Монголын уул уурхайн үндэсний ассоциаци (МУУҮА)-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай тус ассоциацаас зохион байгуулж буй томоохон арга хэмжээнүүдийн талаар Msight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.
УУЛ УУРХАЙН АССОЦИАЦИУДЫН ДУГУЙ ШИРЭЭНИЙ УУЛЗАЛТ АНХ УДАА ЗОХИОГДОНО
МУУҮА-ийн 30 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд МУУҮА өөрийн нэрийн хэд хэдэн томоохон арга хэмжээ бий болгожээ. Эдгээрийн нэг Discover Mongolia чуулган хориод жил тасралтгүй зохиогдоод, сүүлийн жилүүдэд ”Уул уурхайн 7 хоног” буюу Mining Week нэртэйгээр илүү өргөн хүрээг хамрах боллоо. Энэ жилийн Mining Week-ийн шинэлэг, содон зүйлс юу байх вэ?
Уул уурхайн 7 хоног буюу Mining Week-ийн анхны санаачилга “Оюутолгой” компаниас гарсан. Цар хүрээгээ өргөжүүлж, олон нийт рүү хандсан мэдээллээ өгдөг байя гэсэн санаачилгаар эхний жилийнхийг ивээн тэтгэж ажилласан. Дараа жил нь 2023 онд Mining Week-ийг зохион байгуулахдаа хөрөнгө оруулалт руу чиглүүлэхэд олон оролцогчтой, хүлээлт ихтэй байгаа нь анзаарагдсан. Өөрөөр хэлбэл, Төр засгаас дэмжээд, хөрөнгө оруулалтын орчноо тодорхой бөгөөд тогтвортой байлгаж чадвал бизнес эрхлэгчид, лиценз эзэмшигчид ажиллахад бэлэн байгаа нь харагдсан. Харамсалтай нь ийм өөрчлөлтийг хууль эрх зүйн орчинд өнгөрсөн хугацаанд хийж чадсангүй. Энэ жилийн Уул уурхайн 7 хоногоор төр, засгийн байгууллагууд руу бичиг цаас явуулахаас илүүтэй олон талт үр дүнтэй хэлэлцүүлгүүд олноор хийхээр төлөвлөж байна. Мөн уул уурхайн салбарынхандаа бизнесийн харилцаа холбоо үүсгэх, харилцагчдаа тэлэхийн зэрэгцээ хөрөнгө оруулалт, санхүүжилттэй холбоотой мэдээллийг нэг дороос авах боломж бий болгохыг зорьж байна. Жижиг дунд бизнесүүдийг дэмжин сурталчилж, шийдвэр гаргах түвшний төлөөлөгчдийг оролцуулсан хамтын хэлэлцүүлэг хийж, тулгарч буй асуудал бэрхшээлээ ярилцан, гарц шийдэл эрэлхийлнэ. Уул уурхайн салбарын хариуцлагатай байдал, тогтвортой хөгжил нь олон талын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанаас хамаарах тул үүнийг илтгэсэн шинэлэг байдлаар зохион байгуулна. Энэ утгаараа Mining Week олон талт оролцогчидтой болж, өргөжин тэлж байгаа. Эрдэс баялгийн салбарын хөгжил бол хэдэн уурхайчны асуудал биш. Хууль эрх зүйн орчны өөрчлөлт гэхэд дан ганц уул уурхайгаар нөлөөлөл нь хязгаарлагддаггүй. Хамтран ажилладаг бүхий л байгууллагад дам байдлаар эерэг, сөрөг нөлөөллөө үзүүлдэг. Уул уурхайн салбар амжилттай явбал үр нөлөө нь улсын эдийн засагт шууд тусдаг.
Тиймээс энэ жилээс Mining Week-т ханган нийлүүлэгчдээ идэвхтэй татан оролцуулна. Мэдээж худалдан авагч үгүй бол ханган нийлүүлэгч байхгүй. Ханган нийлүүлэгчид байж, тэнд эрүүл өрсөлдөөн явагдсанаар худалдан авагч талд төслөө үр өгөөжтэйгөөр үргэлжлүүлэх боломж олгодог. Тиймээс төсөл хэрэгжүүлэгч уул уурхайн компаниуд болон ханган нийлүүлэгч аль аль талд нь харилцаа холбоо, хамтын ажиллагаа, шинэ мэдээллүүд чухал юм. Тэдний уулзах талбар нь Mining Week байх болно. Уул уурхайн салбарын худалдан авалт, ханган нийлүүлэлтийн бодлогоор дамжуулан үндэсний бизнесүүдээ, орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдээ, тоног төхөөрөмж импортоор оруулж ирж байгаа гадаадын түншүүдээ дэмжиж ажиллах юм. Энэ хүрээнд ханган нийлүүлэлтийн экспо арга хэмжээгээр Mining Week өргөжиж байна. MinePro үзэсгэлэнгийн гол онцлог нь уул уурхайн төслүүд худалдан авалтын бодлогоо ханган нийлүүлэгчдэд танилцуулна. Ханган нийлүүлэлтэд тулгарч буй асуудлаа аль аль тал нь хамтдаа суугаад хэлэлцэнэ. Эрдэс баялгийн салбарын хувьд татвар хураамжаар улсын төсөв бүрдүүлэхээс гадна ханган нийлүүлэлт, тээвэр логистик, банк санхүү гээд нийтэд нь авч үзвэл эдийн засагт үзүүлэх дам нөлөөлөл нь их. Иймээс салбарын эдийн засагт үзүүлэх дам нөлөөллийн судалгааг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн судлаачдаар хийлгэж байна. Судалгааны үр дүнг Mining Week дээр танилцуулна. Сонирхолтой үр дүн харагдана гэж найдаж байна.
