Ericsson private 5G-г энгийн, хэрэглэхэд хялбар байхаар зохион бүтээсэн

Австрали, Шинэ Зеланд дахь “Ericsson”-ы Enterprise Wireless Solutions-ийн Хувийн үүрэн холбооны сүлжээний дарга Иан Росстой уулзаж, 5G технологийн нэвтрүүлэлт, аюулгүй байдал, уул уурхайн салбарын ирээдүйн талаар Mining Insight сэтгүүлийн Н.Сүхбат ярилцлаа.

Компанийн үйл ажиллагааны талаар ярилцлагаа эхлүүлье. Танай компани юу хийдэг, ямар үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгодог вэ?

“Ericsson” бол дэлхийд тэргүүлэх олон улсын томоохон компани. Бидний үйл ажиллагааны ихэнх нь үүрэн холбооны сүлжээний чиглэлд төвлөрдөг. Enterprise Wireless Solutions хэлтэс нь байгууллагуудад зориулсан хувийн үүрэн холбооны сүлжээ, тэдгээрийг янз бүрийн салбарт хэрхэн ашиглах тал дээр төвлөрч ажилладаг. Мөн бид Wireless WAN болон 5G технологийг салбарын албан оффис, тээврийн хэрэгслүүд зэрэгт нэвтрүүлэх ажлыг хийдэг. Уул уурхайн салбарт, ялангуяа манай санал болгож буй хувийн үүрэн холбооны сүлжээний Ericsson Private 5G платформтой холбоотой олон үйл ажиллагаа өрнөж байна. Энэхүү технологийг зөвхөн уул уурхайн салбарт бус, дэлхийн олон салбарт дижитал шилжилт хийх, үүрэн сүлжээний холболтыг сайжруулахад ашиглаж байна. Олон төрлийн зах зээлүүд дижиталчлалыг улам хурдацтайгаар өрнүүлж байгаагийн үр дүнд бид дрон, AR, VR, робот, автоматжуулалт зэрэг дэвшилтэт хэрэглээнүүдийг олж харах боломжтой болж байна. Уул уурхайн салбарт, ялангуяа алсын удирдлагатай тоног төхөөрөмж, автомат ачааны машин, ажилтнуудын байршил тогтоох систем зэрэг хэрэглээнүүд одоо байгаагаас илүү чанартай, найдвартай холболтыг шаарддаг. Гэвч уурхайнуудад холболт бүх газар ижил түвшинд хүрдэггүй. Түүнчлэн холболт тогтмол, найдвартай байхгүй бол автомат технологид томоохон асуудал үүсгэдэг. Эдгээр технологи нь яаралтай зогсолт хийх, хяналт тавих үед тогтвортой холболтыг шаарддаг. Ericsson Private 5G платформыг уул уурхайн компаниуд болон үйлдвэрлэл, боомт зэрэг бусад салбарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны бүх хэсгийг хамрахуйц аюулгүй, найдвартай, өргөн цар хүрээтэй холболтыг бий болгоход ашиглаж байна. Энэ бол өнөөдөр хүмүүсийн ашигладаг Wi-Fi системтэй харьцуулахад томоохон дэвшил юм. Энэхүү шинэ технологи нь ажлын талбарыг илүү хямд өртгөөр бүхэлд нь хамарч, илүү чанартай холболт үзүүлэн, уул уурхайн компаниудын өрсөлдөх чадварыг сайжруулах боломжийг олгодог. 

Та автоматжуулсан технологийн талаар дурдсан. Монголд эдгээр технологи харь цангуй шинэ байна. Жишээ нь, Оюутолгой гүний уурхай саяхан ийм технологийг нэвтрүүл сэн. Гүний уурхайтай холбоотой аюулгүй байдлын асуудлууд маш чухал байдаг. Эдгээр технологиуд аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа талаар дэлгэрүүлж тайлбарлана уу.

