Дэлхий дахинд өрнөсөн “ногоон” эрчим хүчний шилжилтээр ураны зах зээл эргэн сэргэх чиг хандлагатай байгаа энэ үед Монголд ураны ашигт малтмалын үйлдвэрлэл эхлэхэд ойртож байна. 25 жил хайгуул хийж, эдүгээ олборлох шатанд шилжих гэж байгаа ураны “Зөөвч-Овоо” төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаар Монгол Улсын Засгийн газар болон “Бадрах Энержи” компани яриа хэлэлцээрт орж байна. Францын төрийн өмчит “Орано” (хуучнаар Арева) группын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардтай Майнинг Инсайтын сэтгүүлч Э.Оджаргал ярилцлаа.
"ЗӨӨВЧ-ОВОО" ТӨСЛИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦААНД ТАТВАРЫН ОРЧНЫГ ТОГТВОРТОЙ БАЙЛГАХЫГ ЧУХАЛЧИЛНА
Та эхлээд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу. Цөөнгүй оронд ураны төслүүд дээр ажилласныг намтраас тань уншсан?
Би металлургийн инженер мэргэжилтэй. 57 настай, Франц хүн. 2009 оноос хойш “Орано” группт ажиллаж байна. Үндсэндээ олборлолт хийж байгаа уурхайнуудад ажиллаж ирсэн. Тухайлбал гүний болон газар дор уусган олборлох технологиор олборлолт хийж байгаа Нигер, Казахстан улс дахь төслүүдэд ажиллаж, туршлага хуримтлуулсан. Монголд томилогдохоосоо өмнө “Орано” группын төв оффист Техникийн удирдлагын албанд ажиллаж байлаа. Энэ алба нь группээс Монгол, Канад, Узбекистан, Нигер, Казахстан зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа улс дахь төслийн техникийн удирдлагыг хангадаг. 2021 оны долдугаар сараас “Зөөвч-Овоо” төслийг удирдахаар томилогдон ирээд байна.
Таны хувьд “Зөөвч-Овоо” хэр сонирхолтой төсөл вэ?
Монголд ажиллах сонирхлыг минь татсан зүйл энэ. Анх удаа үйлдвэрлэл явуулах гэж буй цоо шинэ төслийг удирдана гэдэг миний хувьд өндөр хариуцлага юм. Энэхүү төслийн түүхийг “цагаан цаасан” дээр бичиж эхлүүлэх болсноо нэр төрийн хэрэг гэж үзэж байна.
Таныг томилсон учир шалтгаан юу байв? Та Монголд хэр хугацаанд ажиллах вэ?
Туршлага талаасаа хамгийн тохиромжтой мэргэжилтэн гэж группын зүгээс үзсэн. Надад хүлээлгэсэн үүргээр “Зөөвч-Овоо” төслийн үндсэн үйлдвэрлэл, олборлолт руу шилжих бүтээн байгуулалтыг удирдана. Тиймээс төсөл дээр цөөнгүй жил ажиллах байх гэж хувьдаа бодож байгаа.
Өнөөдрийн байдлаар “Бадрах Энержи” компанийн эзэмшилд хэчнээн тусгай зөвшөөрөл байгаа вэ?
“Бадрах Энержи” компани ашиглалтын 3 тусгай зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Зөөвч Овоо, Дулаан Уул, Өмнөт гэсэн талбайнууд юм. Хоорондоо хаяа нийлэн, залгаа оршдог учир нийлмэл нэг талбай болох боломжтой. “Кожеговь” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн эрэл хайгуулын ажлын үр дүнд Дулаан-Уул, Зөөвч-Овоо ураны ордуудыг нээн илрүүлсэн.
Дулаан-Уул ордын ойролцоо ураны нөөц шинээр бүртгүүлсэн суналтын “Дулаан” талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан уу?
Авч чадаагүй. Талбай улсад буцсан.
Яагаад буцсан юм бол?
