Э.Мишээл
Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-аас зохион байгуулдаг сар бүрийн уулзалт өчигдөр (2025.08.21) боллоо. Уулзалтын үндсэн илтгэгчээр АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням оролцож сайдын албыг хүлээж авснаас хойш хийсэн ажил, цаашид хэрэгжүүлэх бодлогын асуудлыг хөндлөө. Түүний илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Ажил хүлээж авснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд салбарын бүх томоохон үйлдвэр, аж ахуйн нэгжээр орж, тулгамдаж байгаа асуудлуудыг үзэж харахаар явж байна. Миний хувьд энэ салбарын бизнес, боловсролын салбарт ажиллаж байсны хувьд хол биш. Манай улсын хамгийн том анхаарах зүйл бол нийгэмтэйгээ ойлголцох, нийгэмд өөрсдийнхөө үйл ажиллагааг зөв ойлгуулмаар байна. Нийгэмд өөрсдийгөө таниулахаас гадна бусад талуудтай хэл үгээ ололцох хэрэгтэй байна. Үүнийг ганц манайд биш, дэлхийн бусад улс орнуудад байдаг асуудал гэж боддог. Миний хувьд энэ чиглэлээр судалгаа шинжилгээ хийж, багагүй хугацааг өнгөрүүлсэн.
Энэхүү слайдыг та бүхэн бүх хурлаар хардаг байх. Уул уурхайн салбар ДНБ-ний 36 хувь, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 73 хувь, борлуулалтын орлогын 95 хувь, ГХО-уулалтын 74 хувь, улсын төсвийн орлогын 26 хувь гэдэг. Үүнийг уул уурхайн салбарт ажилладаг бүх хүний хариуцлагын жин гэж харж байна. Энэ тоонуудыг буугаасай гэж боддог. Яагаад гэвэл бидэнтэй адилхан уул уурхайн салбараас мөнгө олдог 80-90 улс энэ салбарт өрсөлддөг. Монголд ганцхан зэс, нүүрс байна гэсэн хандлага бидэнд бахархлаас илүү зовлон болсон. Энэ тоо доошлох тусам манай хөгжлийн зөв зам тал руугаа байх болов уу. ДНБ-ний 8 хувиас дээш нэг салбараас хамааралтай байвал нэг салбараас эдийн засгаа бүтээсэн улс гэдэг. Амьдралынхаа 8 жил суралцаж, амьдарч байсан Канад улсын ДНБ уул уурхайн хамаарал 7-8 хувь болсон.
Аялал жуулчлал, АйТи, зэрэг төлөвлөлтийг ярьдаг. Гэтэл энэ бүгдэд хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ хөрөнгө оруулалт орж ирэх анхны эх үүсвэр нь олборлох салбар.
Монгол Улс 16 яамтай, аж үйлдвэр, уул уурхайн салбар эдийн засагт өндөр нөлөөтэй боловч 16 яамны 16 дахь бага төсөвтэй яам нь манайх. Манайх маш их ажиллана, нэг бүлээр зүйрлэвэл айлын том нь. Айлын том хүү нь олж ирсэн бүх мөнгөө ээждээ өгнө. Гэтэл том хүү нь халаасандаа нэг ч мөнгөгүй. Тэгсэн хэр нь асуудал үүсвэл байнга “зодуулна”. Харамсалтай нь том хүүгээс болсон биш, олж ирсэн мөнгийг буруу хуваарилж байгаагаас асуудал үүсэж байгааг ярьдаггүй. АМНАТ, татварын бодлого энэ салбарыг хойш нь татдаг.
Техасаас татварын мэргэжилтэн Монголд ирж, сургалт явуулсан. Тэр хүн энэ салбараас асуух хамгийн эхний асуулт юу вэ гэж оролцогч нараас асууж байсан. Тэр хүн “надад юу байгаа вэ” гэж асуух ёстой гэсэн. Энэ газар шороогоо ухууллаа гээд “надад юу үлдэх вэ.” Энэ төсөл хэрэгжлээ гээд “надад юу хийгээд байна вэ” гэдэг асуултуудыг бүгд асууж байх ёстой. Сүүлийн үед манай үндэстэн асууж сурч байх шиг байна. Миний газар орныг ухлаа гээд надад юу ирэх вэ. Төвлөрсөн төсөв рүү татаж аваад надад өгөхгүй бол би яагаад хэдэн мянган жил нүүдэллэсэн газар орноо яагаад ухуулах ёстой вэ гэсэн асуулт зүй ёсны асуулт. Энийг бид тусгаж бодлогоо хийх ёстой.
