүүлийн арваад жил улам даамжирсаар байгаа нь уул уурхайн салбарын гол бэрхшээлийн нэг болоод байна. Энэ нь эхэнд дурдсанчлан, Монголын уул уурхайн 1990 оноос хойш бүтээсэн муу түүхийнх нь ул мөр юм. Сайн түүх, сайн жишгүүд зөндөө бий ч тоос шороо босгосон, нөхөн сэргээгээгүй, орон нутагтай хамтарч ажиллаагүй, өнөөдрөө харж, маргаашаа үл тоомсорлосон компаниудын муугийн нөлөөлөл илүү хортой, салбарын нэр хүнд түүгээр л хэмжигдэж, дараагийнхад нь итгэхгүй, улмаар уул уурхайг огтхон ч зөвшөөрөхгүй гэх хандлага тогтсон өнөө үед шинэ уурхай нээгдэнэ гэдэг өдрийн шиг ховор үзэгдэл болоод байна. Ийм үед ковидын дараахан Хан-Алтайн алтны үндсэн ордын уурхай нээгдэж, үйлдвэрлэлээ эхэлсэн нь Монголын уул уурхайн салбарыг онцгой гайхашруулсан содон явдал байсан юм. Хайгуул, хөгжүүлэлт судалгаа, бүтээн байгуулалтын үе шатыг 5 жилд хураан товчилж, орон нутаг болон төрөөс нийгмийн болон бусад тусгай зөвшөөрлүүдийг асар богино хугацаанд авч, ашиглалт эхлүүлсэн Хан-Алтай ашиглалтад бэлдээд арав гаруй жилийн нүүр үзэж буй уул уурхайн төслүүдэд үлгэрлэх жишээ болсон байх. Гэхдээ түүний цаана ямар их хөдөлмөр чимээгүй өрнөж, төслийн ажилтнууд юу давж туулсныг тэр бүр төсөөлөхгүй. 2010 оноос хойш уул уурхайн төслийн хөгжүүлэлт дээр орон нутгийн харилцаа, зөвшөөрөл, хууль эрх зүйн хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллаж, мэдлэг, туршлагаа нэмж яваа Эрдэнэтуяагийн хувьд хамгийн том сорилт Хан-Алтай төсөл байв. Гэхдээ бодсоноороо ажиллах эрх чөлөө, эрх мэдлийг Хан-Алтай түүнд хангалттай өгчээ. Тэр асуудлаа харж, ажиллах орон зай, эрх мэдэл, цар хүрээгээ яв цав тодорхойлсны үндсэн дээр компанидаа Тогтвортой хөгжлийн газрын бүтэц, зохион байгуулалтыг зурж, төлөвлөснөөрөө батлуулж чадсан байна. Ингэснээр байгаль орчин, комплайнс, Засгийн газрын харилцаа, олон нийт, орон нутгийн харилцааг бүгдийг нэгтгэн удирдав. Хэрэгжилтийг хангах хууль эрх зүйн бүртгэл гаргах, араас нь хөөцөлдөх, нутгийн иргэдтэй ойлголцох, олон нийтэд зөвөөр ойлгуулах, таниулах, төслийн үйл ажиллагааг эрсдэлгүй эхлүүлэхэд бүхий л хүч, цаг хугацаагаа зарцуулжээ. “Бүрдүүлсэн багаас нь удирдлагынх нь мөн чанар харагддаг гэдэг. Хамт юм бүтээлцэх хүмүүсээ зөв сонгох маш чухал. Итгэлтэй, найдвартай байх ёстой. Мэдээж зөрүүтэй үзэл бодол гарах ч зорилго руугаа нэгэн зүгт харж, үүрэг оролцоогоо ухамсарлаад, алдаа байвал түүнээсээ суралцаад хөгжөөд явдаг бол баг юм. Тэр хооронд холбирч, өөрчлөгдөн, худлаа яриад байвал хэцүү. Би худлаа хэлж байгаа хүнийг үнэхээр тэвчиж чаддаггүй. Мэдсээр байхад худлаа ярих, хэлсэн амандаа хүрэхгүй байх, зарчимгүй, холбиромтгой байхыг тэвчих хэцүү. Хүн ч гэсэн тэвчиж чадах хүнээ л хамтрагчаараа сонгодог шүү дээ.” Хайгуулын үедээ хэдэн геологичид нь нутгийн