Эдгээр технологи, ялангуяа 5G үүрэн холбооны технологи уул уурхайн салбарт яагаад чухал гэвэл автоматжуулсан технологи нь уурхайнуудыг илүү ухаалаг болгодог. Эдгээр технологийн тусламжтайгаар ажилчдыг эрсдэлтэй бүсүүдээс хол байлгаж, аюулгүй байдлыг хангадаг. Бүрэн автомат, хагас автомат, алсын удирдлагатай технологиудыг ашигласнаар тухайн ажилчдын чадвар, туршлагыг шинэ, аюулгүй орчинд ашиглах боломжтой болдог. Энэ бүхэн эцсийн дүндээ ажилчдын аюулгүй байдалд чиглэгдсэн бөгөөд уурхайчин бүр гэртээ аюулгүй хүрэх ёстой. Ялангуяа гүний уурхайд автоматжуулалт маш их үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна шинэ технологиуд уул уурхайн салбарт нэвтэрч байна. Тухайлбал, 5G сүлжээгээр холбогдсон мэдрэгчүүдийг чулуунд суулгах замаар газар доорх тогтвортой байдал, чичирхийлэлтийг хэмждэг технологи байна. Ерөнхийдөө, 5G холболт нь гүний болон ил уул уурхайн үйл ажиллагааны аюулгүй байдал, тогтвортой байдалд асар их эерэг нөлөө үзүүлж байна.

Гэрэл зураг: Mining Insight ын Н.Сүхбат “Ericsson”-ы Enterprise Wireless Solutions-ийн Хувийн үүрэн холбооны сүлжээний дарга Иан Россын хамт.

Танай бүтээгдэхүүнүүдийн онцлог шинж чанарууд юу вэ? Бусад өрсөлдөгчдөөс юугаараа ялгардаг вэ?

Олон хүн үүрэн холбооны технологийг харахдаа томоохон үндэсний сүлжээ ажиллуулдаг мобайл оператортой хамтран ажиллах шаардлагатай гэж боддог. Энэ нь компаниудад айдас төрүүлж, ийм сүлжээг удирдахад шаардагдах чадвар дутмаг, эсвэл үнэтэй байх гэж үздэг. Манай технологийн хувьд бид энгийн бөгөөд хэрэглэхэд хялбар байхаар зохион бүтээсэн. Ericsson Private 5G бол үйлдвэрлэлийн хэрэглээнд зориулж бүтээсэн шийдэл юм. Энэ нь нэвтрүүлэхэд илүү хурдан, ашиглахад илүү хялбар, мөн бидний нэрлэдгээр амьдралын мөчлөгийн баталгаатай байхаар зохион бүтээгдсэн. Энгийн байдал нь уул уурхай, үйлдвэрлэл, боомт, салхин парк зэрэг салбаруудад өнөөгийн сүлжээний чадварыг ашиглан манай технологийг амжилттай нэвтрүүлэх боломжийг олгодог. Ихэнх тохиолдолд шинэ ажилтан авах, эсвэл өргөн цар хүрээтэй сургалт хийх шаардлагагүй байдаг. Бид гайхалтай дэвшилтэт технологийг илүү хүртээмжтэй болгож, компаниудад амжилттай, бага эрсдэлтэйгээр нэвтрүүлэх боломжийг олгосон. Үүний үр дүнд автомат, хагас автомат болон алсын удирдлагатай тээврийн хэрэгслүүдийг холбох технологи бий болсон. Энэ технологийг нэвтрүүлэх, засвар үйлчилгээ хийх, шинэчлэх нь хялбар бөгөөд энэ нь уурхайн үйл ажиллагааг хамгийн өндөр үр ашигтайгаар явуулах боломжийг олгож байна.

Ericsson компани Epiroc-той хамтран ажилладаг. Ямар чиглэлээр, ямар технологи дээр хамтардаг вэ?

Тийм ээ, бид дэлхий даяарх олон OEM компаниудтай хамтран ажилладаг. Epiroc бол бидний бахархдаг түншлэлийн нэг юм. Манай хоёр компани Швед улсаас гаралтай бөгөөд урт хугацааны хамтын ажиллагаатай. Ericsson Private 5G платформ нь Epiroc-ийн Швед дэх туршилтын уурхайд ашиглагдаж байна. Дэлхий даяар байршиж буй гүний уурхайнуудад нийлүүлж буй тэдний машин, систем бүрийг манай платформ ашиглан туршиж, баталгаажуулдаг. Энэ нь уул уурхайн компаниудад итгэлтэйгээр ажиллах боломжийг олгодог.

Epiroc Монголд үйл ажиллагаа явуулдаг. Ericsson Монголын зах зээлд орсон уу?

Эрикссон бол дэлхий даяар 180 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг харилцаа холбооны салбарын тэргүүлэгч компани. “Мобиком” корпораци нь Монгол Улс дахь бидний үнэ цэнэтэй түншлэгч байгууллага юм.

Та IMARC 2024 арга хэмжээнд илтгэл тавих гэж байгаа гэж сонслоо. Таны илтгэлийн агуулга юу байх бол?

