Future Minerals Forum (FMF) буюу Ирээдүйн эрдэс форум 2026 оны нэгдүгээр сарын 13-15-ны өдөр Саудын Арабын Хаант Улсын нийслэл Эр-Риядад болно. Тус үйл ажиллагааны өмнө зохион байгуулагчид олон улсын хэвлэлийн хурлыг цахим хэлбэрээр орон нутгийн цагаар өчигдөр (2025.01.05) 14:00 цаг, Улаанбаатарын цагаар 19:00 цагт хийлээ.
Хэвлэлийн хуралд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн асуудал эрхэлсэн дэд сайд Халид бин Салех Аль-Мудайфер, Ирээдүйн эрдэс форумын гүйцэтгэх захирал Али Аль-Мутайри, Ирээдүйн эрдэс форумын Стратеги, программ, контент хариуцсан захирал Алдо Пеннини нар оролцож, хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү хэлэлцүүлэгт Ирээдүйн эрдэс форум болон форумын нэг чухал хуралдаан болох Сайд нарын дугуй ширээний уулзалтад төвлөрлөө. Хэлэлцүүлгээр яригдсан агуулгыг товчлон хүргэе.
Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар 2016 оноос "Саудын Алсын хараа 2030” стратегийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд бий болсон Ирээдүйн эрдэс форум тав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна.
“Саудын Алсын хараа 2030” гурван тулгуур баганатай бөгөөд эдийн засгийг төрөлжүүлэхээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татахад чиглэж байна. Бид уул уурхайг хөгжүүлэхийн тулд бусад улсын туршлагаас суралцах, мөн өөрсдийн мэдлэг, туршлага болон ололт, амжилтыг хуваалцах үүднээс Ирээдүйн эрдэс форум гэсэн платформыг бий болгож, өргөжүүлэхийг зорьж байна.
Бид хайгуулын салбарт богино хугацаанд амжилт гаргасан. Өмнө нь ердөө 6 компани манай улсад үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр 226 болж, энэ салбарт хөрөнгө оруулалтын хэмжээ эрс нэмэгдээд байна.
Бид санхүүжилтийн орчныг сайжруулах үүднээс Дэлхийн банктай нягт уялдаатай ажилладаг. Дэлхийн банк уул уурхайн салбарт зайлшгүй шаардлагатай ахисан түвшний хайгуул, судалгаа, дэд бүтцийн санхүүжилтэд орох сонирхолтой гэдгийг илэрхийлсэн. Өнгөрсөн жил Дэлхийн банкны групп энэхүү чиглэлд манлайлан ажиллана гэдгийг мэдэгдэж, анхны уул уурхайн стратегиа боловсруулаад байгаа.
Форумаар дамжуулан долоон коридорыг байгуулахаар төлөвлөсөн. Цахилгаан тоног төхөөрөмж, цахилгаан тээврийн хэрэгсэл, ахуйн цахилгаан хэрэгслийн дамжуулагчид орох түүхий эдийн үнэ цэн нэмэгдэж байна. Эдгээр нөөцийн ихэнх нь Африкийн бүс нутагт, тухайлбал Конго, Замби, Ангол болон ойр орчмын орнуудад төвлөрдөг. Мөн Латин Америк, ялангуяа батарей үйлдвэрлэхэд шаардлагатай литийн олборлолт Чили, Аргентинд төвлөрч байна.
Бид тухайн улс орны геологи, хайгуулын чадавхыг дээшлүүлэх үүднээс хүний нөөцөд чиглэсэн Шилдэг төвүүдийг Саудын Араб, Марокко, Өмнөд Африкт байгуулсан. Эдгээр төвүүд нь улс орнуудын хоорондох гүүр болно. Тухайлбал аль нэг улсад сургалт, нөөц, бусад төрлийн дэмжлэг шаардлагатай бол энэхүү сүлжээг ашиглан нөхөх боломжийг олгоно. Цаашид ийм төвийг Африк, Ойрх Дорнод, Төв Азид байгуулж, уул уурхайн чадавхыг сайжруулах ажлыг үргэлжлүүлэх болно. Эдгээр бүс нутаг бол уул уурхайн хувьд шинэ орон зай бөгөөд орчин үеийн уул уурхайг хөгжүүлэх асар их нөөц бололцоо байна.
Уул уурхай бол хүн төрөлхтний эхэн үеэс оршиж ирсэн ч уг салбарыг нутагшуулах, тухайн улс орон уул уурхайн баялгаас хамгийн их өгөөжийг хүртэх боломж нөхцөл орхигдсоор ирсэн. Үүнийг бүрдүүлэх ёстой. Энэ бол Ирээдүйн эрдэс форумын Сайд нарын дугуй ширээний уулзалтын үндсэн зорилго, суурь үзэл баримтлал юм.
