Г.Занданшатар: Танай зарлагыг 50 хувиар хэмнэх шаардлагыг тавина

Э.Мишээл

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой" ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбогдуулж Өмнөговь аймгийн Цогтцэций сумд байрлах тус компанийн нүүрсний уурхайд өнөөдөр (2025.07.19) ажиллаж байна. Тэрбээр Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгчийн үйл ажиллагаа гурван сарын хугацаанд юуг шийдвэрлэх, мөн холбогдох албаныханд дараах асуултыг тавьж, хариулт авлаа.  

"Нэгдүгээрт, энэ уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч (БЭТ) ард түмний хяналт, олон нийтийн хувьцаат компани болгох, ард түмэн шууд ашиг, ногдол ашиг хүртдэг байх, энэ бодлогын суурийг гурван сарын дотор тавих ёстой. 

Хоёрдугаарт, сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулж, экспортыг нэмэгдүүлж, компанийн үр өгөөжийг сайжруулж, бодитой өөрчлөлт шинэчлэлтийг хийх шаардлагатай, бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх өөрчлөлтийг хийх хэрэгтэй байна. 

Гуравдугаарт, салбар дундын зохицуулалтыг хангах зорилгоор БЭТ-ийн зөвлөлд холбогдох бүх яамдыг оруулж, БЭТ-ийн зөвлөлийг томилсон. Тиймээс ойрын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх эрхийг та нарт олгож байгаа. АТГ, ТЕГ, ЦЕГ хяналт тавьж ажиллана. 
Тиймээс хэдэн асуулт байна. 

  • 41 гацсан гэрээг яаж шийдвэрлэх вэ? Та нарт бүх эрх нь олгогдсон. Тиймээс Засгийн газарт тайлагнах шаардлагагүй. Яагаад гэвэл онцгой дэглэм үйлчилж байгаа. 
  • Худалдан авагчид нүүрсний чанарын асуудлыг ярьдаг. Чанарыг хэн хянаж байна вэ? 
  • Чулуун нүүрсний экспорт нэмэгдэж байна. Чулуун нүүрсний үнээр коксжих нүүрс, сул коксжих нүүрс борлуулж байна гэсэн хэл ам байдаг. Дараа нь биржийн үнэ, амны үнэ зөрүүтэй байдаг. Үүнээс болж биржийн арилжаанд оролцох идэвх сулрах, Баяннуурт 80 оролцогч оролцдог байсан. Хямд авсан нүүрсийг цаашаа зарж эцсийн хэрэглэгчид хүргэж байгаа учраас биржийг сулруулж байна. Нүүрсийг аман дээрээс авч байгаа хэдэн худалдан авагч байна вэ? 
  • Үнийн зөрүүнээс болж нүүрсний борлуулалтад хүндрэл учирч байна уу? 
  • Нүүрсний үнэ, чанарын асуудал. Өөрөөр хэлбэл сорчилж аваад хусмын үнэ төлөөд байгаа юм биш биз? 
  • Норинкотой хамтарч ажиллаад нүүрс баяжуулах үйлдвэр барьсан. Одоогоор хэдэн сая тонн нүүрс баяжуулаад байна вэ? Хэдэн хүн ажиллаж байна, хэрхэн үр бүтээлтэй ажиллах вэ? Саяхан нэг гишүүн уурхайгаас 20 км зайд баяжуулах үйлдвэр барьсан. Бусад үйлдвэр уурхай дээрээ барьдаг. 20 км-т нүүрс тээвэрлэхэд 1.8 сая төгрөг төлж байна гэж асуусан. Яагаад ийм асуудал яригдаад байна вэ? 
  • 112 машин механизмаас 61 нь ажиллаж байна. ЭТТ-н техникийн ажилчдын буруугаас шалтгаалж редукторын тос хийснээс болж нийлүүлэгч тал баталгаат хугацаанд засвар хийхгүй гэж сул зогсоосон. Энэ олборлолтын байдалд нөлөөлнө гэсэн асуудал байна?
  • Танай зарлагыг 50 хувиар хэмнэх шаардлагыг тавина. Оффис дээр 188 хүн яагаад ажиллаж байна вэ? Уурхай дээрээ хэдэн хүн ажилладаг вэ?
  • Гадаад, дотоод зах зээлийн нэр хүндийг яаж сайжруулах вэ? Ард түмний эзэмшлийн уурхай биш, авлигачдын уурхай гэж ярьдаг болчхоод байна" гэв. 