2013 онд нөөцийн судалгаа хийж байхад нийгэмтэй холбоотой асуудлуудыг эхэнд нь оруулж байсан. Манай салбарын хамгийн том эрсдэл хүмүүс хоорондын асуудал. Түүнээс техник, тоног төхөөрөмж биш. Гуравдугаарт геополитикийн асуудал ордог.
Хайгуул, судалгааны ажил дуусаад жигдэртлээ 20 жилийн амьдралын настай байдаг. Оюутолгой 17 жил болж байна уу. Энийг юу гэж харж байна вэ гэхээр бид явах ёстой замаараа явж байна. Өргөн төслүүд ингэж явдаг. Урт настай гэж харахаас илүү насыг хэрхэн богиносгох вэ гэдгийг харах хэрэгтэй. Том хэмжээний төслүүд манайд цөөхөн байна. Нэг өдөр уурхай зогсоход 90 сая орчим ам.долларын алдагдал хүлээдэг. Ганц асуудал нь нийгэмтэй ойлголцохгүй байгаад байна. Хөрөнгө оруулагчид бид хөрөнгө оруулсан, уул уурхай компаниуд татвараа төлсөн гээд бусад нь миний ажил биш гэдэг. Дэлхий даяар ийм асуудал байна. Нийгэмтэй ойлголцож төслөө явуулах гэсэн санаа явж байна. Салбар-Нийгэм-Төр засаг гурван талын оролцоог үүсгэхийг зорьж байна.
Г.Занданшатар ерөнхий сайд уул уурхайн салбарт бодлогын хувьд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулна гэж байгаа. Монгол Улсыг харахаар гадаадаас оруулж ирсэн 100 ам.долларын тутмын 95 нь уул уурхайн салбар байдаг. Харамсалтай нь бүх томоохон хөрөнгө оруулагч нартайгаа хэрүүлтэй. БНХАУ-ын Петро Чайнатай, Оюутолгой төсөл Арбитрт дөрвөн маргаан явж байна, бусад хөрөнгө оруулагч нартай маргаантай. Уул уурхайн салбарыг толгойлж байгаагийн хувьд үүнийг өмөөрөхөөс өөр аргагүй. Бодит байдлаа хүлээн зөвшөөрч байж урагшилна. Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахын тулд одоо байгаа маргааныг шийдвэрлэхээс эхэлнэ. Тэгэхээр эдгээр маргаанд шийдэлд хүрэх байр суурьтай байна. Нэг бол явуулчих хэрэгтэй, эсвэл асуудлаа шийдээд урагшлах хэрэгтэй.
2025 оны 28-р тогтоолоор хөгжлийн томоохон төслүүдийг Засгийн газрын гишүүдэд хуваарилахаар болсон. Миний хувьд Онтре Гоулдыг хариуцаж байна. Ажлын хэсгийн ахлагч болсон, УИХ-д мөн Ажлын хэсэг гарсан. УИХ-ын Ажлын хэсгээс гарах дүгнэлтийг хүлээнэ. Дүгнэлтийн дараа зарчмын шийдлийг гаргаж, шуурхай асуудлыг шийднэ. Хэлэлцээрт орох гэж байгаа хүн нийтийн өмнө дэлгэж болохгүй байх.
