- 2025 онд ТУУТ стандартад үндэслэн шилдэг компаниудад “TSM Awards” шагнал олгоно -
Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяатай Майнинг Инсайтын Н.Ариунтуяа ярилцлаа.
МУУҮА-ийн гишүүн компаниуд Хариуцлагатай уул уурхайн кодекс (ХУУК) ийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Тэгвэл Тогтвортой уул уурхайн төлөө (ТУУТ) стандарт нь ХУУК-оос юугаараа ялгаатай вэ? ТУУТ стандартыг нэвтрүүлэх компаниуд ямар асуудалд анхаарах, юунд шинээр суралцах хэрэгтэй вэ?
ХУУК нь хариуцлагатай уул уурхайн суурь зарчим, хууль дүрмийг мөрдүүлэхэд чиглэсэн Монгол Улсын сайн дурын стандарт. Гэхдээ ТУУТ стандартад тулгуурлан боловсруулснаараа онцлог. ТУУТ стандарт нь хариуцлагатай уул уурхайн шалгуур үзүүлэлтийг илүү нарийвчилсан, олон улсын түвшний үзүүлэлтүүдийг тусгасан хэдий ч манай уул уурхайн компаниудад бүрэн нээлттэй, хэрэгжүүлэх боломжтой стандарт юм. ТУУТ стандарт нь уул уурхайн компанийн гүйцэтгэлийг байгаль орчин, орон нутаг, нийгмийн хөгжил, компанийн засаглалын хүрээнд тодорхой үнэлэгдэх шалгуураар дүгнэдэг. ХУУК нь ТУУТ стандартад суурилсан тул энэ хоёр стандартыг хэрэгжүүлэх үйл явц төстэй.
Стандартыг хэрэгжүүлэх процессыг товч тайлбарлавал компани нь:
• ТУУТ стандартын 9 протоколын 34 шаардлага, 256 дэд шалгуур үзүүлэлтийн дагуу өөрийн үнэлгээг жилд 1 удаа хийнэ.
• 3 жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.
• Уул уурхайн салбарын оролцогч талуудын төлөөллөөс бүрдсэн бие даасан олон талт зөвлөл нь ТУУТ стандартын хэрэгжилт болон хөндлөнгийн үнэлгээний тайланг хянаж ажиллана.
ТУУТ стандартын 9 протоколд
1. Нутгийн уугуул иргэд болон орон нутгийн харилцаа
2. Аюулгүй, эрүүл, нэр хүндтэй ажлын байр
3. Тэгш боломж, олон талт, хүртээмжтэй ажлын байр
4. Эрсдэлийн менежмент болон мэдээлэл харилцааны төлөвлөгөө
5. Хүүхдийн болон албадан хөдөлмөр эрхлэхээс сэргийлэх
6. Биологийн олон янз байдлын менежмент
7. Хаягдлын далангийн менежмент
8. Усны менежмент
9. Уур амьсгалын өөрчлөлтийн менежмент
Нэг зүйлийг онцлон хэлэхэд эдгээр протоколын ихэнх нь манай компаниудын хувьд хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зайлшгүй хийдэг ажлууд юм. Уур амьсгалын өөрчлөлтийн менежмент зэрэг шинэ тутам гарч буй зарим нэг асуудлаас бусад нь бидний сүүлийн 20 жилийн турш хэрэгжүүлэхийг хичээж, сайжруулсаар ирсэн асуудлууд тул хэрэгжилтэд төдий л хүндрэл үүсэхгүй гэж бид харж байгаа.
ТУУТ стандартыг хэрэгжүүлэх нь уул уурхайн компаниудад бодит ямар ашиг тусыг өгөх вэ?
ТУУТ стандартыг хэрэгжүүлснээр уул уурхайн компаниудын хувьд олон улсын хөрөнгө оруулагчдын итгэлийг хүлээх, зах зээлд нэр хүндээ өсгөх, санхүүгийн дэмжлэг авах зэрэг томоохон боломжууд нээгдэнэ. Apple, Tesla, BMW болон La Mancha Capital зэрэг олон улсын үйлдвэрлэгч, хөрөнгө оруулагчид ТУУТ стандартыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлээд байна. Мөн, манай гишүүн “Mongolian Mining Corporation” (MMC) ТУУТ стандартыг хэрэгжүүлж эхэлснээр 2023 онд өөрийн үнэлгээг амжилттай дуусгаж, аюулгүй ажиллагаа болон биологийн олон янз байдлын үнэлгээгээр дээд түвшний буюу AA+ үнэлгээг авсан. Энэ нь ТУУТ стандартын бодит үр дүнг илэрхийлэхээс гадна Монголын уул уурхайн компаниуд хэрэгжүүлэх бүрэн чадамжтай болсныг харуулж байна. Түүнчлэн хариуцлагатай уул уурхайн компаниудын тоо олон болох нь олон нийтийн мэдлэг ойлголт, хандлага, дэмжлэг нэмэгдэхэд чухал хувь нэмэртэй юм. Энэ нь уул уурхайн салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжинэ. ТУУТ стандартын хэрэгжилтийг хөндлөнгийн үнэлгээчид үнэлж, олон талт зөвлөл хянаж байдаг. Энэ нь эрх ашиг нь хөндөгдсөн оролцогч талуудын үүрэг оролцоог тэгш хангаж, олон талт харилцааг чухалчилсны үр дүнд салбарын үйл ажиллагаа тогтвортой байхад хувь нэмэртэй юм. Мөн хуулиар зохицуулах боломжгүй харилцааны асуудлыг дараагийн түвшинд гаргах боломжийг оролцогч талуудад олгодгоороо давуу талтай. Эрдэс баялгийн салбарт хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудын хэрэгжүүлж байгаа хариуцлагатай уул уурхайн стандартыг хожуу гараанаас гарсан манай улсын компаниуд богино хугацаанд амжилттай нэвтрүүлэн, хэрэгжилтийг хангаж чадаж байгаа нь чамлахааргүй амжилт юм. Цаашид салбарын хэмжээнд энэ стандартыг нэвтрүүлэн, үр дүнтэй хэрэгжүүлж, жил ирэх тусам ахиц дэвшил үзүүлж байж, салбарын хөгжил хурдтай, үр өгөөжтэй, тогтвортой явах боломж нөхцөл бүрдэнэ гэж харж байна.
Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шалгуур үзүүлэлтүүд ТУУТ стандарттай хэрхэн уялдах вэ?
Дээр дурдсан ТУУТ стандартын 9 протокол дотор байгаль орчин, орон нутгийн харилцаа, компанийн засаглал гээд БОНЗд тавигддаг үндсэн шалгуурууд орсон тул хөрөнгө оруулагчдын зүгээс тавьдаг БОНЗын шаардлагуудыг бүрэн хангаж ажиллах боломжтой. Тухайлбал, ТУУТ стандарт нь усны нөөцийн зохистой менежмент, хаягдлын далангийн менежмент, агаарын бохирдлыг бууруулах, орон нутгийн иргэдийн эрүүл мэнд, байгаль орчны хамгааллыг сайжруулах арга хэмжээг үнэлдэг. Иймд ТУУТ стандартыг хэрэгжүүлэгч компаниуд үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, илүү тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах замаар БОНЗын үнэлгээ болон Тогтвортой хөгжлийн тайландаа шаардлагатай мэдээллийг давхар гаргаад явах боломжтой.
Олон улсад хариуцлагатай уул уурхайн нэгдсэн стандарт боловсруулах үйл явц өрнөж байна. Энэ талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгнө үү?
Энэхүү нэгдсэн стандартыг боловсруулахдаа (The Consolidated Mining Standards Initiative) Зэс тэмдэг (The Copper Mark), Канадын Уул Уурхайн Ассоциацын Тогтвортой уул уурхайн төлөө стандарт, Дэлхийн Алтны Зөвлөлийн хариуцлагатай уул уурхайн зарчмууд, Олон Улсын Уул Уурхайн Зөвлөлийн (ICMM) уурхайн зарчмууд стандартуудыг нэгтгэн, маш өргөн хүрээтэй, салбарын олон асуудлыг шийдвэрлэх боломжтой шалгуур үзүүлэлттэй байхаар зорьж байна. Энэ стандартын хүрээнд оролцогч талуудын үүрэг хариуцлага тодорхой болж компаниуд ч олон стандарт хэрэгжүүлэх шаардлагагүй болж байгаа. Олон улсын нэгдсэн стандартыг боловсруулах явцад уул уурхайн салбарын гол оролцогч талууд болох компаниуд, төрийн байгууллагууд, судлаачид, иргэний нийгмийн байгууллагуудын санал бодлыг тусгах зорилгоор өргөн хүрээний хэлэлцүүлэг зохион байгуулж байна. Нэгдсэн стандартыг 2025 онд эцэслэн гаргахаар ажиллаж байгаа. МУУҮА энэхүү санаачилгад нэгдэж, олон улсын туршлагыг Монголд нутагшуулж, өөрийн орны онцлогт нийцүүлэхэд анхаарч, саналаа өгөөд байна.
Эцэст нь ТУУТ стандарт Монголын уул уурхайн салбарын ирээдүйд ямар хувь нэмэр оруулах вэ?
Монголын уул уурхайн салбарт ТУУТ стандартыг нэвтрүүлж буй нь олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, ил тод нээлттэй байх, хариуцлагатай, тогтвортой хөгжлийг баталгаажуулахад чухал алхам юм. Бид 2025 онд шилдэг компаниудыг тодруулахдаа ТУУТ стандартын үнэлгээнд үндэслэн “TSM Awards” шагналаар оны шилдгүүдээ тодруулахаар төлөвлөж байна. Олон улсын зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн, хариуцлагатай, тогтвортой байдлыг дээдэлдэг компаниудыг тодруулахын тулд ТУУТ стандартыг гол шалгуур болгох юм. Энэ нь зөвхөн Монголын төдийгүй олон улсын жишигт хүрэх чухал хөшүүрэг болно гэж найдаж байна.
Ярилцсанд баярлалаа. Монголын уул уурхайн салбарын хөгжлийг дэмжсэн энэхүү санаачилга амжилттай хэрэгжихийг ерөөе!
Баярлалаа. Монголын уул уурхайн ирээдүйг илүү хариуцлагатай, тогтвортой болгоход хамтдаа хувь нэмрээ оруулахыг нийт оролцогч талуудад, уул уурхайн компаниуддаа уриалж байна.