“Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал
Томилогдсон хугацаа: 2022 он
2023 оны гуравдугаар сард Оюутолгойн гүний уурхайн олборлолт эхэлснээр төслийн ажил дуусаж, ил болон гүний хос уурхайтай зэсийн аварга бизнес болж хувирсан билээ. Бүтээн байгуулалт, төслийн шатнаас тогтвортой үйлдвэрлэлд шилжин, дараагийн 100 жилийн гарааг эхлүүлж буй түүхэн мөчлөгт Оюутолгойг Дэйрдрэ Лингенфэлдер хэмээх эмэгтэй захирал удирдаж байна. Өмнөд Африкийн Йоханнесбург буюу уул уурхайн өлгий нутагт төрж, өссөн тэрээр байгаль орчны менежмент, сэтгэл судлалаар суралцаж, дараа нь нягтлан бодох бүртгэл, санхүү, байгууллагын менежментийн чиглэлээр мэргэжил боловсролоо тэлсэн ч тогтвортой хөгжлийг ажлын гол чиг баримжаагаа болгож иржээ. “Хүүхэд ахуйдаа амьсгалсан уурхайн тоос шороо цусанд минь шингэснээр намайг энэ салбартай холбосон байх” гэж хошигнодог Дэйрдрэ 28 жилд 20 гаруй улсын уул уурхайн салбарт ажилласан гайхалтай түүхийн эзэн.
“Де Бийрс”, “Англо Американ”, “Рио Тинто” зэрэг үндэстэн дамнасан том компаниудад ажиллахдаа тив дамнан тогтвортой хөгжлийн стратеги хэрэгжүүлсэн туршлагатай. Дэлхийн 20 гаруй улсад ажилласны дараа Монголд ирж, өмнийн говь дахь дэлхийн хэмжээний зэсийн уурхайг удирдах, анхны эмэгтэй захирал нь болох хувь тохиолын эзэн болов. Одоо тэрээр Оюутолгойг дэлхийн 4 дэх том уурхай болгох, 2028 оноос эхлэн жилд дунджаар 500,000 тонн зэс үйлдвэрлэгч болох дараагийн хуудсыг эргүүлэх гараан дээр авчрах үүрэг, хариуцлагын эзэн нь бас мөн юм. Оюутолгойн ажилтнуудын 23 хувь нь эмэгтэйчүүд. Хүйсийн хувьд эмэгтэй хүнийг үл тоох хандлагын зах зухаас мэдэрч, өөрийгөө хурцалсан түүх түүний амьдралд бий. Тиймээс ч Дэйрдрэ энэ тоог урт хугацаандаа 50 хувь хүртэл өсгөхөө зарласан. Энэ бол зөвхөн тоо биш, эмэгтэйчүүдийг удирдлага, инженер, техникийн ажилд идэвхтэй оролцуулах, тэгш боломж, ирээдүйн манлайлагчдыг бэлтгэх тогтвортой стратеги юм.





















