-“Коделко” литийн төслүүдийг хэрэгжүүлж эхэлснээр эрчим хүчний шилжилтийн гол түүхий эдүүдийн нийлүүлэгч болно-
Зэс, лити эрчим хүчний шилжилтэд зайлшгүй шаардлагатай эрдэс болж буй энэ цаг үед төрийн өмчит уул уурхайн компаниуд нийлүүлэлтийн найдвартай, тогтвортой, хариуцлагатай ханган нийлүүлэлтийн дарамттай тулгарч байна. Рияд хотод болсон Ирээдүйн эрдэс форумын үеэр Майнинг Инсайтын О.Батболд, Э.Мишээл нар Чилийн төрийн өмчит зэсийн аварга компани “Коделко”-гийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Максимо Пачеко Маттетэй уулзаж тус компанид тохиолдсон хүнд жилийн талаар ярилцлаа. 2025 онд Эль Теньенте уурхайд харамсалтай осол болсон бөгөөд далд уурхайн олборлолтын өсөн нэмэгдэж буй хүндрэл, үүнээс дэлхийн уул уурхайн салбар ямар сургамж авах талаар хөндлөө. Түүнчлэн ноён Пачеко Чилийн зэсийн салбар дахь томоохон төслүүд, олон улсын уул уурхайн компаниудтай хэрэгжүүлж буй түншлэл, өрсөлдөх чадвар, ил тод байдал, үндэсний хөгжлийн зорилготой төрийн өмчит компани хэрхэн уялддаг, хүчтэй засаглалын загвараар дамжуулан компани шинэ түвшинд хэрхэн гарах урт хугацааны стратегийн талаар тэрбээр онцолсон. Зэс, литийн эрэлт цаашид эрчимтэй өсөхийн хэрээр “Коделко” дэлхийн эрчим хүчний шилжилтийн гол төв хэмээн өөрийгөө үзэж байна.
2025 онд гарсан ослын улмаас “Коделко”-гийн хувьд хүнд жил болж өнгөрсөн. Одоогийн байдлаар ослын гол шалтгааныг юу гэж тодорхойлсон бэ?
Эль Теньенте бол эртний уурхайнуудын нэг, бараг 110 гаруй жилийн ашиглалтын түүхтэй. 1970 оноос хойш бид гүний олборлолтоос үүдэлтэй, чулуулгийн асар өндөр даралтын нөлөөгөөр үүсдэг хагарал, нуралттай тогтмол тулгарч ирсэн. Гэсэн хэдий ч 35 гаруй жилийн хугацаанд Эль Теньенте уурхайд хагарал, нуралттай холбоотой хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй. Энэ нь өнгөрсөн жил гарсан ослыг улам бүр харамсалтай болгосон. 2025 онд бид зургаан уурхайчны амь насыг авч одсон осолтой тулгарсан. Одоогийн байдлаар ослын гол шалтгаан нь чулуулгийн гэнэтийн хагарал, нуралт гэдэг нь шалгалтын дүнд тогтоогдоод байна. Үүнтэй холбогдуулан бид бүх үйл ажиллагааны журам, барилга байгууламжийн стандартыг иж бүрэн дахин хянаж, нарийвчилсан үнэлгээ хийж эхэлсэн. Үүнд гүний уурхайн дэд бүтцийг хэрхэн төлөвлөж, загварчлах, эрсдэлийг хэрхэн удирдах, хэт гүнд ажиллаж буй ажилтнуудыг хэрхэн хамгаалах тухай багтаж байна. Бид өөрсдөөсөө геологийн ийм нөхцөлд Эль Теньенте уурхайг аюулгүй үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд өөр юу хийх ёстой вэ? гэсэн асуултын дагуу дүн шинжилгээ, үнэлгээ хийж байна. Аюулгүй байдал нь бидний хувьд маргаангүй нэн тэргүүний зорилт хэвээр байх болно.
Энэхүү ослоос үүдэн уул уурхайн салбар ямар гол сургамж авах ёстой вэ?
Хамгийн гол сургамж нь далд уурхай гүнзгийрч, геологийн нөхцөл байдал улам төвөгтэй болж байна. Уул уурхайн үйл ажиллагаа цаашид үргэлжлэх боломжтой бөгөөд үүний тулд тасралтгүй суралцах, технологийн сайжруулалт хийх, аюулгүй ажиллагааг нэгдүгээрт байлгах ёстой. Энэ нь эрсдэлийг урьдчилан тооцоолох, хяналт шинжилгээний системд хөрөнгө оруулах, стандартуудыг тогтмол шинэчлэх, мөн өнгөрсөн амжилт нь аюулгүй байдлын баталгаа биш гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэйг сануулсан. Салбарын хэмжээнд гэвэл нэмэгдэж буй түвэгшлийг хариуцлага, инновац, ажилтнуудын аюулгүй байдлыг тууштай анхаарах замаар шийдвэрлэнэ гэсэн сургамжийг өглөө.