Канадын Уул уурхайн ассоциацийн “Тогтвортой уул уурхайн төлөө” буюу TSM (Towards Sustainable Mining) TSM олон улсын стандартыг Монголдоо нэвтрүүлэхээр МУУҮА-ийн ТУЗ шийдвэрлэсэн. Mining Week-ийн үеэр албан ёсны гэрээ байгуулагдах уу?
TSM кодексийг хэрэгжүүлэх гэрээг Mining Week-ийн үеэр үзэглэнэ. Албан ёсны эрхийг МУУҮА хүлээж авснаар манай гишүүн компаниуд уг стандартыг хэрэгжүүлэх үүрэг хүлээж байгаа. Энэ бол маш том хариуцлага юм. TSM нь 20 гаруй улсад хэрэгждэг. Өмнөд Америк, Африк гэх мэт Европын олон улс орон TSM стандартыг хэрэгжүүлдэг. Ази тивийн хувьд Австрали, Филиппиний дараа Монгол гурав дахь гэрээг байгуулж байгаа орон болно. TSM нь уул уурхайн компаниудаас нэлээд өндөр шалгуур хангахыг шаарддаг тул хөрөнгө оруулагчдад эерэг мессеж өгдөг, нэр хүндийн нэг үзүүлэлт болдог стандарт. Стандартын шаардлагыг манай уул уурхайн компаниуд хангаад эхэлбэл цаашид олон улсын хөрөнгийн бирж дээр гарах, хөрөнгө оруулалт татахад итгэл төрүүлэх томоохон баталгаа болох юм. Энэ нь манай салбарынхан дараагийн шатанд гарах, олон улсын уул уурхайн жишиг стандарт руу тэмүүлж байгаагийн илэрхийлэл. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” 20 гаруй компанийг нэгтгэсэн том нэгдэл. Тус нэгдэл таван жилийн стратеги төлөвлөгөөндөө TSM стандарт нэвтрүүлнэ гэсэн үүрэг амлалт авсан. Өмчийн хэлбэр, аль орны хөрөнгө оруулалт гэдгээс үл хамааран цаашид бид олон улсын нэг л хэлээр ярьдаг, нэг стандартаар ойлголцдог болох учиртай. Уул уурхайн төслүүд хариуцлагатай үйл ажиллагаа явуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангах үйл явц нь Хариуцлагатай уул уурхайн кодексийн хэрэгжилтээс эхэлнэ. Хариуцлагатай уул уурхайн кодексийн шаардлагыг бүрэн хангасан бол ахиж дэвшсээр TSM стандарт рүү шилжих боломжтой.
Олон улсын стандартын хувьд өртөг зардал өндөртэй. Харин уул уурхайн салбар, компаниудаа хариуцлагажуулах зорилгоор үнэ төлбөргүй хэрэгжүүлээд явж байгаа нь хариуцлагатай уул уурхайн кодекс юм. Энэ системийн ач холбогдлыг компаниуд маш сайн ойлгодог болсонд баяртай байгаа. Иргэний нийгмийн байгууллагууд ч “Хариуцлагатай уул уурхай”-н кодексын дагуу компаниудад шаардлагаа тавьдаг болсон нь энэ стандартыг нэвтрүүлсний үр дүн бага багаар гарч буйн илэрхийлэл юм. Систем нэвтрүүлэлт, стандарт хэрэгжилт гэдэг нь олон талын ойлголцол нэгдэж байж амжилттай хэрэгждэг учраас цаг хугацаа шаардагдаж байна. Гэхдээ хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлэх үйл явц үр дүнтэй, хурдтай байгаа гэж хардаг.
Mining Week-ээр яригдах үндсэн сэдвүүдэд эрчим хүчний шилжилт, критикал минерал, “Тэрбум мод” хөтөлбөртэй холбогдох асуудлууд багтжээ. Энэ талаар дэлгэрүүлж яривал?