Энэ нэлээд урт түүх л дээ. Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохын тулд Ашигт малтмал газрын тосны газраас (АМГТГ) ерөнхийдөө төрийн 3 байгууллагаас санал авдаг. Авлигатай тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цөмийн энергийн комисс юм. “Дулаан” талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход МХЕГ болон Цөмийн энергийн комиссын зүгээс санал өгөх боломжгүй гэж үзэж, саналыг дэмжээгүй гэж АМГТГ-аас тайлбарласан. Улмаар тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан. Гэхдээ энэ нь “Бадрах Энержи” компанийн тусгай зөвшөөрлийн асуудал биш юм. Хайгуул хийсэн талбайдаа “Кожеговь” компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэнтэй холбоотой асуудал гэдгийг тайлбарлах нь зүйтэй байх.
Одоо “Кожеговь” компани үйл ажиллагаа явуулж байна уу?
“Кожеговь” нь хайгуулын компани. “Орано” группын буюу 100 хувь Францын компани юм. Одоогоор манайх хайгуулын ажил эрхлээгүй байгаа. “Дулаан” талбайн хайгуулын бүх ажлыг тус компани гүйцэтгэсэн.
Монгол Улсын Засгийн газраас гадаадын шууд хөрөнгө оруулалтыг (ГШХО) татах бодлого баримталж байна. Үүнтэй холбоотойгоор геологи хайгуулын салбарыг идэвхжүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа. “Кожеговь” компани Монголд шинээр хайгуулын ажил эхлүүлэх, хөрөнгө оруулах сонирхол бий юу?
“Кожеговь” компанийн тухайд “Дулаан” талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэх өргөдлийн бүрдүүлэлтийг дахин хийж байгаа. “Орано” группын зүгээс 25 жилийн турш Монголд хайгуул хийсэн. Хайгуул бол нэлээд хөрөнгө шаардсан ажиллагаа юм. Одоо хайгуулаас илүүтэй олборлолт, боловсруулалт, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд түлхүү анхаарч ажиллахыг зорьж байна. Манай групп Монгол, Казахстан улсад хайгуулын үйл ажиллагааг нэгэн зэрэг буюу 1997 оны хавьцаа эхлүүлсэн. Казахстаны төсөл 2006 оноос олборлолт хийж байгаа. Энэ хоёр төслийн “гараа”-ны нөхцөлийг харьцуулах боломжгүй л дээ. Учир нь Казахстанд ураны үйлдвэрлэл өндөр хөгжсөн байсан. Харин Зөөвч-Овоо төсөл маань үндсэн үйлдвэрлэлдээ шилжих гэж дунджаас илүү хугацаа зарцуулж байна (ордын нөөцөө 2013 болон 2020 онд тус тус бүртгүүлсэн). Зөөвч-Овоо төслөөр дамжуулан Монгол Улсад өмнө ашиглаж байгаагүй технологи болох газар дор уусган олборлох технологиор уран олборлох боломжтойг батлахын зэрэгцээ ураны салбарыг нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, нутгийн иргэдийн итгэлийг олох ажил давхар хийгдэж байгаа юм.
“Орано Майнинг” компанийн Гүйцэтгэх захирал Монголд хүрэлцэн ирсэн үеэрээ “Зөөвч-Овоо” төслийн чухлыг онцолж байсан. Франц улсын төр засгаас Монгол дахь “Бадрах Энержи” компанийн үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа төсөлд хэр ач холбогдол өгч байгаа вэ?
“Орано Майнинг” компани үйлдвэрлэлийн багцаа төрөлжүүлэх бодлого барьж байгаа. Зөөвч-Овоо нь ураны нөөцөөр дэлхийн хамгийн том 10 ордын нэгд тооцогддог. “Орано Майнинг” компанийн төслүүд дунд чухал байр суурь эзэлдэг.
Дэлхийн ураны эрэлт хэрэгцээг авч үзвэл 2030 он гэхэд нийлүүлэлтийн хомсдол үүсэх төлөвтэй. Харин ураны эрэлт нь 2040 он гэхэд 30 хувиар өсөх төлөвтэй байна. Зах зээл дээр эрэлт нэмэгдэх тэр үед Зөөвч-Овоо ордын олборлолтыг эхлүүлсэн байхыг бид эрмэлзэж байна.
