Уул уурхай, эдийн засаг, критикал минерал тойрсон асуудлаар Монголын критикал минерал ассоциацийн тэргүүн М.Дагватай Майнинг Инсайтын Э.Мишээл ярилцлаа. Тэрээр Майнинг Инсайт сэтгүүлийн Бодлогын зөвлөлийн гишүүн юм.
Уул уурхайн салбарт эдийн засгийг төрөлжүүлэх, шинэ бүтээгдэхүүн экспортлох талаар олон жил ярилаа. Тэгвэл нүүрсний үнэ буурч, цаашид ч өсөхгүй гэсэн таамаглалыг олон улсын судалгааны байгууллагууд гаргаж байгаа энэ үед манай улс уул уурхайгаа шинэ экспортоор төрөлжүүлэх асуудлыг зоригтой гаргаж тавьж, төлөвлөх хэрэгтэй санагдаж байна?
Санал нэг байна. Эдийн засаг, ялангуяа уул уурхайг төрөлжүүлэх нь хугацаа шаардах ажил юм шиг байна. Нүүрсийг орлохуйц, давахуйц хэмжээний салбар босгож ирнэ гэхээр олон тэрбум ам.долларын салбарын тухай ярьж эхэлнэ гэсэн үг. Ойрын хэдэн жилдээ 3-4 тэрбум ам.доллар, 2030 аад оноос 5-6 тэрбум ам.доллар, үүнээс цааш 10 тэрбум ам.долларын орлоготой салбар шинээр босгож ирэхийн тулд урт хугацаанд системтэй ажиллах хэрэгтэй болно. Хугацааны хувьд яагаад ингэж хэлж байна гэхээр хөрөнгө оруулалтыг уриад, хайгуул, олборлолт, үйлдвэрлэл, тээвэр, дэд бүтцийг шийдсээр байтал 10-15 жил, магадгүй түүнээс ч урт хугацаа шаардагдана. Критикал минералын хувьд эрчим хүчний шилжилт яригдаж эхэлж байсан 2015 оны үед амжаад эхлүүлсэн бол өнөөдөр үр шимийг нь хүртээд сууж байх байлаа. Өнөөдөр эхэлнэ гэвэл 2040 оны үед, будилж байгаад 2030 он хавьцаа эхлүүлбэл 2045 он, магадгүй 2050 оны хавьцаа үр дүнг нь харах байх. Уул уурхайн салбарыг төрөлжүүлэх нь хугацаа шаарддаг.
Ойрын хугацаанд ашиглалтад орж болохоор ураны Зөөвч-Овоо, газрын ховор элементийн Халзанбүрэгтэй төслүүдийн тухайд таны бодол ямар байдаг вэ? Манай ашигт малтмал төрөл жихийн эхлэл гэж нийтдээ ойлгож байна?
Шинэ төсөл ашиглалтад орж, Монгол улсын нэр дурдагддаг бизнесийн төрөл зүйл нэмэгдэж, бизнесийн орчинд “цус сэлбэгдэх” бүрд баяртай байдаг. Гэхдээ ордууд алаг цоог байдлаар ашиглалтад ороход баярлаж суухаас илүүтэйгээр тухайн чиглэлээр хэд хэдэн орд ашиглагдаж, тухайн чиглэлээр кластер үүсгэх нь манай улсад илүү өгөөжтэй юм байна гэж боддог болсон. Уран олборлогч хэд хэдэн уурхай нийлээд жилд 1 тэрбум ам.долларын борлуулалт хийдэг болчихвол Монгол Улсад бий болох техник технологи, хүний нөөц, ханган нийлүүлэлтийн чадавх, олон улсын зах зээлд эзлэх байр суурь, олох орлого гээд олон зүйлс өнөөдөр дөнгөж эхлүүлж буй өнчин ганц төсөлтэй харьцуулшгүй өөр түвшинд очно. Газрын ховор элемент дээр ч ялгаагүй. Ганц орд нээж, ашиглаж болно. Тухайн төсөл байрших ганц аймаг, тойроод байгаа хоёр, гурван суманд өгөх өгөөж төдий асуудал. Харин тэрбум доллар давсан орлого бүхий газрын ховрын кластер үүсгэх бол олборлолт төдийгүй боловсруулалт, цэвэршүүлэлт зэрэг дунд түвшин рүү дэвшин орох, өндөр хөгжилтэй хүчирхэг улс орнуудын аж үйлдвэрийн салбартай холбогдох хэмжээний асуудал. Эрчим хүчний шилжилтийн улмаас хэрэгцээ нь буурах нүүрсний салбарыг орлох, олон тэрбум долларын орлого бүрдүүлэх критикал минералын салбар бий болгохын тулд ганц нэг орд олж ашиглалтад оруулах хэмжээнд биш, харин олборлолт боловсруулалт, зарим бэлдэц бүтээгдэхүүн үйлдвэрлэх кластер үүсгэх хэмжээнд сэтгэж, төлөвлөж ажиллах шаардлагатай байгаа.
