Д.НАМУУНЦЭЦЭГ
"Уул уурхайн долоо хоног 2025” арга хэмжээний онцлох нэг салбар хуралдаан нь “Монголын критикал минералын хөрөнгө оруулагчдын форум” (2025.09.11) байсан юм. Төсөл хэрэгжүүлэгчдийн хувьд гадаадын хөрөнгө оруулагчдад төслөө танилцуулах чухал индэр болж, зарим нь гаднын хөрөнгө оруулагчидтай хамтын ажиллагааны эхний алхмаа хийв.
Салбар хуралдааныг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нээж үг хэлэхдээ, “Өнөөдөр бол дэлхий дахины түүхэн шилжилтийн үе юм. Цэвэр эрчим хүчний шилжилт эрчимтэй өрнөж, зэс, литий, кобальт, никель, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт урьд өмнө байгаагүйгээр өсөн нэмэгдэж байна. Эдгээр баялаг нь сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч хуримтлуур, цахилгаан автомашин, дижитал эдийн засгийн цөмийг бүрдүүлж байна. Монгол Улс эдгээр эрдэс түүхий эдээр баялаг орон. Нөөцийн хувьд хараахан бүрэн судлагдаагүй ч зөв хөрөнгө оруулалт, технологи, хамтын түншлэлээр эдийн засгаа төрөлжүүлж, ажлын байр олноор бий болгож, шинэ боломжуудыг нээх бүрэн чадамжтай. Энэ нь зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хязгаарлагдахгүй, тогтвортой хөгжил, иргэддээ хүртээмжтэй үр өгөөж бий болгох асар их боломж юм” гэв.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс энэхүү боломжийг бүрэн дүүрэн ашиглахын тулд чухал ашигт малтмалын талаар нэгдсэн бодлого, үндэсний стратеги боловсруулахын зэрэгцээ, чухал ашигт малтмалын жагсаалтыг баталсан эрх зүйн орчин бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Энэ нь хөрөнгө оруулагчдад тодорхой, таамаглах боломжтой нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсыг дэлхийн цэвэр эрчим хүчний шилжилтийн найдвартай түнш гэсэн нэр хүндийг бэхжүүлэх зорилготойг Салбарын сайд онцолсон юм.
Форумын үеэр хөрөнгө оруулагчдад тулгардаг эрсдэлүүдийг нээлттэй ярилцсаны нэг нь уул уурхайн салбарын нэр хүнд. Төсөл хэрэгжүүлэгч зарим аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдал салбарын нэр хүндэд бүхэлд нь сөргөөр нөлөөлдгийг хөндсөн. Компаниуд хайгуулын лиценз авчхаад үйл ажиллагаа эхлүүлэхдээ орон нутгийн иргэдэд мэдээлэл өгдөггүй, ил тод харилцаа үүсгэдэггүйгээс асуудал үүсдэг. Хайгуулын шатнаас эхлэн орон нутгийн иргэдийг мэдээллээр хангаж, хамтын ойлголцол, итгэлцэл бий болгож чадвал олборлолтын үед үүсэх хүндрэл, маргаан багасна гэдэгтэй форумын оролцогчид санал нэгтэй байлаа.
Салбар хуралдаанаар чухал ашигт малтмал тойрсон асуудлаар хэлэлцүүлэг өрнөсөн бөгөөд тэдгээрээс онцлох байр сууриудыг хүргэе.
“Asian Battery Metals” ХХК-ийн Гүйцэтгэх захирал З.Ган-Очир:
Чухал ашигт малтмалын салбарт гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахын тулд гурван үндсэн хүчин зүйлд анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт татварын орчин, хоёрдугаарт хууль эрх зүйн тогтвортой байдал, гуравдугаарт геологийн нөөц бололцоо юм. Монгол Улсын хувьд зэсийн салбарт бүс нутгийн хэмжээний томоохон тоглогч болох нөөц боломж бий. Тиймээс хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэхийн тулд татварын орчныг сайжруулж, илүү өрсөлдөх чадвартай болгох нь чухал. Хууль эрх зүйн хувьд манай улс Төв Азийн зарим орнуудаас харьцангуй сайн, давуу талтайд тооцогддог. Гэхдээ хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл явц төвөгтэй хэвээр байгаа. Энэ асуудлыг шийдвэрлэх, лиценз олголтыг нэмэгдүүлж, ил тод болгох талаар бодлогын түвшинд ярилцаж, тодорхой өөрчлөлтүүд хийгдэхээр болж байгаа нь эерэг дохио юм. Эдгээр зүйлс шийдэгдвэл хөрөнгө оруулагчдад илүү таатай орчин бүрдэнэ.