Ирээдүйн эрдэс форумыг анхнаас нь олон улсын шинж чанартай болгоход анхаарал хандуулсан. Олон улсын шинж чанартай болгодог нэг гол үзүүлэлт нь Сайд нарын дугуй ширээний уулзалт байдаг. Энэхүү дугуй ширээний уулзалтыг шийдвэр гаргах дугуй ширээний уулзалт хэмээн зүйрлэж болно. Энд бодлого тодорхойлох бүрэн эрхтэй сайд нар, төрийн өндөр албан тушаалтнууд, мөн дэлхийн хэмжээнд уул уурхайн төсөл хэрэгжүүлдэг томоохон тоглогчдын захирал, эзэмшигч, удирдлага, түүнчлэн орчин үеийн дэвшилтэд технологи, салбарын тогтвортой байдлын мэргэжилтнүүд нэг дор цуглардаг. Ийм байдал нь Ирээдүйн эрдэс форумыг дэлхийн хэмжээний платформ болгож буй бөгөөд төр засаг, аж үйлдвэр, санхүүгийн байгууллага гэсэн гурвалжинг нэг дор нэгтгэдэг.
Хоёр дахь үзүүлэлт бол хэвлэлийн мэдээллийн нөлөө. Форумыг орон нутгийн болон олон улсын хэвлэлээр дамжуулж байгаа нь нөлөөллийн хувь хэдийн олон улсын ижил түвшний хурлуудтай харьцуулах түвшинд хүрснийг баталж байгаа хэрэг юм.
Гурав дахь үзүүлэлт бол форумын үйл ажиллагааг дэлхийн хэмжээний баг удирдан явуулдаг. Одоогийн байдлаар 42 улсын 120 гаруй мэргэжилтэн, байгууллага форумын санаачилгын хүрээнд хамтран ажиллаж байна.
Зургийн тайлбар: Зүүн гар талаас Али Аль-Мутайри, Халид бин Салех Аль-Мудайфер, Алдо Пеннини (2026.01.05)
Хэлэлцүүлгийн үеэр Майнинг Инсайтын О.Батболд асуулт асууж, хариулт авсан билээ.
Эрхэм дэд сайд Халид бин Салех Аль-Мудайфер танаас Ирээдүйн эрдэс форумд анх удаа оролцож буй Засгийн газар, хөрөнгө оруулагч, хэвлэл мэдээлэл болон залуу мэргэжилтнүүдэд ямар мессеж өгөхийг хүсэж байна вэ?
Бидний хэрэглэж буй бүх материал газраас олборлодог. Тиймээс хүргэх мессеж нь дэлхийн даяарх хүн амын өсөлт, хөгжлийг дагасан эрэлтийг хангахын тулд уул уурхай зайлшгүй шаардлагатай. Илүү их эрдэс баялаг хэрэгтэй бол илүү олон уурхай шаардлагатай. Илүү олон уурхайг бий болгохын тулд ханган нийлүүлэлтийн бүс, удирдан явуулах мэргэжилтэн зэрэг бусад сорилтыг шийдвэрлэх ёстой. Тиймээс хүргэх мессеж нь уул уурхай үргэлж чухал байсаар ирсэн. Харин одоо дэлхий нийт шинэ технологид шилжиж, илүү олон дата төвүүдийг байгуулж, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, илүү ногоон ирээдүйг бий болгох бодитой нөхцөл үүссэн. Тиймээс бид дэлхий даяар хамтран ажиллах хэрэгтэй болсон.
Уул уурхайд илүү их чадварлаг мэргэжилтэн, геологич хэрэгтэй байгаа. Өнөөгийн мэргэжилтнүүдийн ур чадвар хангалтгүй болж, тоо нь хүрэлцэхгүй байна. Үүнээс гадна технологи, олборлолт, боловсруулалтын арга, лиценз, ил тод байдал, тогтвортой байдал зөв явах ёстой. Дэлхий нийт хамтран ажиллах хэрэгтэй бөгөөд үүний хамгийн тохиромжтой газар нь Ирээдүйн эрдэс форум юм. Энд 100 гаруй засгийн газар, үүнээс 70 нь сайдын түвшний оролцоотой дугуй ширээний хэлэлцүүлэг болдог. Энэ нь түүхэнд хэзээ ч, хаана ч байгаагүй үйл явдал юм.
Түүнчлэн 50 гаруй орны олон талт байгууллага, төрийн бус байгууллага, худалдааны холбоо, тэргүүлэх компаниуд оролцдог. Тэд олон улсын засгийн газар, НҮБ болон бусад байгууллагын хүсэл шаардлагыг сонсож, мөн өөрсдийн хүсэл шаардлагыг хүргэх боломжтой байдаг. Ийм өргөн хүрээнд хамтран ажиллах платформ байхгүй билээ.
Бид залуу мэргэжилтнүүдийн төлөвлөгөө, хүсэл эрмэлзэл, тэдний хөгжүүлж буй технологи, санаачилгыг нэг дор энд сонсоно. Хэрэв та Ирээдүйн эрдэс форумд оролцоогүй бол маш том боломжийг алдсан гэсэн үг. Энэ газарт ирээдүй бий болдог.

