Стратегийн орд гэсэн ойлголтыг халж, стратегийн ашигт малтмалыг тодорхойлъё гэсэн байр суурь хүчтэй гарах боллоо. Нөгөө талаас чухал ашигт малтмалыг стратегийн ашигт малтмал гэж тодорхойлох байр сууриуд ч байдаг. Ер нь стратегийн ашигт малтмал, чухал ашигт малтмалыг хоёр тусад нь авч үзэх хэрэгтэй юу?
Стратегийн орд, стратегийн ашигт малтмал, критикал минерал гээд гурван ойлголт, гурван бэрхшээл, гурван асуудал байна. Эдгээрийг хольж ээдүүлэх үү, ус тосоор нь ялгах уу гэдэг зарчмын асуудал юм биш үү. Үүн дээр би нэн чухал гурван зүйл хэлмээр байна. Өнгөрсөн–одоо ирээдүй. Өнгөрснөө харах юм бол 30 гаруй жил хуримтлагдсан асуудал байна. Өмчлөл, нийгэм, байгаль орчин гэх мэт. Шийдэхгүй яваад байвал хөлд зүүсэн дөнгө мэт биднээс зуурч, цааш явах замыг маань улам бүр зүдэргээтэй болгох мэт. Өнөөдрөө харах юм бол Баялгийн сангаар дамжуулан эрдсийн экспортын орлогыг улсын хөгжил, хойч үеийн сайн сайхан руу чиглүүлэх. Ирээдүйгээ харах юм бол критикал минерал. Стратегийн орд гэдэг асуудал тойрсон яриа хөөрөө нэлээд явж байна. Стратегийн орд гэдэг нь хамгийн анх хоёр үндсэн концепцоор босож ирсэн. Нэг нь, төр өөрийн мөнгөөр өнгөрсөн 50 60 жилд хайгуул хийсэн ордод хувь эзэмшлээ яаж шийдэх вэ гэдэг асуудал. Хоёр дахь нь, том орд эргэлтэд орвол аль болох хяналтаасаа алдчихгүй, өгөөжийг нь ахиухан хүртэх вэ гэдэг зүйл. Өнөөдөр болж буй үйл явцыг харахад анхны энэ концепц дээр дахин нэг, магадгүй хоёр ч өнцөг нэмэгдсэн мэт. Тэдгээр нь уул уурхайн том төсөл эзэмшлийг даган баялгийн жигд бус хуваарилалт явагдаж байгаа эсэх, том төслийн улстөрд үзүүлж болзошгүй нөлөөллийг хязгаарлах зэрэг асуудлыг тойрч байх шиг байна. Дээрх асуудлуудад дүн шинжилгээ хийгээд үзэж болно. Цаашдаа төсвийн мөнгөөр хайгуул хийнэ гэж үзэж байгаа бол эхний үндэслэл хадгалагдаад явж болох. Хайгуулыг эрсдэл өндөр, төсвийн мөнгө оруулж болохгүй гэж яриад байдаг. Гэхдээ Саудын Араб зэрэг орнуудад төрийн өмчит компани лиценз эзэмшээд, хайгуулдаа хувийн компаниудыг оруулаад явдаг зэрэг модель байж байна. Бусад асуудлын хувьд заавал төрийн хувь эзэмшил оруулалгүйгээр учрыг нь олдог гарц гаргалгаа дэлхийгээр дүүрэн байна. Төр засгийн эрх баригчид, шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагчдын анхаарлыг хоёр зүйлд хандуулмаар байна.