айлуудаар орж гарч, эвтэй найртай нь аргагүй байснаа төслийн бүтээн байгуулалт эхлэх болж том техникүүд ороод ирмэгц орон нутгийнхан айн ширвээтэж эхэлдгийг буруутгах аргагүй. Бүтээн байгуулалт эхлэхийг мэдэхийн дээдээр мэдэж, ойлгохын дээдээр ойлгож байсан ч нам гүмхэн хязгаар нутагт нь нүсэр том техникүүд нүргэлэн бужигнаад эхлэхийг харах, мэдрэх малчин хүнд үнэхээр хэцүү. Тийм үед цочирдсон малчид төслийн талбай нэвтрэх гэж дайрна. Дээрээс нь тэднийг үймүүлж турхирах янз бүрийн ашиг сонирхлын бүлгүүд борооны дараах мөөг шиг гараад ирдэг. Зохион байгуулалттай жагсаал цуглаан хийнэ. Түүнд хөөрч хийрхсэн олны зарим нь төслийн талбай руу дайрч, тэнд ажиллаж буй залуучуудын биед халдаж, зодож нүдэн, гэмтээж бэртээх нь түгээмэл болж, сүүлдээ бүр байх ёстой зүйл мэт дасаад байгаа нь эмгэнэлтэй. Хан-Алтайд бүр буу бариад ирсэн тохиолдол ч гарч байв. Азаар ХАБ-ын ажилтан зогсоож чадсан байна. Тэр үед Эрдэнэтуяа ихэд эмзэглэжээ. “Шинээр үйлдвэр байгуулж, улс орон, салбартаа хувь нэмрээ оруулж байна гэсэн бахархлыг минь үгүй хийчихсэн. Хэрвээ хүний амь эрсэдвэл яах вэ? Бид дайснууд биш, жирийн л инженерүүд. Бидэнд биеэ хамгаалах ямар ч зэвсэг байхгүй. Ажлаа хийж байхад дуртай нь ажлын байран дээр ирж, биед халдаж байхад яагаад энэ талаар хэн ч дуугардаггүй юм. Орон нутагт зөрчигдөж байгаа уурхайчдын эрх ашгийг яагаад хэн ч өмгөөлдөггүй юм бэ? Ажилчдын эрх ашгийг хамгаална гээд ажил олгогчтой талцуулаад байдаг өнөө Үйлдвэрчний эвлэл ийм үед хаана байна вэ? Энэ бол зөвхөн түүний бодол биш. Уул уурхайн төслүүдэд ажиллаж, орон нутагт иймэрхүү явдалтай нүүр тулж буй хүн бүрийн бодол санаа юм. Шинээр эхэлж буй төслүүдийг орон нутагт хүлээж байдаг эдгээр бэрхшээлээс гадна Хан-Алтай төсөлд цоо шинэ, төсөөлж таамаглаагүй сорилт тулгарсан нь цар тахал. Өнөөдөр л бид мартчихаад байгаагаас биш техник тоног төхөөрөмжөө ч авах боломжгүй хилийн хориг, дотооддоо байсхийгээд л тогтоодог хатуу хөл хорио ямар хэцүү байлаа. Орон нутаг руу явна гэдэг виз авахаас ч хэцүү. Баахан бичиг баримт бүрдүүлнэ. Уурхай явах зөвшөөрлөө арайхийж авлаа гэхэд хотод тав хоног хорионд орно. Замдаа хэдэн километр тутамд хамраа ухуулж, хурдавчилсан тест өгнө. Уурхай дээр очоод дахиад л карантин. Нэг очсон бол гэр бүлээсээ хэдэн сараар хол байхад хүрнэ. Ирэхдээ буудалд галзуу юм шиг л ганцаар хоригдоно. Бичихэд амархан ч, туулахад амаргүй байсан энэ бүхэн одоо өнгөрсөнд мартагдан үлджээ. “Зарим хүнтэй харьцуулахад нэг газраа удаан байдаггүй, төслийн бүтээн байгуулалтын үед ажиллах дуртай зэргээс харвал би сорилт хайдаг байх. Хэцүү байлаа ч ажлаа хийгээд ард нь гарахдаа их гоё кайф авдаг. Хамгийн сүүлд “Хан Алтай” дээр тийм мэдрэмж авч байсан. Энэ бүх хүнд хэцүүгийн дараа төсөл эхлээд явахад