Эрчим хүчний шилжилт, шинэ эрчим хүчний эх үүсвэр, чухал ашигт малтмалын чиглэлээр улс болгон өөр өөрийн маш амбицтай стратеги төлөвлөгөө зарлан хэрэгжүүлж байна. Энэ хөгжлийн хандлагын хаана нь, ямар орон зайг Монгол Улс эзлэх боломжтойгоо олж харж, тодорхойлох ёстой. Бид энэ чиглэлд хоцорчихгүй юм сан. Бусад улс орнуудын хувьд чухал ашигт малтмалын эрэл хайгуул, судалгаа шинжилгээ, технологи хөгжүүлэлт, баяжуулалтын үйл явц эхэн үедээ явна. Хөрөнгө оруулалтын гол урсгал чиглэж байгаа ч яг хайж илрүүлээд, олборлолт болон үйлдвэрлэлийн шатандаа ороод, эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа нь цөөн байна. Чухал ашигт малтмалын хувьд сорилтын зэрэгцээ боломжууд ч бий. Тиймээс манай улсын хувьд бодлогын түвшинд ямар өөрчлөлт шинэчлэлт шаардагдаж байгааг төрийн яамд, судлаач, шинжээчид хамтарч суугаад ярилцах, улмаар тодорхой шийдвэр гаргалтад нөлөөлөхүйц үр дүнтэй хэлэлцүүлгийг Mining Week-ийн үеэр хийхээр төлөвлөж байна.
“Тэрбум мод” гэсэн агуулгын хувьд өнөөдөр дэлхий нийтийг бүхэлд нь нэгтгэсэн цор ганц зорилго бол уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах болоод байна. Улс орнууд үүрэг амлалт авч, хүчин чармайлтуудаа нэгтгэж байна. Манай улс ч гэсэн үүнд хувь нэмрээ оруулахаар нэгдсэн нь “Тэрбум мод” хөдөлгөөн. Агаар мандалд ялгарсан хийг шингээх байдлаар нүүрстөрөгчийн ялгарлыг нэмэхгүй, барихад чиглэсэн гол үйл ажиллагааны нэг бол мод тарих. Өөрөөр хэлбэл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүн төрөлхтөний оруулж чадах хувь нэмрийн нэг нь мод тарих юм. Уул уурхайн салбарынхан маань эх дэлхийнхээ төлөөх Монгол Улсыхаа энэхүү хүчин чармайлтад хамгийн түрүүнд нэгдэж, “Тэрбум мод” хөдөлгөөнийг манлайлан, 650 сая мод тарьж ургуулах үүрэг амлалт авсан. Амлалтаа амжилттай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна. Гэхдээ дан ганц уул уурхайнхны хүчин чармайлтаас хамаарахгүй зүйлс бас гарч байна. “Тэрбум мод” хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэхэд төр захиргааны байгууллагууд, ялангуяа санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэг туслалцаа чухал байгаа. Хууль эрх зүйн хүрээнд зарим өөрчлөлт зохицуулалт хийх шаардлага гарч байна. Зохион байгуулалт, гүйцэтгэл дээр ч бас бус асуудлууд тулгарч байна. Энэ бүхнийг мөн Уул уурхайн долоо хоногоор ярилцаж хэлэлцэх юм.
Шинээр бүрдсэн Засгийн газар хөрөнгө оруулалтын чиглэлээр ямар бодлого баримтлах бол гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байгаа болов уу? Тэдний хүлээлтийг хангасан мэдээллийг Уул уурхайн 7 хоногийн үеэр өгч чадах уу?
Хамтарсан Засгийн газраас өгөх мессеж хөрөнгө оруулагчдад үнэхээр чухал. Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан Шадар сайд болон Хөрөнгө оруулалт, худалдааны газартай бид уулзсан. Хөрөнгө оруулагчдад тулгардаг асуудал бэрхшээлийг нэгтгэн ярилцах боломж Уул уурхайн 7 хоногийн үеэр гарна. Энэд яригдсан асуудлууд Засгийн газраас хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдаж чадвал гол дүн гэж харж байна.
Уул уурхайн 7 хоногийн үеэр Уул уурхайн ассоциациудын дугуй ширээний уулзалт анх удаа зохиогдох гэж байна. Энэ нь ямар ач холбогдолтой арга хэмжээ болох вэ?
Уул уурхайн 7 хоногийг олон улсын хэмжээний хурал болгож өргөжүүлэх хүрээнд олон улсын ассоциациудын дугуй ширээний уулзалт төлөвлөсөн. Мэдээж анх удаагийн гэдгээрээ онцлог. Mining Week-ийн хүрээнд олон улсын арга хэмжээг анх удаа зохион байгуулахаар зориг гаргалаа. Энэ арга хэмжээ амжилттай болж, цаашлаад Ассоциациудын дугуй ширээний уулзалт олон улсын хурал чуулганыг тойрон хийгддэг байгаасай гэж хүсэж байна. Дэлхий даяараа 2030 он гэхэд ногоон эрчим хүч рүү шилжих том зорилт тавиад байна. Үүний зэрэгцээ уул уурхайн ханган нийлүүлэлтийн сүлжээнд геополитикийн нөхцөл байдал маш том нөлөө үзүүлж байна. Тиймээс Уул уурхайн ассоциациуд энэхүү зорилтод хүрэх, асуудлаа шийдэхийн тулд хэрхэн хамтарч ажиллахаа ярилцах юм. Энэ нь эргээд Монгол Улсыг олон улсад зөвөөр таниулах, улсынхаа потенциалыг ойлгуулахад багагүй түлхэц болох болов уу. Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалтуудын үеэр Сайд нарын дугуй ширээний уулзалт болж, бодлогын түвшний асуудлаа ярьдаг. Үүний адил Mining Week-ийн үеэр Элчин сайд нарын дугуй ширээний уулзалтыг мөн зохион байгуулах юм. Монгол Улсад суугаа Элчин сайд нар тойрч суугаад, хамтын ажиллагааны боломжуудаа ярилцана.