Сүүлийн 10-аад жил, ерөнхийлөгчийн зарлигаас хойш гараад явчихсан. Хайгуулыг нээхгүйгээр шинэ Оюутолгой, Тавантолгой, Зөөвч-Овоо илрэхгүй. Улсын төсвөөс тавигддаг эрэл, судалгааны ажлын зардал хамгийн бага. 10 тэрбум төгрөг тавьдаг. Газрын хэвлийд юу байгааг мэдэхгүй байж яаж хөрөнгө оруулалт ярих вэ. Ирэх жил 60 тэрбум төгрөг тавиулахаар Сангийн сайд, Засгийн газрын түвшинд ойлголцолд хүрээд явж байна. Эхний ээлжинд суурь судалгааны ажлыг ирэх жил эрчимжүүлнэ. Алтны аяныг сайд болоод 7 хоногт бужигнуулчихлаа. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд УИХ-д уул уурхайг дэмжих лобби бүлгийн ахлагч байсны хувьд салбараас хол байгаагүй. Ажилдаа ороод ажлаа эхлүүлээд явсан. Ерөнхийлөгч тусгай хамгаалалттай заалтуудад хориг тавьчихсан. Буруу зүйл биш. УИХ-ын Ажлын хэсгээс орсон санал. Тэр тогтоол гарахад нэг зүйл заалт байгаа. Лиценз олголт, хайгуул судалгааны ажил дээр олон төрөлт хэлбэрээр олгох эрх зүйн зохицуулалт хийнэ. УИХ-аас үүрэг даалгавар өгсөн. Үүд хаалгаа УИХ-ын түвшинд нээгээд авчихсан. Намрын чуулган эхлэхэд АМтХ-ийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барина. Гол зорилго нь геологи, хайгуулыг эрчимжүүлэхэд чиглэнэ.
Гуравдугаарт боловсруулах, баяжуулах үйлдвэрийг хөгжүүлэх тухай. Яамны нэрэнд аж үйлдвэр нь урд талдаа. Зориуд хийсэн үйлдэл. Яагаад гэвэл аж үйлдвэртэй холбоотой асуудлаа барьж авах ёстой гэсэн үг. Том хэмжээний аж үйлдвэрийн төслүүд байна. Тэр дундаас өөр улсаас хараат бус болох нэг төсөл нь газрын тос боловсруулах үйлдвэр. Үйлдвэр бага ч гэсэн ашигтай, баланстай байсан ч хамаагүй, нийт хэрэглээнийхээ 70 хүртэлх хувийг хангах үйлдвэрийг барих ёстой. Янз бүрийн шалтгаанаар энэ төслийг янз бүрээр дууддаг. Энэ төсөл эрчимтэй явж байгаа. Уржигдар очиж ажилласан. 14 хоног тутам мэдээлэл авч, шаардлагатай асуудлыг шийдэж байна. Нэг өдөр ажлыг хойшлуулсан төрийн албан хаагчид шууд хариуцлага тооцож байгаа. Дараа нь 36 жил яригдсан зэс хайлуулах төсөл гараанаас тун удахгүй гарна. ТЭЗҮ-ийг ямар учиртай гацаасныг мэдэхгүй, урт хугацаанд гацаасан. Тун удахгүй олон улсын нээлттэй тендер зарлагдана. Эрдэнэт үйлдвэрийн хажууд, Эрдэнэт үйлдвэрлэл технологийн паркийн хүрээнд, дэд бүтэц нь хийгдэж дууссан. Эрчим хүчний асуудалд асуудал гарсан ч одоо шийдэл нь гарсан. Г.Занданшатарын Засгийн газрын нэг том бүтээн байгуулалтын нэг нь болно. Гурван жилийн хугацаанд баригдаж дуусна. 750 мянган тонн зэс хайлуулах хүчин чадалтай, элементийн болон хүхрийн хүчлийн үйлдвэр байна. Тендерт оролцсон компаниудын саналыг харж байж шийдвэр гаргана. Элементийн үйлдвэр нь хүхрийн хүчлийг хуурай хэлбэр рүү оруулчихсан гэсэн үг. Ингэж хийвэл дэлхийд анхных болох байх. Зэс хайлуулах үйлдвэрийн 750 мянган тонн гэсэн хүчин чадал хөрөнгө оруулалттай холбоотой ингэж тооцсон. Блокоор өсгөөд явчих боломжтой. 750 мянган тонн гэдэг бол Эрдэнэтийн хүчин чадалтай тэнцэх хэмжээ. Тэрэн дээр суурилсан эхний блокийн үйл ажиллагаа явна. Эрдэнэтээс бусад үйлдвэрүүдийг тооцож байна. Зэс хайлуулах үйлдвэр өөрийн гарах бүтээгдэхүүнтэй тэнцүү хүхрийн хүчил үйлдвэрлэдэг. 750 мянган тонн хүхрийн хүчил гарна. Зөөвч-Овоо төсөл хэрэгжихэд бараг тал нь тийшээ явчих байх.
