"Рио Тинто"-гийн дараагийн Гүйцэтгэх захирлаар Simon Trott тодорлоо

С.Болд-Эрдэнэ

"Рио Тинто" компанийн дараагийн Гүйцэтгэх захирлаар тус компанийн төмрийн хүдрийн группын захирал Simon Trott тодорсон байна. Тус компанийн одоогийн Гүйцэтгэх захирал Якоб Стоушхолм үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо өнгөрсөн 5 дугаар сард мэдэгдсэн. Үүний дараа "Рио Тинто"-гийн ТУЗ-өөс дараагийн Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалтыг эхэлсэн байдаг.

"Рио Тинто"-гийн Гүйцэтгэх захиралд Төмрийн хүдрийн группын захирал Саймон Тротт, Арилжааны группын захирал Б.Болд, Хөнгөн цагааны группын захирал Jérôme Pécresse нар нэр дэвшсэн байна. Гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах хороо болон ТУЗ-ийн шийдвэрээр Саймон Троттыг Гүйцэтгэх захирлаар томилохоор шийдвэрлэжээ. "Рио Тинто"-гийн ТУЗ-ийн дарга Доминик Бартон "Саймон бол хүндхэн сорилттой үед манай төмрийн хүдрийн бизнест нэгдэж, компанийн соёлыг сэргээн босгож, гадаад харилцаагаа бэхжүүлж, биднийг өсөлтийн замд оруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Түүний удирдлаган дор төмрийн хүдрийн групп нь компанийн инновацийн төв болж, үйл ажиллагааны чанар, технологи, үйл ажиллагааны загварыг оновчилоход томоохон хөшүүрэг болсон" хэмээн онцолсон байна.

"Рио Тинто"-гийн шинэ Гүйцэтгэх захирал компанийн үйл ажиллагааны гүйцэтгэлийг сайжруулж, зардлыг бууруулахад гол анхаарлаа хандуулах аж. Саймон ирэх 8 дугаар сарын 25-нд ажлаа хүлээн авна. Тэрбээр Төмрийн хүдрийн группын захирлаар 2021 онд томилогдсон бөгөөд түүнээс өмнө Арилжааны захирлаар 4 жил ажилласан байна. Төмрийн хүдрийн групп бол "Рио Тинто"-гийн орлогын талаас илүүг нь бүрдүүлдэг, хамгийн том групп юм. 2020 онд Баруун Австралид уугуул иргэдийн шүтээн болсон агуйг сүйтгэсний дараа "Рио Тинто"-гийн удирдлагууд огцорсон. Үүний дараа Саймон Арилжааны группээс Төмрийн хүдрийн группыг толгойлж, Австралийн Засгийн газар болон уугуул иргэдтэй харилцах харилцааг сайжруулах "даалгавраа" амжилттай биелүүлсэн гэхэд болно. 

Шинэ Гүйцэтгэх захирлын үндсэн цалин жилийн 1.8 сая ам.доллар байх аж.