ОРОН НУТГИЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКУУД
ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ САНАЛ БОЛГОНО
Түүнчлэн Mining Week-ийн үеэр “Санхүүгийн өдөр” зохиогдох нь байна. Зорьж очих хүмүүст юугаараа хэрэгтэй арга хэмжээ болох бол?
Тийм ээ, энэ жилээс чуулганы хөтөлбөрт “Санхүүгийн өдөр”-ийг шинээр оруулсан. Дотоод, гадаадын банк санхүүгийн байгууллагууд өргөнөөр оролцоно. Мөн орон нутгийн жижиг, дунд бизнесийг дэмжих зорилгоор тэдэнд үнэ төлбөргүй оролцох боломж олгож байгаа. Орон нутгийн бизнес эрхлэгчдэд олон улсын хөрөнгө оруулалтын банкууд хөнгөлөлттэй зээлийн нөхцөл санал болгоно. Арга хэмжээний ивээн тэтгэгчээр Их Британийн худалдааны танхим хамтарч ажиллаж байна. Тус улсаас бизнесийн төлөөлөгчид олноор ирж оролцоно. Мөн хөрөнгө оруулалтын томоохон сангуудын голлох мэргэжилтнүүдийг урьсан. Тэдгээр зочид олон улс дахь хөрөнгө оруулалтын нөхцөл байдал, чиг хандлагын талаар шинэлэг бөгөөд чухал мэдээллийг хуваалцана гэсэн хүлээлттэй байна. Лондоны хөрөнгийн бирж, Лондоны металлын бирж, Торонтогийн хөрөнгийн биржээс төлөөлөгчид ирнэ. Олон улсын хөрөнгийн биржид хэрхэн бүртгэлтэй болох, үүний тулд ямар шалгуур үзүүлэлтийг хангасан байх талаар олон улсын зөвлөх үйлчилгээний компаниуд зөвлөгөө өгнө. Нөгөөтэйгүүр Монголын хөрөнгийн биржээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаад багагүй хугацаа өнгөрлөө. Уул уурхайн биржийн арилжааг улам амжилттай болгохын тулд олон улсын түүхий эдийн биржүүдээс суралцах, харилцаа холбоо тогтооход нь гүүр болохыг Ассоциаци зорьж байна.
Уул уурхайн 7 хоногийн хүрээнд өөр шинэлэг, содон ямар арга хэмжээнүүд зохион байгуулагдах вэ?
Зохион байгуулах газраас эхлээд шинэлэг байлгахыг зорьж байна. Налайх дүүрэгт Тайж хайрхны өвөрт зохион байгуулна. Энэ нь орон нутгийнхан болон уурхайчдынхаа оролцоог хангах гэснийх. Уурхайн талбай руу орж байгаа мэт мэдрэмж төрөхүйц орчин ахуйг бүрдүүлнэ. Мөн Операторуудын холбоотой хамтарч хүнд машин механизмын операторуудын “National Operator Challenge” тэмцээн зохионо. 4 төрлөөр, 4 өдөр үргэлжилнэ. Тэмцээний ялагчид Англид олон улсын операторуудын тэмцээнд оролцох эрх авна. Уул уурхайн салбарын сүүлийн хориод жилийн ололтын нэг нь манай операторууд олон улсад өрсөлдөхүйц ур чадвар эзэмшсэн явдал. Үүнийг бид дэмжих ёстой. Мөн “Хариуцлагатай уул уурхай” сэдэвт хурлаар олон улсын түвшинд нийгмийн хариуцлагын хүрээнд компаниуд юу хийж байгаа талаарх арга туршлагаас хуваалцах юм.
Ер нь Уул уурхайн 7 хоногийн өдөр бүр сонирхолтой хөтөлбөртэй байна. Арга хэмжээ бүрийн агуулга нь уул уурхайн хөгжил, хариуцлагатай, тогтвортой байдалд чиглэгдэнэ. Ингэж цогцоор зохион байгуулахын тулд МУУҮА Худалдааны танхимууд, Элчин сайдын яамд, банк санхүүгийн байгууллагууд болон бусад олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Гаднаас ирэх зочид төлөөлөгчдийг хүлээж авахдаа Аялал жуулчлалын холбоотой хамтарч ажиллаж байна. Ер нь бүхий л оролцогч талыг нэгтгэхийг бид зорьж байна.
