Манай улс анх удаа ураны төсөл дээр Хөрөнгө оруулалтын гэрээ (ХоГ) зурахаар бэлтгэж байна. Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано Майнинг САС" компанийн хооронд байгуулах ХоГ-ний төсөл дээр талууд хэлэлцээ хийж, зарим нөхцөлийг урьдчилан зөвшилцсөнийг протоколоор баталгаажуулж, олон нийтэд нээлттэй мэдээлээд байгаа билээ. Энэхүү ил болсон мэдээллийн хүрээнд ХоГ тойрсон асуудлаар Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер, судлаач Н.Дорждарьтай Mining Insight-ийн Н.Ариунтуяа ярилцлаа.
Оюутолгойн ХоГ-тэй холбоотой маргаан мэтгэлцээн Монголын нийгэмд 10 гаруй жил үргэлжилж байна. Эндээс бид ямар сургамж авч, одоо байгуулах ураны төслийн ХоГ-н дээр юуг шийдэж урагшлах ёстой вэ?
Ураны төслийн ХоГ-г хэлэлцэж байгаа гэж Засгийн газрын зүгээс мэдэгдсэн. Хугацаа нэлээд шахуу байх шиг байсан. Мөн хоёр талын гарын үсэг зурсан протоколыг ил болгосныг харсан. Эдгээр мэдээллийг үзэхэд анхаарах, тодруулах шаардлагатай хэд хэдэн асуудал байсан. Оюутолгойн гэрээг анх 2009 онд байгуулсан. Аливаа гэрээг байгуулахад мэдээж эцэс төгсгөлгүй цаг хугацаа гэж үгүй. Гэхдээ бас хэт яарах нь олон асуудлыг дутуу дулимаг тохирох, улмаар ирээдүйд үл ойлголцол, маргаан үүсэх эрсдэлтэйг бодолцох ёстой. Өөр нэг ажиглагдсан зүйл бол зарим нэг хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг протоколын хүрээнд хөндсөн байна лээ. Энэ нь хэр зохимжтой вэ гэдгийг ч эргэн харах ёстой. Мэдээж хууль тогтоомжийг сайжруулах, өөрчлөх зайлшгүй шаардлага байж болно. Гэхдээ энэ ажлыг тодорхой нэгэн гэрээний хүрээнд шийдэх нь оновчгүй санагддаг. Оюутолгойн гэрээг байгуулахад ч мөн л хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулсан байдаг. Хууль тогтоомжийг өөрчлөх, шинээр гаргах нь гэрээ байгуулах үйл явцаас тусдаа процесс байх нь зөв болов уу.
Ер нь ураны энэ төсөл юугаараа нөхцөл нь өөр вэ?
Ураны төсөл Ашигт малтмалын тухай хууль гэхээсээ илүү Цөмийн энергийн тухай хуулиар зохицуулагддаг. Энд нэг онцлог заалт байдаг нь төслийг хариуцсан компанид төр оролцох эрхтэй холбоотой. Жишээ нь “Оюутолгой” ХХК-д Монголын төр 34 хувийн хувьцаа эзэмшдэг. Төслийн тодорхой хэсгийг хувьцаа эзэмшигчид хариуцаж, хувьцааны санхүүжилт хийх бол тэр санхүүжилтийн 34 хувийг Монголын төр засаг гаргах шаардлагатай. Тодорхой хугацаанд уг санхүүжилтийг Монголын төр хамтрагч хөрөнгө оруулагчаасаа зээлж авах зохицуулалттай. Уг өрийг хүүтэй нь эргэж хөрөнгө оруулагчдаа төлж дууссаны дараа төр ногдол ашгаа авах эрхтэй байдлаар Оюутолгойн анхны гэрээ байгуулагдсан. Энэ хүрээнд үүссэн өрийг саяхан харин тэглэх тухай тохиролцсон гэж ойлгож байгаа. Харин ураны хувьд төслийг хариуцагч компанийн 34 хувийг төр үнэгүй эзэмших эрхтэй. Өөрөөр хэлбэл, хувьцааны санхүүжилт шаардагдлаа гэхэд тэр мөнгийг хөрөнгө оруулагч тал дангаар гаргаад, харин ногдол ашгийн 34 хувийг төр бүрэн авах эрхтэй. Энэ нөхцөл байдлаас хамаарч хөрөнгө оруулагч талын олох ашгийн тооцоо нэлээд өөр болох байх. Хоёрт нь мэдээж ураны хувьд цацраг идэвхт ашигт малтмал гэдэг утгаараа байгаль орчин, орчны хүн ам, ажиллах хүчний аюулгүй байдалд тавигдах шаардлага маш чухал. Энэ хүрээний асуудлыг Монгол Улсын өнөөгийн хууль тогтоомжийн хүрээнд хангалттай зохицуулж болох эсэх нь эргэлзээтэй. Гэрээ байгуулахад үүнийг анхаарах ёстой байх.