Дөрөвдүгээрт төмөрлөгийн цогцолбор. Төмөрлөгийн цогцолбор бол хүнд үйлдвэрийн гол бүтээгдэхүүн, төсөл байх ёстой. Дарханы тойргоос сонгогдсон гишүүний хувьд дэмжинэ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр бол дахин боловсруулах хэлбэрээр баригдсан. Харин одоо бид хүдрээс баяжуулах чиглэл рүү том хэмжээний ажил явна. ТЭЗҮ-ээр янз янзын дүгнэлт гарсан байсан. Авах ёстой юмнуудаа авч, хөдөлнө. Засгийн газраас ҮТП-ийн тухай хуулийн дагуу зөвшөөрлийг олгосон. Үүнийгээ цуцална. Над руу яриад тусгай зөвшөөрөл олго гэвэл маш хурдан олгоно. Харин асуудал үүсвэл маш хурдан цуцална. Шүүхдэх үү, яана уу дураараа болно биз. Хийж чаддаг нь ажлаа хийх ёстой, үргэлжлүүлэх ёстой. Нэг юм өөр дээрээ авчхаад байж болохгүй. Уржигдар Алтанширээт ҮТП очиж үзлээ. Бодлогын алдаанаас шалтгаалаад хүдрээс баяжмал, баяжмалаас хорголжин төмөр үйлдвэрлэх үйлдвэр хоёр жил таг гацсан. Шалтгаан нь бүтээгдэхүүн байхгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд дотоодын худалдан авалтыг хязгаарласан. Зөвхөн гадагшаа гаргах зохицуулалт хийсэн. Маш сайн үүргээ гүйцэтгэж байгаа хууль дотоодын үйлдвэрийг гацааж байна. Өчигдөр АМНАТ тооцох суурь, нөгөөдөх нь боловсруулах үйлдвэрийн дотоодын худалдан авахтай холбоотой тогтоол гарсан. Өмнө нь АМНАТ авахад бол болж байсан. Одоо бүтээгдэхүүний үнэ буурсан учраас шударга бус. Өмнө нь дотооддоо татвар 50 ам.доллароор зарж тооцуулаад, түүнийгээ хилийн цаана очиж 120 ам.доллароор зарж байсан. Ийм асуудал гарсан. Дотоодын суурь үнэ байхгүй байсан. Одоо бенч маркийн үнээр АМНАТ авна, он дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар нийт бүтээгдэхүүний 15.6 хувийг биржид ордог. Одоо ААН-д нэг л шаардлага тавьж байна. Олборлосон бүтээгдэхүүний доод тал нь 25 хувийг биржээр борлуулна. Ингэснээр үлдсэн 75 хувь буюу 100 хувь биржийн үнээр АМНАТ тооцно. Нэг ч гэсэн ам.доллароор илүү байж ард түмэнд ирэх татвар, төлбөрийг авах ёстой. Гэхдээ балансыг барина. Хэт их ард түмэн гэвэл салбар байхгүй болно, хэт салбар гээд байвал ард түмэнд очих хувь байхгүй болно. Тогтоолын хоёр дахь ач холбогдол гэвэл дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд биржийн тухай хууль ашиггүй болчихсон. АМтХ-ийн 35.11-т дотоодын үйлдвэрүүд тэргүүн эгнээнд байна гэсэн. Биржийн тухай хууль зөвхөн экспортод чиглэсэн. Дотоодоос хүдэр боловсруулаад гаргах гэхээр гаалийн бүрдүүлэлт хийхгүй байсан. Үүнээс болж 100 сая ам.долларын бүтээгдэхүүн гацсан. 47 баяжуулах үйлдвэр зогссон. Энэ гацаа гарна. Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанд амжих гэж үзнэ. Уул уурхайн биржийн тухай хууль өөрчлөлт хийх хүртэл түр журам гаргаж, дотоодын баяжуулах үйлдвэрийн асуудлыг шийднэ.