үнэхээр гоё.” Дээр дурдсанаар төслийн зөвшөөрлийг богино хугацаанд авсан нь, түүнээс ч илүү нь нутгийн иргэдэд хүлээн зөвшөөрөгдөж чадсан нь, компани иргэдийн дунд итгэлцэл тогтсон нь түүний удирдсан Тогтвортой хөгжлийн газрын оновчтой зохион байгуулалт, зөв шударга харилцааны хүч юм. Тэр бүхний дараа ахан дүүс мэт дотносож үлдсэн нутгийн хүмүүс олон. Одоо ч орой үдэш утсаар залган, уртаас урт яриа өрнүүлэн нутаг орны хууч дэлгэх хүмүүс бий.
МУУҮА: САЙН БАГ, ТҮШИГТЭЙ УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХАМГИЙН ТОМ ТУЛАХ ХҮЧ БОЛСОН
Тогоон дотор нь орж гарч, сайнтай муутай нь тольдож явдаг уул уурхайн салбарт энэ ассоциаци яг л хүмүүний амьдрал шиг мандан бадарч, уруудан доройтож, бас эргэн сэхэж сэрвийн байх шиг санагддаг. Тэгэхдээ яг л салбарынхаа уналт, сэргэлтийг өөр дээрээ давтаж байж. Монгол Улсын эдийн засаг уул уурхайгээс үүдсэн 17 хувийн өндөр өсөлт үзүүлэн гайхуулж асан 2010-аад оны эхэн үед Ассоциаци ч мөн адил бадрангуй үеэ туулсан.
Их өсөлтийн дараа 2014 оноос эрдэс баялгийн салбар тасралтгүй уруудан хямрах мөчлөгт Ассоциацийн үйл ажиллагаа, нэр нөлөө ч даган сулрав. Харин 2019 оноос эрдсийн зах эргэн сэргэхэд Ассоциаци тэр мөчлөгийг давтан өндийж чадаагүй байлаа. Магадгүй өнгөрсөн түүхийнхээ хамгийн ёроолд унасан амаргүй үедээ анхны эмэгтэй захирлаа тосон авсан байх. 2022 онд Монголын уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх захирлаар томилогдохдоо Эрдэнэтуяа өөрийгөө амаргүй сорилттой нүүр тулж байгааг мэдэрч байв. Удирдлагын багт арваад жил ажилласан ч байгууллага толгойлж байгаагүй тул Гүйцэтгэх захирлын ажил шинэ төдийгүй сүрдмээр. Өмнө нь Ассоциацийг ихэнхдээ үүсгэн байгуулсан, дотор нь хутгалдаж ажилласан, туршлагатай хүмүүс удирдаж ирсэн бол Эрдэнэтуяа салбарт ажиллаж байсан ч гаднаас ирсэн шинэ хүн байлаа. Гэхдээ түүн шиг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, олон нийт болон Засгийн газартай харилцах, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлд уурхайн талбарт туршлага хуримтлуулсан нь бас ховор. “Ассоциацид ажиллахад юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ? Гүйцэтгэх захирлаар ажиллаач гэдэг нь Батцэнгэл захирлын санал байсан уу?” гэж асуухад; “Ассоциацид ирэхдээ Батцэнгэл захирлыг таньдаггүй, “гүүглдэж” мэдэж байлаа гэвэл хүн итгэхгүй байх л даа. Энд ажиллаач гэдэг саналыг Энхболд захирлаас авсан. Хан-Алтайд байхдаа Австрали Монголын эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагааны хөтөлбөрөөс хэрэгжүүлсэн Байгаль орчны нөлөөллийн үнэлгээн дээр олон нийтийн оролцоог хангахтай холбоотой ажилд зөвлөхөөр оролцсон юм. Тэр шугамаар Ассоциацийн Удирдах зөвлөлийн дарга А.Билгүүн, Гүйцэтгэх захирал Д.