Анх удаа бид ашигт малтмалын эрэлт буурна гэдгээс айхгүй, харин эсрэгээрээ...

Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя. 

Морокко Улсын Эрчим хүчний шилжилт, тогтвортой хөгжлийн сайд, хатагтай Лейла Бенали:

Бид маш сонирхолтой цаг үед амьдарч байна. Анх удаагаа бид ашигт малтмалын эрэлт буурна гэдгээс айхгүй, харин эсрэгээрээ хэрэглээгээ яаж хангах вэ гэж ухаан бодлоо уралдуулж байна. Тойрог эдийн засгийн зарчим, зах зээлийн уялдааг сайжруулж чадвал энэхүү ханган нийлүүлэлт шийдэгдэх боломжтой. Бид эрчим хүчний шилжилтийн үндсийг хангах хэрэгтэй байна. Үүнд химийн үелэх системийн бүх элемент хэрэгтэй. Эдгээр эрдэс металлыг нийлүүлэхийн тулд олборлолтоос эхлээд дахин боловсруулах бүхий л үе шатанд хөрөнгө оруулах шаардлагатай. Энэ чиглэлээр зарим улс орон гоё татаасууд өгч байна. Тухайлбал АНУ, Хятад, Саудын Араб зэрэг улс эрдэс баялгийн салбартаа ихээхэн татаас өгч байгаа тул тэнд очиж ажиллах нь ашигтай болж байна. Ингэж холбогч болох нь маш зөв юм. Мороккогийн хувьд хөрөнгө оруулалтыг урьж, дэмжиж байгаа. Манай улсын тодорхойлсон байр суурь маш энгийн. Манайх холбогч таван орны нэг. Африкийн орнуудаас Европтой логистик, эрчим хүч, гадаад харилцаагаар холбогдсон цор ганц улс. Хоёр талын урсгал бүхий харилцаа холбоог тогтоож чадсан. Уул уурхайг дахин сэргэж буй салбар гэж бид үздэг. Дотооддоо эцсийн боловсруулалт хийдэг болохыг хичээж байна. Үүнтэй зэрэгцүүлэн судалгаа, хөгжүүлэлт, хиймэл оюун ухааны хэрэглээг хослуулан авч явах хэрэгтэй байгаа. Манай улс төр хувийн хэвшлийн түншлэлийн сууриа анхны “Ирээдүйн түүхий эд” форумаар тавьж, бизнесийн шинэ загварыг ашиглаж эхэлсэн. -Морокко бол Африкийг төлөөлөгч орон. Стандартчилагдсан, баталгаажсан хяналтыг явуулж, холбогч гүүр байх ёстой гэж бодож байна.

Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)