Стратеги, Олон Улсын Судалгааны Төвийн Критикал минералын Аюулгүй байдлын хөтөлбөрийн Захирал Грацелин Баскаран
"2025 он эрдсийн аюулгүй байдлын хувьд эрс өөрчлөлт авчирсан жил байлаа. Тэр дундаа өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Хятад газрын ховор элементийн экспортыг зөвхөн АНУ-д бус, дэлхий даяар хязгаарласан. Европ, Япон, АНУ бүгд энэхүү хязгаарлалтыг мэдэрсэн. Эндээс бид гурван гол сургамжийг авсан. Нэгт, газрын ховор элемент нь үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдал, эрчим хүчний хараат бус байдалд туйлын чухал гэдэг нь тодорхой болсон. Экспортын хязгаарлалт хэрэгжиж эхэлснээс хойш зургаан долоо хоногийн дараа Японы “Сүзүки” компани Свифт загварын үйлдвэрлэл, “Форд” компани Чикаго хотод үйлдвэрлэлээ зогсоосон. Энэ нь эрдсүүд зүгээр нэг түүхий эд гэж харах ойлголт өөрчлөгдөж, газрын ховор элементийг орлуулашгүй нөөц буюу стратегийн хөрөнгө гэж үзэх болсон. Хоёрт, АНУ ганцаараа үүнийг шийдэж чадахгүй гэдгийг бид ойлгосон.
Эхэн үед АНУ дангаараа бүхнийг хийж чадна гэсэн хандлага байсан. Гэвч газрын ховор элемент гадаад бодлогыг хүртэл дахин хэлбэржүүлсэн. Грийнланд, Саудын Араб, Украин, Бразилтай холбоотой яриа хэлэлцээнд энэ сэдэв орж ирж байна. Энэ нь бидэнд нэг зүйлийг ойлгуулсан. Хятад улс хүнд газрын ховор элементэд хязгаарлалт тогтоосноор бидэнд хэрэгтэй геологийн нөөц өөрсдөд маань байхгүй гэдэг нь тодорхой болсон. Тэр дундаа Саудын Араб энэ тал дээр маш том түнш болж гарч ирсэн. Энэ улс хүнд газрын ховор элементийн ихээхэн нөөцтэй. Тиймээс АНУ-ын Батлан хамгаалах яам Саудын Арабд нэг боловсруулах үйлдвэрт хувь эзэмших шийдвэр гаргасан. Гуравт, бид олборлолтыг тусад нь авч үзэж болохгүй гэдгийг ойлгосон.
Бид босоо интеграцийн талаар бодох ёстой. Өөрөөр хэлбэл, түүхий эдийн урсгалыг хэрхэн тасалдуулахгүй байх вэ, боловсруулалтын хүчин чадлыг хэрхэн бий болгох вэ, ингэснээр түүхий эдийн 99 хувь нь ганц улсад төвлөрдөг байдлыг яаж өөрчлөх вэ? Дараа нь энэ бүтээгдэхүүний борлуулалтыг манай холбоотнуудын үйлдвэрлэлийн компаниудад хэрхэн найдвартай хүргэх вэ гэдгийг цогцоор нь харах шаардлагатай болсон. Өнгөрсөн жил газрын ховор элементийн хайгуулыг өөртөө татсан 10 улсыг харвал тэдний дөрөв нь Африкт байна. Үүн дээр Саудын Араб, Австрали, Канад, АНУ нэмэгдэнэ. Эдгээр улс бүгд боловсруулах хүчин чадлыг өөрсдөө бүрэн хөгжүүлэх боломжгүй. Энд асар их хөрөнгө шаарддаг, техникийн хувьд ч төвөгтэй. Тэгвэл Хятад яагаад энэ салбарт дэлхийд тэргүүлж чадсан шалтгаан нь тэд хүний нөөц, санхүүгийн хөрөнгө, дэд бүтцээ бүгдийг өөрсдөө дэмжсэн. Бид нэг зүйлийг мартдаг, Япон “Хонда” компанийг ашигтай болтол нь олон арван жил татаас өгсөн. Өнөөдөр бид Нокиаг ашиглахаа больсон ч нэгэн цагт Финланд Японы адилаар хандсан байдаг. Өөрөөр хэлбэл, бид шинэ төлөвшөөгүй салбарын тухай ярьж байна. Ийм салбарт тодорхой дэмжлэгийн механизм зайлшгүй хэрэгтэй. АНУ, Саудын Арабын хооронд хувь эзэмшлийн хамтын ажиллагаанаас гадна үнийн хэлбэлзэл ихтэй үед үнийн доод хязгаар тогтоох бодлогыг авч үзсэн. Энэ нь үүрд үргэлжлэх ёстой зүйл биш, тодорхой хугацааны арга хэмжээ. Мөн энэ нь өрсөлдөөний тэгш нөхцөлийг бүрдүүлэхэд тусалдаг.
Критикал минералын салбар дэлхий нийтээр уялдаа холбоотой ажиллана гэсэн үг. Түүхий эдтэй бүс нутгийг олох, боловсруулах төвүүдийг бий болгох, ийм утгаар Саудын Араб бол үнэлж баршгүй боловсруулалтын түнш. Учир нь тэд дэлхий дээрх хамгийн хямд эрчим хүчний эх үүсвэртэй. Энд уламжлалт түлш, сэргээгдэх эрчим хүч аль алийг нь ашиглах боломж байна. Харин газрын ховор элементийн боловсруулалт их хэмжээний эрчим хүч шаарддаг. Түүнчлэн Саудын Араб нь Африкт байгаа 10 гол бүс нутгийн дөрөвт нь газарзүйн хувьд ойр байрладаг. Үүнийг зохих аж үйлдвэрийн бодлогын оролцоо, үнийн дэмжлэг зэрэгтэй хослуулах шаардлагатай байна. Гэхдээ эд бүгдийн эцсийн зорилго бол төслүүдийг эдийн засгийн хувьд ашигтай, бат бөх ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгох явдал юм."
Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2026 №01 (050)






