Их хэмжээний алдагдал гарсан ч танай зэсийн үйлдвэрлэл өмнөх жилийнхээс 4 мянга гаруй тонноор давсан. Энэхүү эерэг гүйцэтгэлд юу нөлөөлсөн бэ?
Эль Теньенте уурхайд гарсан осол үйлдвэрлэлд мэдэгдэхүйц нөлөөлсөн. Бидний үйлдвэрлэл ойролцоогоор 45 мянган тонноор буурсан. Энэ явдал нь нийт олборлолтод сөргөөр нөлөөлж, үйл ажиллагааны төлөвлөгөөнд ноцтой саад учруулсан. Гэсэн хэдий ч “Коделко”-гийн бусад уурхайн өндөр гүйцэтгэл уг алдагдлын тодорхой хэсгийг нөхсөн. Үүнээс гадна манай төслүүдийн бүтээн байгуулалтын ахиц дэвшил нь үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хадгалсан. Эдгээр хүчин зүйлсийн дүнд бид 2024 онтой харьцуулахад нийт үйлдвэрлэлийг ялимгүй өсгөж чадсан. Нэмж хэлэхэд, хэрэв осол гараагүй бол 2025 онд илүү гүйцэтгэлтэй байх бүрэн боломжтой байлаа. Ноцтой осол болсон хэдий ч гүйцэтгэлийг давуулсан нь компанийн уян хатан байдал, дасан зохицох чадварыг харуулсан явдал боллоо.
Танай компани 2026 онд ямар чиглэлүүдэд анхаарал хандуулахаар төлөвлөж байна вэ?
Бидний гол анхаарал уурхайн ашиглалтын хугацааг уртасгахын зэрэгцээ үйлдвэрлэлийг тогтвортой, хариуцлагатайгаар өргөжүүлэхэд чиглэж байна. Үүнийг бид өргөтгөл, өөрчлөлтийн бүтээн байгуулалт нь өрнөж буй томоохон төслүүдээр дамжуулан хэрэгжүүлнэ.
Чукикамата уурхай түүхийнхээ ихэнх хугацаанд ил уурхайн олборлолттой байсан боловч бид далд уурхайн ашиглалт руу бүрэн шилжүүлсэн. Энэ нь нарийн төвөгтэй, урт хугацааны өөрчлөлт бөгөөд одоогоор далд уурхайн үйл ажиллагааг үе шаттайгаар хөгжүүлж, үйлдвэрлэлийг аажмаар нэмэгдүүлэх ажлыг үргэлжлүүлж байна. Сальвадорын Рахо Инка төсөл нь бас нэг томоохон өөрчлөлтөд орсон. Тус уурхай өмнө нь далд байсан бол одоо ил уурхайн үйл ажиллагаатай болсон. Барилгын үе шат дуусаж, одоогоор үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх өргөтгөлийн шатанд явж байна. Үүнтэй төстэй үйл явц Адинад үргэлжилж байна. Энд манайх ил уурхайн олборлолт руу шилжүүлэх бүтцийн төслийг эцэслэн боловсруулсан. Бид одоо үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрчимжүүлэх хүрээнд гарцыг тогтворжуулж байна. Эль Теньенте уурхайд мөн бүтцийн төслүүд үргэлжилж байсан ч ослын улмаас эдгээрийг дахин үнэлж, тохируулга хийгдэж байна. Манай зорилго бол аюулгүй байдлын стандартыг гүний уурхайн бодит байдалтай бүрэн нийцүүлэхийн зэрэгцээ төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх явдал юм. “Коделко” компани өөрсдийн уурхайгаас гадна стратегийн түншлэлүүдээр дамжуулан өргөжиж байна. Тухайлбал, бид “Рио Тинто”-той хамтран зэсийн Нуэво Кобре төсөл, мөн “Рио Тинто”-той хамтран литийн Марикунга, Атакама давсны талбайд “Эс Кью Эм”-тэй литийн үйлдвэрлэлд хамтран ажиллаж байна. “Коделко” компани 54 жилийн турш зэсийн олборлолтод төвлөрч ирсэн бол “Эс Кью Эм”-тэй байгуулсан гэрээний дагуу одоо литийн үйлдвэрлэлд албан ёсоор орж ирлээ. Ингэснээр бид эрчим хүчний шилжилтийн гол төвд, цахилгаанжуулалт, сэргээгдэх эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад зайлшгүй шаардлагатай зэс, лити гэсэн хоёр түүхий эдийн ханган нийлүүлэгч болсон.
2026 онд дэлхийн зэсийн эрэлт, нийлүүлэлт, үнийн талаар “Коделко”-гийн хүлээлт юу вэ?
