Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА
Майнинг Инсайт сэтгүүл оныг жаргааж буй отгон дугаартаа уламжлалын дагуу Монголын уул уурхайн экспортлогч гол компаниудын удирдлагуудад оны асуултаа тавилаа. Өнгөрөн одож буй жилийн онцлог, ололт амжилт, тулгарсан сорилт бэрхшээлийг асууж, ирэх жилийн зорилго, төлөвлөлтийг нь тодруулан тольддог нь манай редакцийн уламжлал юм. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэгч уул уурхайн гол компаниудын захирлуудын хариулт 2025 оны Монголын уул уурхайн ерөнхий төлөв байдлыг харах хамгийн бодит эх сурвалж болж байна.
2025 он Монголын экспортын гол нэрийн түүхий эдийн үнэ ханшийн хувьд заримд нь асар таатай, өөр заримд нь нэн таагүй байдлаар, эсрэг тэсрэг өнгөтэй бичигдэн үлдэж байна. Зэсийн үнэ Лондоны металлын бирж дээр тонн нь анх удаа 12 мянган ам.долларын босго давж, түүхэн дээд түвшиндээ хүрлээ. Алт ч мөн адил унц нь 4,517 ам.долларт хүрч, бүх цаг үеийн дээд амжилтаа шинэчлэв. Харин зах зээлийн энэхүү алтан боломжийг бид ашиглаж чадав уу гэвэл харамсалтай нь бүрэн дүүрэн биш. Зэсийн хувьд Эрдэнэт, Оюутолгой хоёр эгнээгээ тэлж чадахгүй удлаа. Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд ороод 10 гаруй жил болж байгаа ч араасаа дүү дагуулсангүй. Зэсийн АМНАТ-ийн өнөөгийн бүтэц жижиг дунд хэмжээний төслүүдэд хэтэрхий өндөр босго тавьчихаад байгаа нь үнийн өсөлтөөс бүрэн дүүрэн үр ашиг хүртэж чадахгүй байгаа нэг сул тал юм. Зэс дээр илүү олон тоглогч орж ирэх, салбарын суурийг тэлэх боломж АМНАТ ийг бодитоор бууруулж байж л нээгдэнэ. Харин тэр шийдэл хэзээ бий болж, үр нөлөө нь хэзээ гарахыг одоо хэлэхэд бэрх. Шинжээчдийн таамгаар энэ жилийн зах зээлийн төлөв байдал ирэх онд ч хадгалагдахаар байна. Тиймээс ирэх оны хамгийн хүсэмжит металлаар нэрлэгдээд буй зэсийн боломжийг халаглан харахаас хэтрэхгүй байх явдал 2026 онд бүү давтагдаасай билээ.
Он гарсаар нүүрсний үнэ тасралтгүй унасаар нүүрсэнд хэт өндөр найдлага тавьсан төсвийн орлого тасрах нь тодорхой болмогц Засгийн газраас алтыг авралаа болгохоор шийдэн, “Алт 3” аяны тогтоолыг УИХ-аар батлуулсан билээ. Гэвч ашиглалтыг нь хуулиар хориглосон, байгалийн болон түүх соёлын өвийн хамгаалалтад орсон алтны томоохон нөөц бүхий үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ ын тогтоолд Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсантай холбоотойгоор “Алт 3” аян үндсэн концепцоороо хэрэгжиж чадалгүй, нэр төдий кампанит ажил болж замхраад байна. Гэхдээ алтны хувьд гялтайх ганц мэдээ гэвэл “Эрдэнэ Монгол” компани Баянхөндийн алтны үндсэн ордыг ашиглалтад оруулж, боловсруулах үйлдвэр, дагалдах аж үйлдвэрийн цогцолборыг байгуулан, Монголбанканд алтаа нийлүүлж эхэлсэн явдал юм. Тэгвэл нүүрсний хувьд 2025 он сорилт ихтэй, амаргүй жил байлаа. Монголын нүүрсний экспортын гол зах зээл Хятад улс нүүрсний импорт, хэрэглээгээ бууруулсан нь манай нүүрсний орлогын суурийг доргиов. Үнийн уналтыг биет хэмжээгээ нэмэгдүүлэх замаар нөхөх гэж хичээнгүйлэн зүтгэжээ, нүүрснийхэн. Нүүрсний компаниудын захирлуудын яриа сорилттой нүүр тулсан ч амсхийлгүй зүтгэсэн салбарын бодит байдлыг тодруулж байна. Төмрийн хүдрийн зах зээл ч мөн адил таатай байсангүй. Нүүрстэй харьцуулахад уналт харьцангуй бага байсан ч тодорхой бэрхшээл, эрсдэлүүд салбарт хадгалагдсаар байна. Ерөнхийд нь дүгнэвэл зэс, алт зэрэг металлын эрэлт 2025 онд түүхэн өндөр түвшиндээ хүрсэн ч Монгол Улс үнийн энэхүү өсөлтөөс эдийн засгийн бодит өгөөж хүртэх нь бүү хэл төсвийн алдагдалтайгаар оныг үдэв. Өөрөөр хэлбэл, халуурсан улс төр, хямарсан эдийн засаг 2025 оны ерөнхий өнгө төлвийг илэрхийлж байна. Шалтгаан нь зах зээл бус, харин бидний өөрсдийн сонголт буюу мэдрэмжгүй бодлого, шийдвэр гаргалтын удаашралынх байлаа.
Дэлхий даяар уул уурхай нь ногоон шилжилт, стратегийн түүхий эдийн өрсөлдөөнд хурдтайгаар дасан зохицож байхад Монголын уул уурхай байрнаасаа хөдөлж чадахгүй таг зогссоор байна. Хайгуулын салбар олон жилийн гацаатай хэвээрээ, хөрөнгө оруулагчид Монголыг эрсдэлтэй гэж үнэлсэн янзаараа байна. Олон нийт хийгээд орон нутгийн оролцоо, ил тод байдал нь системтэй бодлого гэхээс илүүтэй тохиолдлын шинжтэй шийдлүүдээр хязгаарлагдсаар байна. Төр уул уурхайн салбарт зохицуулагчийн үүргээ гүйцэтгэх бус эрсдэлийг нэмэгдүүлэгч хүчин зүйл болон хувирч байгаа тохиолдол цөөнгүй. Давхардсан зохицуулалт, тодорхой бус байдал, эдийн засгийн бус улс төрийн популист шийдвэрүүд салбарын хөгжлийг удаашруулж, боломжуудыг хумисаар ирлээ. Уул уурхай бол Монголын давуу тал. Гэвч энэ давуу талаа зоримог шийдвэр, бодит шинэчлэлээр сэргээн баталгаажуулахгүй бол ирэх жил ч гэсэн 2025 он шиг алдагдсан боломжийн араас харуусаж үлдэх магадлалтай юм. Гэхдээ урагшлах итгэлээ хэзээд гээж болохгүй. Сургамж нь тодорхой, өөрчлөлт хийх боломж нь нээлттэй байгаа учраас 2026 онд Монголын уул уурхайд сэтгэл сэргээх ахиц дэвшил олноор бий болох болтугай хэмээн ерөөгөөд, Майнинг Инсайт сэтгүүл оны сүүлийн дугаараа өргөн барьж байна. Тухлан уншина уу.