Дараагийн асуудал алт олборлолт. Алт олборлолтыг дэмжих Алт-3 аян, Алт-3 хөтөлбөр гэвэл хөтөлбөр гэдэг нь хуультай байх ёстой. Тиймээс аян гэж нэрлэсэн. Алт аяны хүрээнд хайгуул судалгааны ажлыг хэрэгжүүлнэ. Лицензийг нэмэгдүүлж, төрөөс гаргах шийдвэрийг хурдасгана. Өмнөх аянуудаар Монголбанкнаас зээл авна, тэр зээлээ алтаар төлнө. Алт тушаасан мөнгөөр машин авч валютаа гадагш нь урсгадаг байсан. Үүнийг бид бодолцох ёстой. Ингэхээр алтны металл дээрээ бүтээгдэхүүн хийдэг байх ёстой, ээмэг, бөгж зэрэг шалгуур тавьж хөнгөлөлттэй зээл олгоё. Ийм бодлого боловсруулж байна.
Экспортыг дэмжих бодлого явж байна. Тэргүүн шадар сайдын дэргэд Экспортыг дэмжих ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсэг хэрэгтэй үедээ хуралдаж, гааль, татвар зэрэг хүндрэлүүдийг шийдээд явж байна. Ажлын үр дүн сайн гарч байна.
Дараагийн асуудал, төрийн өмчит компаниудын 10 хувийг дотоодын хөрөнгийн биржид гаргах АМтХ-ийн заалтыг хэрэгжүүлнэ. Хамгийн багадаа 10 хувь. Бага боловч ард түмний хяналт орж ирнэ. Би өөрөө төрийн өмчит компанийг шинээр байгуулахыг эсэргүүцсэн, дахиж байгуулахгүй гэдэг тогтоолын төслийг санаачлаад явж байсан. Төрийн өмчийн компаниуд байх нь буруу. Австрали, Канадад байлгаж байгаад баларсан. Аль болох хувийн компаниар хийлгүүлэх ёстой.
АМтХ-д нэмэлт өөрчлөлт оруулна. Миний өмнөх сайд маш их хичээсэн. Би өөрөө ажлын хэсэгт орж ажилласан. Шинэчилсэн найруулгаар хийнэ гэсэн. Нэг дайралтаар бүх зовлонгоо шийднэ гэж дайраад шийдэл гарч чадахгүй удсан. Хэдэн жил ч болов. Шинэчилсэн найруулга гэдэг бол аюултай, УИХ-ын гишүүний хувьд хэлэхэд. Шинэчилсэн найруулгаар 70-80 хувь шинэчлэгдэнэ. Бараг шинэ хууль бичнэ гэсэн үг. Франкенштейн шиг зүйл болох өндөр эрсдэлтэй. Тиймээс миний хувьд хуулийг шинэчилсэн найруулга биш нэмэлт өөрчлөлтөөр шийднэ. Яг тулгамдсан 3-4 асуудал юу байна. Ингээд хөдөлье. Ингэж мэдрүүлж байгаад дараа дараагийн өөрчлөлтийг хийе. Яагаад гэвэл нэмэлт өөрчлөлт хийгдэж чадвал сайжирна. Хийгдэж чадахгүй бол одоогийнхоо түвшинд л байна. Одоо байгаагаас муудахгүй, тогтвортой гэсэн үг. Тиймээс хуулийн өөрчлөлт орсноор дагаад Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Татварын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Уул уурхайн биржийн тухай хуулийг дагуулж оруулна. Алдарт 34/51 төр авбал мундаг болчхоод байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд орчихсон заалтыг хэрэгжүүлэх ёстой, гэхдээ яаж, хэрхэн хийх вэ гэдэг нь чухал асуулт. Яагаад ийм синдром үүсчихсэн бэ гэхээр Баялгийн сангийн гурван сангийн ард иргэдэд мөнгө өгдөг, дэмжлэг үзүүлэх хэсгийг төрийн өмчит компаниудаас санхүүждэг байдлаар тавьчихсан. Энд ямар синдром үүсэх вэ гэхээр төрд авбал чамд мөнгө өгөх гээд байна гэдэг бодлого руу чиглүүлсэн. Төр засаг, ард иргэд, салбар гэсэн оролцогч нарыг төр