Дэлхий нийтийн эрчим хүчний хэрэглээ улам бүр нэмэгдэхийн хэрээр зэсийн эрэлт хэрэгцээ илтэд нэмэгдэж байна. Зэс нь цахилгаан дамжуулах хамгийн үр ашигтай материал хэвээр бөгөөд цахилгаан сүлжээ, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан тээврийн хэрэгсэл, аж үйлдвэрийн цахилгаанжуулалтын үндэс суурь билээ. Үүний зэрэгцээ шинэ зэсийн уурхай хөгжүүлэх нь улам бүр хүндрэлтэй болж байна. Энэ нь хайгуулаас үйлдвэрлэл явуулах хүртэл хэдэн арван жил шаардагддаг, хөрөнгө оруулалт ихээхэн шаардсан бизнесийн салбар юм. Мөн байгаль орчны шаардлага, нийгмийн хүлээлт, зөвшөөрөл олголтын үйл явц нь нэмж хүндрэл учруулдаг. Ийм хүндрэлүүдээс үүдэн зэсийн нийлүүлэлт, эрэлтийн харьцааны зөрүү үүсэж байгааг бид бүхэн харж байна. Чили дэлхийн хамгийн их зэс, литийн нөөцтэй тул энэхүү зөрүүг арилгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Ирээдүйн зэсийн эрэлтийг хангахын тулд Чили зэсийн салбартаа хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийг өрсөлдөх чадвартай, тогтвортой, нийгэмд зөвшөөрөгдсөн хэвээр байлгах шаардлагатай юм. “Коделко” нь зэс үйлдвэрлэгчийн хувиар төдийгүй дэлхийн урт хугацааны нийлүүлэлтийн түншийн хувьд энэхүү хүчин чармайлтад гол үүрэг гүйцэтгэдэг.
Монгол зэрэг уул уурхайн салбарт төрийн өмчит компаниуд гол үүрэг гүйцэтгэдэг орнуудын хувьд төрийн өмчит зэсийн компани амжилттай, тогтвортой ажиллахад хамгийн чухал хүчин зүйлс юу вэ?
Миний дурдсанчлан “Коделко” 54 жилийн турш төрийн өмчит хэлбэрээр үйл ажиллагаа явуулж ирсэн. Амжилттай ажиллаж буйн нэг гол шалтаан нь засаглалын тогтолцоо юм. Манай засаглалын загварыг хуулиар тогтоож өгсөн байдаг. Төлөөлөн удирдах зөвлөл нь бие даасан, хараат бус, мэргэжлийн бүрэлдэхүүнтэй байдаг. Энэхүү эрх зүйн бүтэц нь “Коделко”-г зах зээлийн зарчмаар ажиллах, үр ашигтай байх, хувийн хэвшлийн компаниудтай ижил нөхцөлд өрсөлдөх боломжоор хангадаг. Хүчтэй засаглал нь ил тод байдал, хариуцлага, урт хугацааны тогтвортой байдлын үндэс болдог. Энэ нь төрийн өмчит компани нэг талаас арилжааны хувьд амжилттай ажиллахын зэрэгцээ нөгөө талаас улсын хөгжлийн зорилтуудад бодит хувь нэмэр оруулах боломжийг олгодог. Бидний туршлагаас харахад засаглал нь хязгаарлалт биш, харин стратегийн давуу тал юм.
Чили зарим зэс боловсруулах үйлдвэрүүдээ хаасан бол Монгол зэрэг орнууд зэс боловсруулах үйлдвэр шинээр барих талаар ярьж байна. Зэс боловсруулах үйлдвэрийг хаах болсон шалтгаан юу байсан бэ? “Коделко” өнөөдөр хайлуулах үйлдвэрийг юу гэж харж байна вэ?
“Коделко” компани 2003 онд гол төлөв байгаль орчны шалтгаанаар Лас Вентанас дахь зэс боловсруулах үйлдвэрийг хаах шийдвэр гаргасан. Тухайн үед байгаль орчны стандарт, нийгмийн хүлээлт өөрчлөгдсөнөөр нөхцөл байдлаас үүдэн гаргасан шийдвэр байсан. Гэхдээ энэ нь Чили улс хайлуулах үйлдвэрээс бүрмөсөн татгалзаж байгаа хэрэг биш юм. Өнгөрсөн 12 дугаар сард бид “Гленкор” компанитай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү хэлэлцээрийн хүрээнд “Гленкор” Чилид шинэ хайлуулах үйлдвэр барих боломжийг судалж байгаа бол “Коделко” шинэ үйлдвэрт зэсийн баяжмал урт хугацаанд нийлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү санамж бичиг нь манай стратегид чухал ач холбогдолтой юм. Учир нь Чили жилд ойролцоогоор 5.5 сая тонн зэс үйлдвэрлэдгээс үүний бараг 70 хувийг баяжмал хэлбэрээр экспортолдог. Иймээс түншлэл, хамтарсан үйлдвэрээр дамжуулан дотоодын боловсруулалт хайгуулыг нэмэгдүүлэх нь бидний урт хугацааны стратегийн гол бүрэлдэхүүн хэсэг юм.
Ярилцсанд маш их баярлалаа.
Намайг урьсанд баярлалаа, дараагийн удаа Чилид уулзья.

























