Хятадын Засгийн газар ашигт малтмалтай холбоотой шинэ журам хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Синхуа агентлагийн (2026.05.20) мэдээллээр, тус улсын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтад шалгалт хийх журам зургаадугаар сарын 15-наас хэрэгжих аж. Ашигт малтмалын нөөцийг зохистой ашиглах, байгаль орчинд нөлөөлөхөөс сэргийлэх, уул уурхайн салбарын өндөр чанартай хөгжлийг дэмжих, мөн Хятадын ашигт малтмалын аюулгүй байдлыг хамгаалах зорилготой гэж Хятадын Засгийн газрын мэдэгдэлд дурджээ.
Энэхүү мэдэгдэл нь өндөр технологи болон батлан хамгаалах салбарт чухал ач холбогдолтой ашигт малтмалын төлөөх дэлхийн өрсөлдөөн эрчимжсэнийг харуулж буй гэж шинжээчид үзэж байна.
Хятад улс одоогоор газрын ховор элементийн дэлхийн хамгийн том нийлүүлэгч бөгөөд 60 гаруй хувийг олборлодог. Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тус улс ГХЭ-ийн үйлдвэрлэлдээ жил бүр квот тогтоож иржээ. 2025 онд АНУ-ын тарифын бодлогын эсрэг хариу арга хэмжээ авч ГХЭ-ийн экспортоо хязгаарласан. Үүний улмаас иттри зэрэг зарим чухал металлын үнэ огцом өсөж, барууны олон үйлдвэрлэгч түүхий эдийн хомсдолд орсон.
Хятадын шинэ журам нь АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп айлчилсны дараа гарч буйгаараа онцлогтой. Хоёр улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар ГХЭ-ийн экспортын хязгаарлалтыг сулруулах асуудал гол сэдвийн нэг байсныг эх сурвалжууд мэдээлсэн юм.





















