Монгол, Хятад улс хариуцлагатай, ногоон уул уурхайн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Гуан Жи Өү-тэй албан уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Үндэсний геологийн алба болон БНХАУ-ын Байгалийн нөөцийн яамны Хятадын геологийн алба хооронд 2025 оны 9 дүгээр сард Монгол Улсад зохион байгуулагдсан “Mining week” арга хэмжээний үеэр байгуулсан геологийн шинжлэх ухаан салбарт хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх, боловсон хүчний сургалт, мэргэжилтэн солилцоог хэрэгжүүлэх, Монгол Улсад геопарк байгуулахад Хятадын талын туршлага судлах, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар туссаны дагуу хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцов. 

Хоёр улсын хил орчмын нутаг дэвсгэрт геологи, геохимийн судалгаа болон бусад дагалдах судалгааны ажлыг хамтран хийх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон Хятадын Геологийн албатай хамтран Монгол Улсын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2026 оноос эхлэн 2 төсөл хэрэгжүүлэхээр болов. Мөн тус санамж бичгийн хүрээнд Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэшүүлэх зорилтыг хэрэгжүүлэх ажлын эхлэл болгон БНХАУ-ын Вуханы Их сургууль болон МУИС-ын хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрмэлзэж ажиллахаар харилцан тохиролцов.

Айлчлалын хоёр дахь өдөр тус улсын төрийн өмчит CNPC (Хятадын үндэсний газрын тос компани) компанитай уулзалт хийлээ. Уулзалтаар шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, тогтвортой ханган нийлүүлэлтийг хангах, хоёр талын эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Монгол Улсыг төлөөлөн АҮЭБ-ийн сайд  Г.Дамдинням уулзалтын үеэр Монгол Улс дотоодын шатахууны хэрэгцээг тогтвортой хангах бодлогыг баримталж байгааг яриандаа онцлов. Мөн CNPC-ийн төлөөлөгчид Монгол Улсын зах зээлд шатахууны нийлүүлэлтээ тогтвортой хадгалах, нийлүүлэлтийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлд компанийн боломж, төлөвлөгөөг танилцуулж, ирэх жилүүдэд хамтын ажиллагааг улам бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Монгол Улс шатахууны хэрэглээгээ 100 хувь импортолдог бөгөөд ОХУ-аас 95 хувийг бүрдүүлж байгаа бол үлдсэн 5 хувийг БНХАУ-аас нийлүүлж байгаа юм. Тэгвэл албан ёсны айлчлалын хүрээнд энэхүү импортын хэмжээг нэмэгдүүлэхээр талууд хэлэлцэж, харилцан санал нэгдлээ гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас мэдээллээ