УУРХАЙН ТАЛБАЙГ БОДИТООР ТАНИЛЦУУЛАХ НЬ БҮСИЙН ЧУУЛГАНЫ НЭГ ГОЛ КОНЦЕПЦ
МУУҮА-аас зохион байгуулдаг нэг гол арга хэмжээ бол Бүсийн чуулган. Бүсийн чуулганууд хэзээ хэрхэн зохиогдох гэж байна вэ?
Бүсийн чуулганууд энэ намраас зохиогдож эхэлж байна. Есдүгээр сарын 11-13-ны өдрүүдэд Хойд бүсийн чуулган Хөвсгөл аймгийн Мөрөнд болно. Арваннэгдүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэцийд өмнөд бүсийн чуулганыг зохион байгуулна. Бүсийн чуулганыг зохион байгуулахдаа бүс нутгийн онцлог, нөхцөл байдлыг харгалздаг. Хөвсгөл аймгийн Мөрөнд болох бүсийн чуулганы хувьд өөрийн гэсэн онцлогтой. Уул уурхайн үйлдвэрлэл идэвхтэй явагддаг бүс нутгийнхныг урьж оролцуулан, тэднээс уул уурхайтай хэрхэн хамтран ажиллаж, үр шимийг хүртдэг талаарх туршлагаас нь сонсох юм. Уул уурхайн салбарын хууль эрх зүйн орчин, төрөөс баримталж буй бодлогын талаар орон нутгийн төр захиргааны байгууллагууд нэгдсэн ойлголт багатай, орон нутгийн иргэд, олон нийтийн хувьд нэг талыг барьсан ташаа мэдээлэлд автах явдал түгээмэл. Тиймээс бодит тэнцвэртэй мэдээллийг хүргэхэд бүсийн чуулган чухал үүрэг гүйцэтгэдэг. Хариуцлагатай төслүүд үйл ажиллагаа явуулснаар орон нутгийн хөгжил болоод иргэдэд ямар үр өгөөж, давуу тал бий болгодог, түүнийг дагаад орон нутгийн жижиг дунд бизнесүүд хэрхэн өсөж тэлдгийг бодитоор ойлгуулах нь бүсийн чуулганы гол зорилго юм. Цаашид бүсийн чуулганыг хугацаа, давтамжийг нь ойртуулан, тогтмол зохион байгуулна. Ирэх жил бүсчилсэн чуулганууд дөрөвдүгээр сараас эхлэн, илүү өргөн хүрээнд зохиогдоно.
Бүсийн чуулганд орон нутгийн иргэд оролцох боломж хэр нээлттэй вэ?
Бүрэн нээлттэй. Уул уурхайн үйл ажиллагаа идэвхтэй явагддаг орон нутагт иргэд нь өөрсдөө уурхайд ажилладаг, эсвэл уурхайн туслан гүйцэтгэгч компанид ажилладаг байх нь нийтлэг. Үр өгөөжийг нь ажил, амьдралаараа хүртээд явдаг учир салбараа, асуудлаа сайн мэднэ. Үүний жишээ нь Эрдэнэт хот байна. Харин уул уурхай идэвхтэй биш бүс нутагт мэдээллийг нэг дороос хүргэхэд бүсийн чуулган их нэмэр болж байна. Оролцооны хувьд бүсийн чуулган болж буй тухайн аймаг, орон нутгийн удирдлагаас ихээхэн хамаардаг нь ажиглагддаг. Зарим аймаг маш чамбай зохион байгуулалттай, өргөн бүрэлдэхүүнтэй оролцох нь бий. Нэг удаагийн бүсийн чуулганд таван аймгаас, Засаг дарга нар нь 10-15 хүний бүрэлдэхүүнтэй ирж, чуулгандаа маш идэвхтэй оролцож байсан. Бүсийн чуулганы хувьд төр засгаас барьж буй бодлого орон нутагт хэрхэн хэрэгжиж байгааг бодитоор танилцуулахын зэрэгцээ хариуцлагатай уул уурхай гэж ямар төслийг тодорхойлдог, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо ямар байгаа талаар цогц мэдээллийг авч чаддаг. Чуулганы хоёр дахь өдөр нь зочид, төлөөлөгчдийг уурхайтай танилцуулдаг. Хариуцлагатай уурхай хэрхэн үйл ажиллагаа явуулдаг, аюулгүйн дүрэм журам яаж мөрдөгддөг, байгаль орчныг хамгаалах хөтөлбөрийн хэрэгжилт, ажилчдын ажиллаж амьдардаг ахуй нөхцөл зэргээ бүгдийг үзүүлж харуулдаг. Ингэж бодитоор танилцсанаар хүмүүсийн хандлага ч өөрчлөгддөг юм билээ. Иргэний нийгмийн байгууллагууд гэхэд Бүсийн чуулганд маш идэвхтэй оролцдог болж байна.
