Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя.
Бразил Улсын Олборлолт, эрчим хүчний сайд Александр Силвейра:
Эрдэс баялгийн салбарт шилжилт явагдаж буй энэ үед засаглалыг оновчтой болгох нь чухал. Ашигт малтмалын менежментийг үр дүнтэй явуулахын үлгэр жишээг Саудын Араб харуулж байна. Бразил Улс энэ жишгээр ажиллах хүсэлтэй байна. Бид өөрийн улсдаа талуудын чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Ногоон шилжилт чухал ч шударга ёс, тэгш байдлыг алдагдуулахгүй хийх ёстой. Дэлхий дахинаа хүртээмжтэй, тогтвортой эдийн засгийн хөгжлийг ч дэмжих ёстой. Үүний тулд тохирсон загварыг ашиглах учиртай. Эрчим хүчний шилжилтийг зөв засаглалаар явуулах хэрэгтэй. Үүнд олон улсын байгууллагуудыг идэвхжүүлэх шаардлагатай. Олон улсын хэмжээнд тоглолт хийхгүйгээр энэ зорилтод хүрч чадахгүй.
Төрийн бодлогоор геологи хайгуулыг дэмжиж байж эрдэс баялгийн үйл ажиллагаа эрчимжинэ. Тиймээс хамтран ажиллах нь зүйтэй. Гэхдээ өрсөлдөөн ч байх ёстой.
Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг бид хамтдаа дэвшүүлсэн. Бразил бол эрчим хүчний нөөц баялагтай, чухал ашигт малтмалын ч нөөцтэй улс. Гэхдээ ханган нийлүүлэлтийн сүлжээ, аюулгүй байдлыг хангахад бидэнд сорилт тулгарч байгаа. Дэлхийн бүх улс орон энэ асуудалтай тулгарч байгаа тул хамтдаа шийдлийг олъё. Үүнд Саудын Араб манлайлж байгаад талархал илэрхийлье. Хамтдаа хөгжин дэвжихийн тулд үзэл бодлоо нээлттэй хуваалцаж, хэлэлцэх учиртай. Шилжилтийг тэнцвэртэй арга барилаар явуулах хэрэгтэй. Улс орнуудын тусгаар тогтнол, бие даасан шийдвэрийг хүндэтгэх ёстой.
Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)














