Зөвхөн цэвэр эрчим хүчний салбарын тооцооллоор авч үзэхэд ирээдүйд эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ 500 дахин нэмэгдэхээр байна. Тэгвэл 20-30 жилийн дараа юу болох вэ? Хүн төрөлхтөн энэ чиглэлд юу хийж чадах, бас юуг хийж чадахгүй вэ гэдэг нь “Ирээдүйн эрдэс баялаг 2025 ” хурлын гол сэдвийн нэг байв. Энэ талаар оролцогчдын байр суурийг хүргэж байна. Мөн дэлхий дахинд цаашид өрсөлдөөн нэмэгдэх үү, хамтын ажиллагаа өргөжих үү гэсэн асуултын хариултыг сонирхуулъя.
Трафигура корпорацын Тэргүүн Жереми Уэйр:
Ханган нийлүүлэлтийн сүлжээ бол асар нарийн төвөгтэй асуудал. Зарим улс орон эдгээр сүлжээг хяналтдаа байлгадаг. Том зургаар авч үзвэл энэ нь ирээдүйд өсөн нэмэгдэх эрэлтийг хэрхэн хангах тухай асуудал юм. Эрчим хүчний шилжилтэд эрдэс металын хэрэгцээ маш их байхаар байна. Аж үйлдвэржилт гүнзгийрэх тусам ашигт малтмалын эрэлт нэмэгдэнэ. Үүнд геополитикийн нөхцөл байдлыг бас анхаарах ёстой. Тухайлбал, өнгөрсөн жил АНУ зарим газар ханган нийлүүлэлтийн сүлжээний үйл ажиллагааг зогсоох, хорих арга хэмжээ авсан. Тиймээс ханган нийлүүлэлтийн сүлжээгээр түүхий эдийг чөлөөтэй дамжуулахын тулд геополитикийн асуудалд анхаарах хэрэгтэй болж байгаа юм.
Майнинг Инсайт сэтгүүл, Нэгдүгээр сар 2025, №01 (038)