Хэрэв тэр цаг үед олборлолтоо эхэлж чадахгүй бол өрсөлдөхүйц өөр үйлдвэрлэл зах зээлд гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тэгэхээр “Бадрах Энержи” компанийн зүгээс ирэх 2023 ондоо амжиж Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ (ХоГ) байгуулж чадвал, үүнээс хойшхи “Зөөвч-Овоо” төслийн үйлдвэрлэлийн дэд бүтэц, барилга байгууламжийг барих, ажилчид авах, тэднийг сургах зэрэг ажлуудад 3-аас илүү жил шаардлагатай юм. Ингээд тооцвол 2027-2028 онд үндсэн олборлолтын үе шатанд шилжиж чадна.
ХоГ-нд татварын тогтвортой байдлын зохицуулалтыг хэрхэн тусгах, талууд хувь эзэмшил, хөрөнгө оруулалтыг яаж тохиролцох бол?
Хариулахад амаргүй асуулт байна. Энэхүү асуултын хариулт нь Монголын төр болон оператор компанийн хооронд ХоГ-гээ хэрхэн байгуулахаас шалтгаална. Мэдээж, оролцогч хоёр тал “Зөөвч Овоо” төслийн олборлолт, боловсруулалтын 30 жилийн хугацаанд татварын орчныг тогтвортой байлгахыг чухалчилна. Төр засгийн тэргүүн солигдсон ч гэсэн оператор компани татварын тогтвортой орчинд үйл ажиллагаа явуулах нь уг гэрээний үндсэн зорилго байх болно.
Засгийн газартай хийх ХоГ -ний хэлэлцээрийг хэзээ эхлүүлэх вэ?
ХоГ-ний яриа хэлэлцээр зургадугаар сард эхэлнэ. “Бадрах Энержи” компани “Мон-Атом” компанитай хамтран ажлын зураглал (road map) гаргасан. Энэ нь зургадугаар сараас ирэх оныг дуустал хүртэлх төлөвлөгөө юм. Гэрээний бэлтгэл ажлын зураглалд төлөвлөсөн ажилд “Зөөвч Овоо” төслийн туршилтын үйлдвэрлэлийн үр дүнд тулгуурлан ТЭЗҮ-д нэмэлт өөрчлөлт оруулах ажил багтаж байгаа. Мөн 2013 онд зурагдсан Хувьцаа эзэмшигчдийн гэрээнд нэмэлт тодотгол хийх зэрэг олон ажил нэгэн зэрэг хийгдэнэ.
Монголын талаас ямар бэлтгэл хангасан байгаасай гэсэн хүлээлттэй байна вэ?
Ширээний нөгөө талд шийдвэр гаргах эрх бүхий хүмүүстэй яриа хэлэлцээр явуулах хүсэл эрмэлзэлтэй байна. ХоГ-ний яриа хэлэлцээр сунжирна. Бидний хувьд цаг хугацаа бол хамгийн чухал хүчин зүйл. Монгол Улсын Сангийн сайд ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах үеэр цаг хугацаатай уралдах ёстойг тэмдэглэн хэлсэн. Хэрэв 2023 онд багтаж талууд “Зөөвч-Овоо” төслийн ХоГ-ний хэлэлцээрээ амжилттай явуулж чадахгүй бол сонгуулийн жилд яриа хэлэлцээрийг үр дүнтэй урагшлуулах ямар нэгэн бодитой ажил хийх боломж тохиохгүй байх вий гэж эмээж байгаагаа нуумааргүй байна. Нөгөөтэйгүүр дэлхийн ураны зах зээлийн өөдрөг үе “Зөөвч-Овоо”-ийн үйлдвэрлэлийг хүлээхгүй. Монголоос гадна өөр олон оронд ураны төслүүд бүтээн байгуулалтын шатандаа хэрэгжиж байгаа. Ингээд үзэхээр “Зөөвч-Овоо” төслийн боломжийг нэг жилээр алдах биш 5-6 жил, үүнээс ч илүү хугацаагаар хойш татах эрсдэлтэй юм. Тиймээс төсөлд цаг хугацаа асар чухлыг тодотгоод байгаа учиртай.