засаг нь ард иргэд, салбар хоёрыг байлдуулаад орхичихсон. Тэгснээ уул уурхайн компаниуд ашигтай байх үгүйгээс үл хамааран тогтмол орж ирдэг орлого бол АМНАТ. Тэр орлогыг төсөв рүү татаж аваад, янз бүрийн төслүүд рүү хийж, халамжид өгөөд дуусгачихдаг. АМНАТ-ийн тодорхой хэсгийг орон нутагт нь үлдээдэг. Түрүүн хэлсэн асуулт болох надад юу байгаа юм бэ гэдэг асуултад хариулах хэрэгтэй. Хоёрт төрийнх, хувийнх, том, жижиг, стратегийн, стратегийн биш байх нь хамаагүй Баялгийн санд АМНАТ төлөөд явбал 34/51 хувь гэсэн синдром байхгүй болно. Гэхдээ 34/51 хувийг АМНАТ хэлбэрээр авдаг зарчим руу шилжих ёстой. Ингэж байгалийн баялгийн үндсэрхэг үзэл буюу бүгдийг төрд авах синдром байхгүй болно. Манай салбарыг гацааж байгаа нэг асуудал хайгуул судалгааны ажлаа дугаарлачихсан. Байгаа хэдэн судалгаа ажилдаа ямар нөлөө үзүүлж байгаа вэ гэхээр томрохоос айдаг болчхоод байна, манай компаниуд. Томорвол авчихдаг. Томрохоос айдаггүй байх ёстой, том, жижгийн ялгаа байхгүй байх ёстой. Ашигтай, ашиггүй байх ялгаа байхгүй байх ёстой. Бүгд төлдөг байх ёстой. Ийм зарчмаар явбал Баялгийн сангийн 34 хувийг төр авснаас илүү өгөөжтэй, орлоготой, ард иргэдэд очих өгөөж нь илүү тод, бодитой болно. Энэ өөрчлөлтийг хийх ёстой. 34/51 хувьтай тэнцэх АМНАТ-ийн шилжилт хийж болно. АМНАТ-ийн шилжилт зарцуулалт хийх дээрээ менежмент хийх хэрэгтэй.
Хуулийн асуудалд хэдэн зүйл байна. Ашиглалтын лиценз хайгуулын лицензээс хоёр дахин их болчихсон. Ичмээр тоо. Одоо байгаа лиценз ямар вэ гэхээр авахад үнэтэй, хадгалахад хямдхан. Үүний байрыг солино. Дуртай хүн болгон авна, хадгалахад үнэтэй.
Аваад 60 жилээр хадгалдаг байдлыг болиулна. Энэ бол шинэ зүйл биш. Австрали, Канадад ч болж байсан зүйл. Бүгд лицензтэй болоод үзэг л дээ. Том хэмжээний лиценз авчхаад энүүхэн буланд нь 50 кг алтны нөөц бодуулаад хадгалаад байдаг. Энийг болиулна. Тэр 50 кг-тай дүйцэх хэмжээний газраа авч үлдээд үлдсэнийг нь улсад буцааж өгнө. Ийм зохицуулалт хийнэ.
Аж үйлдвэржилтийн тухай хууль хэрэгтэй юм байна. Гадна, дотно туршлагыг судална. АмЧам-ын судалгааны баг ажиллавал баярлана. Төр засаг үнэгүй юманд дуртай.
Дараагийн асуудал бол Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна. Газрын тосны хайгуулыг эрчимжүүлнэ. Газрын тосны бүтээгдэхүүнийг дотоодоос хангахыг зорьж байна.
Критикал минералс гэдэг дээр шинэ тутам ойлголт. Улс орон өөрөө аль нь чухал бүтээгдэхүүн бэ гээд жагсаалтаа гаргах гэж явдаг. Манай улсын хувьд чухал уул уурхайн бүтээгдэхүүн бол зэс, алт, төмөр, нүүрс, тэгээд газрын ховор элемент гэж харж байна. АМтХ-д нэг шинэ зүйл орох нь жагсаалтыг зарлаж, бодлогоо зохицуулдаг, олон улсын жишгийг хуулинд оруулна гэж төлөвлөж байна. Олон нийтийн саналыг авна. Ажлын хэсэг гарчихсан, манай яаманд салбар салбарын төлөөлөл оролцсон Зөвлөл гарсан, тэд ажиллаж байна.