Энхболд нартай анх танилцаж, хоёр жил хэртэй цахимаар харилцсан. Шинэ төсөл эхлүүлэх гээд алхам тутамдаа эсэргүүцэлтэй тулгарч явсан үе тул бухимдалтай ч байсан. Ийм үед Ассоциаци компаниудаа дэмжээч, дуугараач гэж хэлсээр тэднийг залхаасан байх. 2022 оны хавар Д.Энхболд захирал ажлаа өгнө, чи ажиллаад үзэхгүй юм уу, хэлж ярьдгаа өөрөө ажил болгох гээд үз л дээ гэв. Яг шийдвэр гаргахад нөхрийн маань үг хүчтэй нөлөөлсөн. “Олон жил хоёулаа хууль эрх эрх зүйн нийцэл, уул уурхайн зөвшөөрлийн асуудлыг ярилаа шүү дээ. Одоо хоорондоо ярьж байхаар асуудлыг бодитоор тавьж шийдвэрлүүлэхийн төлөө явах ёстой. Ингэх нь мэргэжлийн холбооны үүрэг” гээд нэлээд ятгасан. Би нөхөртэйгээ Оюутолгойд ажиллаж байхдаа танилцсан юм. Манай хүн Оюутолгойд 2005 оноос, анхнаас нь ажилласан хүний нэг. Би байгаль орчны, манай хүн Засгийн газрын харилцаагаа хариуцаад, хоёулаа зөвшөөрөл хөөцөлдөнө. Ер нь бол зовлон нэгтэй хоёр. Одоо ч тэр “зовлон”-гоо 10 гаруй жил ярьсаар явна. Дөрөвдүгээр сарын нэгэнд ажилдаа орно гээд байж байтал Энхболд захирал утастан, 3 дугаар сарын 31-нд өнөөдөр Ассоциацийн чуулган болно, чи хүрээд ирээч гэжээ. Юу бэлдэх вэ гэхэд юу ч хэрэггүй, зүгээр л хүрээд ир гэв. Таних ганц нэг таних хүнтэй мэндлэн сууж байтал хэн нэгэн “Одоо явж байгаа дарга буугаад, ирж байгаа дарга дээшээ сууж, хурлаа удирдана аа” гэв. Юун хурлыг яаж удирдах ёстойгоо ч мэдэхгүй тул самгардахдаа намайг юм битгий бэлдэж ир гэсэн болохоор би хурлыг яаж удирдахаа мэдэхгүй байна, ямар ч байсан ажлаа сайн хийнээ л гэж хэлж. Тэр хурлаас 11 компани Удирдах зөвлөлд сонгогдож, тэд хуралдан, даргаа сонгохоор болов. “Би хоол хийх дуртай. Ажлын эхний өдрөө шинэ хамт олон дээрээ очно, дайлна гээд л, баахан хуушуур, нийслэл салат хийгээд барьчихсан, бүрх малгай тавьчихсан, ганган амьтан явж очлоо. Гэтэл Алгаа Ерөнхийлөгч, Энхболд захирал хоёроос өөр хүн алга. Тэд хоол идээд, ажлаа гялс хүлээлгэж өгчихөөд яваад өгсөн. Би одоо юу хийх вэ гэсэн чинь одоо өөрийнхөөрөө ажилла. Шинээр ажилла гэж чамайг авчирсан болохоор юм хэлэхгүй. Хэлчихвэл чи хөтлөгдөөд хуучнаар явчихна гээд явчихаар нь гайхашраад л үлдсэн. Алтны шинэ уурхайн төслийн хөгжүүлэлтэд оролцчихсон, цоо шинэ оффиссоос ирсэн хүн чинь үндсэндээ шоконд орж, юу руу ч ороод ирчихэв гээд хямарч байж билээ. Тэгээд Ассоциацийн 10, 15, 20, 25 жилээр гаргасан номууд байсныг уншлаа. Иймэрхүү юм хийж байж гэсэн багцаа ойлголтыг тэндээс авсан” Юутай ч 11 компанийнхаа захиралтай уулзъя гээд бүгд рүү нь утсаар ярьж, тойрч уулзан, өөрийгөө танилцуулж, хэрхэн ажиллах талаар саналыг нь сонсжээ. Удаа ч үгүй Удирдах зөвлөлийн хурал болж, дүрмийн дагуу ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, батлуулав. Хариуцлагатай уул уурхайн кодексийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, бас