Одоо Монгол Улсад Гадаад хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн найруулахаар бэлтгэж байна. Гадаадын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад түлхүү анхаарч байна. Монголын уул уурхайн салбар, тэр тусмаа хайгуулын чиглэлээр 25 жил тасралтгүй ажиллаж үйлдвэрлэлийн шатанд шилжих гэж буй төслийг удирдаж байгаагийн хувьд энэ чиглэлд ямар байр суурьтай байна вэ?
Зөөвч-Овоо бол онцлогтой төсөл. Цацраг идэвхт металл болох уран олборлоно. Тиймээс Ашигт малтмалын, Цөмийн энергийн гэсэн хоёр хуулиар манай компанийн үйл ажиллагаа үндсэндээ зохицуулагддаг. Мэдээж, ганц хуулиар зохицуулагддаг бол илүү хялбар байх. Миний өмнө ажиллаж байсан улс орнуудад ураны үйлдвэрлэлийг зөвхөн Ашигт малтмалын хуулиар зохицуулдаг. Монголын тухайд “Бадрах Энержи” компани үйл ажиллагаа явуулахын тулд хоёр хуулиас гадна олон төрлийн журмыг дагаж мөрддөг. Тэр бүгдэд тусгай зөвшөөрөл авах, баримт бичгүүдийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Засгийн газар, төрийн байгууллага, орон нутаг гээд улс, аймаг, сумын түвшинд шат бүрт зөвшөөрөл авна. Тиймдээ ч өнөөдрийн цэг дээр ирэх хүртлээ манай компани Монголд 25 жил болсон байх гэж боддог.
ТУРШИЛТЫН ҮЙЛДВЭРЛЭЛЭЭР 7 ТОНН БАЙГАЛИЙН УРАН ОЛБОРЛОН БОЛОВСРУУЛААД БАЙНА
“Зөөвч-Овоо” төслийн үйлдвэрлэлийн туршилтаар хэр хэмжээний уран олборлоод байгаа вэ? Ураны үйлдвэрлэлийг төр засгийн түвшингээс эхлээд иргэд ч ихээхэн анхаарч ажиглаж байна?
Өнөөгийн байдлаар “Зөөвч-Овоо”-гийн үйлдвэрлэлийн туршилтаар 4.5 тонн, “Өмнөт”-ийн технологийн туршилтаар 2.5 тонн уран гарган авсан. Нийт 7 тонн байгалийн уран олборлон боловсруулаад байна. Техник технологийн хувьд ямар ч асуудалгүй, хэвийн явагдаж байгаа. Уурхайд туршилтын үйлдвэрлэл дээр ажиллаж буй манай ажилтнууд сайтар бэлтгэгдсэн. Ажилдаа сонирхолтой, чадварлаг мэргэжилтнүүд юм. Үйлдвэрлэлийн туршилт эхэлснээс хойш манай уурхайн үйл ажиллагаатай танилцахыг хүссэн гадаад, дотоодын олон төлөөлөгчид хүрэлцэн ирж байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд манай талбайд оюутан сурагч, нутгийн иргэдийн төлөөлөл, төр, засгийн байгууллагын ажилтнууд, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид гээд 300 гаруй зочид иржээ. Компани үйл ажиллагаагаа ил тод танилцуулахыг зорьж ирсэн. Энэ тавдугаар сард ОУАЭА-ийн экспертүүдийг хүлээн авлаа. Тэд Цөмийн энергийн комиссын хүсэлт урилгаар Монголд ирж ажилласан юм. Өдөр тутмын үйлдвэрлэл, цацрагийн хамгаалалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчин, усны хяналт, орон нутгийн иргэдтэй харилцах ажил гээд манай төслийн бүхий л үйл ажиллагаатай танилцсан. Компани, ажилтнуудыг ч сайшаан үнэлж, бидэнд баяр хүргэлээ. Энэ нь манай компанид ихээхэн урам зориг өгсөн. Та бүхнийг ч гэсэн манай үйлдвэрлэлийн талаар сайн мэдээлэлтэй болохын тулд төслийн талбай дээр заавал очиж үзээрэй гэж хүсье. Өөрийн биеэр бодитоор очиж үзэх хэрэгтэй. Олон улсын экспертүүд байгалийн уран олборлох, боловсруулахад Монгол Улсын бэлэн байдлыг үнэлэхийн зэрэгцээ нөгөө талдаа оператор компани олборлолтод зохих ёсоор бэлдсэн эсэхийг хянахаар ирсэн хэрэг.
Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн нь шар нунтаг уу, эсвэл дараагийн боловсруулалтын түвшний “хар нунтаг” байх уу?
Дэлхийн ураны зах зээл дээр борлуулагддаг стандарт бүтээгдэхүүн бол ураны исэл бөгөөд та бидний сайн мэддэг шар нунтаг (yellow cake) юм. Одоо шар нунтгийг өндөр хэмд шатааж хар өнгөтэй нунтаг гарган авдаг болсон. Энэ нь 85 хувь хүртэлх буюу илүү өндөр агуулгатай бүтээгдэхүүн юм. Казахстан дахь “Орано” группын “Катко” төсөл эхний 10 жилдээ шар нунтаг гаргаж байсан. Энэ бол илүүтэй худалдаа арилжааны талын зүйл л дээ. Гэхдээ шар нунтгийг худалдаж борлуулахад асуудал байгаагүй.
Асуудал байгаагүй гэдэг нь...?
Худалдан авч буй үйлчлүүлэгч нь шар нунтгаа шатааж, боловсруулж байж дараагийн шатны үйлдвэрлэл рүү оруулах хэрэгтэй болдог. Шар нунтаг бол чийгшилтэй, хольцтой бүтээгдэхүүн юм. Хольцыг нь багасгахын тулд шатааж буй процесс л доо. Яг шар нунтгаар нь борлуулахад тодорхой хэмжээний торгууль төлөх шаардлагатай. Тэрхүү төлбөрөөр үйлчлүүлэгч шар нунтгийн чийгшилтэй хольцыг шатаахад зарцуулдаг гэж ойлгож болно.
Аль зах зээлд экспортлох вэ?
“Бадрах Энержи” компанийн 34 хувийг Монголын төр, 66 хувийг Францын “Орано” групп эзэмшиж байна. Талууд эзэмшлийн ногдох хувьдаа бүтээгдэхүүнээ худалдаж борлуулахаар ХӨГ-нд заалт тусгаж магадгүй. Одоогоор тодорхой хэлж мэдэхгүй байна. Мөн аль зах зээл рүү экспортлох асуудлыг ч мөн гэрээнд тусгах байх. Гэхдээ “Бадрах Энержи” компанийн олборлох Зөөвч-Овоо ордын уран энхийн зориулалтаар ашиглагдана гэдгийг тодотгоё. Атомын цахилгаан станцад, нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг эрчим хүч үйлдвэрлэхэд түүхий эд болгон ашиглана гэсэн үг. Та бүхний мэдэж буйгаар сүүлийн жилүүдэд ложистик тээврийн үнэ өндөр болсон. Тэгэхээр ямар ч компанийн хувьд ложистикийн зардал багатайгаар дөт зах зээлд нийлүүлэх сонирхолтой байх болов уу. Хамгийн ойрын худалдан авагч гэхээр Хятад улс байна. Тэгэхээр боломжит зах зээлийн нэг байх магадлалтай. “Катко”-гийн үйлдвэрлэлийн бараг бүх бүтээгдэхүүнийг Хятад руу экспортолдог.