“Хариуцлагатай уул уурхай гэж ийм байдаг юм байна, ийм байвал дэмжилгүй яах вэ” гэдэг үгийг цөөнгүй иргэний нийгмийнхнээс сонсож байна. Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ. Шижигнэсэн инженер техникийн ажилтан залуус хариуцлагатай уул уурхайг хэрхэн бүтээн байгуулж, ажиллуулж байгааг нүдээр харсан хүн бүрт бахархах сэтгэл төрдөг. Шимт хөрсөө хэрхэн нөхөн сэргээлтдээ ашиглаж байгааг нь хараад, мод үржүүлгийн газарт очиж үзээд маш эерэг сэтгэгдэлтэй үлддэг. Бүсийн чуулганы нэг үр дүн гэвэл бодит мэдээлэл авсан нутгийн иргэд, малчид, иргэний нийгмийнхний хандлага өөрчлөгдөж байгаа явдал. Тиймээс танхимд сууж хуралдахаас гадна уурхайн талбайг бодитоор танилцуулах нь бүсийн чуулганы нэг гол концепц юм. МУУҮА нь 2023 онд 5 бүсэд чуулган зохион байгуулахад бүс болгоны ялгаатай байдлаас шалтгаалан орон нутгийн асуудлууд өөр болох нь ажиглагдсан. Бүр ямар ястнууд голлон амьдарч буйгаас хамаарч, орон нутгийн харилцааны асуудал ч өөр байна. Орон нутгийн удирдлагуудын зүгээс ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ ажилтай орлоготой байлгахыг эрмэлзэж байна. Орон нутаг дахь ажилгүйдэл тулгамдсан асуудал тул хариуцлагатай төслийг дэмжих хандлагатай болж байгаа нь их олзуурхууштай санагдсан. Нааштай өөрчлөлтүүд их ажиглагдаж байгаа.
Нөгөө талаар уул уурхайн төслүүдийн орон нутгийн харилцааны асуудлыг олон жил ярьж байгаа ч энэ чиглэлд ямар ч үйлдэл хийгдсэнгүй. Манай улсын хувьд орон нутгийн харилцааны ажилтнаа бэлтгэж чадаагүй. Орон нутгийн харилцааг голдуу байгаль орчны ажилтнууд хийж байна. Гэтэл тэд чинь инженерүүд. Өөр ур чадвар эзэмшсэн хүмүүс тул харилцааны асуудлыг зохицуулахад бэрхшээлтэй. Байгаль орчны инженерүүд манайд орон нутгийн харилцааны ажил хийж байхад олон улсад хотжилтын, хөдөө аж ахуйн, уул уурхайн гээд нарийн мэргэшиж байна. Асуудлууд нь адилгүй, үзүүлж буй нөлөөлөл нь өөр учраас зохицуулалт нь бас өөр байхаас аргагүй юм. Манай улсын хувьд ингэж төрөлжиж чадаагүй ч уул уурхайг дагаад хамгийн сайн хөгжиж, бойжиж чадсан салбар бол байгаль орчин. Тиймээс цаашдаа салбарууд хамтдаа хөгжихийн тулд хэрхэн хамтарч ажиллах талаараа ярилцах хэрэгтэй байна.
“ИРЭЭДҮЙН ИНЖЕНЕРҮҮД” ХӨТӨЛБӨР “1000 ИНЖЕНЕР” ХӨТӨЛБӨР, ФУЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГТ НЭГДСЭН
Мэргэжлийн боловсон хүчин гэснээс МУУҮА-аас санаачилсан “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийн талаар тодруулж асууя. Ямар зорилгоор энэ хөтөлбөрийг эхлүүлэв? Үр дүн, ахиц гарч байна уу?
Нуулгүй хэлэхэд манай улсад сүүлийн 20 жил уул уурхайн талаар хэт нэг талыг барьсан, зөвхөн хариуцлагагүй жишээ, үйл явдлыг өлгөн авч, олон нийтэд таниулсан сөрөг хандлагаас болж залуу үе маань эрдэс баялгийн салбарын талаар сөрөг ойлголттой, мэргэжлийн ач холбогдлыг мэддэггүй, үнэлдэггүй болжээ. Гэтэл энэ салбарт техник технологийн шинэчлэл, хөгжил дэвшил хамгийн түрүүн нэвтэрч, түүнийг дагаад боловсон хүчин нь хөгжиж дэвших, шинийг бүтээх боломж илүү өндөр байдгийг хүүхдүүд мэдэхгүй байгаа нь харамсалтай.