салбарын оролцогч талууд бүгд хамтдаа хариуцлагатай хөгжих ёстой гэдэг бодлогоо танилцууллаа. Тухайн үед Эрдэнэтуяад салбарын талаар олон нийтэд эерэг ойлголт өгөхсөн, олон нийтэд нөлөөлнө гэдэг урт хугацааны амаргүй зорилт тул уурхайчдаараа дамжуулаад, нэг уурхайчны гэр бүлд хэдэн хүн байгаа билээ, тэднээрээ дамжуулаад нөлөөлбөл үр дүнтэй юм даа, бас уурхайчид руугаа хандсан юм хийх сэн гэсэн бодол хүчтэй байлаа. Харин гурван жилийн дараах өнөөдрөөс харвал, энэ нь бодлоос хальж, ажил хэрэг болсоор явааг анзаарч буй биз ээ. Зөвхөн уурхайчдын оролцдог дотоод олон арга хэмжээнээс гадна гадагшаа чиглэсэн төрөл бүрийн үйл ажиллагаанаас зарим нь хэдийнэ Ассоциацийн нэрийн хуудас болжээ. Жилээс жилд цар хүрээгээ улам бүр тэлж буй Mining Week үүний нэг жишээ юм. “Миний хүсэл бол аль болох олон төсөл хэрэгжээсэй. Олон төсөл хэрэгжиж байж, олон ажлын байр бий болно. Олон мянган залуус ажилтай орлоготой болно. Түүнийг дагаад бизнесүүд хөгжинө. Бид нэг л завин дээр байгаа. Нэг төсөл зогслоо гэхэд түүний ард байгаа ханган нийлүүлэгч компаниуд, тэдний цаана байгаа хэдэн мянган ажлын байр байхгүй болно гэсэн үг. Ханган нийлүүлэгч байхгүй бол уул уурхайн төсөл бас амжилттай явахгүй. Үүнийг харуулах гэж Mining Week-ийг 2024 онд экспо болгож хийхийг зорьсон.” Энэ бүхнийг цоо шинэ багтай хийх нь түүний хувьд хамгийн том сорилт байв. Бүрдүүлсэн хамт олон нь дандаа шинэ залуус тул баг болох гэж хэсэгтээ л юм болж. Хан-Алтайд мөн л багаа өөрөө бүрдүүлж, сургаад явах боломжийг нь харж шинэ залуусыг ажилд авсан ч компанийг бодвол Ассоциаци хязгаартай төсөв, хязгаартай хүн хүчтэй. Өнгөрсөн 3 жилд Ассоциацийн хийсэн бүхэн Ажлын алба баг болж бойжих хугацаанд хийгдсэн ажлууд юм. Энэ нь түүнд их ачаалал болж буусан ч өдгөө баг нь богино хугацаанд суралцан, урагш ахиад явж байгааг Ассоциацийн үйл ажиллагаанаас харж болохоор байна. “Сайн баг, түшигтэй Удирдах зөвлөл надад хамгийн том тулах хүч болж ирсэн. Удирдах зөвлөлийн мундаг захирлуудын нөмөр нөөлөг, туршлага шиг их дэмжлэг гэж үгүй. Загнуулсан ч нэг том хичээл заалгасан юм шиг байдаг. Хүмүүс менторын сургалтад яваад, маш үнэтэй хичээл авч байхад би ийм олон мундаг ментороос үнэгүй суралцаж байгаа нь хамгийн сайхан аз тохиол юм. Салбартаа удаан ажилласан Г.Ёндон захирал, Г.Батцэнгэл захирал нар бол цаг хугацааг туулж, хүнд бэрхийг даваад, ард нь гарч, ахиад ч хүнд бэрхтэй тулаад явж байгаа хүмүүс. Тэдний туршлагаас бид суралцаж байна, нөгөө талаар тэд ч бас залуучууд бидэнтэй ажиллаж байгаа нь залуусаа дэмжиж, залгамж халаагаа бэлдэж байгаа хэрэг юм.” Өнгөрсөн гурван жилд түүний хамгийн их цаг зарцуулсан ажил бол Ажлын хэсгүүд. Нийтдээ 20 гаруй Ажлын хэсэгт ажиллажээ. Одоо ч мэргэжлийн холбоогоо төлөөлөн цөөнгүй