ТӨСЛӨӨ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖҮҮЛНЭ ГЭСЭН БИДНИЙ ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ИЛЭРХИЙЛЭЛ БОЛ МОНГОЛД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛСАН 25 ЖИЛ
Монголд гэлтгүй улс орнуудад ураны төсөл нийгэм, орон нутгийн иргэдийн ихээхэн эсэргүүцэлтэй тулгардаг бэрхшээл бий. Олборлолт, үйлдвэрлэлтэй холбоотойгоор “Бадрах Энержи” компаниас орон нутгийн харилцаандаа ямар шинэ стратеги барьж ажиллах вэ?
Орон нутгийн засаг захиргаа, иргэдтэй сайн харилцаатай байх нь бидний үндсэн зорилго мөн. Энэ нь юуны өмнө харилцан итгэлцэл бий болгохыг хэлж байгаа юм. Сайн харилцаа бий болгож, хөгжүүлэх нь өдөр тутмын байнгын ажиллагаа байдаг. Компанийн зүгээс нэн тэргүүнд өөрийн ашиглаж буй Монгол Улсад шинэ тутам технологийг олон нийтэд таниулах, байгаль орчин, хүн, малын эрүүл мэндэд хор нөлөөтэй эсэхийг тайлбарлах, нөлөө байгаа бол түүнийг багасгахын тулд ямар ажил хийдэг талаараа нээлттэй харилцан яриа өрнүүлэхийг хичээж ажилладаг. Энэ хүрээнд нутгийн иргэдийг байгаль орчны хяналтын хөтөлбөрт хамруулж, компанийн мэргэжилтнүүдийн хамт хяналт хийх боломжоор хангадаг. Миний ажигласнаар, сүүлийн 2 жил компани болон орон нутгийн захиргаа, иргэдийн хоорондын харилцаа нэлээд сайжирсан. Энэ нь зөвхөн компанийн хүчин чармайлт бус. Орон нутгийн захиргаа, иргэдийн зүгээс ойлголцохыг хичээж байна. Хоёр талаасаа бидний байр суурь ижил түвшинд ойртож байгаагийн илрэл гэж харж байгаа. Аймаг сумын түвшинд хүндрэл байсан уу гэвэл байсан. Гэхдээ хоёр талаасаа шийдэлд хүрэх хүсэл эрмэлзэлтэй байсны хувьд, тухайлбал газар ашиглалтын төлбөрийн асуудлаа шийдэж чадлаа. Одоо орон нутагт газар ашиглалтын төлбөрийн ямар нэгэн асуудал байхгүй. Компанийн нийгмийн хариуцлагын бодлогын хүрээнд орон нутгийн иргэд, байгууллагатай хамтран ажиллах бүтэц бий болгон ажиллаж байна. 2013 онд Улаанбадрах сум, Зүүнбаян багт Хамтын ажиллагааны зөвлөл байгуулсан. Зөвлөл маань улирал тутам хуралддаг, үүнд нутгийн иргэд оролцоод явдаг. Зөвлөлийн үйл ажиллагаа, иргэдийн оролцооноос харахад бидний хамтын ажиллагаа, харилцаа сайжирч байна. Энэ л зарчмаар уурхай ажиллах бүхий л хугацаанд хамтран ажиллана. Түүнчлэн орон нутагтай байгуулсан Хамтын ажиллагааны гэрээний хүрээнд олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Компани 2006 2020 онд нийт 5,6 тэрбум төгрөгийг эрүүл мэнд, боловсрол, малын эрүүл мэндийн чиглэлээр орон нутагт зарцуулсан. 2022-2023 онд 800 гаруй сая төгрөгийн төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Энэ жил Улаанбадрах сумын цахилгаан хангамжид холбогдоогүй хэсэг рүү эрчим хүч татах ажил хийгдэж байгаа. Цахилгааны хүртээмжийг сайжруулах энэ ажил маань томоохон төсөлд тооцогдоно. Боловсролын салбарт бол “Бадрах Энержи” компани оюутны тэтгэлэгт хөтөлбөрөөрөө ихээхэн бахархдаг. 2010 оноос хойш 70 гаруй залуучууд энэ хөтөлбөрт хамрагдаад байна. Нэг жилийн биш дээд боловсрол эзэмших нийт хугацааны сургалтын төлбөрийг тэтгэлгээр компани бүрэн хариуцдаг. Эдгээр залуучууд хүний эмч, малын эмч бас багш болоод сум орон нутагтаа эргэн ирж ажиллаж байна. Нийгмийн хөрөнгө оруулалтын томоохон хэсгийг малын эрүүл мэнд эзэлдэг. 2007 оноос хойш хэрэгжүүлж байгаа малжуулах төсөлд 120 гаруй малчин өрх хамрагдсан байна. Ийм жишээ ажлуудаар компани болон орон нутгийн харилцаа идэвхтэй өрнөж байгаа. Жижиг төсөл гэвэл компани хээрийн ангийн хэрэгцээний махаа тухайн сумын малчдаас худалдан авч байна. Өнгөрсөн хугацаанд компани 1 тэрбум орчим төгрөгийг орон нутгийн нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөрүүдэд зарцуулсан.
