Ирээдүйн эрдэс форум: Зэсийн гарал үүслийг мөрдөх стандартыг эхлүүлнэ

Майнинг Инсайт сэтгүүл Саудын Арабаас мэдээлж байна. 

Ирээдүйн эрдэс форумын хүрээнд зохион байгуулагдсан 5 дахь удаагийн Сайд нарын дугуй ширээний уулзалт Рияд хотод өндөрлөлөө. Тус дугуй ширээний уулзалтад 100 гаруй улсын засгийн газар, 59 олон талт байгууллагын төлөөллийг нэгтгэсэн байна. 

Аж үйлдвэр, ашигт малтмалын сайд Бандар бин Ибрахим Аль-Хорайеф уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ Ирээдүйн эрдэс форум болон Сайд нарын дугуй ширээний уулзалт 2022 оноос хойш хурдацтай өргөжин тэлж, ашигт малтмалын нийлүүлэлт бол дэлхийн нийтлэг хариуцлага хэмээн хүлээн зөвшөөрөх ойлголтыг гүнзгийрүүлснийг онцоллоо. Мөн оролцогчдын тоо 32 засгийн газраас 100, Хорийн бүлгийн бүх гишүүдийг хамрах хэмжээнд хүрсэн нь энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны ач холбогдол өсөн нэмэгдсэнийг харуулж байна.

Уул уурхайн асуудал хариуцсан дэд сайд Халид бин Салех Аль-Мудайфер дэлхийн уул уурхайн салбар шийдвэрлэх шатанд орсныг онцолж, чухал ашигт малтмалын өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд олон улсын хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглэлээ. Уулзалтаар чухал ашигт малтмалын олон улсын хүрээ, тогтвортой байдлын хүрээ, мөн Африк, Баруун ба Төв Ази, Латин Америкийг хамарсан Чадавхын төвүүдийн сүлжээг хөгжүүлэх чиглэлд гарсан ахицыг хэлэлцлээ. 

Түүнчлэн Дугуй ширээний уулзалт болон Ирээдүйн эрдэс форумд стратегийн удирдамж өгөх, хэрэгжиж буй санаачилгуудын явцыг хянах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг санал болгох үүрэгтэй Байнгын Сайд нарын Удирдах бүлэг байгуулагдсаныг зарлалаа. Тус бүлэг нь олборлогч, экспортлогч, хэрэглэгч орнууд газарзүйн хувьд тэнцвэртэй байдлаар төлөөлөх бөгөөд эхний удаад 19 улс ээлжлэн солигдох гишүүнчлэлтэй байж, дугуй ширээний ажлын хүрээнд залгамж чанар болон хариуцлагыг ханган ажиллана. Энэхүү бүлэг нь жилийн турш ажиллах механизм байх ба форумд оролцогч 100 гаруй улсын засгийн газар шинээр байгуулагдсан бүлэгт бодлого, санхүүжилтийн дэмжлэг үзүүлж, олон талт хамтын ажиллагааг дэмжих юм. 

Дугуй ширээний уулзалтын үеэр “Ирээдүйн ашигт малтмалын хүрээ” баримт бичгийн төслийг танилцуулж, олборлогч, экспортлогч, хэрэглэгч орнуудын бодлого, хөрөнгө оруулалт, өртгийн сүлжээний хөгжлийг уялдуулах суурийг тавилаа. 

Оролцогчид хариуцлагатай уул уурхай, нийлүүлэлтийн сүлжээний ил тод байдлыг нэмэгдүүлэх стандарт, тэр дундаа зэсийн гарал үүслийг мөрдөх стандартыг эхлүүлэх санаачилгыг дэмжин, эхлүүлэхээр боллоо.