хэдэд ажиллаж байна. Тэр дунд байнгын ажИллагаатай нь ч хэд хэд бий. Монголын уул уурхайн салбарынхны дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэж, саналаа тусгахын төлөөх чимээгүй энэ их хөдөлмөр харин үр үр дүнд хүрдэг үү, мэргэжлийн холбоодын дүгнэлт, санал зөвлөмжүүд бодлогын шийдвэрт тусгалаа олж чадаж байна уу гэвэл арай өөр асуудал болно. Миний хувьд оногдсон үүрэг ингэж таарсан, хичээх ёстой гэдэг бодол л байсан. Шантраад буцмаар үе байдаг ч хүн хариуцлагаа бодохоор гүрийдэг. Ассоциацийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байж л би захирлуудын зовлонг ойлгосон. Тэр хүний ард компанид нь хэчнээн мянган хүн байгаа билээ. Тэр хэдэн мянган хүний ар гэр гээд 3-4 дахин үржигдэнэ. Өнөөдөр монголчууд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд амьдарч байна. Бүгд моргейж аваад, амьдралаа төлөвлөчихсөн. Тэр олон хүний ар гэр, амьжиргааны өмнө захирлууд үүрэг хүлээж байгаа. Тэр их ачааг тээдэг болохоороо, түүнийхээ төлөө эд нар маань ёстой үсээ цайтал яваад байдгийг ойлгосон. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн уул уурхайн компани руу баахан дайрлаа. Тэгэхэд уул уурхайн компаниуд яг л бай болж цохиулдаг мешок шиг болжээ гэж бодогдож эмзэглэсэн. Цохиулаад л, буцаж ойгоод цохиулаад зогсож байдаг шиг тийм хатуужилтай болчихдог юм байна. Хүн өөрийнхөө төлөө бол шантрахаараа больчихдог. Харин бусдын төлөө хүлээсэн үүрэг хүнийг ингэж босгож ирээд байдаг юм байна. Ард нь яах аргагүй ийм олон хүний амь амьдрал байгаа болохоор ингээд цохиулаад л явдаг юм байна гэж бодсон. Тэдэн дунд эмэгтэй захиралтай компаниуд ч байсан. Өөрөөрөө бодоод үзэхэд л эмэгтэй хүнд амаргүй шүү дээ. Юм болгоны өмнө гараад л, чичлүүлээд л, дайруулаад л, гэм хийчихсэн мэт мэдрэмжийг өгүүлээд байдаг. Асуудал байгаа бол хуулийн хүрээнд л ярих ёстойгоос биш хэдэн компаниа, тэднийхээ захирал удирдлагыг сүрдүүлэн, гэм хийчихсэн юм шиг ойлголт нийгэмд өгч байгаа нь манай улсын маш том алдаа юм. Өнөөгийн глобал бизнесийн орчинд уул уурхайн компаниудын хариуцлага, байгаль орчны бодлого, ажиллах хүчний эрхийг хамгаалах асуудал улам бүр чухал болсоор байна. Олон улсын хөрөнгө оруулагчдын шаардлага, худалдан авагчдын стандарт өндөрссөнтэй холбоотойгоор манай улсын уул уурхайн салбар ч үүнийг дагаж өөрчлөгдөхөөс аргагүй. МУУҮА энэхүү өөрчлөлтийн манлайлагч байж, Монгол Улсын уул уурхайн салбарыг олон улсын стандартад нийцсэн, хариуцлагатай, тогтвортой хөгжлийн замаар урагшлуулахын төлөө алсын хараа, бодлогоо чиглүүлэн ажиллаж байна. Үүний илрэл нь уул уурхайн хариуцлагын кодекс эрчээ аван, хэрэгжүүлэгч компаниудын тоо сараас сард нэмэгдэх болсон төдийгүй цаашлаад салбарын хариуцлагыг олон улсын жишигт хүргэхээр TSM стандартыг нэвтрүүлэх