Өнөөдөр бид үйлчлүүлэгчдийнхээ нэг болох Newmont компанитай хамтран илтгэл тавьж байна. Ухаалаг, аюулгүй автомат уурхайг хэрхэн 5G технологийн тусламжтайгаар бий болгож байгаа талаар ярина. Бид Newmont компанитай байгуулсан хамтын ажиллагаа болон уул уурхайн салбарт гарч буй 5G технологий өгөөжийг танилцуулна. Манай илтгэл голчлон 5G технологи далд уурхайд үүрэн сүлжээний холболтын шинэ эрин үеийг авчирч байгааг, цаашлаад хэрхэн шинэ технологийг аюулгүй нэвтрүүлэх боломжийг бий болгож байгааг харуулна. Газрын гадарга дээр энэ нь машин, техникүүд сүлжээний багтаамж, гүйцэтгэлийн талаар санаа зоволгүйгээр ажиллах бат бөх холболтыг бий болгоход оршино. Манай сүлжээний чадамжийн дагуу компаниуд үйл ажиллагаагаа ямар ч холболтын хязгаарлалгүйгээр өргөжүүлэх боломжтой. Энэ бол өнгөрсөн үеийн технологитой харьцуулахад асар их дэвшил юм.

Автоматжуулсан технологи зөвхөн уул уурхайн төдийгүй олон салбарын ирээдүйг өөрчилж байна. Дараагийн таван жилд ямар дэвшил гарна гэж та харж байна вэ?

Бид олон төхөөрөмжийг илүү өргөн цар хүрээнд зөвхөн хяналт хийх биш, харин тэдгээрийг илүү үр ашигтай, хүчирхэг болгох зорилгоор холбох шинэ эрин үе рүү орж байна. Янз бүрийн салбарт робот техникийн нэвтрүүлэлт нэмэгдэж, ажилтнууд ажлыг гүйцэтгэх биш хянах үүрэгтэй болно. Уул уурхайн салбараас гадуурх жишээг татвал, сам хорхойн чанарыг шалгах ажлыг одоо хүмүүс хийдэг бол таван жилийн дараа энэ ажлыг робот, автомат систем хийж, ажилтнууд хянагчид болох юм. Боомтуудад алсын удирдлагатай кранууд, автомат удирдлагатай тээврийн хэрэгслүүд контейнерүүдийг зөөхөд илүү өргөн ашиглагдах болно. Уул уурхайн салбарт бид алсын удирдлагатай технологийг илүү өргөн ашиглана. Миний бодлоор автоматжуулалт чухал үүрэг гүйцэтгэх бөгөөд машин тоног төхөөрөмжийг алсаас удирдах байдал нэмэгдэж, энэ нь хүмүүсийг өндөр эрсдэлтэй уурхайн бүсүүдээс гаргах боломжийг олгоно. Харин үйлдвэрлэлийн салбарт бид робот болон холбогдсон багаж хэрэгслийг илүү өргөн ашиглах болно. Мөн бусад олон салбарт томоохон өөрчлөлт гарна гэж харж байна. Учир нь аж үйлдвэрүүд өндөр чанарын холболт юуг бий болгож чадахыг ойлгож, Ericsson-ы 5G сүлжээ болон бусад технологиудын санал болгож буй шийдлүүдийн тусламжтай бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг харах болно. Энэ нь үндсэндээ компаниудын хувьд “Би бүх зүйлээ холбох боломжтой, найдвартай холбох чадвартай, мөн бодит цаг хугацаанд өгөгдлийг ашиглан илүү сайн, илүү мэдээлэлтэй бизнесийн шийдвэр гаргах боломжтой” гэж хэлэх нөхцөлийг бүрдүүлж байна.

Ирээдүйн талаар ярихдаа тогтвортой байдал, эрчим хүчний шилжилтийг орхигдуулж болохгүй. Ericsson энэ чиглэлд ямар алхмуудыг хийгээд байна вэ?

