Канадын хайгуулч, олборлогчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын хөрөнгө оруулагчдын чуулган буюу PDAC (Prospectors and Developers Association of Canada) ирэх жилийн 3 дугаар сарын 2-5-ны өдрүүдэд Торонтод нээгдэнэ. Майнинг Инсайт сэтгүүл PDAC 2025 ын медиа түншээр дөрөв дэх жилдээ үргэлжлүүлэн ажиллаж байгаа билээ. 2025 оны PDAC чуулганы талаар PDAC-ийн ерөнхийлөгч Рэймонд Голдитай Майнинг Инсайтын Н.Сүхбат ярилцлаа.
Таны хувьд PDAC-ийн өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан чуулганууд, тэдгээрийн үзүүлсэн нөлөөллийг бүхэлд нь юу гэж дүгнэх вэ?
PDAC чуулган бол дэлхийн ашигт малтмалын хайгуул болон ашигт малтмалын хөгжүүлэлтийн салбарт тулгын чулуутай зүйрлэхүйц чухал үүрэг гүйцэтгэдэг. Жил бүрийн хавар зохиогддог энэ чуулганд би 1972 онд оюутан байхдаа анх удаагаа оролцож байлаа. Түүнээс хойш тасралтгүй жил бүр оролцож ирлээ. 1972 онд 2830 төлөөлөгч оролцож байсан бол 2024 онд 92 дахь удаагийн чуулганд энэ тоо бараг арав дахин нэмэгдсэн байна. 2024 оны чуулганд 138 улсын бизнесийн олон салбарын төлөөлөгчид оролцсон. PDAC чуулган бол хайгуул, уул уурхайн шинэ технологи, ашигт малтмалын шинэ нээлт, шинэ ордууд, ашигт малтмалын шинэ төрөл зэргийн талаар мэдээлэл авах чухал газар юм. 1972 онд диспрози, сурьма эсвэл лити хайх тухай төсөөлөл ч байгаагүй. Мөн 3000 метрээс илүү гүнд зэсийн хайгуул хийнэ гэж бас л төсөөлж байгаагүй шүү дээ.
PDAC нь уул уурхайн салбарын байгаль орчны талаарх хариуцлагыг сайжруулах, нийгмийн зөвшөөрлийн ач холбогдлыг таниулахад тусалж, хэтийн төлөв, чиг хандлагыг тодорхойлж ирсэн чуулган.
Зохион байгуулах хороо жил бүрийн чуулганы дараа үр дүнгээ дүгнэж, ололт амжилт болон сайжруулах шаардлагатай асуудлаа нухацтай ярилцан, тэрхүү дүгнэлтээ дараагийн хурлыг төлөвлөхдөө ашигладаг. Чуулганыг Торонтод тогтмол зохион байгуулдаг нь бидний хувьд энэ үйл явцыг ихээхэн хөнгөвчилдөг юм. Түүнчлэн чуулганы гол мөн чанар бол дэлхийн өнцөг булан бүрээс мэргэжилтнүүдийг татан оролцуулахад оршдог. Тэд тив тивийн улс орнуудаас хамтран ажиллах, санаа бодлоо солилцох, стратегийн түншлэл байгуулах, байгуулсан түншлэлээ хөгжүүлэх гэж ирдэг. Төрөл бүрийн зөвлөгөөн, семинар, илтгэлүүд багтсан чуулганы өргөн хүрээний хөтөлбөр нь салбарын хамгийн тулгамдсан асуудлуудыг хөндөн гаргаж ирдэг. Мөн энэ нь салбарын манлайлагчид, хөрөнгө оруулагчид болон шинэ залуу мэргэжилтнүүд хоорондоо харилцаа холбоо тогтоох хосгүй боломжийг олгодог. Дүгнэж хэлэхэд PDAC чуулган бол хөрөнгө мөнгө, чадварлаг ажиллах хүчин хэрэгцээтэй газруудад түүнийгээ олж авахад нь тусалдаг.
PDAC 2025-д ногоон хөгжил, эрчим хүчний шилжилт, сэргээгдэх эрчим хүч гэсэн сэдэв цаашид хүчтэй хэвээр байх нь харагдаж байна. Дээрх сэдэв бол олон талт хамтын ажиллагааг өмнөхөөс илүү шаардахаар байгаа. Иймээс PDAC чуулган цаашид хэрхэн өөрчлөгдөх дүр зурагтай байгаа вэ?
PDAC чуулган бол ашигт малтмалын хайгуул болон уул уурхайн салбарын шилдэг туршлагыг улам сайжруулж, дэлхийн сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл рүү шилжих шилжилтэд чухал ач холбогдол бүхий ашигт малтмалаар хангах чадамжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй. PDAC нь салбарын манлайлагчид, бодлого боловсруулагчид, эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаа, боловсролыг дэмжих замаар тэднийг хариуцлагатай хайгуул, үйл ажиллагааны төлөөх манлайлагчид болгож нэгтгэдэг. 2024 оны чуулганы үеэр 20 гаруй орны төлөөлөгчдийг оролцуулсан ес дэх удаагийн Олон улсын уул уурхайн сайд нарын дээд хэмжээний уулзалт (“IMMS”)ыг зохион байгуулсан нь үүний нэг жишээ юм. Цаашдын чуулгануудаар ийм төрлийн арга хэмжээг олноор зохион байгуулна гэж найдаж байна.
PDAC дэлхийн хамгийн том уул уурхайн чуулганыг зохиохоос гадна гадаад улсуудад явагддаг уул уурхайн чиглэлийн чуулганд хэрхэн дэмжлэг үзүүлэх (үзүүлдэг) боломжтой байдаг вэ?