Нэгдүгээрт, критикал минералын салбарыг босгож ирэхийн тулд Монгол Улсын нутаг дэвсгэрт жил тутам багадаа 100 сая, магадгүй 400-500 сая долларын хайгуул хийх шаардлагатай.
Үүнийг улсын төсөв дангаараа дийлэх үү. Дийлэхгүй гэвэл дотоодын хувийн болон гадны хөрөнгө оруулалт энэ орон зай руу орж ирэх шаардлагатай тул энэ үүд хаалгыг нэн яаралтай нээж өгөх ёстой. Хоёрдугаарт, стратегийн орд, баялгийн сан тойрсон асуудлууд нэгээс хоёр сарын дотор шийдэгдэх боломжтой юм бол нэн яаралтай шийдвэрлээд энэ асуудлаа хаах хэрэгтэй байна. Хэрэв шийдвэрлэхэд урт хугацаа хэрэгтэй бол өчигдөр-өнөөдрийн асуудлаа өнөөдөр маргаашийн асуудлаас эрс шийдэмгий тусгаарлах хэрэгтэй. 2007 онд гаргаж тавьсан стратегийн ордын асуудал 20 жил сунжирч, энэ хэрээр Монгол Улсын эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж ирлээ. Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдсэн ордуудыг стратегийн ордод хамруулна, хамруулахгүй гэсэн асуудал сүүлийн үед гараад ирлээ. Баялгийн санд хуримтлал үүсгэх концепц зөв, ач холбогдол нь өндөр. Өнгөрсөн зуунд газрын тосны орлогод тулгуурласан баялгийн сангууд амжилтад хүрч байсан бол ирэх зуунд металл ашигт малтмал суурьтай эрчим хүч зонхилохтой холбоотойгоор хатуу ашигт малтмалын орлогоос бүрдэх баялгийн сангууд хүчээ авах байх. Монгол Улсын Баялгийн санг амжилтад хүргэх хамгийн гол хүчин зүйл бол уг санд орлого бүрдүүлэх механизмыг ухаалаг, алсыг харж сонгох явдал. Өнөөдөр хүчтэй яригдаж байгаа ашигт малтмалын төсөл бүрд төр хувь эзэмшиж, түүний ногдол ашгаар сангийн орлого бүрдүүлэх хувилбар бол урт хугацаанд тогтвортой орлого бүрдүүлэх хувилбар биш байх магадлалтай. Ирээдүйд шинэ ордууд ихээр нээх хөрөнгө оруулалтад гадаад ба дотоодын хувийн хэвшил гэх хоёр талын сонирхол, тэдний хөрөнгө босгодог схем тогтолцоог харгалзсан хувилбарыг би илүү тогтвортой хувилбар гэж бодож байна. Одоо бэлэн болсон болон нэн ойрын ирээдүйд ашиглалтад орох хэдэн ордын бүрдүүлэх орлого чухал уу, урт хугацаанд тогтвортойгоор, тасралтгүйгээр шинээр нээгдэж байх ордуудын орлого чухал уу гэдгээ харьцуулж харах цаг өнөөдөр тохиосон байна. Хувийн хөрөнгө оруулалтаар нээгдсэн ордууд дээр Баялгийн санд шууд ордог тусгай рояалти байх хувилбар аятайхан сонсогдоод байгаа. Нүүрсний ирээдүй тодорхойгүй, зах зээл нь ч манай улсаас алсарч байгаа тул бид иймэрхүү шийдвэрүүдээ яаравчлах хэрэгтэй байна.
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн сунжрахаар байх шиг байна. Хоёр улсын ийм байдал манай уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд хэр нөлөөлөхөөр байна вэ? Бид юу хийж чадах вэ?