Монголчууд хүч тамир сууж байна, хүч тамиртай болж байна. Хөрөнгө оруулалтыг зөвхөн гадаадын хөрөнгө оруулалт гэж хармааргүй байна. Зөвхөн хөрөнгө оруулагч гэж явмаар байна. Гадаадыг өргөөд, дотоодынхныг болохгүй гэвэл яаж улс үндэстний хувьд байх юм. Монгол хүн, монгол компаниуд хөрөнгө оруулаад явж байх ёстой. Бяр, тамир сууж байна. Тэднийг хөрөнгө оруулагч гэж харах ёстой.
АМтХ-ийн тухай гол зүйлийг түрүүн ярьчихлаа. Тусгай зөвшөөрлийн тухай, төлбөр, хувь хэмжээг эргэж харах, зэсийн АМНАТ дэлхийд байхгүй өндөр. Дэлхийд зэсийн эрин үе эхэлчихлээ. Хамгийн сайн эсэргүүцэл даадаг материал. Бид хоёр том уурхайтай байна. Дараагийн зэсийн уурхай нээгдэх боломжгүй болж байна. Зэсийн хайгуулын судалгаа үндсэндээ АМНАТ-өөс болж зогссон. АМНАТ-ийн 20 хувийг эргэж харна, дэлхийд өрсөлдөх хэмжээнд аваачна. Тэгж бид өнгөт металлын салбараа өөд татна. Нэг зүйлийг хэлмээр байна. Уул уурхайн бодлого бидэнд байх ёстой. Манай улсад байдаггүй. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн бүх улсад байна. Хэр хэмжээнд хөгжүүлэх вэ гэдэг баримт бичгийг бий болгох ёстой. Энэ байхгүйгээс болж ганцхан нүүрсэнд тогтсон эдийн засаг босгосон. Зэс, алт, жонш, төмөр, газрын ховор элемент дээр бодлого байж, балансалж явах ёстой. Нэг сонин зүй тогтол ажиглагддаг. Төмрийн хүдэр, нүүрс гэх мэт бүтээгдэхүүн унахад өнгөт металлын үнэ өсдөг. Энийг ойлгох ёстой. Ганц салбараас хамааралтай байх аюултай. Канадын Тек Ресурс гэж компани байдаг. Яг энэ бодлогыг барьдаг. Өнгөт металлын зах зээлийн хөдөлгөөн, нөгөө талд нүүрс зэрэг том хэмжээний хөдөлгөөн зөрж явдаг учраас энэ компанийн орлого нь тогтмол байдаг.
Салбар өөрийгөө ойлгуулах чиглэлд ажиллах хэрэгтэй байгаа. Энд Боловсролын сайд болон судалгаа, шинжилгээний байгууллагуудад хүсэлтээ өгчихсөн байгаа. Нийт массаараа ойлгох хэрэгтэй. Бүх түвшинд, насны ангиллаар ойлгуулах зүйлийг боловсруулж байна. Ойлгохгүй байгаа хүнийг чи бол поп, чи уул уурхайн эсрэг, хөгжлийн эсрэг гэсэн хаяг духан дээр нь наагаад байвал бидний духан дээр чи монголын баялгийг хулгайлагч, олигархи, гадаадын гар хөл гэсэн хаяг үргэлж буцаж ирнэ. Зодоон хэзээд үр дүнд хүрэхгүй. Талцал хуваагдлыг яагаад бий болгоод байгаа вэ гэхээр чи салбарын хүн биш учраас ойлгохгүй байна гэдэг. Тиймээс салбар өөрөө хуваалцах ёстой. Хувийн хэвшилд хамгийн их хөрөнгө, хүний нөөц, хүч чадал байгаа учраас оролцогч тал нь өөрчлөлт хийх чиглэлд ажиллах хэрэгтэй. Энэ бол зөвхөн Монголд хийгдэж байгаа зүйл биш. Олборлох салбартай улс болгонд хийж байгаа.
Эцэст нь, туршлагаа хуваалцах, энэ салбарын дам нөлөөллийг олонд таниулах, эдийн засагт оруулдаг хувь хэмжээг бууруулах, бусад салбарынхаа үр өгөөжийг нэмэгдүүлэх гэсэн зорилготой байна. Энэ чиглэлд бүхий л этгээдүүдтэй хамтарч ажиллахад бэлэн байна.