“Эрдэнэс ҮТП” ХХК-ийн Үйлдвэрлэл, технологи, төсөл хөгжүүлэлтийн газрын менежер Г.Ганхуяг:
Хайгуулын лиценз цөөн тоогоор олгогдож байгаа нь салбарын хөгжлийг хязгаарлах нэг хүчин зүйл болж байна. Хайгуул бол өндөр эрсдэлтэй, нэг л хувийн боломжтой салбар. Өөрөөр хэлбэл, 100 хайгуулын лицензээс ердөө нэг нь ашигт малтмалын орд болох боломжтой. Тиймээс дараагийн шатны орд, үйлдвэрлэлүүдийг бий болгохын тулд хайгуулын үйл ажиллагааг өргөн хүрээнд, идэвхтэй хийх шаардлагатай. Үүний зэрэгцээ Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн асуудал ч анхаарал татаж байна. Энэ нь зөвхөн зэс гэлтгүй бүхий л чухал ашигт малтмалд хамааралтай. Ялангуяа боловсруулах үйлдвэрийн түвшинд АМНАТ харьцангуй өндөр байгаа. Боловсруулалтын түвшин нэмэгдэхийн хэрээр АМНАТ өсдөг тул хөрөнгө оруулагчдын хувьд Монголд биш магадгүй Хятадад боловсруулах үйлдвэр барих нь илүү ашигтай. Гэхдээ манай Засгийн газар энэ асуудлыг ойлгож, бодлогын түвшинд өөрчлөлт оруулахаар ажиллаж эхэлсэн сайн мэдээ байна. Тодруулбал, АМНАТ-ийн хувь хэмжээг бууруулах, татварын ачааллыг багасгах зохицуулалт боловсруулагдаж байгаа нь салбарын хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн уялдааг дэмжих чухал алхам болох юм.
“Ханхэнтийн Хүдэр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Энхбат:
Монгол Улсад хайгуул болон олборлолтын түвшинд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. Хууль эрх зүйн орчин болон бизнесийн бусад нөхцөл ч хөрөнгө оруулалт татахад тодорхой хэмжээнд зохицсон гэж хэлж болно. Хамгийн тулгамдаж байгаа асуудал нь газрын гүний хайгуул, ялангуяа критикал минерал буюу ховор элементийн төслүүдийн хүрээнд гүний өрөмдлөг хийх боломж хязгаарлагдмал байгаа явдал. Энэ төрлийн хайгуул өндөр зардалтай, нарийн техник, технологийн дэмжлэг шаарддаг учраас жижиг болон дотоодын хайгуулын компаниуд дангаар хэрэгжүүлэхэд хүндрэлтэй. Тиймээс зайлшгүй гадаад хамтрагч, хөрөнгө оруулагчдын оролцоо шаардлагатай. Иймд төрөөс тодорхой бодлого боловсруулж, ийм төслүүдийг дэмжих хэрэгтэй байна. Үүнд хайгуулын лицензийн хугацааг уртасгах, критикал минералд зориулсан тусгай зохицуулалт бүхий хууль батлах, мөн энэ чиглэлийн татвар болон хөрөнгө оруулалтын орчныг илүү нээлттэй, уян хатан болгох зэрэг арга хэмжээнүүдийг багтааж болно. Монголд геологи, уул уурхайн чиглэлээр мэргэшсэн инженер, мэргэжилтнүүд хангалттай бий. Тиймээс бодлого зөв хэрэгжвэл энэ төрлийн төслүүдийн хүрээнд дотоодын ажиллах хүчийг ашиглан, олон шинэ ажлын байр бий болгож, эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах бүрэн боломж байна.





















