“Бадрах Энержи” ХХК-ийн Ерөнхий захирал
Томилогдсон хугацаа: 2025 он
“Эмэгтэй хүн “Orano”д дэвшиж, хөгжих боломжтой...” гэсэн гарчиг бүхий танилцуулгыг интернэтээс олж уншив. Энэ нь нэг талаасаа уул уурхайн салбарт эрэгтэйчүүд давамгайлдгийн илэрхийлэл юм. Нөгөө талаасаа эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж буй эмэгтэйчүүдийг тодотгосон хэрэг. Энэ танилцуулгад Корали Прийний тухай өгүүлжээ. Корали Прийн улс төр судлаач. Ажлын талбар дээр стратегич. Өгөгдлийн шинжлэх ухаан, бизнесийн аналитик чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан даруйдаа “Areva” группт ажилласан. Тэр нь Францын төрийн өмчит “Areva” компани түүхий эдийн сайн нөөц баазтай болох стратеги баримтлан, олон улсад ураны нөөц ордуудыг эрэлхийлж байсан үе цаг юм. Түүний хувьд нөхөн төлбөр хариуцсан менежерээс эхлээд эдийн засгийн судалгааны мэргэжилтэн, стратегийн менежер, стратегийн захирал, санхүү хариуцсан дэд ерөнхийлөгч хүртэл олон талын алба хашсан бөгөөд компанидаа тасралтгүй 18 дахь жилдээ ажиллаж байна.
Группийн удирдлагын багийн албан танилцуулга дээр түүний ур чадварыг “олон улсын төслийн менежмент, бизнес төлөвлөлт хөгжүүлэлт, төслийн санхүүжилт, маркетингийн стратегиэр мэргэшсэн” гэж тодорхойлжээ. Энэ хугацаанд тус групп бодлого стратеги, бүтэц төдийгүй бүр нэрээ хүртэл өөрчилсөн нь одоогийн “Orano” юм. Карьерын замнал нь Корали Прийнийг олон оронд хүргэсэн бол өдгөө Төв Азийн өндөрлөгт орших талын Монголд ирээд байна. Монгол оронд 20 гаруй жил хайгуул хийж ураны хоёр том нөөцийг нээн тогтоосон Францын “Арева” (одоогийн “Orano”) компани “ЗөөвчОвоо” ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тэрбум гаруй ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээг энэ онд үзэглээд байгаа. Уг төслийг олборлолт буюу үйлдвэрлэлийн шатанд шилжүүлэх үе цагт төслийг хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компани анх удаа эмэгтэй Ерөнхий захирлаа тосон авч буй нь Корали Прийн юм.





