Манай улсад нөлөөлж байгааг хүмүүс хоёр үндэслэлээр харж байна. Нэг нь худалдааны дайнаас болж Хятадын эдийн засаг саарна. Үүнээс болж гангийн үйлдвэрлэл буурч, дагаад нүүрс буурна гэдэг тал руу харж байна. Нөгөө нэг нь хятадууд АНУ-ын эсрэг ашигт малтмалаар хориг арга хэмжээ авна. Энэ нь дэлхийд газрын ховор элементийн үнийг өсгөх нөлөөтэй. Аль аль нь байж болох төдийгүй тохиолдох өндөр магадлалтай. Надад анзаарагдаж байгаа зүйл нь АНУ тарифаар дамжуулан дотоод руугаа Хятадын бүтээгдэхүүн, бараа нэвтрэх боломжгүй болгож ирж байна. Эсрэгээрээ Хятад ч тэр тариф тавьснаар худалдааны сөргөлдөөн аль аль улсын нутаг дэвсгэр дээр өрнөж байгаа шинж тэмдэг байна. Нөгөөх нь АНУ, БНХАУ-ын зах зээл бусад улс, тивүүдээс хамааралтай учраас үйлдвэрүүдээ тийш шилжүүлж байна. Африкт хятадууд маш их хөрөнгө оруулсан, гангийн үйлдвэрүүдээ бариад эхэлчихсэн. Гангийн үйлдвэр Африк руу шилжинэ гэхээр Хятадын гангийн үйлдвэрлэл буурна. Хятадаас ган авахын оронд Африк тивийн аль нэг улсаас, илүү ойрхон байрлалаас авах нөхцөл тэнд бүрдэж байна. Ингэхээр Хятад өөр дээрээ барих шаардлагагүй болохоор стратегийн нөлөөний бүсүүдэд барина гэвэл дотоодын гангийн үйлдвэрлэл нь нэлээд хэмжээгээр буурч таарах байх. Ингэхээр манай экспортын гол бүтээгдэхүүнд сөргөөр нөлөөлөхөөр байна. Манайд критикал минералын салбарыг хөгжүүлэхэд тулгарч буй нэг том эрсдэл нь гео улстөр. Орос, АНУ-ын сөргөлдөөнтэй холбоотой. Ихэнх критикал минералыг Хятад боловсруулж байна. Тэгэхээр манай бүтээгдэхүүн Хятадад боловсруулагдана гэвэл Хятадын нөлөөний бүс рүү гарах зах зээлтэй болно. АНУ руу гарна гэвэл Хятадыг тойрч гарах боломжийг бид хайх хэрэгтэй болно. Худалдааны дайнаас үүдэн төвөгтэй нөхцөл үүсэж байгаа. Ер нь худалдааны дайн ужгирсан, урт байх бололтой. Учир нь АНУ-ыг харахаар ерөнхийлөгч нь солигдсон ч бодлого солигдохгүй байгаа нэг зүйл бол Хятадтай хийж буй сөргөлдөөн. АНУ-ын хууль тогтоох байгууллагад гол хоёр нам өөр өөр байр суурьтай байдаг ч ижил байр суурьтай байдаг нь Хятадтай хийж буй сөргөлдөөн. Энэ нь Д.Трампын дараагийн ерөнхийлөгч гарсан ч өөрчлөгдөхгүй гэж бодож байна.
Д.Трампын нүүрсний салбарыг дэмжих тухай акт манай гарцад, олон улсын нүүрсний үнэд хэрхэн нөлөөлөх вэ?
