Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя.
Францын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Стратегийн металл, ашигт малтмалын асуудлаарх яам хоорондын төлөөлөгч Бенжамин Галлезот:
Зөвхөн уул уурхайн салбар төдий бус ерөөс дэлхий дахинаа бараа бүтээгдэхүүнийг дамжуулах ханган нийлүүлэлтийн сүлжээний асуудлыг шийдвэрлэхийн тулд Франц Улс олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг чухалчилж байна. Энэхүү ханган нийлүүлэлтийн сүлжээнд олборлох, баяжуулах, дахин боловсруулах үйл ажиллагаа ч хамаарна. Бид энэ чиглэлээр 2 тэрбум еврогийн сан байгуулсан. Ашигт малтмал олборлох, баяжуулж боловсруулах, дахин боловсруулах үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулагдана. Тус санд Францын Засгийн газар 5 сая евро оруулж байгаа. 2 тэрбум евро бага мэт сонстож болох ч үүгээр дамжуулан 50 тэрбум евро босгож болно. Улс орон бүр хүчин чармайлт гаргавал хэдэн ч тэрбумыг босгож чадна гэдэгт итгэдэг. Эрдсийн зах зээлд тогтвортой хөрөнгө оруулалтыг татахад 2 тэрбум евро багагүй дүн. Тогтвортой байдлыг хангаж чадвал бусад хөрөнгө оруулалт ороод ирнэ.
Хоёрдугаарт, Франц улс Хөгжлийн агентлагаараа дамжуулан эрдэс баялгийн олборлолт, дахин боловсруулах үйл ажиллагааг дэлхий дахинаа дэмжин ажиллаж байна. Дэлхийн банк ч үүнд дэмжлэг үзүүлж байгаа. Зарим улс орнуудад хөгжлийн тусламж үзүүлж байна. Мөн төсөлд хамтарч буй талуудын батлан даалтыг Францын төр гаргадаг. Бид Саудын Арабтай гэрээ байгуулсан. Бусад улс оронтой ч хамтран ажиллах хүсэлтэй байгаа. Франц улс нь Европын Холбоо дотроо хамтын ажиллагааг идэвхжүүлж байна. Эрдсийн захын үнийн эрс хэлбэлзэл, савлагаатай байдлыг бууруулахад салбарууд хамтарч ажиллах хэрэгтэй. Франц улс дахин боловсруулах чадамжаа 50 хувиар нэмэгдүүлсэн. Зэсийн дахин боловсруулах үйлдвэр байгуулж байна. Зэс баяжуулах шинэ үйлдвэрээ хөгжүүлэх, бүтээгдэхүүнээ Европын зах зээл рүү тээвэрлэх гаргалгаануудыг бий болгохоор ажиллаж байна. Үүнд урт удаан хугацааны хамтын ажиллагаа, гэрээ хэлэлцээр хэрэгтэй. Зах зээлийн богино хугацааны савлагаанд үндэслэж худалдаа наймаа хийх нь явцгүй бөгөөд эрсдэлтэй. Үүнд нөөц баялаг ихтэй улс орнууд чухал үүрэгтэй юм.
Дэлхийн бүх л улс оронд урт хугацааны тогтвортой хөгжил хэрэгтэй. Үүний тулд урт хугацааны гэрээ байгуулж, үнийг тогтвортой барих нь бүгдэд ашигтай. Амаргүй гэдгийг ойлгож байгаа ч бүгдээрээ шинэ төрлийн гэрээ бий болгоё. Бид тогтвортой байдлын төлөө энд хуран чуулж байгаа. Урт хугацаа гэдэг нь бидний ойлголт, төсөөллөөр 20-30 жилийн тухай юм. Үйлдвэр, компаниуд ямар улс оронд ажиллаж байгаагаас үл хамаараад яг ижил зарчмаар явах ёстой гэж үзэж байна. Шилжилтийн энэ үед сэтгэлгээгээ өөрчилж байж л дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангана. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад ч гэсэн сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй.
Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)














