Д.Алтанхуяг: $10,100 байвал 0.15 хувийн агуулгатай зэсийг ашиглах боломжтой

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий геологич Д.Алтанхуяг Монголын геологи, хайгуул чуулганы хоёр дахь өдөр (2026.03.27) “Эрдэнэтийн овооны Оюут зэсийн ордын нарийвчилсан хайгуул (ажлын төрөл, үр дүн)” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэлийн дараа Майнинг Инсайт сэтгүүл Эрдэнэтийн овооны Оюут зэсийн ордын эдийн засгийн үр ашгийн талаар тодруулга авлаа. 

Та илтгэлдээ Оюут зэсийн ордын эдийн засгийн үр ашгийн тухай товчхон дурдлаа. Үүнийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? 


Бид Эрдэнэтийн овооны Оюут гэж ордыг нэрлэж байгаа. Яагаад гэвэл манай улс Оюут гэсэн объект олон байдаг. Эрдэнэтийн овооны Оюут ордын хайгуулын ажлыг 2023-2025 онд хийж үндсэндээ дууссан. Хайгуулын ажлыг хийснээр Эрдэнэтийн овоо ордыг бүлэг орд гэж нэрлэх боломж олдож байна. Учир нь байршил, газарзүйн хувьд тусдаа, Хөөврийн хөндийгөөр тусгаарлагдаж, урд талд Чингэлийн гол, хойд талдаа Эрдэнэтийн голоор 13-14 км цуварсан, хэд хэдэн объект байгаагаас хамгийн зүүн урд талд порфирын чиглэлтэй хүдэржилт агуулсныг Оюут гэж нэрлэсэн байна. Өмнө нь оросууд Зүүн өмнөд гэсэн байршлаар нэрлэж байсан. Яагаад гэвэл баруун хойд талд өнөөгийн уурхай явж байгаа болохоор чиглэлээр нь ингэж нэрлэдэг байсан. 

Оюутын ордыг өнөөг хүртэл ашиглалтад оруулаагүй, бэлтгээгүй шалтгаан нь тодорхой. 1981-1989 онд хайгуулын үндсэн ажил явж, 1990 онд тайлан гарсан байдаг. Тухайн үед манай улсын нийгэм, эдийн засгийн шилжилт явагдаж, гадаад улс орнуудын геологичдын туслалцаа, хамтын ажиллагааны хүрээ өөрчлөгдөж байсан. Тэр үеийн салбарын яам, Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлын протоколд туссанаар Эрдэнэт үйлдвэрийн захын агуулга 0.4 хувь, дундаж агуулга 0.8 хувиас дээш байсан. Тэрний хажууд Оюут нь эдийн засгийн хувьд үр ашиг багатай гэсэн утга бүхий протокол гарсан байдаг. 1990-ээд онд зэсийн үнэ ханш 2500 орчим ам.доллар, дээд тал нь 3000 ам.долларт хүрсэн. Гэтэл өнөөдөр энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хайгуул хийх үндэслэл нь тодорхой, зэсийн үнэ 12-14 мянган ам.долларт хэлбэлзэж, цаашид ч нэмэгдэнэ гэсэн хандлагатай байна. 

Энэ жил Эрдэнэт үйлдвэр гэлтгүй дэлхий нийтэд зэсийн үйлдвэрлэлийн дундаж агуулга 0.36 хувьтай байвал ашигтай гэж үзэж байна. Хэрэв 10,100 ам.доллар байвал 0.15 хувийн агуулгатай зэсийг ашиглах боломжтой гэсэн судалгаанууд гарч байна. Эндээс харахад Оюут ордын захын агуулга 0.20 хувь, багасаад 0.15 хувиар тооцсон ч дунджаар 0.30 хувьтай байна. Мөн исэлдсэн хоёр дахь сульфидын баяжилт газрын гадаргаас 100 м-т 0.40 хувьтай байх төлөв харагдаж байгаа. Тиймээс эхний шатанд үйлдвэрлэл эхлүүлэхэд бэлэн объект гэж Эрдэнэтийн овооны Оюутыг харж байна. 

Энэ удаагийн Монголын геологи, хайгуул чуулга уулзалт, үзэсгэлэнг нээж АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням ирэх 7 хоногт АМтХ-ийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг Засгийн газарт хэлэлцэхээр болсон гэлээ. Энэхүү төсөлд зэсийн АМНАТ-ийг ярьж байгаа. Эрдэнэт үйлдвэр зэсийн 22 хувийн АМНАТ төлж байгаа нь зэсийн салбарт хөрөнгө оруулагч орж ирэхэд саад болдог. Оюут ордыг ашиглалтад оруулахад АМНАТ ямар байх вэ гэдэг нь чухал. АМтХ-ийн төсөлд зэсийн АМНАТ суурь нь таван хувь, үнийн өөрчлөлтөөс үүдэн тав хүртэлх хувиар буюу ихдээ 10 хувь болохоор байна. Өөрөөр хэлбэл 22 хувиас 10 хувь болж буурахаар байна. Оюут ордыг бид баяжмал үйлдвэрлэл гэхээс илүү шууд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, нэмүү өртөг шингээвэл АМНАТ багасахаар байна. Иймээс бага агуулгатай хүдрийг ашиглалт руу шилжүүлэх боломж нээгдэнэ. Монгол орон даяар бага агуулгатай объектуудыг зоригтой судлах боломж бүрдэнэ. Дээр нь Эрдэнэтийн стратегийн ордын талбай болох Орхон, Сэлэнгийн бүсийг өөрсдөө судлах, яг ижилхэн структур дээр сууж байгаа Эрдэнэтэй ижилхэн ордыг нээх боломж байна. 

Монголын геологи, хайгуул чуулган “Хариуцлагатай хайгуул” сэдвийн дор явагдаж байна. Та бүхэн Оюутын ордод хэрхэн хариуцлагатай хайгуул хийсэн бэ?

Монгол орны нутаг дэвсгэрт хайгуул явахгүй байгаа нэг шалтгаан бол хариуцлагатай хайгуул байдаг. Орон нутгийн иргэд, төрийн байгууллагаас тавьдаг нэг шаардлага нь байгаль орчин, нийгэм, засаглалтай холбоотой шаардлагууд юм. Бид шинэ орд эхлэхийн өмнө энэ газар ямар байсныг хангалттай хэмжээнд судлах хэрэгтэй гэж үзсэн. Энэ хүрээнд “Газар Дэлхий” ХХК-тай хамтарч жилийн дөрвөн улиралд Эрдэнэтийн үйлдвэр төдийгүй удахгүй байгуулагдах Эрдэнэт ҮТП орчим, Эрдэнэт хотод агаарын чанар, цас, хөрс, амьтан, ургамлын судалгаа хийсэн. Хайгуулын судалгаанаас гадна археологийн малтлага явуулж, олдсон олдворыг түүх, соёлын эргэлтэд оруулах, Эрдэнэт үйлдвэрийн музей рүү шилжүүлэхээр МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. 

Тодруулга өгсөнд баярлалаа.