Баянжаргалын ДЭЛГЭР

“Монполимет” группийн Гүйцэтгэх захирал

Томилогдсон хугацаа: 2023 он

Эх орондоо мэргэжлийн, хариуцлагатай уул уурхайн жишгийг тогтоохын төлөө хичээн зүтгэж, Канад, Африк, Япон, Солонгост нөхөн сэргээлтийн туршлагаа хуваалцаж ирсэн “Монполимет” групп 30 жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн манлайллаар түүчээлсэн хамт олон юм. “Монполимет” группийг үүсгэн байгуулсан Ц.Гарамжав болон түүнтэй хамтран зүтгэсэн олон эмэгтэй удирдагчид, Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан С.Энхтуяа нарын чадварлаг эмэгтэй удирдлагуудын залгамжийг эдүгээ Б.Дэлгэр үргэлжлүүлж байна. Олон улсын харилцаа, эдийн засгийн чиглэлээр сурч төгсөөд “Монполимет” группээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр арав гаруй жил тууштай ажиллаад 2023 онд Гүйцэтгэх захирлаар томилогдсон юм. Хагас жарны түүхтэй, 1300 ажилтантай “Монполимет”ийн түүхэн дэх нэн сорилттой энэ үед компанийнхаа эрх ашгийн төлөө бат зогсож, тэргүүн шугаманд ажиллах хариуцлагатай үүргийг тэрээр хүлээгээд байна. 

Б.Дэлгэр Гүйцэтгэх захирлаар томилогдсоноос хойш үндэсний үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчдад тогтвортой үйл ажиллагаа явуулах эрх зүйн таатай орчин бүрдүүлж, хуулийг алагчлалгүй хэрэгжүүлэх шаардлагыг төр, засгийн байгууллагуудад тууштай тавьсаар, үзэл бодолдоо бат зогсож байна. Түүний удирдлага дор 2024 онд “Монполимет” групп “Тогтвортой үйлдвэрлэлийн менежментийг нэвтрүүлэгчGreen Prenuer” аж ахуйн нэгжийн буухиагаа таслалгүй 23 удаагаа шалгарсан юм. Өдгөө “Монполимет” групп 500 мянган мод тарьж ургуулан, 16 га талбай бүхий цэнгэг уст нуур цогцлоогоод байна. Б.Дэлгэр захирал, олборлолт, нөхөн сэргээлт бол арга билэг мэт хамтдаа орших ёстой гэх үзэл баримтлалтай компанийнхаа ногоон хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаанд инновац шингэсэн шинэ технологиудыг нэвтрүүлэхэд анхаарч ажиллаж байна.