АНУ-ын дотоодын олборлолтод нөлөөлөх хэмжээний шийдвэр гэж харагдаж байна. Одоогоор Европын Холбоо, бусад улсууд нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах зорилтоос няцаагүй байна. Үйл явц эргэлт, буцалтгүй явахаар байна. Ялангуяа ногоон шилжилтийн ард технологийн өрсөлдөөн явагдаж байна. Ногоон технологийг түрүүлж эзэмших тухай. Цахилгаан автомашины зах зээлд Америк тэргүүлж байсан бол одоо Хятад тэргүүлж байна. Хятад батарей хямд үйлдвэрлэж чадаж байна, батарейн бүх түүхий эдийн боловсруулалтыг өөрсдөө хийж байна, машины бэлдэцүүдийг өндөр түвшинд хийж, эрчим хүчний шилжилтээр тэргүүлэгч болчихлоо. Нар, салхины эрчим хүчээр ч тэр. Хэдийгээр Америк нүүрс эргэж олборлоно гэж буй боловч ногоон технологиос үлдэж хоцрохыг хүсэхгүй байх. Дөрвөн жилийн дараа гэхэд буцаад ногоон технологи руу орж ирэх магадлалтай. Д.Трамп нүүрсийг дэмжинэ гэснээр Монголд сайнаар нөлөөлнө гэж бодохгүй байна. Харин нэг сонирхолтой өнцөг байгаа нь Хятад ногоон технологиор тэргүүлж байгаа боловч ойрын 5-6 жилд эрчим хүчний хэрэглээ жил болгон 2 орчим хувийн өсөлттэй явж байгаа. Тэрийг сэргээгдэх эрчим хүч, атомын эрчим хүч нөхөж гүйцэхээргүй төлөвтэй байгаа. Богино хугацаанд Монголын эрчим хүчний нүүрсэнд зах зээл байна. Коксжих нүүрсний үнэ уналттай энэ үед Монгол Улсад богино хугацаанд эрчим хүчний нүүрсний экспорт дээр ажиллах боломж гарч магадгүй.
Энэтхэг цаашид томоохон нүүрсний импортлогч болохоор байна. Манайх Энэтхэгтэй туршилтын журмаар хэд хэдэн удаа тээвэрлэлт хийсэн. Энэтхэг манай өөр нэг нүүрсний импортлогч болох боломжтой юу?
Боломж маш бага. Хятадаар дамжиж Энэтхэг рүү нүүрс явуулах боломжгүй. Оросоор дамжина гэдэг. Энэтхэгийн хүсэл нь Владивосток ч юм уу боомт дээр өрсөлдөхүйц үнэтэй нүүрс авна гэдэг. Тэгж очихын тулд манай нүүрс хилээр гарахдаа 10 20 ам.доллар ч юм уу, маш хямдаар гарах болно. Ийм бага өртгөөр олборлож, их хэмжээгээр гаргаж, бололцооны ашиг хүртэхүйц бизнес төлөвлөгөөтэй нүүрсний лиценз эзэмшигч алга. Тонн тутам 10-20 ам.центийн ашиг олно гэх бодол хэн нэгэнд төрвөл магадгүй Оросоор дамжин Энэтхэг рүү гарч магадгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт “чимээгүй” болчихлоо. Ер нь хуулийн өөрчлөлтөөс уул уурхайн салбарынхан юу хүлээж байгаа вэ?
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд салбараас хүлээсэн сүртэй хүлээлт байхгүй. Шинэчлэгдээд хуулийнхаа хүрээнд хайгуулын лицензийг өргөдлөөр өгдөг болоосой гэдэг хүлээлт геологичдод байгаа. Хуульд өөрчлөлт орж өсөн нэмэгдэх рояалтиг эрүүл саруул хэмжээнд буулгаасай гэдэг хүлээлт цөөн хэдэн зэсийн төсөл эзэмшигчдэд байгаа. Үүнээс өөрөөр салбарт хүлээлт ажиглагдахгүй байна. Нэг бодлын харамсалтай. Миний хувьд зөвхөн Ашигт малтмалын хууль гэлтгүйгээр эрдэс баялгийн салбараас олох орлогыг урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэхэд чиглэсэн реформын чанартай хэд хэдэн зүйлсийг хийгээсэй гэж боддог. Нэгт, өмнө дурдсан стратегийн орд гэдэг бүдэг зүйлийг тодруулмаар байна. Цаашид