“Орано Майнинг”-тай байгуулах ХоГ-ний хамгийн гол нөхцөл нь Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй 10 хувийн давуу эрхтэй хувьцааг үнэ төлбөргүй эзэмшинэ гэсэн нь хамгийн оновчтой гарц шийдэл мөн үү? Харгалзаж үзэх ёстой өөр арга замууд байж болох уу?
Давуу эрхийн хувьцааг төр засагт эзэмшүүлэх бол энгийн хувьцааны 34 хувийг үнэгүй эзэмших эрх нь давхар хадгалагдах уу гэх асуулт миний хувьд гарч байгаа. Хэрэв тийм бол мэдээж санхүү талаасаа энэ нь Монголын талд ашигтай байх болов уу. Нөгөө талаас давуу эрхийн хувьцааг эзэмших болсноор ямар нэгэн буулт хийж байгаа эсэхийг ойлгох шаардлагатай.
Хэрвээ 34 хувийг үнэгүй эзэмших эрхээсээ татгалзсаны хариуд энэ 10 хувийг авч байгаа бол тийм ч оновчтой биш болов уу. Давуу эрхийн хувьцаанд ногдох ашгийг хэрхэн тооцох, тогтмол дүнгээр үү, эсвэл ашгаас хамаарч хувьсах уу гэх мэт асуудал үүсэх байх.
Хөрөнгө оруулагч тал мөн давуу эрхийн хувьцаа эзэмших үү гэх мэт нарийн асуудлуудыг харгалзаж байж оновчтой эсэхийг хэлэх байх.
Давуу эрхийн хувьцааг эзэмшихтэй холбогдуулан суурь АМНАТ нь 5 хувь, Монголын талын эзэмшлийг тусгай АМНАТ-ийн тодорхой хувиар орлуулах, түүнчлэн хүчин төгөлдөр хуульд заагаагүй өсөн нэмэгдэх АМНАТ-ийг нэмж тохиролцон, зах зээлийн үнээс хамааран нийт АМНАТ-ийг 19 хүртэл хувиар тооцохоор урьдчилан зөвшилцөөд байна. Энэ нөхцөлөөр тохиролцлоо гэхэд ямар эрсдэл, асуудал гарч болзошгүй вэ?
Тусгай АМНАТ-өөр хувьцаа эзэмших эрхийг сольж байгаа бол энэ хоёрыг харьцуулсан тооцоог үзэх шаардлага үүснэ. Үнэгүй эрх, хөрөнгө оруулах нөхцөлтэй эрх хоёр өөр гэдгийг дээр дурдсан. Өсөн нэмэгдэх АМНАТ-ийн хувьд үнээс хамаарах байдлаар зохицуулах байх. Тэгвэл уг төлбөр төлөгдөж эхлэх босго үнэ хэр бодитой вэ гэх мэт асуудлууд үүснэ. 19 хувийн АМНАТ гэдэг нь хэдийгээр өндөр дүн мэт сонсогдож байгаа ч тооцох аргачлал, суурь үнэлгээ зэргийг харах шаардлагатай болно. Ер нь төслийн санхүүгийн загварыг хэр бодитой боловсруулсан, уг загвар нь эрсдэлүүдийг үнэлж чадахаар байгаа юу, төслийн санхүү мөнгөний урсгалыг бүхэлд нь үнэлэх боломжийг олгох уу зэрэг асуудлууд үүснэ. Монголын тал энэ бүх тоонуудыг сайн загвар дээр үнэлж, тал бүрээс нь эрсдэлийг тооцож байж тохирч байгаа гэж найдаж байна.