Аж үйлдвэрийн хөгжил, түүнд шаардагдах түүхий эдийн олборлолт нэмэгдэх чиг хандлагыг дагаад эрдэс баялгийн салбарт хүний нөөцийн хэрэгцээ дэлхий даяар өсөж байна. Эрдэс баялгийн салбарт зөвхөн уул уурхайн инженерүүд ажилладаггүй. Салбар бүрийн мэргэжлийн цогц үйл ажиллагаа шаардагддаг тул бүхий л төрлийн инженерүүдийн хэрэгцээ шаардлага өндөр. Тиймээс Монгол Улсад зөвхөн уул уурхайн инженер гэлтгүй ерөөс инженерийн чиглэлээр мэргэжилтнүүд бэлтгэх, бодлогоор дэмжих шаардлага тулгамдаж байна гэж үзэн “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийг МУУҮА санаачилсан. Анх санаачлахдаа яг ямар чиглэлээр “Ирээдүйн инженерүүд” бэлтгэх ёстойг нэлээд бодсон. Эрчим хүчний шилжилт, ногоон эрчим хүчний хөгжлийг ирээдүйн инженерүүд л цогцлоон бүтээнэ. Гэтэл өнөөдөр манай улсад сэргээгдэх эрчим хүчний инженерээр жилдээ нэг л хүн төгсөж байх жишээний. Дэвшилтэт технологи дагасан шинэ салбар, чиглэлээр боловсон хүч бэлтгэх эрэлт хэрэгцээ манай улсад үүсээд байна. Өнөөдрөөс бэлтгэж эхэллээ гэхэд 5-6 жилийн дараа эхний инженерүүд ажлын талбар дээр гарч ирнэ. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын геологи хайгуул маш хоцрогдолтой явна. Критикал минералын асуудал манайд одоо л яригдаж байхад бусад улс орнууд бодлого стратегиэ гаргаад, түүнийхээ дагуу ажиллаад явж байна. Дэлхий нийтийн чиг хандлагаас монголчууд бид хоцрохгүйг хичээх хэрэгтэй байна. Одоогоос 40 гаруй жилийн өмнөх үеийн Эрдэнэт, Багануур зэрэг уурхай, үйлдвэрт шаардлагатай байсан боловсон хүчнийг одоо ч бэлдсээр байж болохгүй. Нийгэм, цаг үеийнхээ хөгжилтэй уялдуулж боловсон хүчнээ бэлдэх хэрэгтэй байгаа. Нөгөө талаар хэрвээ анзаарвал манай улсад туршлагатай боловсон хүчний шилжилт хөдөлгөөн бараг байхгүй болсон. Том төсөл, үйлдвэр анх эхлэхэд ажиллаж байсан хүмүүс нь тэндээ л ажилласаар байгаа. Тэгэхээр шинээр эхэлж буй төслүүдэд туршлагатай хүмүүс байхгүй, шинэ хүмүүсээр боловсон хүчээ бүрдүүлж байна. Туршлагагүй учраас шинэ хүмүүс нь өмнөх төслүүдийн өмнөх алдааг давтан үргэлжлүүлээд байна. Ингэснээр цаг хугацаа ч алдаад, хөрөнгө оруулалтын зардлууд нэмэгдээд байгаа юм.
Сүүлийн хориод жилд дэлхий дахинаа аж үйлдвэржилтийн хувьсгал маш эрчимтэй явагдлаа. Хятад улс гэхэд цоо шинэ үйлдвэрийг иж бүрнээр угсардаг болсон байна. Тийм үйлдвэрүүдэд хүний оролцоо маш бага, хүн биш техник бүхнийг удирдах байдлаар технологийн шинэчлэлүүд хийгдэж байна. Тиймээс манай улс хэрэгцээтэй газартаа шаардлагатай боловсон хүчнийг зайлшгүй бэлдэж, чадавхжуулах хэрэгтэй байгаа. Ийм хэрэгцээнээс үүдэн “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийг санаачилсан. Ингэхдээ ирээдүйд ямар мэргэжил үнэ цэнтэй байх, манай улсын өрсөлдөх чадварын талаарх бодитой мэдээллийг ахлах ангийн сурагчдад өгч, инженер мэргэжлийн давуу талыг сурталчилдаг. Цаашид хөтөлбөрөө улам өргөжүүлж, олон талын оролцоог хангахыг зорьж байна. 2024 оноос “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрөө Бүсийн чуулганы хүрээнд багтаасан. Бүсчилсэн байдлаар орон нутгийн хүүхдүүдэд мэдээлэл хүргэх, салбартаа тэргүүлж буй шилдэг инженерүүдтэй уулзуулах, үлгэр дуурайлал өгөх, мэргэжил сонголтод нь дэм тус болохоор ажиллаж байна.
