Чилийн төрийн өмчит зэс үйлдвэрлэгч Codelco компани үйлдвэрлэлийн өсөлт саарч, өрийн дарамт нэмэгдэж буйтай холбоотойгоор зэсийн гурван уурхайн үйл ажиллагааг нэгтгэснээр нийт 2 тэрбум ам.долларын зардал хэмнэж, нэмэлт орлого олохоор зорьж байна.
Тодруулбал Chuquicamata, Radomiro Tomic, Ministro Hales уурхайг нэгтгэх төлөвлөгөөг компанийн ТУЗ-д танилцуулжээ. Төлөвлөгөөний хүрээнд уурхайнуудын үйл ажиллагааг нэгтгэж, баяжуулах үйлдвэрүүдийг хамтран ашиглах бөгөөд цаашдаа нэг удирдлагын бүтэц дор ажиллуулах боломжийг судалж буй аж.
Компанийн үйлдвэрлэлийн дөрвөн жилийн төлөвлөгөөний хүрээнд Уурхайнуудыг нэгтгэх санал дэвшүүлсэн байна. Ойрын хугацаанд Чилийн Засгийн газарт танилцуулах аж.
Дэлхийн бусад зэс үйлдвэрлэгчдийн адил Codelco инфляцын дарамттай нүүр тулж байгааг мэдээлэлд дурджээ. Ойрх Дорнод дахь зэвсэгт мөргөлдөөний улмаас эрчим хүч болон зэс боловсруулахад ашиглагддаг хүхрийн хүчлийн үнэ өсжээ. Мөн зэсийн өнөөгийн уурхайнуудын хүдрийн агуулга буурч буй нь үйлдвэрлэлийн хэмжээг хадгалахад үйл ажиллагааны зардал нэмэгдэх нөхцөл үүсээд байгаа юм.





















