Уул уурхайн салбарт ажиллагчдын цалин 6.3 хувиар буурав

2025 оны III улиралд өмнөх оны мөн үетэй харьцуулахад Монгол Улсын нийт ажиллагчдын тоо 2.5 хувиар буюу 33 мянган хүнээр өссөн байна. Тодруулбал уул уурхай 27.1 хувь, барилга 13.8 хувь, хөдөө аж ахуй 6.4 хувь, боловсруулах 5.3 хувиар ажиллагчдын тоо тус тус нэмэгдсэн. Харин худалдаа 6.6 хувь, тээвэр 3.1 хувь, бусад үйлчилгээ 3 хувиар тус тус буурчээ. 

Улсын дундаж цалин 2.7 сая төгрөг болсон нь нэрлэсэн цалингийн өсөлт саарсан, инфляцын түвшин сүүлийн саруудад өндөр байсантай холбоотой байсан.

Эдийн засгийн голлох салбараар үзвэл боловсруулах, эрчим хүч, хөдөө аж ахуй, төрийн удирдлага, боловсрол, тээвэр, санхүү ба даатгалд ажиллагчдын дундаж нэрлэсэн цалин 27.2-11.5 хувиар өссөн. Харин мэдээлэл холбоо, эрүүл мэнд, барилга, худалдааны салбарт 6.5-8.4 хувиар буюу жилийн өсөлт харьцангуй бага байсан байна. Тэгвэл уул уурхайн салбарт ажиллагчдын цалин 6.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсныг Монголбанкнаас мэдээллээ.