“Эрч Майнинг” ХХКийн Гүйцэтгэх захирал
Томилогдсон хугацаа: 2023 он
Эрдэс баялгийн салбар дахь хөрөнгө оруулалтаараа Монгол Улс дэлхийд эхний аравт багтаж байсан он жилүүдэд боловсролын удирдлагаар мэргэшсэн Ч.Усанболор уул уурхайн салбарт эргэлт буцалтгүй оржээ. Ажлын гараагаа хүнд даацын машин механизмын худалдааны менежерээс эхэлсэн тэрээр өдгөө нүүрс тээврийн “Эрч Майнинг” компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Хоногийн 24 цаг зогсолтгүй ажилладаг уул уурхайн салбарыг сонгосон сонголт нь одоогийн 350 гаруй ажилтантай компанийг толгойлон ажиллах удирдлагын замд хөтөлжээ. “Эрч Майнинг” нь Ухаахудагийн уурхайд нүүрс ачиж зөөвөрлөх ажил гүйцэтгэж буй туслан гүйцэтгэгч компани юм. Ч.Усанболор захирлын удирдах арга барилын онцлог нь хамт олныхоо аюулгүй байдал, эрүүл мэндийг нэн тэргүүнд тавьж ажиллах.
Уурхайн талбай дахь инженер, техникийн ажилтнуудтайгаа нээлттэй, шууд харилцаа тогтоож ажиллахыг эрмэлздэг бөгөөд тэгснээр сэтгэл санаа, стрессийг нь анзаарч, болзошгүй аюул ослоос сэргийлэх боломжтой гэж үздэг байна. Тэрээр эмэгтэй удирдагчийн оролцоо бол зөвхөн хүйсийн тэгш байдлын төлөө бус олон талт байдлыг хангах явдал гэсэн юм. Ингэснээр уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар дахь охид, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх боломж өргөжинө гэсэн бодол тээж явдгаа хуваалцлаа. Ч.Усанболор захирал компанийнхаа үйл ажиллагааг тогтвортой, байгальд ээлтэй байхад чиглүүлж буй бөгөөд цахилгаан машинаар нүүрс тээвэрлэх ажлыг амжилттай эхлүүлээд байна. Цаашид дэлхийн техник технологийн хөгжлөөс хоцрохгүйг эрмэлзэж, хөл нийлүүлэн ажиллахыг зорилго болгон “жолоочгүй” тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхийг зорилгоо болгон ажиллаж байна.





