Бид тогтвортой байдлыг хоёр өнцгөөс авч үздэг. Нэгдүгээрт, 5G технологи өөрөө цахилгаанжуулалт, сайжруулсан холболт, системийн үр ашгийг нэмэгдүүлэхэд тусалдаг. Жишээлбэл, уул уурхайн салбарт тогтвортой байдал нь ихэвчлэн цахилгаанжуулалтаас хамаардаг. Манай дэвшилтэт холболт эдгээр машин техникийг илүү үр ашигтай, бага нүүрстөрөгчийн ялгаралтай ажиллах боломжийг олгодог. Хоёрдугаарт, бид өөрсдийн технологиудыг улам тогтвортой болгохын тулд байнга сайжруулалт хийдэг. Сүүлийн хэдэн жилд бид платформынхаа эрчим хүчний хэрэглээг ойролцоогоор 60 хувиар бууруулсан. Энэ нь сүлжээний эрчим хүчний зарцуулалтыг бууруулах чиглэлээр хийсэн чармайлтын үр дүн юм. Манай радио системд суулгасан хиймэл оюун ухаан нь сүлжээний хэрэглээний хэв маягийг суралцаж, эрчим хүчний хэрэглээг багасгадаг. Сүлжээ нь ямар ч өгөгдөл дамжуулалтгүй үед хэдхэн миллисекундэд унтардаг боловч эдгээр миллисекундын эрчим хүчний хэмнэлт өдөртөө их хэмжээний эрчим хүчний хэрэглээг багасгадаг. Ийм байдлаар бид платформоо илүү тогтвортой болгохын зэрэгцээ компаниудад шинэлэг технологийг нэвтрүүлж, тогтвортой байдлыг дэмжихэд тусалдаг.

IMARC 2024-с хүлээж буй таны хүлээлт юу вэ?

Энэ бол дэлхийн уул уурхайн салбарын компаниуд туршлагаа хуваалцах сайхан боломж юм. Уул уурхайн салбарын компаниуд ихэвчлэн өргөн хүрээг хамарсан, томоохон хамт олон байдаг боловч тэд мэдлэг, туршлагыг үргэлж хуваалцдаггүй. IMARC нь ханган нийлүүлэгч компаниуд уул уурхайн компаниудад өөрсдийн шинэ технологи, туршлагыг танилцуулах боломж олгож байна. Энэ нь Newmont зэрэг уул уурхайн компаниуд энэ салбарт хийж буй ажлуудаа хуваалцахад тохиромжтой форум юм. Учир нь салбарын хувьд заримдаа бид өрсөлдөөний асуудлыг хойш тавьж, салбарын ирээдүйн төлөө хамтран ажиллах, илүү сайн хамтын ажиллагаа хөгжүүлэх шаардлагатай байдаг. Уул уурхайн эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулдаг гайхалтай салбар юм. Жишээлбэл, Монгол Улсын уул уурхайн салбар нь ДНБ-д ихээхэн хувь нэмэр оруулдаг. Дэлхийн хүнд үйлдвэрүүд хамгийн өндөр аюулгүй байдал, хамгийн өндөр үр ашиг, хамгийн өндөр тогтвортой байдлыг хангаж ажиллаж байгаа нь орон нутгийн иргэдэд болон уул уурхайн салбарт сайн үр дүн авчирна. Эдгээр байгууллагууд өөрсдийн шилдэг туршлага, санаа бодлыг хуваалцах, оролцогчид нь "IMARC 2024-д Сиднейд шинэ зүйлс ийм аргаар хийгдэж байгааг сонслоо. Бид өөрсдийн үйл ажиллагаандаа энэ аргачлалыг хэрэгжүүлж, шилдэг туршлагыг хуулбарлахыг хүсэж байна" гэж хэлэх боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байна. Өнөөдрийн манай илтгэл бол энэ аяллын анхны алхам юм. Бид Ericsson Private 5G-ийг ашиглан аюулгүй байдлыг хэрхэн сайжруулж, тогтвортой байдлыг хэрхэн нэмэгдүүлж, уул уурхайн үйл ажиллагааг илүү аюулгүй, тогтвортой, хариуцлагатай болгох шинэ технологиудыг нэвтрүүлж байгаагаа хүмүүст харуулахыг хүсэж байна.

Манай уншигчдад зориулсан таны захиас юу вэ?

Mining Insight сэтгүүлийн уншигчдад өгөх миний захиас бол технологи нь уул уурхайн аливаа үйл ажиллагаанд хүчирхэг хэрэгсэл болдог. Шинэ зүйл туршихаас бүү ай. Уул уурхайн салбарын урт хугацааны амжилт нь аюулгүй байдлыг эрхэмлэсэн инновацид тулгуурлана. Шинэ технологи, тухайлбал, 5G холболт нь үйл ажиллагааг хэрхэн сайжруулж болохыг судалж, тэдгээрийг прагматик, аюулгүйгээр хэрэгжүүлье. 5G бол аюулгүй байдал, үр ашиг, тогтвортой байдалд ихээхэн нөлөө үзүүлэх, өөрчлөлт авчрах хүчирхэг технологи юм.

Цагаа заваа зориулж ярилцлага өгсөн танд баярлалаа. 

Миний хувьд таатай байлаа.

Майнинг Инсайт сэтгүүл, Арваннэгдүгээр сар 2024