Адъяагийн ЦОЛМОН

“Монголын үндэсний ховор элемент” ХХК (МНРИК)-ийн Гүйцэтгэх захирал 

Томилогдсон хугацаа: 2025 он

Монголын уул уурхайн салбарын түүхэнд шинэ хуудас нээх хүлээлтийн эзэн бол А.Цолмон юм. Монголчуудын хувьд шинэ ашигт малтмал болох газрын ховор элементийн 430 сая тонн нөөц тогтоогдсон Халзан Бүрэгтэй төслийг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг түүнд оногдоод байна. Ухаахудагийн уурхайн ашиглалтын талбайн анхны эмэгтэй геологич гэсэн тодотголтойгоор ажлын гараагаа эхэлснээс хойш Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн “Монгол ган” төсөл, Халзан Бүрэгтэйгээр овоглон 17 жил салбартаа ажиллаж байна. Тэр ч утгаараа өөрийгөө уурхайн гүнд “давтагдаж” боловсорсон мэргэжилтэн гэж дүгнэсэн нь бий. ШУТИС-ийн Геологийн зураглалын ангиас эхэлсэн аялал нь түүнийг Америкийн Ютагийн их сургууль, Дэлхийн банкны уул уурхайн ахлах мэргэжилтний замналд хөтөлсөн байна. Ингэхдээ хөгжиж буй орнуудад ашигт малтмалын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулалт татах, орон нутагт нь баялгийн өгөөжийг шингээж үлдээх чиглэлээр ажилласны зэрэгцээ НҮБ-аас Критикал Минералын Стратеги боловсруулахад хувь нэмрээ оруулсан туршлагатай. 

Геологич хүний хувьд газрын ховор элементийг ард иргэддээ зөвөөр тайлбарлаж ойлгуулах, уул уурхайн эерэг талыг таниулах, бүс нутагтаа урт хугацааны харилцан ашигтай түншлэл үүсгэж, уламжлалт соёл, ахуй амьжиргааг эвдэхгүйгээр уул уурхай зэрэгцэн оршиж болдгийг бодитоор харуулах хүсэл тээн Халзан Бүрэгтэйн төсөл дээр ажиллахаар иржээ. Түүний амбиц бол газрын ховор элементийн ордоос олборлох, баяжуулах, боловсруулах гурван шат дамжсан бүтээгдэхүүн гаргаж Халзан Бүрэгтэйн ордыг Монгол Улсын геополитикийн “тамга хөзөр” болтол хөгжүүлэх. Энэхүү хүсэл тэмүүлэл нь биелвээс манай улсын уул уурхайн салбарт нэгэн шинэ түүх бичигдэх нь гарцаагүй.