Өнгөрсөн хоёр жил хагасын хугацаанд дотоодын 20 гаруй тэтгэлгийг оюутнуудад өгсөн. Гадаадын тэтгэлгийн тухайд Австралийн тэтгэлэг авсан 3 оюутан одоо явж байна. Түүнчлэн манай хөтөлбөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “1000 инженер” хөтөлбөр, Фулбрайтын тэтгэлэгт нэгдсэн. Өмнө нь оюутнууд тэтгэлэг олох гэж “зовдог“ байсан бол одоо шаардлагатай байгаа эрэлттэй мэргэжлийг сонгосон бол “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөр дэмжиж ажиллах юм. Ажил олгогчийн хувиар тэтгэлэг олгох, төгсөхөд нь ажлын байраар хангах, холбож өгөх байдлаар илүү үр дүнтэй хэрэгжүүлэхийг зорьж байна. Мөн Ассоциацаас ажлын байрны эрэлт нийлүүлэлтийн судалгаа хийлгэж байгаа. Бодлого гаргагчдын түвшинд судалгаанд суурилж, боловсролын реформ хийх шаардлага бий. “Атрын аян” гэдэг шиг үндэсний хэмжээнд инженерүүд бэлтгэх аян болгож өрнүүлэх ёстой гэж харж байна. Энэ нь ирээдүйд манай улсын олон улсад өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх нэг боломж юм. Өмнөх жилүүдтэй харьцуулахад манай улс уул уурхайн олон улсын хэлийг ойлгодог чадварлаг мэргэжилтнүүдтэй болжээ. Тэднийг бусад улс орон ажилд аваад эхэллээ. Иймээс боловсон хүчнээ хадгалж авч үлдэх, салбарт ажиллах хүний нөөцөө одооноос бэлтгэхгүй бол таван жилийн дараа гэхэд боловсон хүчний дутагдалд орох нь байна. Нэг компани дунджаар 70-80 хувийн хүний нөөцийн хүчин чадлаар ажиллаж байна. Зарим жижиг төслүүд бүр 50 хувьтай байна. Тиймээс МУУҮА-ийн зүгээс хамгийн их ач холбогдол өгч байгаа ажил бол “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөр. Ирээдүйн боловсон хүчнээ бэлтгэхээс гадна одоогийн боловсон хүчнээ чадавхжуулах асуудлыг энэ хөтөлбөр хамарна.
IMARC-Т МАНАЙ УЛС ЗАСГИЙН ГАЗРЫН ХАМТРАГЧААР СТАТУС АХИЖ ОРОЛЦОНО
Сүүлийн жилүүдэд МУУҮА гадаад хамтын ажиллагаандаа анхаарч, Канадын PDAC, Австралийн IMARC зэрэг томоохон хурал чуулганд Монголоо танилцуулах өдрийг идэвхтэй зохион байгуулж байна. Эдгээр арга хэмжээнээс ямар үр дүн гардаг вэ гэсэн асуулт уншигчдад байгаа байх?
Олон улсын чуулга уулзалтад тогтмол оролцох нь Монгол Улсаа байгаа гэдгийг байнга сануулж байхад чухал юм. Цаашид “Монголын өдөр”-өөр хязгаарлахгүйгээр манай улсын төлөөлөгчид томоохон хурлуудад илтгэл тавих байдлаар оролцъё гэсэн байр сууринаас гадаад харилцаагаа өргөжүүлж байна. 2025 он гараад Канадын PDAC буюу олон улсын уул уурхайн хөрөнгө оруулагчдын хамгийн том цугларалт болно. Бэлтгэл ажилдаа орсон. Австралийн Сидней хотноо болдог IMARC хөрөнгө оруулалтын чуулганаар анх удаа өнгөрсөн жил “Монголын өдөр”-ийг зохион байгуулсан. 2024 оны IMARC-ийн зохион байгуулалтад МУУҮА оролцож байгаа. Энэ жил манай улс Засгийн газрын хамтрагчаар статус ахисан. Австралийн хөрөнгө оруулагч нар, Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй Монголын компаниудад шинэ Засгийн газрын төлөвлөгөөг сонсгох боломж бүрдүүлэхийг зорьж байна. Монголоос одоогийн байдлаар нэлээд өргөн бүрэлдэхүүн очих төлөвтэй байна.
Бид арга хэмжээ бүрийн дараа үр дүнгээ үнэлдэг. Олон улсын хурлуудад оролцоод тэр даруйд шууд үр дүн хүлээх боломжгүй ч аль нэг компани хөрөнгө оруулалт татаж чадвал тэр нь улс орныхоо боломж бололцоог танилцуулж сурталчилсны үр дүн. PDAC-т бид Монголын өдрийг зохион байгуулснаас хойш 1 компани хөрөнгө оруулалт татаж, оролцсон хэд хэдэн компани эхний хэлцлүүдээ хийгээд байгаа. Энэ бол нэг эерэг үр дүн. Хөрөнгө оруулалт татна гэдэг өнөөдөр яриад маргааш ороод ирдэг зүйл биш. Урт хугацааны турш итгэл найдвар бий болгож, хэлсэн ярьсандаа хүрч байж хийгддэг. Мөн энэ жил МУУҮА-иас мэргэжилтнүүд болон орон нутгийн иргэдийг хамруулсан туршлага солилцох аяллыг Канад, Австрали руу хийлээ. Уурхай нь газар тариалан болон усан үзмийн талбайтай зэрэгцэн оршоод, хажууд нь дарсаа үйлдвэрлээд, зэрэгцээд аялал жуулчлал хийгдээд, бие биенээ тэтгэн хамтдаа хөгжөөд явж болдгийг нүдээр харсан. Энэ бүхэн нь орон нутгийн иргэдийн хандлага өөрчлөгдөхөд үр нөлөөгөө үзүүлж байна.
Ярилцсанд баярлалаа.