PDAC нь Канад болон олон улсад зохион байгуулагддаг уул уурхайн арга хэмжээнд идэвхтэй оролцож, гишүүд болон салбарын бусад оролцогч талуудтай холбоотой ажилладаг. PDACийн төлөөлөгчид хилийн чанадад зохион байгуулагддаг хурал, семинар, үзэсгэлэн худалдаанд оролцон, Канадын шилдэг туршлагаас хуваалцахын зэрэгцээ хилийн чанадад хэрэгжиж буй сайн санаачилга, туршлагуудыг Канад руу авчирдаг.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт татдаг улсуудтай харьцуулахад Монгол шиг хөгжиж буй улсад илүү хүндрэл тулгардаг. Монгол Улс PDAC чуулганд үр дүнтэй оролцохын тулд юунд голлож анхаарах нь зүйтэй вэ?
Монгол Улсын Засгийн газар болон салбарын оролцогч талууд PDAC 2025 чуулганы үеэр “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа.
Энэхүү арга хэмжээний үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд Монгол Улс ашигт малтмалын арвин нөөцтэй, хөрөнгө оруулалтын таатай боломжтой гэдгээ дэлхий нийтэд харуулах нэгдсэн мессеж боловсруулж, хамтран ажиллах нь чухал.
Мөн Монгол Улс ил тод байдал, тогтвортой хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхэд чиглэсэн тууштай байдлаа онцлон харуулах нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхэд тусална. Үүнээс гадна, дэд бүтцийн хөгжилд гаргасан ахиц дэвшил, тогтвортой уул уурхайг хөгжүүлэхэд оруулсан хүчин чармайлтаа онцлон харуулснаар олон улсын сонирхлыг татаж чадна. Чуулганд оролцож буй Монголын төлөөлөгчид харилцаа холбоо тогтоох арга хэмжээ, хэлэлцүүлгүүдэд идэвхтэй оролцох, үнэ цэн бүхий харилцаа холбоо, түншлэл бий болгох боломжтой уулзалтуудыг өөрсдөө олж харж, санаачлан зохион байгуулах боломж бүрэн нээлттэй.
Манай улс зэс, газрын ховор элемент, литийн төслүүдийг дэмжих, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлтэй байна. Үүнд тулгарч буй нэг бэрхшээл бол байгаль орчин. Тэгвэл Канад, Австрали зэрэг улсууд критикал минерал, тэр дундаа газрын ховор элемент, литийн төсөлд ямар байгаль орчны шалгуур тавьж, тухайн олборлолт явуулах орон нутгийн иргэдийн нийтийн дунд ямар ойлголт өгч ажилладаг вэ?
Хариуцлагатай, ёс зүйтэй байдлаар ашигт малтмалын хайгуул хийх болон уул уурхайн үйл ажиллагаа явуулахын тулд тогтвортой байдал, БОНЗ (Байгаль орчин, Нийгэм, Засаглал)д ихээхэн анхаарал хандуулах нь чухал. Канадын ашигт малтмалын хайгуул, уул уурхайн салбар БОНЗын сайн туршлагуудаараа дэлхийд тэргүүлж байна. Канадын компаниуд байгаль орчны сөрөг нөлөөллийг багасгах, орон нутгийн иргэд болон байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг хүлээн зөвшөөрөх, эдгээр эрсдэлийг бууруулах арга хэмжээ авах, мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах зэрэг байгаль орчны шалгуурыг нэн тэргүүнд тавьснаараа экосистем, байгаль орчныг хамгаалах өндөр стандарт тогтоож байна. Орон нутгийн иргэдтэй ил тод харилцаж, тэднийг салбарын гол оролцогч тал болгож хамтран ажилладаг компаниуд итгэлцлийг бий болгож, эерэг харилцааг хөгжүүлэх боломжтой болдог. Тухайн орон нутгийн байгаль орчин, нийгмийн салбарын зорилгуудтай төслийнхөө үйл ажиллагааг уялдуулснаар орон нутгийн иргэдэд зориулсан төрөл бүрийн сургалт зохион байгуулах, ажлын байр бий болгох, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг давуу талыг орон нутагт бий болгодог. Манай чуулган БОНЗын туршлагаар хамтран ажиллах, шинэ санаа гаргах талбар болдогт би бахархалтай байдаг. Гэхдээ PDAC нь зөвхөн чуулган биш юм. PDAC нь гишүүд болон салбарынхан өргөн хүрээнд үнэ төлбөргүй ашиглах боломжтой олон хэрэгслийг санал болгодог. Тухайлбал, компаниудад зориулсан тогтвортой хөгжлийн шилдэг туршлагыг нэвтрүүлэх, сайжруулахад чиглэсэн “Хариуцлагатай хайгуулыг дэмжих нь” гарын авлагыг хэлж болно. Уг гарын авлага нь компаниуд талбай дээр ажлаа эхэлмэгцээ, эсвэл орон нутагт нисдэг тэрэг, дрон хөөргөж эхлэхээсээ л орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж эхлэх нь зүйтэйг зөвлөдөг. Монгол Улсын хувьд тухайн компанийн төслийн нөлөөлөлд өртөж болзошгүй иргэдийг тодорхойлох нь онцгой ач холбогдолтой юм. Учир нь Монголд нүүдлийн амьдралын хэв маягтай иргэд олон байгаа. Тогтвортой өсөлтөд хүрэх, Монголын ард түмний хувьсан өөрчлөгдөж буй хэрэгцээг хангахын тулд эдгээр зарчмыг онцлон авч үзэх нь тэнд үйл ажиллагаа явуулах бүх л компаниудын хувьд чухал юм.
Ярилцсанд баярлалаа.