Майнинг Инсайт сэтгүүл Саудын Арабаас мэдээлж байна.
Саудын Арабын төрийн өмчит Мааден компани сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн өргөн хүрээтэй хайгуул, нөөцийн үнэлгээний ажлын үр дүнд алтны 7.8 сая унцын шинэ нөөц тогтоосон гэдгийг албан ёсоор 2026 оны нэгдүгээр сарын 12-нд зарлалаа. Энэхүү амжилт нь тус компанийн алтны бизнесийн өсөлтийн стратегийг хурдасгаж, урт хугацааны олборлолтын боломжийг мэдэгдэхүйц тэлсэн байна. Шинээр нэмэгдсэн нөөцийн хүрээнд:
- Мансура Массарах уурхайн нийт алтны нөөц 10.4 сая унцад хүрч, ил болон далд олборлолтыг хослуулсан, олон арван жил үргэлжлэх үйлдвэрлэлийн суурь бүрдэв.
- Умм Ас Салам болон Урук 20/21 ордуудын нэгдсэн нөөц 3.41 сая унц болж өссөн нь Мансура Массарахын боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг тэлэх эдийн засгийн үндэслэлийг бататгав.
- Вади Аль Жав талбайд 3.08 сая унцын анхны алтны нөөц тогтоогдсон нь Мааденийн хувьд стратегийн ач холбогдол бүхий шинэ нээлт болжээ.
Үүнээс гадна Мааден нь Арабын бамбай бүсэд хэрэгжүүлж буй хайгуулын хүрээнд зэс, никель, платинумын бүлгийн элементүүд зэрэг чухал ашигт малтмалын ирээдүйтэй илрэлүүдийг тодорхойлж, эрчим хүчний шилжилтэд шаардлагатай түүхий эдийн багцыг өргөжүүлж байна.
Тус компанийн Гүйцэтгэх захирал Боб Уилт энэхүү үр дүнгийн талаар “Эдгээр ололт амжилт нь Мааден Саудын Арабын эрдэс баялгийн бодит чадавхыг нээх эхний шатандаа байгааг харуулж байна. Нөөцийн тогтвортой өсөлт нь ирээдүйн мөнгөн урсгал, үйлдвэрлэлийн тасралтгүй байдлыг хангах чухал суурь юм” хэмээн онцоллоо.
Мааден цаашид хайгуул, өгөгдөлд суурилсан нөөцийн хөгжүүлэлт, капиталын үр ашигтай менежментээр дамжуулан Саудын Арабын уул уурхайн салбарыг хөгжүүлэх, улмаар Саудын Алсын хараа 2030 стратегийн эдийн засгийн төрөлжилтийн зорилтыг дэмжин ажиллахаа мэдэгдээд байна.




















