Очирбатын ОЮУМАА

“Монгол нүүрс ассоциаци”-ийн Удирдах зөвлөлийн дарга 

Томилогдсон хугацаа: 2024 он

О.Оюумаа аавыгаа буюу Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуайг Шарын голын уурхайн ерөнхий инженерээр ажиллаж байх үед төржээ. Аавынхаа мэргэжлийг эзэмшин, удам дамжсан уурхайчин болсон тэрээр уул уурхайн салбарт 30 дахь жилдээ ажиллаж байна. О.Оюумаа БНХАУын Ренминь Их сургуульд (Ардын их сургууль) улс төр, эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Дараа нь нягтлан бодогч, эдийн засагч, хүний нөөц, удирдлагын менежментийн чиглэлээр мэргэжил эзэмшин, корпорацийн санхүү, бизнесийн удирдлагаар магистрын зэрэг хамгаалжээ. Уул уурхайн салбарт ажиллах хугацаандаа сурч мэдэхэд чамгүй цагийг зарцуулсан тэрээр орос, англи, хятад хэлийг эх хэл шигээ эзэмшсэн байна. 

Өнгөт металлын худалдаа эрхэлдэг Америк компаниас ажлын гараагаа эхэлсэн О.Оюумаа Монголын уул уурхайн салбарын алт, зэс, газрын тос, нүүрсний компаниудад ихэнхдээ удирдах албан тушаал хашжээ. Тэдгээрээс хамгийн олон жил удирдах түвшинд ажиллаж байгаа нь “Терра Энержи” ХХК юм. Өмнөговь аймагт оршдог, коксжих нүүрсний 19 сая тонн батлагдсан нөөцтэй Баруун Ноён уул уурхайд олборлолт явуулдаг тус компани анхны экспортоо 2014 онд эхлүүлжээ. О.Оюумаа захирал “Терра Энержи” ХХКийн Гүйцэтгэх захирлаар 2015 2018 онд ажилласан бөгөөд эдүгээ Гадаад харилцаа эрхэлсэн даргын албыг хашиж байна. “Монгол нүүрс” ассоциацийн ТУЗийн даргын үүрэгт ажлыг хүлээн авсан тэрээр нүүрсний салбарыг төр, хувийн хэвшил, олон нийтийн харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд тулгуурлан, байгальд ээлтэй хөгжлийн бодлогод чиглүүлэхийг зорьж байна. “Миний амьдрал нүүрсний уурхайгаас эхэлсэн” хэмээж байсан түүний амьдрал өдгөө ч нүүрстэй, нүүрсний уурхайтай салшгүй холбоотой хэвээр байна.