Дэлхийн геополитикийн өнөөгийн нөхцөл байдал, ногоон эдийн засгийн шилжилт, эрчим хүчний хямрал нь цөмийн эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд нөлөөлөх үү? Ураны салбарт олон жилийн туршлага хуримтлуулсан мэргэжилтний хувьд Та дэлхийн цөмийн эрчим хүчний салбарын чиг хандлага, хэтийг хэрхэн төсөөлж байна вэ?
Дэлхий нийт нүүрсхүчлийн хий ялгаруулдаггүй, байгаль орчинд бага нөлөөтэй цэвэр эрчим хүчийг сонгож байна. Энэ нь сэргээгдэх болон цөмийн эрчим хүч юм. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт нар, салхиных зонхилж байна. Гэхдээ найдвартай эрчим хүчний үйлдвэрлэлд тооцогддоггүй. Шийдэл, технологи хараахан бий болоогүй. Харин цөмийн эрчим хүчийг удирдах боломжтойгоороо ялгаатай. Цөмийн эрчим хүчнээс татгалзахаа мэдэгдсэн зарим улс орнууд энэ шийдвэрээ эргэн харж байна. Яг үнэндээ найдвартай эх үүсвэр, хямд үйлдвэрлэл гэвэл цөмийн эрчим хүч л болж байна. Үүнийг уранаас л гарган авна. “Ногоон” эрчим хүч нь сэргээгдэх болон цөмийн эрчим хүчний хослол гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх боллоо.
Монгол Улсын хувьд атомын цахилгаан станц байгуулснаар эрчим хүчний хараат байдлаасаа ангижрах боломжийн талаар Та үзэл бодлоо хуваалцана уу?
1950-иад онд түүхий эд экспортлогч орнуудаас эрчим хүчний хувьд хараат бус байхын тулд Франц улс цөмийн эрчим хүчний томоохон хөтөлбөр боловсруулан гаргасан байдаг. Үүнийг тухайн үеийн Ерөнхийлөгч өөрөө манлайлан хэрэгжүүлсэн юм. Франц нь эрчим хүчний бие даасан бодлогын хүрээнд ураны хайгуулыг идэвхжүүлж, олон уурхай нээн цөмийн эрчим хүчээр улсынхаа хэрэглээг бүрэн хангах зам руу орсон түүхтэй. 20 жилийн өмнө буюу 2000 оны үед Франц улс ураны нөөцөө шавхаж дууссан учир гаднаас уран импортолдог болсон. Монгол Улсын тухайд атомын цахилгаан станц байгуулах уу, үгүй юу гэдэг нь юуны түрүүнд улсын дотоодын стратегийн шийдвэрээс хамаарна. Казахстан улстай харьцуулбал газар зүйн хувьд ихээхэн төстэй. Тиймээс Монгол Улсад нээгдээгүй, илрээгүй ураны нөөц бий гэж боддог. Нээх, ашиглах зарим ураны ордуудаа цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлд яагаад ашиглаж болохгүй гэж. Миний харж буйгаар сүүлийн жилүүдэд цөмийн эрчим хүчний бага оврын, жижиг реакторууд (small modular reactor SMR) ихээхэн хөгжиж байна. Ийм төрлийн реактор Монгол Улсад тохирох болов уу. Улаанбаатар хотын эрчим хүчийг үйлдвэрлэдэг нүүрсний жижиг цахилгаан станц шиг