Алтны үнэ 4900 ам.долларт дөхөв

Э.ОД

Энэ долоо хоногийн лхагва гарагт (2026.01.21) алтны үнэ дээд амжилтын өсөлтөө үргэлжлүүлж, ханш 4900 ам.долларт ойртжээ. Гринландтай холбоотой геополитикийн хурцадмал байдал, Японы Засгийн газрын өрийн доголдол шар металлын эрэлтийг дэмжиж, үнийн өсөлтөд нөлөөлж байна. Энэ нь  алтны үнэ 4800 ам.долларын босгыг даваад буй анхны тохиолдол бөгөөд 1979 оноос хойших хамгийн өндөр жилийн гүйцэтгэлийн үзүүлэлт аж. 

Олон улсад геополитикийн эрсдэл нэмэгдэж, дэлхий даяар фиат валютуудаас татгалзах хандлага нь алтны эрэлтийг өсгөж, 2025 он болон шинэ оны эхэн хүртэл 50 гаруй удаа ханш шинэ дээд түвшинд хүрээд байна.  Сүүлийн 12 сарын хугацаанд алтны үнэ 75 хувиар өсжээ. 

Гринландыг мэдэлдээ авах төлөвлөгөөг эсэргүүцсэн Европын найман улсад гаалийн тариф ногдуулна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп мэдэгдсэн нь худалдааны дайны эрсдэлийг нэмэгдүүллээ гэж ажиглагчид үзэж байна.  Үүний зэрэгцээ Японы төрийн өрийн доголдол энэ долоо хоногийн эхээр дэлхийн бондын зах зээлд нөлөөлснөөр АНУ-ын Төрийн сангийн урт хугацаат үнэт цаас болон ам.доллар уналтад оржээ. 

Алтны үнэд цаашид өсөх төлөвтэй. Польшийн Үндэсний банк нэмэлтээр 150 тонн алт худалдан авах төлөвлөгөө баталсан бол Боливийн Төв банк 2025 оны арванхоёрдугаар сард батлагдсан шинэ журмын дагуу гадаад валютын нөөцдөө алт худалдан авах ажиллагааг сэргээгээд байна.  

Энэ жилийн төгсгөл гэхэд дэлхий зах зээл дээр алтны үнэ 4900 ам.долларыг давна гэж Goldman Sach-аас өнгөрсөн онд таамаглал дэвшүүлж байжээ.