“Эрдэнэжас” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Томилогдсон хугацаа: 2022 он
2022 онд Зоригтын Гантболор “Эрдэнэжас” ХХК ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон, компанийнхаа хөгжлийн стратегийг шинэ шатанд гаргах зорилт тавьснаар богино хугацаанд салбартаа танигдаж эхлээд байна. Гантболор ажил, мэргэжлийн замналаа уул уурхайгаас огт өөр салбарт эхэлжээ. АНУд бизнесийн удирдлага, санхүүгийн чиглэлээр суралцаж, Люксембургийн их сургуульд банк, санхүүгийн чиглэлээр магистр хамгаалсан тэрээр дэлхийн нэр хүндтэй банканд ажиллаж, олон улсын зах зээл дээр туршлага хуримтлуулжээ. Энэ нь уул уурхайн бизнесийн санхүүгийн урсгал, хөрөнгө оруулалтын зохицуулалтыг зөв удирдах үнэт суурь болсон байна. Банк санхүү, даатгал, барилга, боловсролын салбарт удирдах албан тушаалд ажиллаж туршлага хуримтлуулсан ч уул уурхай түүнд цоо шинэ салбар байв. Гэхдээ өөрийгөө сорьж, хөгжүүлэх том боломж гэж үзээд карьерын сонголт хийсэн юм.
“Эрдэнэжас” нь 2002 оноос хойш хайгуулын салбарт тогтвортой үйл ажиллагаа явуулж буй компанийн нэг. Алт, зэсийн ашиглалт, хайгуулын төслүүдтэй. Төслүүд нь өдгөө хайгуулаас хөгжүүлэлтийн үе шат руу шилжиж, уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх гэж байна. З.Гантболор компанийнхаа хөгжлийн шинэ мөчлөгийн шанг татаж, олон улсын жишигт нийцүүлэн төслүүдээ хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, орон нутгийн иргэдтэй илүү ойр хамтын ажиллагаа өрнүүлэх зорилттой ажиллаж байна. З.Гантболорын удирдлага дор “Эрдэнэжас” ХХК илүү ил тод, үр ашигтай, дэлхийн стандартын менежменттэй болон өсөн дэвжихийг зорьж буй. Түүний алсын хараа Монголын газрын баялгийг зөв зохистой ашиглан, эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орны хөгжилд бодит үнэ цэн бүтээхэд чиглэж байна.





