үйл явцын эхлэл тавигдаж байна. Хариуцлагатай уул уурхайн зарчмуудыг тогтвортой хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, салбарынхаа хөгжлийг дэлхийн стандартад нийцүүлэхийн төлөөх энэ алхмууд түүний салбартаа оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. “Надад ажиглагдсан нэг зүйл бол Удирдах зөвлөлийн дарга, Гүйцэтгэх захирал хоёр ойлголцохгүй бол ажил явахгүй юм билээ. Батцэнгэл захирлын хувьд глобал асуудлаа сайн ойлгодог, системээ маш сайн мэддэг хүн. Энэ нь TSM-ийг оруулж ирэхэд маш том үүрэг гүйцэтгэсэн. Ойлгохгүй хүн энэ системийг оруулж ирье гэж том зориг гаргах хэцүү. Салбарынхаа урт хугацааны тогтвортой хөгжлийг харж, Ассоциациас компаниудад үлдээх үнэт өв гэж харж шийдвэр гаргаснаар TSM стандартыг нэвтрүүлэх үйл явц эхэлсэн.” Эрдэнэтуяагийн хийж буй ажлууд тодорхой үр дүнд хүрч байгаа ч энэ бүхэн зөвхөн эхлэл юм. Өнгөрсөн хугацаанд түүний манлайлал дор Ассоциациас хийсэн ажлууд нь уул уурхайн салбарын засаглал, байгаль орчин, хөдөлмөрийн харилцаа, орон нутгийн хөгжил, хууль эрх зүйн зохицуулалтын хүрээнд тодорхой ахиц дэвшлүүд гаргаж байгаа ч илүү цогц, урт хугацааны бодлого, шийдлийг тогтвортойгоор хэрэгжүүлэх шаардлагатай хэвээр байгаа. Салбарын хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгож, олон улсын стандартуудыг илүү гүнзгий түвшинд нутагшуулах, хариуцлагын тогтолцоог илүү нарийвчилж хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлд өнгөрсөн хугацаанд суурийг нь тавьсан ажлууд ирэх жилүүдэд улам эрчтэй өрнөж, уул уурхайн салбарыг шинэ шатанд гаргах чухал түлхэц болж, Монголын уул уурхайг илүү гэрэлтэй ирээдүй рүү хөтлөх бизээ. Бас Ассоциац өдгөө урьдын адил хүний хөл тасрахгүй газар болжээ. Салбарын бүхий л талууд, ахмадууд, уул уурхай дахь мэргэжлийн холбоодын төлөөлөл, төрийнхөн, төрийн бус байгууллагынхан бүгд л орж гарцгаана. Салбарынхаа талаар санаа зовж, тэгмээр, ингэмээр байна гэсэн маш олон хувь хүмүүс цугларах орон зайгаа Ассоциацийг хэмээн харж, зорин ирэх газар, уулзах цэг нь болж чаджээ. Тэр нь Эрдэнэтуяагийн амилуулсан “орон зай” юм. “Би өөрийгөө уурхайчин л гэж боддог. Эрдэс баялгийн салбарт бүхий л ажил мэргэжлийн үүрэг оролцоо байгаа. Геологи үгүй бол уурхай байхгүй. Уурхай байхгүй бол геологи мянга хайгаад нэмэргүй, ашиглаж чадахгүй. Уурхайлаад олборлочихлоо гэхэд боловсруулж, баяжуулахгүй бол тэр бүтээгдэхүүнээ хямд зарахад хүрнэ. Тиймээс бүгдийнх нь үүрэг оролцоо чухал. Нэг төслөөр жишээ авахад түүнд оролцож байгаа бүхэн эд эс нь. Байгаль орчны мэргэжилтэн байна уу, харилцааны мэргэжилтэн байна уу, ялгаагүй бүгд л уул уурхайн салбарт ажиллаад, зовлон жаргалыг нь адилхан туулаад явж байгаа тул нэг салбарынхан”.
Майнинг Инсайт сэтгүүл, 2025 Хоёрдугаар сар, №02 (039)