Хэлэлцээр амжилттай болж гэрээ зурагдвал тусгай роялтийн зохицуулалт анх удаа “Орано” дээр хэрэглэгдэнэ. Монгол Улс тусгай АМНАТ ийг анх удаа хэрэглэх гэж байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд эрсдэл, хүндрэл гарах уу? Бид юуг анхаарах ёстой вэ?
Тусгай АМНАТ бол Ашигт малтмалын тухай хуульд байдаг. Энэ хууль уранд үйлчлэхгүй гэж би ойлгож байгаа. Тиймээс гэрээндээ тодорхой заахгүй бол маргаан үүсэх эрсдэлтэй байх. Нөгөө талаар тусгай роялти нь 34 хувийн үнэгүй хувьцаа буюу төслийн 34 хувийн ногдол ашигтай харьцуулахад их үү, бага уу гэдгээс хамаарч дүгнэлт хийх хэрэгтэй болно. Одоогоор ил байгаа мэдээллээс тийм харьцуулалтыг би олж хараагүй.
Протоколд “Цөмийн энергийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Хөрөнгө Оруулалтын гэрээ байгуулахаар” тохиролцжээ. Гэрээ байгуулах бүрт хуулиа өөрчлөхөд хүрдэг энэ байдлыг бид давтаад яваад байх нь зөв үү? Энэ тохиолдолд хуулийг өөрчлөхөөс аргагүй гэж харах зөвтгөл харагдаж байна уу?
Дээр дурдсанчлан энэ бол оновчгүй. Гэхдээ хуульд зарим нэгэн өөрчлөлтийг хийхээс өөр замгүй нөхцөл байдал үүсэж болно. Гол нь хууль тогтоох процесс энэ явцад битгий зөрчигдөөсэй, яаралтай горим гэх мэтээр хууль батлахдаа олон нийтийн саналыг авахгүй, хэт яарсан өөрчлөлтийг хийхээс сэрэмжлэх хэрэгтэй.
Протоколд их өргөн хүрээний тогтворжуулалт тусгагдсан байсан. “Төсөл хэрэгжүүлэгч компанийн татвар, үйл ажиллагааны орчин болон Уурхайн бүтээн байгуулалт, олборлолт, үйлдвэрлэл, бүтээгдэхүүний борлуулалт, нөхөн сэргээлт болон уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагааг тогтворжуулах эорилгоор Хөрөнгө оруу лалтын гэрээний төслийн зарим нөхцөлийг урьд чилан зөвшилцсөн” гэсэн ийм өргөн хүрээ ний тогтворжуулалт хийх нь ирээдүйд ямар үр дагавар, эрсдэлүүд үүсгэж болзошгүй вэ? Ер нь татвараас өөр ийм өргөн хүрээний тогтвор жуулалтыг ямар нөхцөлд хэрэглэдэг вэ?
Энэ нь ямар чухал асуудал гэдгийг бид Оюутолгойн жишээн дээрээс ч харж байгаа. Тогтворжуулалтын цар хүрээг янз бүрээр ойлгосноос болж татварын зарим маргаан үүсээд байна гэж Засгийн газрын төлөөлөл саяхан нэгэн ярилцлагадаа дурдсан байна лээ. Товчхондоо бол татварын хувь, хэмжээг тогтворжуулахаас бусдаар аливаа асуудлыг тогтворжуулах нь оновчгүй гэж боддог. Мөн татвар дотроо ч гэсэн үндсэн гэж болох цөөн тооны татварыг л тогтворжуулах нь зөв. Байгаль орчин, уурхайн хаалт, нөхөн сэргээлт зэрэг асуудалтай холбоотой эрх зүйн орчныг хэрхэвч тогтворжуулж болохгүй. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчлэх хууль тогтоомжийг үл ялгаварлах зарчмын дагуу бүх этгээд дагаж мөрдөх нь зөв болов уу. Учир нь байгаль орчныг хамгаалах стандарт өөрчлөгдөж, чамбайрч явдаг. Байгаль хамгаалах асуудлыг 30 жилийн өмнөх хууль тогтоомжоор зохицуулах гэх нь оновчгүй.