бага хэмжээний цөмийн реактор байгуулан төвийн бүсийн хэрэглээгээ хангах боломжтой. Гэхдээ энэ бол Монгол Улсын өөрийн гаргах шийдвэр гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна. Европ төдийгүй дэлхий даяар цөмийн эрчим хүч сэргэж байна. Бүртгэгдсэн ураны нөөц нь “Орано” группын геологчдын нээн илрүүлсэн 100 мянган тонн уранаар нэмэгдээд байгаа Монгол Улс дэлхийн эрчим хүчний салбарт байнгын оролцогч болоод зогсохгүй дэлхийн хамтын нийгэмлэгээс уур амьсгалын талаар хийж байгаа хүчин чармайлтад нэгдэх боломж өнөө цагт бий болж байгаа нь маргаангүй юм.
Зөөвч-Овоо бол Монголын уул уурхайн салбарын сүүлийн 30 жилийн түүхэн дэх шинэ төрлийн ашигт малтмалын үйлдвэрлэл, басхүү томоохон төсөл. Монгол Улсын Засгийн газраас ураны төслийг тогтвортой, тууштай явуулах бодлогын тал дээр Та хэр итгэлтэй байна вэ? Ирээдүйд тохиож болзошгүй нийгмийн, орон нутгийн эсэргүүцэл, үл ойлголцол, бусад бэрхшээлд танай компани бэлэн үү?
Бид уул уурхайн салбарын нэг төрлийн үйлдвэрлэл явуулж буйгаа таниулан тайлбарлахад багагүй хүндрэл тулгардаг. Үйлдвэрлэлийн эцсийн бүтээгдэхүүн нь уран. Байгалаас гарган авсан ямар ч боловсруулалтгүй, тухайлбал зэс зэрэг ашигт малтмалын баяжмалын адил л байгалийн ураны бүтээгдэхүүн. Энэ ураны ялгаруулах цацрагийг ердийн бичгийн цаасаар ч хаах боломжтой. Улс орнуудад байдаг л уурхай юм гэх мэт зүйлсийг олон нийтэд тайлбарлах, мэдээллээ хүргэх, ойлгуулах нь нэг өдөр хийчих ажил биш юм. Удаан хугацаа зарцуулж, магадгүй нэг зүйлээ олон дахин давтах шаардлага гардаг. Тийм ч учир төслийн талаарх мэдээллээ бид тасралтгүй түгээж, “олон сонсохоор нэг үз” гэдэг шиг төслийн талбай, үйл ажиллагаатай танилцах аяллыг байнга зохион байгуулж ирсэн. Газар дор уусган олборлож байгаа талбай дээр ирсэн хүмүүс биднээс “Уурхай чинь хаана байгаа юм бэ?” гэж асуудаг. Шороо тоос, нүх, ил уурхай тэнд огт байхгүй. Тэр байтугай, ураныг уусган олборлож байгаа талбай дээр мал бэлчээд явах бүрэн боломжтой юм шүү дээ. Бид Монгол Улсад үйл ажиллагаа явуулаад 25 жил болж байна. Энэ хугацаа нь төслөө амжилттай хэрэгжүүлнэ гэсэн бидний итгэл үнэмшлийг маш тодорхой илтгэж байгаа болов уу. “Зөөвч-Овоо” нь өндөр ач холбогдолтой төсөл юм. Чанартай төсөл ч гэж хэлж болно. Оролцогч аль аль талд үр ашигтай. Хамгийн гол өгөөжийг төсөл хэрэгжиж буй Монгол Улс хүртэнэ гэдэгт бид итгэлтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар, 2022