Э.ОД
БНХАУ дахь ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины хоёр өдрийн албан ёсны айлчлал үргэлжилж байна. Айлчлалын үеэр Орос, Хятад хамтын ажиллагааны 40 орчим баримт бичиг болон 47 хуудас бүхий стратегийн тунхаглал бэлтгэгдэж байгаа аж. Олон улсын мэдээллүүдээр, талууд улс төр, эдийн засаг, эрчим хүч, худалдаа, логистик болон дижитал эдийн засгийн салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудалд төвлөрч буй.
Тухайлбал, “Олон туйлт дэлхийн дэг журам”-ын талаарх хамтарсан тунхаглал, Орос-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурахаар бэлтгэж байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Мөн эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд онцгой анхаарал хандуулж буй бөгөөд байгалийн хий, газрын тосны нийлүүлэлт, хил дамнасан дэд бүтэц, тээврийн коридорын чиглэлээр шинэ тохиролцоонууд яригдаж байгаа аж.
Үүний дотор хий дамжуулах “Сибирийн хүч 2” хоолойн төсөл нь хэлэлцэх гол сэдвүүдийн нэгээр нэрлэгдэж байгааг The Guardian мэдээлжээ. Энэ төсөл нь Монгол Улсын нутгаар дайруулан Хятад руу хоолойг татахаар урьдчилсан байдлаар яригдаж байгаа тул энэ удаад маршрут, үнийн асуудлыг илүү нарийвчилж хэлэлцэнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгджээ.
Түүнчлэн, айлчлалаар үндэсний мөнгөн тэмдэгтээр хийх төлбөр тооцоог нэмэгдүүлэх, барууны санхүүгийн системээс хараат байдлыг бууруулах чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх төлөвтэй.
Айлчлалд Оросын талаас хэлэлцээрт 39 хүн оролцож байна. Тэр дунд “Роснефтт”-ийн Гүйцэтгэх захирал Игорь Сечин, “Газпром”-ын Гүйцэтгэх захирал Алексей Миллер, “Новатек”-ийн Гүйцэтгэх захирал Леонид Михельсон, Оросын бизнесмен Олег Дерипаска болон бусад төлөөлөгч багтжээ.
Энэхүү айлчлал нь барууны хориг, геополитикийн дарамтын нөхцөлд Москва, Бээжингийн стратегийн харилцаа улам ойртож буйг харуулах өндөр ач холбогдолтой үйл явдал болж байна гэж олон улсын шинжээчид тодорхойлж байна.






