Түүний хариултад "Эрдэнэс Монгол" ХХК-иас БЭТ-ийн багийн ахлагч У.Бямбасүрэн хариуллаа. Тэрбээр, "Нүүрсний чанарын асуудалд эрчим хүчний нүүрс, исэлдсэн нүүрсний үнээр сул коксожсон нүүрс зарсан асуудал байхгүй. Хуучин хууль хяналтын байгууллагууд жижиг сажиг зөрчил илрүүлж байсан. Сүүлийн жилүүдэд байхгүй болсон. 

Ам нөхцөлөөр авч байгаа, урт хугацааны дөрвөн том худалдан авагчийн гэрээ бий. Хятадын Чалко, Глори Таун, Жаюү Жасс, Иком гэсэн компаниуд бий. Бүгд хөнгөлөлттэй, урьдчилгаа авчихсан, гэхдээ тэрийг бүгдийг нь төлж барагдуулсан гэрээнүүд бий. Ачилт хэвийн явж байна, бүгд ам нөхцөлтэй. Асуудал нь үнийн зөрүү бий, гэхдээ урт хугацааны гэрээтэй, бид гэрээний үүргээ биелүүлж байгаа. Бусад нь биржээр явагдаж байна. 

Төв оффист 188, уурхайд 1650, нийтдээ 1800 гаруй хүн ажиллаж байна. Онцгой дэглэм тогтоосон гурван сарын хугацаанд нэг ч хүн шинээр авахгүй гэдгийг Ерөнхий сайд танд хэлье. Баяжуулах үйлдвэр болон Тавантолгой нүүрс ачих логистикийн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор уурхайд ажиллаж байгаа, ажлын ачаалал бага, хоорондын хийдлийг нь арилгаж, ийм орон тоонд ажиллаж байгаа хүмүүсийг сургаад явуулна гэж бодож байгаа. Улаанбаатарын оффист холбогдох хэдэн байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Үндсэн үйл ажиллагаа Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цанхийн уурхайд явагдаж байна. Бид зарим нэгжийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд уурхай руу шилжүүлсэн. Уурхай руу шилжүүлснээр зардал нэмэгдэх асуудал гарч байна. Орон нутгаас мэргэжил шаардахгүй хүмүүсийг аваад явж байна. Цогтцэций сумын нэлээдгүй тооны хүмүүс энд ажиллаж байгаа. Цаашид аль болох зардал бууруулах, зайлшгүй хүмүүсийг энд ажиллуулах зардлыг судална. Оффисын ажилчдын тоо жил бүр буурч байгаа. 

Баяжуулах үйлдвэр уурхайгаас 12 км зайтай. Анх 2020 онд байршлыг баталчихсан юм билээ. Баяжуулах үйлдвэр туршилт тохируулгын үе шатандаа явж байна. БНХАУ-ын Норинко компани барьсан. Орчин үеийн технологитой, усны асуудлыг Загийн усны хоолойн унданд ашиглах боломжгүй гүний усны үүсвэрээс татаж ашиглах шийдэлтэй явж байгаа. Нүүрсний гол тэжээлийг конвероор шийдэх асуудал яваад, 40 гаруй хувийн хэрэгжилттэй явж байна. Одоогоор бид машинаар зөөж байна. Хоёр өдөр зөөгөөд, нэг өдөр угаах туршилт тохируулгын үйл ажиллагаа явж байна. Уурхайгаас хол учраас конвер ашиглалтад орох хүртэл эдийн засгийн үр ашиг туйлын хүнд. Тэгэхээр ямар ч байсан үйлдвэрээ жигдрүүлье. Уурхайн хувьд баяжуулах үйлдвэр нэн чухал учраас хүмүүсээ бэлдээд авчихъя гэсэн шатандаа явж байна. 

Зах зээлийн нэр хүндийг Ерөнхий сайд асуулаа. "Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн нүүрс Хятадын зах зээл эрэлттэй, цаашид эрэлттэй байна гэж бодож байна. Энэ чиглэлээр аливаа нэг байдлаар хууль зөрчсөн, эсвэл бүтээгдэхүүний чанарт эргэлзэх байдал гаргуулахгүйн тулд БЭТ онцгой анхаарч ажиллана" гэв.