Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийнхэн хайгуулын ажилд дөрвөн жилийн хугацаанд 1.2 их наяд төгрөгийг зарцуулжээ. Эдгээр аж ахуйн нэгж 644 хайгуулын ажлын төлөвлөгөөг АМГТГ-т 2026 оны гуравдугаар сард ирүүлсэн талаар “Монголын геологи, хайгуул 2026” чуулганы үеэр танилцуулсан юм. Оны эхний улирлын байдлаар манай улсын хэмжээнд нийт тусгай зөвшөөрлийн тоо 2823, газар нутгийн 4.6 хувь буюу 7.1 сая га талбайг эзэлж байна. Үүнээс 1057 хайгуулын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 3.3 хувь буюу 5.2 сая га, 1766 ашиглалтын тусгай зөвшөөрөл нийт газар нутгийн 1.2 хувь буюу 1.9 сая га газрыг тус тус бүрдүүлж байна. Хайгуулын тусгай зөвшөөрлийн 1/5 нь Зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт, харин ашиглалтын тусгай зөвшөөрлийн бараг тал нь Говийн бүсийн Өмнөговь, Дундговь болон Төвийн бүсийн Говьсүмбэр, Дорноговь гэсэн дөрвөн аймагт багтаж байна.
2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар АМГТГ-аас 285 мянган га бүхий 58 талбайд цахим сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, 96.2 мянган га-д 24 тусгай зөвшөөрөл олгожээ. Ингэснээр жилийн төлөвлөгөө болох 20 тэрбум төгрөг бүрдүүлэх байснаас 49 тэрбум төгрөгт хүргэж, гүйцэтгэл давж биелэсэн байна.
Цахим сонгон шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender. gov.mn сайтаар явуулж байна. Засгийн газрын 2018 оны 243, 2023 оны 268, 2023 оны 447 дугаар тогтоолуудаар нийт 17 сая га талбайд сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор баталснаас 8.53 сая га талбайд сонгон шалгаруулалт зарлах боломжтой байгаа юм. Оны эхний гурван сард хувийн хөрөнгөөр хийх 644 хайгуулын ажлын төлөвлөгөө АМГТГ-т ирсэн байна. Хайгуулын ажлын төлөвлөгөөг хүлээн авах хугацаа хараахан дуусаагүй аж. Өнгөрсөн таван жилийн хугацаанд 5948 төлөвлөгөө, 5119 тайлан тус газар хүлээн авчээ. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 2021 оноос хойш 2024 оны эцэс хүртэл хайгуулын ажилд 1.8 их наяд төгрөг төлөвлөснөөс 69 хувь буюу 1.2 их наяд төгрөгийг зарцуулсан байна. Өнгөрсөн оны тайлан хараахан эцэслээгүй ч сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн их буюу 875 тэрбум төгрөгийг төлөвлөжээ.
Монгол Улсын голлох ашигт малтмалын нөөц 2022 оноос хойш дөрвөн жилийн хугацаанд алт 87 ордод 267.5 тонн, төмөр есөн ордод 123 мянган тонн, нүүрс 36 ордод 13 сая тонн, хайлуур жонш 48 ордод 9.8 сая тонн, зэс дөрвөн ордод 11.1 сая тонноор тус тус нэмэгдсэн. Харин он гарснаас хойш алт 15 ордод 24.7 кг, нүүрс дөрвөн ордод 35.3 сая тонн, хайлуур жонш гурван ордод 544.9 мянган тонн, зэс нэг ордод 13.4 мянган тонноор өссөн байна. Манай улс 2021 оноос хойш 1942 мянган тууш метр өрөмдлөгийг 1.5 их наяд төгрөгөөр гүйцэтгэжээ. Үүнээс алтны өрөмдлөгийн хэмжээ болон зардал нь бусад голлох ашигт малтмал дундаас тэргүүлсэн байна. Өнгөрсөн хугацаанд төмрийн өрөмдлөг, зардал буурсан бол хайлуур жонш 2021 онтой харьцуулахад өрөмдлөгийн хэмжээ 2.5 дахин, зардал 8.6 дахин өсжээ. Мөн зэсийн өрөмдлөгийн хэмжээ өнгөрсөн онд өмнөх дөрвөн жилийн нийлүүлсэнтэй бараг тэнцүү хэмжээ буюу 132.2 мянган тууш метр, гаргасан зардал 140 тэрбум төгрөгт хүрсэн байна. Тэгвэл гянтболд (вольфрам)- ын үнэ олон улсын зах зээлд огцом нэмэгдэж байгаа.
2021 онд 70 хувийн агуулгатай гянтболдын үнэ 15.4 мянган ам.доллар байсан бол 2026 оны гуравдугаар сард 207 мянган ам.долларт хүрч 13 дахин өссөн. Манай улсад 2021-2024 онд гянтболдын шинэ нөөц бүртгэгдээгүй бөгөөд өнгөрсөн жил хоёр ордын хэмжээнд 8143.7 тонноор нэмэгджээ. Хайгуулд тулгамдаж буй асуудлын эхэнд төрийн бус байгууллага, орон нутгийн эсэргүүцэл болон аймаг сумын Засаг дарга нар байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх асуудал орж байна. Мөн орон нутаг байгаль орчны байцаагчгүй, томилогдоогүйн улмаас маягт болон дүгнэлт гаргуулахад удаашрах, орон нутгийн ИТХ аас тусгай хэрэгцээний газрыг сонгон шалгаруулалтын талбайд давхцуулж авах тогтоол гаргах, орон нутгийн ИТХ-аас хүчин төгөлдөр хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг “Урт нэртэй” хуулийн давхцалд оруулах тогтоол гаргаж байна.
Орон нутгийн эдгээр асуудлаас гадна хайгуулын ажлыг тухайн онд багтаан хийхээр төлөвлөгөө батлуулсан ч хөрөнгө оруулалтгүйн улмаас төлөвлөсөн ажлыг гүйцэтгэж чадахгүй болж, АМтХ-ийн 33 дугаар зүйлд заасны дагуу зардлын доод хэмжээнд хүрэхгүй ажил гүйцэтгэж байгаа нь манай улсын хайгуулд хөрөнгө оруулалт талаас тулгамдаж буй асуудал болж байгаа юм. Манай улсын хайгуулын салбар дахь цаашдын өсөлт зөвхөн хөрөнгө мөнгөөр бус, орон нутгийн эрх зүйн тогтвортой орчин, холбогдох албадын уялдаа холбоотой үйл ажиллагаа, зөвшөөрлийн ил тод тогтолцооноос хамаарч байгааг салбарын мэргэжилтнүүд сануулж байна.
Майнинг Инсайт сэтгүүл, Гуравдугаар сар 2026 №03 (052)




