нээгдэх ордуудад стратегийн орд гэдэг нэр томьёо үйлчилнэ, үйлчлэхгүй гэдгийг маргаан гарахгүй байдлаар зохицуулмаар байна. Популизм хийх орон зайгүйгээр дугуйлчихвал зүгээр байна. Хоёрт, улсын хэмжээнд хөрөнгө оруулалт татах, бүсчилсэн хөгжил зэрэгт хэрэглэх газрын хэвлийн мэдээллийн нэгдсэн, тоон, нээлттэй дата баазтай болчихвол зүгээр байна. Гуравт, цаашдаа ямар нэг өсөн нэмэгдэх рояалти гэнэт цочмог гарч ирэхээргүй, анхнаас нь тодорхой болгож цэгцлэх хэрэгтэй байна. Хайгуулд хөрөнгө оруулалт орж ирэхэд саад болохооргүй хэмжээнд, гэхдээ Монгол Улс авах ёстой татвараа авчихдаг дундын гаргалгааны зохицуулалтыг хийгээд, ядаж 20-30 жил тогтвортой үйлчлэх орчин бүрдүүлье. Дөрөвт, критикал минералыг хөгжүүлэх тулд “midstream, downstream” гэж нэрлэдэг уул уурхайн бүтээгдэхүүн ашиглан боловсруулалт хийдэг, бэлдэц хийдэг үйлдвэрүүдийг оруулж ирэх үүд хаалгыг нээсэн зохицуулалт хиймээр байна. Хүдрийг аль түвшинд хүртэл боловсруулахад рояалти бодогдох вэ, хаанаас эхлээд рояалти тооцохоо болих вэ гэхчлэн асуудлууд байгаа. Критикал минерал олон төрөлтэй, бага ба дунд хүчин чадлын олон төсөл хэрэгжүүлэх шаардлагатай учраас анхнаас нь ойлгомжтой болгох хэрэгтэй гэж бодож байна. Байгаль орчин, нийгмийн баталгааг хангах, хариуцлагыг сайжруулах тал дээр уурхайн хаалтын санхүүгийн баталгааны механизм бүрдүүлэх асуудал хэтэрхий удаан хүлээгдэж байна.
Ашигт малтмалын тухай хуулиас гадна өөр бусад зохицуулалтаар хэрхэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагч, салбарынхныг дэмжиж болох вэ?
Дан уул уурхайн салбарын бодлого гэж харах нь учир дутагдалтай санагдаж байна. Яг одоо үйл ажиллагаа явуулж буй ихэнх төслүүд дээр уурхайчид өнөөгийн эрхзүйн орчиндоо учраа олчихсон. Харин уул уурхайн салбарын ирээдүй манай улсын эдийн засгийн аюулгүй байдалтай гүн гүнзгий уялдчихсан учраас улсынхаа аюулгүй байдлыг хэрхэн хангах вэ гэдэг өнцгөөс харвал илүү оновчтой. Уул уурхай суурьтай эдийн засгийг удирдах стратегидаа илүү анхаармаар юм уу. Экспорт нэг улсаас хэт хамаарч байгааг бууруулах алхмууд хиймээр байна. “Алсын хараа 2050” бичиг баримтад уул уурхайн салбар жилдээ 20-30 тэрбум ам.долларын орлого бүхий салбар болно гээд дам утгаар хэлчихсэн байдаг. Тэрийг яаж биелүүлэх юм бэ гэдгийг бодмоор байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөр, дунд хугацааны бодлого зэрэгт уул уурхайн салбарын экспортыг нэмэгдүүлэх зорилтуудын уялдаа сул байгаа нь харагддаг. Улсын төсвийг бүрдүүлэх 1-2 жилийн бодлогыг нэн ялангуяа төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой уул уурхайн компаниуд дээр суурилж хэрэгжүүлээд, урт хугацааны бодлого нь орхигдоод байна. Ялангуяа төсвийн орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж буй нүүрсний ирээдүй дунд, урт хугацаандаа баталгаатай биш байна. Нүүрсний салбарын стратеги дээр Монгол улсын уураг тархи болсон хүмүүсийг, мөн олон улсын зөвлөхүүдийг ажиллуулж, хэд хэдэн зүйлийг тодорхой болгож авах хэрэгтэй байна. Ирэх 20-30 жилд Монгол