АМНАТ-ийн хэсэгт Маркетингийн зардлын 2 хувь, Ноу-хаугийн төлбөрт үйл ажиллагааны болон хөрөнгийн зардлын 4 хувийг авахаар тохиролцож байгаа гэсэн тооцооллыг Та эдийн засагчийн хувьд хэрхэн харж байна вэ? Энэ нь ямар асуудал үүсгэх эрсдэлтэй вэ?
Энэ нь АМНАТ-ийн хувь хэмжээг ногдуулах суурь үнэлгээтэй холбоотой гэж ойлгосон. “Орано” шиг туршлагатай компани, тэр тусмаа ураны хэрэгцээ өндөр байгаа Франц улсын төрийн өмчит компани маркетинг зэрэгт их хөрөнгө зарцуулахгүй болов уу гэж төсөөлж байна. Ноу-хаугийн төлбөр зэрэг нь нарийн тодорхойлохгүй бол бас л цаашдаа маргааны сэдэв болно. Мөн роялтиг тооцох сууриас хасах нь зохимжгүй л гэж үзэж байна. Гэхдээ протоколыг уншихад энэ асуудлыг нарийн ойлгоход хангалттай мэдээлэл байхгүй мэт харагдсан.
Протоколоор тохирсон гол нөхцөлүүдийн хүрээнд ХоГ байгуулагдвал Оюутолгойн гэрээнд нөлөөлөх үү?
Оюутолгойн гэрээнд "Орано"-гийн гэрээ нөлөөлөхгүй байх. Учир нь хоёр өөр хуулиар зохицуулагдаж байгаа асуудал. Харин "Орано"-гийн гэрээг байгуулахын өмнө татвар болон бусад асуудлаар хууль тогтоомжоо өөрчилбөл тэр нь Оюутолгойд хамаарч мэднэ. Цаашид ер нь аливаа татварын хуулийг өөрчлөхдөө Оюутолгойн тогтворжуулалтад яаж нөлөөлөхийг анхаарахаас өөр аргагүй. Гэрээ байгуулж, түүгээр татварын тусгай дэглэм тогтоохын сөрөг тал нь энэ. Аль болох гэрээ байгуулахгүйгээр уул уурхайн төслүүдийг ажиллуулах хэмжээнд хууль тогтоомжоо сайжруулаад явах нь урт хугацаандаа оновчтой болов уу.
Монгол Улс “Орано Майнинг”-ийн Монголд бүртгэлтэй “Бадрах Энержи” компанийн 34 хувийг эзэмшиж байна. Стратегийн ордын хувьд төсвийн хөрөнгөөр хайгуул хийж олсон ордын 51-ээс доошгүй хувийг, хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийж олсон ордын 34 хувиас багагүй хувийг төр эзэмших ёстой. Гэтэл хуулийн босгыг 34 хувиас багагүй гэчихээр хувь эзэмшлийн хэмжээг манайд хуулийн доод босгоор авчихаад байдаг. Ер нь яагаад 34-өөс дээшээ байж болдоггүй юм бол? Үүн дээр ямар байр суурьтай байдаг вэ?
Эргээд нарийн тооцоо, санхүүгийн загварт үндэслэж уг асуултад хариу өгөх ёстой байх. Төсөл нь их ашигтай байхаар бол хувьцаа эзэмших нь ашигтай л байх. Харин төсөл алдагдалд орох эрсдэл байвал хэрхэх үү гэдэг асуудал үүснэ. 34-өөс дээш хэмжээнд хувь эзэмшинэ гэвэл уг хэмжээнээс давсан хэсэгт нь хөрөнгө оруулах үүрэг үүсэх буюу үнэгүй хувьцаа биш болно гэсэн үг. Татвар төлөгчдийн мөнгийг уул уурхайн төсөлд оруулах хэрэг байна уу л гэх бодол байна.
Майнинг Инсайт сэтгүүл, Арванхоёрдугаар сар 2023, №12 (025)