Улс хумигдаж буй нүүрсний зах зээл дээр хэрхэн хамгийн боломжит өндөр орлогыг олох, хэрхэн хамгийн бага хохиролтойгоор энэ бизнесээс гарах гаргалгааг гаргах хэрэгтэй байна. Мөн энэ хугацаанд нүүрсийг орлох экспортын салбарууд хэрхэн босгож ирэхийг тодорхойлмоор байна. Хумигдаж буй зах зээл дээр буруу ажиллаж, 1-2 жилийн хэрэгцээнд зориулж баахан уурхай нээгээд ард нь асар их экологийн хохиролтой, эсвэл бизнес эрхлэгчид нүүрс зөөх машин, техник авчихаад ашиг гаргаж чадалгүй дампуурч хоцрон Монгол Улс, монгол иргэдийн хөрөнгө үнэгүйдэх эрсдэл байхаас эхлээд бидэнд харах, анхаарах олон зүйл бий. Нүүрсний ирээдүйг зөв ойлговол манай улсын эдийн засагт ямар эрсдэл учраад байгааг ойлгоно. Тэрийг зөв харж чадвал критикал минерал руу зөв орж чадна. Критикал минералд зэс байгаа. Зэсийн хүчтэй стратеги хэрэгжүүлбэл нүүрсийг орлох том салбар болох боломжтой. Зэсийн хувьд сүүлийн гурван жилд тэргүүлэх хэд хэдэн улсын критикал минералын жагсаалтад орсон, ерөнхийдөө “ногоон эдийн засгийн” гол түүхий эдийн нэг гэдгээрээ критикал болж ирж байна. Монгол Улсын критикал минералууд дотор зэс одоо олборлогдож, борлуулагдаж байгаа, цаашид том ордууд нээгдэх ирээдүйтэй, цар хүрээний хувьд олон тэрбум долларын салбар болж хөгжих ирээдүйтэй зэргээрээ хамгийн өндөр ач холбогдолтой металл. Гадна дотны хөрөнгө оруулагчдын хувьд ч критикал минералууд дотроос Монголд ажиллах сонирхлыг нь бодитоор татаж буй нь зэс. Зэсийн салбарын хувьд зэсийн өсөн нэмэгдэх рояалти хайгуулд хөрөнгө оруулалт татахад саад болж буй тэргүүлэх хүчин зүйл болчихоод байна, үүнд зохицуулалт хийх нь нэн тэргүүний ажил. Зэс олборлолтыг, хайгуулыг нэмэхийн зэрэгцээ зэс ашиглан бэлдэц бүтээгдэхүүн хийдэг кластеруудыг оруулж ирэх замаар зэсийг зөвхөн баяжмал хэлбэрээр экспортлолгүй бусад хэлбэрээр, хэд хэдэн зах зээл рүү гаргах тал дээр ажиллах хэрэгтэй байна.
Нүүрсний давхаргын метан хийн хэд хэдэн компани амжилттай өрөмдлөг хийж буйгаа зарлаж байна. Метан хий манай экспортын орон зайг хэр хэмжээгээр тэлэх боломжтой вэ?
Олон улсын хувьд байгалийн хийг цэвэр эрчим хүч рүү шилжих шилжилтийн завсрын эрчим хүч гэх ойлголтыг хүлээн зөвшөөрүүлэх сонирхолтой талууд байгаа нь анзаарагддаг. Энэ консенсус бүрдвэл 15-20 жилийн бизнесийн боломж, орчин байж болох байх. Байгалийн хийн том ордууд нээгээд, мега хөрөнгө оруулалтаар хийн хоолой татаж тив дамнан экспорт хийдэг ОХУ-ын модель нүүрсний давхаргын метан хийн хувьд тохирохгүй байх. Австрали Улсын зүүн мужуудын хувьд нүүрсний ордуудын хийг цуглуулж, далайн боомтдоо шингэрүүлээд, тэндээс усан онгоцонд ачиж экспорт хийдэг модель ашиглаж байгаатай танилцаж байсан. Манайх ямар модель ашиглах, түүнийгээ хэрхэн амжилтад хүргэх вэ гэдэг нь их сонирхол татаж байгаа. Нүүрсний давхаргын метан хийн хувьд одоогоор ажиллаж буй компаниудын хэн нэг нь түрүүлж зах зээл нээж, экспорт хийж чадвал тэрийг дагаж “бүүм” болж магадгүй.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Дөрөвдүгээр сар, 2025, №04 (041)